Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 182/шш2022/02888

 

2022 оны 10 сарын 11 өдөр    Дугаар 182/ШШ2022/02888    Улаанбаатар хот

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ҮАГ-т холбогдох,

 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 54,183,268 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Н нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч ҮАГ холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 54,183,268 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Нэхэмжлэгч Ц.Б миний бие ҮАГрын төв аймаг дахь Төрийн аудитын газрын ахпах аудитораар ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн № Б/192 тоот тушаалаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгож төрийн албанаас чөлөөлөгдсөн. Энэхүү тушаал шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тул Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар тус шүүхээс 2021 оны 9 дугаар сарын 16-ны өдрийн 0594 дугаар шийдвэр гарч, урьд эрхэлж байсан Төв аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудиторын албан тушаапд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2020 оны 12 сарын 12-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал 25,535,054 төгрөгөөс эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгапын шимтгэлийг тооцож Ц.Б-д олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

 

Уг шүүхийн шийдвэрт гомдол гаргасан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаар магадлал гарч, 09594 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Ц.Б-ын 2020 оны 12 дугаар сарын 12-наас 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цапин, бусад нэмэгдлийг зохих журмын дагуу бодож олгон, түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ҮАГ-т даалгасугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.

 

Үүнийг нэхэмжлэгч миний бие Улсын дээд шүүхэд ажилгүй байсан хугацааны нэг цагт бопон нэг өдөрт ногдох цалингийн дүнг тодорхой тогтоолгуулахаар гомдол гаргасан. Учир нь ажил олгогч хэзээ ч хуулийн дагуу үнэн зөв бодож өгөхгүй бөгөөд шүүхээр тодорхой үнийн дүнгээ тогтоолгоод бодуулах хүсэлтэй тул гомдол гаргасан боловч Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 91 тоот тогтоолоор миний гомдлыг хэлэлцэх шаардлагагүй хариуцагч ҮАГ нь шийдвэр, магадлалыг биелүүлэх үүрэгтэй гэсэн хариу өгсөн.

 

Ингээд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 4 дүгээр сарн 22-ны өдрийн Б/67 тоот тушаал гарч өмнөх эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилсон боловч ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг олгоогүй, ажилд эгүүүлэн томилсон тушаалд ч дурдаагүйгээр шүүхийн шийдвэрийг эс хүндэтгэн, одоо хүртэл бүрэн биелүүлээгүй.

 

1.2.Миний бие 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс ажилдаа орохоор ажил олгогчтойгоо тохироод уг хугацаанаас ажилдаа эргэж орсон боловч ямар нэгэн ажил үүрэг хүлээлгэж өгөөгүй мөртлөө Орон нутгийн хөгжлийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалт үр дүн сэдэвт аудитын явц хэдэн хувьтай байна. ҮАГ-т мэдээгээ явуулах гэж байна гэж шахаж шаардаж эхэлсэн. Надад холбогдох ямар нэгэн баримт байхгүй байхад мэдээ гаргаж өгөх боломжгүйг хар ухаанаар ямар ч гэсэн хүн ойлгох боломжтой байсан. Үүнийг миний бие шүүхдээд орсон учраас ажлын дарамт үзүүлж байна гэж үзээд 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ажлаас гарах өргөдлөө өгсөн.

 

1.3.Нэгэнт миний бие Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хууль /2022 он/-ийн 127 дугаар зүйлд заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэх эрхтэй тул ажлаас халагдсан 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс ажилд эргэж орсон 2022 оны 05 сарын 05-ны өдрийн хоорондох цалингаа нэхэж дахин Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч харъяаллын маргаан биш байна гэж хүлээн авахаас татгалзлаа. Иймээс миний бие тус дүүргийн шүүхэд хандаж байна. Учир нь ажлаас халсан өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрийн мөнгийг өгнө гээд байгаа боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй тул ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг нийтэд нь нийлүүлээд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Иймд 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/67 тоот ажилд эгүүлэн томилох тушаал гарсан өдөр хүртлэх ажилгүй байсан хугацааны цалинг дараах байдлаар холбогдох журмын дагуу бодож олгуулахаар шийдвэр гаргуулахаар хүсэлт гаргаж байна. Үүнд:

 

