| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 182/2022/00665/2 |
| Дугаар | 182/шш2022/02980 |
| Огноо | 2022-10-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 182/шш2022/02980
2022 оны 10 сарын 18 өдөр Дугаар 182/ШШ2022/02980 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Б-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 985,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Т.Б-т холбогдуулан 985,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр миний бие өөрийн В машинаа Т.Б-т засуулах гэж очоод машинаа эвдлүүлээд, тонуулаад 2021 оны 10 дугаар сарын 22-нд яагаад ч асахгүй болгосон байсан. Энэ хугацаанд Т.Б нь доорх эд ангиудыг солиод өөр эвдэрхий эд анги орлуулж тавьсан байсан. Моторын хувиарлах гол, яндан мэдрэгч, бензин банкны агааржуулагч, хойд поршин, богино кардан гол түгжээтэй нь, цап наклад зэргийг сольсон байсан. Засварын явцад моторонд буруу кольц хийж мотор эвдэрсэн. Дээшээ тос доошоо тос гоожиж, мотор зуурсан. Тос гоожсон болохоор ахиад л маслонд явж нэмж хийгээд огт асаагүй. Аккумлятороо суулгасан, аккумлятор цэнэглэгч аваачиж очиж өөрийнхөө машиныхаа аккумлятороо цэнэглэсэн ч машин асаагүй.
1.2. Моторын доод ангид 1,3-тай кольцийг 1,5-тай кольцоор орлуулж зуйван /эльпис/ болгож хийснээс эвдэрч гильз /доод анги/ зуурч тос гоожсон. Энэ бүгд нь Т.Б-ийн намайг үл тоож, эд хөрөнгөөр санаатай тоглосон тоглоом болсон. Би энэ бүгдэд маш их гомдолтой байна. Нийтдээ зургаан хоног хашаанд нь машин байлгаснаар цап, богино кардан гол түгжээтэй нь комоор нь өөр кардан гол түгжээгүй муу юм хийснээс болж миний машины гурван бул, хроп эвдэрсэн. Цап сольсноос болж эвгүй зуурч, дуугарч байгаа солиулсан.
1.3.Аккумлятар цэнэглэгчээ эвдүүлсэн, засварын явцад миний машинд байсан миний куртикнээс 30,000 төгрөг авсан байсан, энэ үед би гадуур явсан байсан, мөнгө авсаныг нь дараа нь мэдсэн.
1.4.Асаад хэвийн явж байсан машинаа япон 1,5-тай кольц хасаад 1,3-тайд хийгээд 100 км-д 4-5 литр бензин зарцуулдаг болгоно гэж Т.Б худлаа хэлж дуудаж өөртөө хэрэгтэй сэлбэгээ миний машинаас авч миний машинд дадлага хийж, эвдэж тоносон тул 1,3-тай мотор /доод анги/ 380,000 төгрөг, аккумлятор цэнэглэгч 150,000 төгрөг, хроп 3 бул, кардан гол 170,000 төгрөг, цап 55,000 төгрөг, масло 4 литр 45,000 төгрөг, наклад 35,000 төгрөг, ажлын хөлсөнд өгсөн 120,000 төгрөг, куртикнээс авсан 30,000 төгрөг, нийт 985,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сайхнаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Миний бие 2021 оны 10 дугаар сарын сүүлээр буюу 11 дүгээр сарын эхээр А.Б гэдэг хүний авто машин болох В машиныг засаж өгсөн. Уг машин нь манайд ирэхдээ масло их иддэг, доголдоод явахгүй, өдөр болгон масло нэмж хийдэг, кольц нь муудсан, дээд болон доод ангиар тос их гоождог, мөн утаа их хаядаг байсан юм. Тийм машиныг би засахдаа А.Б-ыг өөрийг нь оролцуулан хамт засаж, А.Б орой явахдаа машинаа түгжээд, өглөө ирэхдээ өөрөө онгойлгодог байсан.
2.2.Машины кольцыг солиод бид хоёр 3-4 удаа машиныг асааж үзсэн. Үзэж байхад моторын доод духны сальникаар дахиад тос гоожсон. Тэгээд хуучин сальник аваад шинэ сальник хийхэд дахиад сальникаар нь тос гоожоод байсан юм. Бид хоёр дахин задлаад сайн хартал сальникийн үүр болон тойрог нь идэгдсэн ба тойргоороо томорсон байсныг би А.Б-т хэлсэн.
