Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/122

 

2025       05         22                                         2025/ШЦТ/122

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2025/0112/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******,

Улсын яллагч Д.**********,

Хохирогчийн өмгөөлөгч Б.**********,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.**********,

Шүүгдэгч Т.********** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ********* овгийн ******** ************* холбогдох 2539000490102 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********** нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Эвт худалдааны төвийн хашаанд” 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.********** маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэгт цохих, өшиглөх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд “зүүн сарвуунд шарх, цээж, баруун тохойд зулгаралт, баруун тохойд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч *********** нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Эвт худалдааны төвийн хашаанд” 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.********** маргалдаж маргалдаж Д.********** зодсон үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтын улмаас Д.************* биед нүүр хэсэгт цохих, өшиглөх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд зүүн сарвуунд шарх, цээж, баруун тохойд зулгаралт, баруун тохойд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ. 

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч ************* гэм буруутай болох нь:

 

1.Хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-2-р хуусдас/,

2.Хохирогч Д.*********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...зүс таних *********** гэх залуу халамцуу ирээд чи их зэвүүн болжээ хоёулаа зодолдох уу гэж хэлээд намайг газарт унагаагаад толгой болон нүүр хэсэгт өшиглөж дээр дэвсээд байсан...миний биед ************ гэх залуу халдаж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

3.Гэрч Д.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Газар унасан залуугийн хамар нь улайсан цус гойжсон байдалтай газар хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

4.2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 67 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.********** “...Д.*********** биед зүүн сарвуу, зүүн чамархайн хуйханд шарх, цээж, баруун тохойд зулгаралт, баруун тохойд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс зүүн сарвуунд шарх, цээж, баруун тохойд зулгаралт, баруун тохойд зөөлөн эдийн няцрал нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, зүүн чамархайн хуйханд үүссэн шарх нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанаас өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч Т.********** хохирогч Д.*********** биед халдсан үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

          Иймд шүүгдэгч Т.********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

            Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91 дүгээр хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч Т.*********** тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Т.************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.************* оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

         Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.*********** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Д.********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүл мэндэд гарсан зардлын баримт гаргаж өгөөгүй болно.

 

Хавтаст хэрэгт хохирогч Д.************ сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг маягтын загварын дагуу “хоёрдугаар” зэрэглэл тогтоосныг хохирогч Д.Мягмарсүрэн хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч Т.Энх-Амгаланд танилцуулахад энэ талаар маргаагүй болно.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Т.********* хохирогч Д.********** сэтгэцэд учирсан хохиролд 3,960,000 (гурван сая есөн зуун жаран мянга) төгрөгийг гаргуулж олгуулж шийдвэрлэв.

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Д.*********** нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

          4.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч ********** овгийн ******** ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*********** 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*********** оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Т.********** мэдэгдсүгэй.

           

            5.Шүүгдэгч Т.********* оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

            7. Хохирогч Д********* учирсан сэтгэцийн хор уршигийн нөхөн олговорт 3,960,000 (гурван сая есөн зуун жаран мянга) төгрөгийг шүүгдэгч ********** гаргуулж олгосугай.

 

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч ********* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

           

            9.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай

           

            10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           

            11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ********** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.