1. Ажлаас 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр халагдсан. 2022 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн тул 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд үйлчилэх бөгөөд дээрх хугацааны цалин хөлсийг Нийгмийн хөдөлмөр хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан "Дундаж цалин тооцох журам"-ын 7.А-д Ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо: а/ .... буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, ... холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч намайг хариуцагч 12 сарыг бүтэн ажилуулалгүй тухайн сарын 12-ны өдөр ажлаас халсан тул тус журмын 6-д Хэрэв ажилтан дундаж цалин хөлсийг тодорхойлох хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар /өвчтэй, чөлөөтэй байсан гэх мэт/ бүрэн ажиллаагүй, эсхүл ажилтны ажилласан хугацаа нь дундаж цалин хөлс тодорхойлохоор заасан хугацаанд хүрэхгүй тохиолдолд тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдөр /цаг/-ийн тоонд хувааж нэг өдөр /цаг/-ийн дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж заасны дагуу тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдөр /цаг/-ийн тоонд хувааж нэг өдөр /цаг/-ийн дундаж цалин хөлсийг бодож гарна гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинг Нийгмийн хамгааллын хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан "Дундаж цалин тооцох журам"-ыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаагаар тооцож 41,665,469.73 төгрөг,

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн тул энэ хугацаанаас 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/67 тоот ажилд эгүүлэн томилох тушаал гарсан өдөр хүртэлх ажилгүй байсан хугацаатай тэнцэх цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмаар тус тус үндэслэн бодож, 12,517,798.53 төгрөг, ажилгүй байсан 338 хоногт нийт 54,183,268.26 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв. 

 

2.Хариуцагч ҮАГ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.Т нараас шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Нэхэмжлэгчийг холбогдох шүүхийн шийдвэрийн дагуу Төв аймаг дахь Төрийн аудитын газарт аудитораар 2022 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр томилсон. Тус шүүхийн шийдвэрийн дагуу 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу 25,666,812.22 төгрөгийг олгохыг Төв аймаг дахь Төрийн аудитын газарт 2022 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн 03/1393 тоот албан бичгээр хүргүүлсэн. Дээрх шүүхийн шийдвэрт заасан ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 25,666,812.22 төгрөгийг олгоход хариуцагчийн зүгээс ямар нэг маргаан байхгүй болно. Өнөөдрийг хүртэл дансанд нь оруулаагүй байгаа шалтгаан нь нэхэмжлэгч Ц.Б нь дарамт шахалт үүсгэдэг гэсэн өргөдөл, хүсэлт өгөөд өнөөдрийг хүртэл тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирдэггүйгээс шалтгаалан уг мөнгийг өгөөгүй байгаа гэж Төв аймаг дахь аудитын газраас тайлбарлаж байгаа.

 

2.2.Дээр дурдсан хугацаанаас хойшхи мөнгөн дүн буюу 2021 оны 09 дүгээр сарын 17-ноос 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх 20,098,879.41 төгрөгийг өгөх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул уг дээрх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

2.3.Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо тооцооллын алдаа гаргаж байгаа бөгөөд тус байгууллагын зүгээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Тодруулга авах тухай 04/1092 тоот албан бичгээр дундаж цалин хөлсийг хэрхэн тооцох талаар тодруулга авахад тус газраас 2022 оны 05 дугаар сарын 17-ны 06/1350 тоот албан бичгээр ... 12 дугаар сарын 18-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн буюу 12 дугаар сард бүтэн ажиллаагүй байх тул тухайн албан хаагчийн дундаж цалин хөлсийг 2020 оны 9, 10, 11 дүгээр сарын цалин хөлснөөс нь тооцох боломжтой байна гэсэн хариуг ирүүлсэн.

 

Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцож гаргаж буй арга нь журмын дагуу бус, тооцооллын алдаатай байгаа болно.

 

Иймд нэхэмжлэгчид шүүхийн шийдвэрийн дагуу олгох 25,666,812.22 төгрөгийн хувьд хариуцагчийн зүгээс маргаан байхгүй олгоно.

 

Харин 2021 оны 09 дүгээр сарын 17-ноос 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх 20,098,879.41 төгрөгийг олгох хууль зүйн үндэслэлгүй байх тул олгох уг мөнгөн дүнгийн нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

 

 

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

 

3.1. 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0594 тоот Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /х.х 9-13/

 

3.2.2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 22 тоот Захирааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /х.х 14-16 /

 

3.3.2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 91 тоот Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны тогтоол /х.х 17/

 

3.4.2020 оны 07 дугаар сарын 18-ны 5975 тоот Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /х.х 18-19/

 

3.5.2022 оны 07 дугаар сарын 25-ны 916 тоот Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Тайлбар хүргүүлэх тухай албан бичиг /х.х 20/

 

3.6.2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/67 тоот Ц.Быг ажилд эгүүлэн томилох тушаал /х.х 21/