2.3.Маслоны насосыг солих шаардлагатай байна гэсэн. Тэгээд машиныг дахин асаах гээд үзтэл машины аккумлятор нь суучихсан байсан ба тогоо голоод асахгүй байсан. Өглөө ирээд тэр аккумлятороо цэнэглэчихээд асааж үзээд машинаа авч явъя гэхээр би ийм их тос гоожоод байгаа юм чинь мотороо солиулчих гэж хэлээд яваад хэрэггүй, дахин бөөн ажил болно гэж хэлсэн. Машинаа авч явах үед аккумлятор цэнэглэгч эвдэрсэн байна гээд бөөн хэрүүл маргаан болсон.
2.4.Машины эд анги солих зав надад байхгүй, бид хоёр үргэлж хамт байж задалж, угсарч байсан. Тэгээд ч түүний машины эд ангийг солих шаардлага байхгүй. Намайг цагдаагийн байгууллагад шалгуулсан ба хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Кольцийг багасгаснаас бус тос гоожиж байгаа учраас мотор эвдрэх эрсдэлтэй. А.Б нь харилцан тохиролцоод засвар хийлгэсэн. А.Б нь Т.Б-ийнхээс гараад засварын төв дээр очсон байсан ба тэнд эд анги солигдсон, хохирол үүссэн байх магадлалтай. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1.Зарлагын баримт /хх-4-6/
3.2.2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Цап худалдсан тухай баримт /хх-7/
3.3.Гэрэл зураг /хх-8, 119-121/
4.Шүүхээс хариуцагчийн хүсэлтийн дагуу дараах баримтыг бүрдүүлсэн. Үүнд:
4.1. 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-23-27/
4.2.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2950 дугаартай Прокурорын тогтоол /хх-28/
4.3.Шинжээчийн дүгнэлт /хх-87-88,110-111/
Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагч Т.Б-т холбогдох хохиролд 985,000 төгрөг гаргуулах тухай А.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч А.Б нь өөрийн эзэмшлийн В маркийн авто машиныг бензин бага зарцуулдаг болгох зорилгоор хариуцагч Т.Б-ээр засварлуулахаар харилцан тохиролцож засуулсан боловч моторын доод анги эвдэж, тос гоожиж, кардан гол түгжээгүй, муу юм хийснээс хроп, гурван бул кардан гол эвдэрч, цап сольсоноос эвгүй зуурч, дуугарч накладтай солиулсан. Аккумлятор цэнэглэгч эвдэрсэн, 30,000 төгрөгийг надад мэдэгдэлгүй авсан гэж тайлбарлаж, моторын доод эд ангийн үнэ 380,000 төгрөг, аккумлятор цэнэглэгч 150,000 төгрөг, хроп, 3 бул, кардан гол 170,000 төгрөг, цап 55,000 төгрөг, масло 45,000 төгрөг, наклад 35,000 төгрөг, ажлын хөлсөнд өгсөн 120,000 төгрөг, куртикнээс авсан 30,000 төгрөг, нийт 985,000 төгрөгийг хариуцагч Т.Б-ээс гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
3.Хариуцагч нь А.Б өөрөө харилцан тохиролцож машинаа засуулсан, би мэргэжлийн засварчин биш, гэрээрээ зарим нэг хүний машиныг засварладаг. Кольцийг багасгаж хийснээс болж мотор эвдрээгүй, аккумлятор цэнэглэгчийг нь эвдээгүй, машины эд ангиудыг нь солиогүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хариуцагч Т.Б нь нэхэмжлэгч А.Б-ын хүсэлтийн дагуу түүний Верна аксент маркийн авто машиныг бензин бага зарцуулдаг болгох зорилгоор түүний авто машинд засвар үйлчилгээ хийсэн талаар талууд тайлбарлаж байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсний дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба нэхэмжлэгч нь хариуцагч Т.Б-н буруутай үйл ажиллагааны улмаас моторын доод анги эвдэрсэн, тос масло гоожсон, хроп, 3 бул, кардан гол, цап сольсон гэх үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлох үүрэгтэй.