 

3.7.Ц.Б-ын Иргэний үнэмлэхийн хуулбар /х.х 22/

 

3.8.2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Ц.Б-ын хүсэлт /х.х 23/

 

3.9.ҮАГ-ын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/941 тоот албан бичиг, 2020 оны цалингийн картны хуулга, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/41 тоот Төрийн албаны зөвлөлийн албан бичиг, 2020 оны 12 дугаар сарын 12-ноос 2021 оны 12 дугаар сарын 31 дуусталх цалингийн тооцоолол /х.х 24-29 уг баримтууд хуульд заасан шаардлага хангаагүй/

 

3.10. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл /х.х 30-35/

 

3.11. 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /х.х 72/

 

 

 

4.Хариуцагчаас дараах нотлох баримтыг гаргаж өгсөн. Үүнд:

 

4.1. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/67 тоот Ц.Быг ажилд эгүүлэн томлох тушаал /х.х 61/

 

4.2.ҮАГрын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 03/1393 тоот албан бичиг /х.х 62/

 

4.3.ҮАГрын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 04/1092 тоот Тодруулга авах тухай албан бичиг /х.х 64/

 

4.4.Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 06/1350 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг /х.х 65/

 

 

 

5.Шүүхээс хариуцагчийн хүсэлтийн дагуу дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд:

 

5.1.Төв аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/382 тоот албан бичиг /х.х 63/

 

 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлийн шаардлагаас 20,542,879.52 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 33,640,388.48 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч Ц.Б нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсанаас хойш ажилд эгүүлэн томилох хүртэл хугацааны цалин хөлсөнд нийт 54,183,268.6 төгрөг гаргуулна гэж шаардах эрхээ тодорхойлсон.

 

 

 

3.Хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан 3 сарын дотор эрхээ хамгаалах байсан боловч энэ хугацаа дууссан. Мөн цалин хөлсөө буруу тооцоолсон, ажилтны сүүлийн гурван сарын цалин хөлсний дунджаар тооцох ёстой байтал бүтэн ажиллагаагүй 12 дугаар сарын цалинг оруулж, дундаж цалин хөлсөө тооцсон нь буруу. Хариуцагчийн зүгээс Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу 25,666,812 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, харин 20,098,879 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үгүйсгэж байна.

 

 4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0594 дугаартай шийдвэрээр Монгол Улсын ерөнхий аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/192 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ц.Б-ыг Төв аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 25,535,054.01 төгрөгийг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Монгол Улсын ерөнхий аудиторт даалгаж шийдвэрлэжээ. /хх9-13/

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 25,535,054.01 төгрөгийг олгож гэснийг 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин бусад нэмэгдлийг зохих журмын дагуу бодож олгож гэж өөрчлчөн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /хх14-16/

 

Энэхүү шийдвэр, магадлалд гаргасан гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оы 03 дугаар сарын 01-ний өдрийн 91 дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна. /хх 17/

 

Улмаар Ц.Б-ыг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/67 дугаартай тушаалаар мөн өдрөөс Төв аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудиторын албан тушаалд томилжээ. /хх21/

 

4.2.Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

 

4.2.1. Нэхэмжлэгч Ц.Б-ыг Монгол Улсын Ерөнхий аудиторын Б/67 дугаартай тушаалаар 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ажил албан тушаалд нь эгүүлэн томилсон.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:

 

154.2.1.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор;

 

154.2.2.энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдэх буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах зохицуулалттай.

 

4.2.2.Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг ажлын байранд нь эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг ажил олгогч биелүүлж түүнийг урьд эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх бүх хугацаанд хамаарна.

 

Нэхэмжлэгчийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс ажилд нь эгүүлэн тогтоосон байх ба энэхүү хугацаанаас Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан хугацааг тоолж эхэлнэ.

 

Тэрээр тус шүүхэд 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнээс өмнө Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, энэхүү цалин хөлсний талаарх нэхэмжлэлийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гаргасан байх ба тус шүүх 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр харьяалан шийдвэрлэх маргаан биш гэх үндэслэлээр 5975 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.

 

Мөн зүйлийн 79.2.Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ.

 

79.7.Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно. гэж тус тус заасан.

 

Иймд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Мөн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 916 дугаартай албан бичгээр дүүргийн маргаан таслах гурван талт хорооны бүрэлдэхүүнийг томилоогүй гэх агуулга бүхий албан бичгийг нэхэмжлэгч Ц.Бад хүргүүлсэн байх ба тэрээр урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэсэн байна.