Шүүхээс тус машины кольцийг тааруулж сольж болох эсэх, сольсоноос машины мотор эвдрэх эсэх, маргаан бүхий машины мотор юунаас болж эвдэрсэн талаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлтээр засвар хийгдсэн гэх хөдөлгүүр нь 1.3 л багтаамжтай, зөвхөн өөрт нь зориулсан кольц таарна. Уг хөдөлгүүрт 1.5 л багтаамжтай хөдөлгүүрийн кольцийг тааруулж тавьж болохгүй, 1.3 л багтаамжтай хөдөлгүүрт 1.5 л багтаамжтай хөдөлгүүрийн кольцийг хасаж тааруулан угсарсны улмаас цлиндрийн хананд үзүүлэх хүч харилцан адилгүй болно. Үүнээс шалтгаалж цлиндрийн хана зурагдан гэмтэж болзошгүй гэх дүгнэлт гаргасан.
Мөн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Техникийн шинжээчийн нэмэлт дүгнэлтээр ...хэрвээ хөдөлгүүрийг асаасан бол кольцны амсрын хоорондох зай ихссэнээс болж, уг завсраар ажилласан хий үлээгдэн тэвшин дэх тос дундарсанаас мотор цохих боломжтой. Гэвч уг хөдөлгүүр хэсэг хугацаагаар ажилласны дараа хөдөлгүүрийн тосны түвшин багасч, тосолгооны системийн магисраль шугамын даралт буурч, тослогоо муудсанаас хөдөлгүүрт цохио үүсэх боломжтой. Уг автомашины тахир голын үндсэн болон шатуны хүзүүний холхивч байхгүй, бидэнд үзүүлээгүй тул мотор цохиж эвдэрсэн эсэхийг тогтоох боломжгүй гэжээ.
Дээрх шинжээчийн дүгнэлтээр В маркийн 1.3 л багтаамжтай моторт 1.5 л багтаамжтай кольцийг хасаж тааруулж хийж болохгүй гэх боловч уг авто машины мотор эвдэрсэн эсэхийг тогтоох боломжгүй гэснээс үзэхэд хариуцагч Т.Б-ийн буруутай үйл ажиллагааны улмаас моторын эд анги эвдэрсэн гэж дүгнэх боломжгүй байна. Түүнчлэн Т.Б нь нэхэмжлэгч А.Б-ын хүсэлтийн дагуу кольцийг сольсон, тэд хэн аль нь 1.5 л багтаамжтай кольцийг хасаж тааруулж хийнэ гэдгийг харилцан тохирсон, Т.Б нь мэргэжлийн авто засварчин мөн эсэх нь эргэлзээтэй зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэхэд Т.Б-ийн буруутай үйлдлийн улмаас А.Б-т хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.
4.2.Хэрэгт авагдсан Зарлагын баримтууд нь машины эд анги худалдаж авсан гэх баримт байх бөгөөд эдгээр баримт нь Т.Б-ийн буруутай үйл ажиллагааны улмаас А.Бт хохирол учирсан гэдгийг нотлохгүй байна.
Түүнчлэн аккумлятор цэнэглэгчийг Т.Б эвдсэн гэх тайлбараа мөн нэхэмжлэгч нотлоогүй.
Иймд моторын доод эд ангийн үнэ, хроп, 3 бул, кардан гол, цап, масло, накладны үнэ, аккумляторын үнэ, нийт 835,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
4.3.Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд нэхэмжлэгч А.Б нь 120,000 төгрөг өгсөн гэж, харин Т.Б нь 100,000 төгрөг авсан гэж тайлбарладаг.
Талууд харилцан тохиролцож, ажил гүйцэтгүүлсэн тул нэхэмжлэгчийн ажлын хөлсөнд өгсөн гэх мөнгийг буцаан гаргуулах үндэслэлгүй байна.
4.4.Мөн куртик /хүрэм/-ний халааснаас 30,000 төгрөгийг Т.Б авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа зэргээс дүгнэж, нэхэмжлэгчийн 985,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
5. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 28,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2.-т зааснаар Т.Б-ээс 985,000 төгрөг гаргуулах тухай А.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