 

Дээрх үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа буюу 90 хоногийн дотор эрхээ хэрэгжүүлээгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

 

 

4.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0594 дугаартай шийдвэрээр Ц.Б-ын 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 25,535,054.01 төгрөгийг олгохоор шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаартай магадлалаар өөрчилж, 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин бусад нэмэгдлийг зохих журмын дагуу бодож олгох гэж шийдвэрлэсэн.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч тухайн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа, мөн хэдэн төгрөгийн цалин хөлс олгох нь тодорхойгүй болсон, хариуцагч шийдвэрийг биелүүлэхгүй байна гэж тайлбарласан ба хариуцагч дээрх хугацааны цалин хөлс олгох талаар маргаагүй.

 

Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж,

 

мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6.-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулсан.

 

Нэгэнт шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн тул хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй хэсэг болох 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг иргэний шүүх дахин шийдвэрлэхгүй.

 

Иймд уг хугацааны буюу 188 хоногийн ажилгүй байсан хугацааны олговорт 29,670,865 төгрөг /188 хоног х нэхэмжлэгчийн тооцоолсон 1 хоногийн цалин 157,823,75/-ийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлтэй хэсгийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

4.4.2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлс гаргуулах шаардлагын тухайд:

 

4.4.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заасан.

 

Ц.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай хариуцагч байгууллагын шийдвэрийг үндэслэлгүй болохыг шүүх тогтоож, түүнийг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шийдвэр хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгчийг урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлэх хүртэл буюу 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч нэхэмжлэгчид нөхөн төлөх үндэслэлтэй.

 

2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлсэн тул Ц.Б-ын цалин хөлсийг холбогдох хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үеэр тус тус тооцов. Үүнд:

 

А.2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль, түүнийг дагалдан гарсан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт,

 

харин 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг дагаж гарсан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журмаар тус тус тооцов.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт, Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 6 дугаар зүйлд Хэрэв ажилтан дундаж цалин хөлсийг тодорхойлох хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар /өвчтэй, чөлөөтэй байсан гэх мэт/ бүрэн ажиллаагүй, эсхүл ажилтны ажилласан хугацаа нь дундаж цалин хөлс тодорхойлохоор заасан хугацаанд хүрэхгүй тохиолдолд тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдөр /цаг/-ийн тоонд хувааж нэг өдөр /цаг/-ийн дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж,

 

7-д .Ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо: ...буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэж тус тус заасан.

 

Харин Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3., 2.3.5.-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж тус тус заасан.

 

Иймд дээрх журмуудад зааснаар ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх 3 сар буюу 2020 оны 09, 10, 11 дүгээр сарын дундаж цалинг ажилтны ажилласан өдөрт хувааж, нэг өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцох нь хуульд нийцнэ гэж үзлээ.

 

Үүний дагуу тооцоход сүүлийн гурван сарын дундаж цалин 7,495,375 төгрөг /Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэнээр 1,812,125+2,844,625+2838625/, ажилласан хоног 54 /9 сард 14, 10 сард 21, 11 сард 19 хоног/, нэг өдрийн цалин 138,803.24 төгрөг /7,495,375 : 54/ болж байна.

 

2021 оны 09 сарын 17-ноос хойш ажлын 10 хоног, 2021 оны 10 дугаар сарын ажлын 20 хоног, 2021 оны 11 дүгээр сард ажлын 21 хоног, 2021 оны 12 дугаар сард ажлын 22 хоног, 2022 оны 01 дүгээр сард ажлын 21 хоног, 2022 оны 02 дугаар сард ажлын 17 хоног, 2022 оны 03 дугаар сард ажлын 22 хоног, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл ажлын 15 хоног, нийт 148 хоног х 138,803.24 төгрөг = 20,542,879.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ. Ажлын өдрийг тооцохдоо Хөдөлмөрийн хуульд зааснаар баярын болон амрах өдрүүдийг хасаж тооцсон болно.

 

5. Нэхэмжлэлийн шаардлагаас 20,542,879.5 төгрөгийг хангах үндэслэлтэй байх тул үлдэх 3,969,523.76 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн тул 428,867 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид, харин хариуцагчийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд ногдох 260,664 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10,132,636.5 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10,410,243 төгрөг, нийт 20,542,879.5 төгрөгийг ҮАГ-аас гаргуулж, Ц.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,969,523.76 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-д тус тус зааснаар Ц.Б-ын нэхэмжлэлтэй, ҮАГ-т холбогдох 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 29,670,865 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 428,867 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б-д олгож, ҮАГ-аас 260,664 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.НАРАНЧИМЭГ