Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 182/шш2022/03166

 

 

 

 

 

 

 

  2022      11         01                                             182/ШШ2022/03166

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Он  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: "ЦХ" ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,202,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.О, хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.З нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.О нь “ЦХ” ХХК-д холбогдуулан 2,202,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Ж.О миний бие “ЦХ” ХХК-ийн захирал С.Н-тай 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хятад улсруу тэтгэлэгтэй хэлний бэлтгэл болон магистрын өмнөх хөтөлбөрт хамрагдах тухай "Сургалт зуучлалын гэрээ" байгуулж урьдчилгаа төлбөр болох 3,082,000 төгрөгийг тус байгууллагын Голомт банкны  тоот дансруу 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн.

1.2.Гэвч ковидын хөл хорио гэх шалтгааны улмаас сургуулиас албан ёсны урилга гарахгүй удаж, мөн цахимаар суралцах зүйл орж эхэлсэн тул сургуульд явахаа больж урьдчилгаа төлбөрөө буцаан авахаар тохиролцсон. Гэвч өдийг хүртэл урьдчилгаа төлбөрөө бүрэн авч чадаагүй байгаа.

1.3.С.Н-тай маш олон удаагийн утсаар ярьсаны үр дүнд 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр  тоот данснаас миний  дансруу 880,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдлийг удахгүй өгнө гэсэн боловч утсаа авахгүй байсаар утасны орох ярианы эрх хаагдсан байсан ч олон нийтийн сүлжээгээр хайж байж байгууллагын утасны дугаарыг олж ярихад шүүхээрээ яв гэсэн зүйл ярьсан. Иймд 2,202,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

 

2.Хариуцагч "ЦХ" ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1.Ж.О-ын нэхэмжлэлтэй “ЦХ” ХХК-д холбогдох 2,202,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч компани зүгээс нэхэмжлэлийн зарим хэсгийг эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Манай "ЦХ" ХХК нь БНХАУ-д оюутан зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэхэмжлэгч Ж.О-тай байгуулсан тоот "Сургалт зуучлалын гэрээ”-ээр БНХАУ-ын Их, Дээд сургуульд тэтгэлгээр суралцахад зуучлахаар болсон билээ. Гэвч өнөөдрийн байдлаар биднээс хамааралгүй Ковид-19 цар тахлын нөлөөгөөр урт хугацаанд улсын хил гаалийн бүсээр иргэн нэвтрүүлэхгүй хязгаарлаж байгаа нь оюутан залуусыг биечлэн суралцах боломжийг үгүй хийж, гэрээний үүргийн биелэлтэд дарамт учруулж байна. Нөгөөтэйгүүр БНХАУ болон Тайвань улс хоорондын дайны заналхийлэл, хил гааль, хотуудын хөл хорио, нийгэм улс төрийн шийдвэр зэрэг томоохон хэмжээний давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргийг бүрэн биелүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал бодитоор үүсээд байгааг дурдах нь зүйтэй байна. Уг нөхцөл байдал хэдий хугацаагаар цаашид үргэлжлэхийг таамаглах боломжгүйн дээр манай байгууллагын үйл ажиллагаа доголдож хүндхэн хугацааг өнгөрсөнд туулж одоог хүртэл үргэлжилж байна.

2.2.Нэхэмжлэгч нь Хятад хэлгүй тул шууд хичээлд оролцох боломжгүй байсныг бодолцож Ж.О-тай хэлэлцсэний үр дүнд "Шандуны хотын нэр бүхий сургуульд онлайн хэлний бэлтгэлд" суралцах урилгыг авч өгсөн. Уг урилгыг авахын тулд 2,000 юань зарцуулсан бөгөөд тухайн үеийн ханшаар 878,000 төгрөгийг зарцуулсан байдаг. Уг урилгыг хүлээн авсан даруйд Ж.О-д мэдэгдэж Ковид-19 цар тахлын улмаас, өөрөөр Хятадын Засгийн газрын тэг ковид бодлогын улмаас биечлэн суралцах боломжгүй цахимаар суралцах боломжтойг хэлсэн. Гэвч нэхэмжлэгч биечлэн суралцах боломжгүй байгаа нөхцөл байдлыг манай буруутай үйл ажиллагааны улмаас боломжгүй байна гэх мэт авирлаж, гутаан доромжилж бидний ажиллагааг үнэлээгүй үйлдэл зөндөө гаргасан байдаг. Тиймээс манай байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 878,000 төгрөгийг эс хүлээн зөвшөөрч үлдэх 1,324,000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний дотор бүрэн төлж барагдуулах саналтай байна. Одоогийн байдлаар байгууллагын үйл ажиллагаа доголдолтой байгаа тул орлого тодорхойлох боломжгүй байгааг харгалзан үзэж энэхүү саналыг хүлээн авна уу.

2.3.Бид гэрээний үүргээ биелүүлэх зорилгоор зуучлалын үйл ажиллагаанд тодорхой зардал гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3 Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1.Ж.О-ын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх3/

3.2.Ж.О-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх4/

3.3.Сургалт зуучлалын гэрээ /хх5-7/ зэрэг баримт

 

4.Хариуцагаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх10/

4.2.Ш хотын усны нөөцийн мэргэжлийн коллежийн элсэгчийн мэдэгдэл, орчуулгын хамт /хх17,19/ зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

 2.Нэхэмжлэгч Ж.О нь Зуучлалын гэрээнээс татгалзсаны улмаас урьдчилгаа төлбөрт өгсөн төлбөрийн үлдэгдэл 2,202,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлж, харин хариуцагч “ЦХ” ХХК нь суралцах урилгыг авахын тулд 2,000 юань зарцуулсан бөгөөд тухайн үеийн ханшаар 878,000 төгрөгийг зарцуулсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагаас 878,000 төгрөг төлөхийг эс хүлээн зөвшөөрч маргасан.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1.Нэхэмжлэгч Ж.О болон хариуцагч “ЦХ” ХХК-ийн хооронд 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Сургалт зуучлалын гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу Ж.О нь гэрээний урьдчилгаа төлбөрт 3,082,000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “ЦХ” ХХК-ийн Голомт банкны тоот дансруу шилжүүлсэн болох нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Сургалт зуучлалын гэрээ”, Ж.Оын Худалдаа хөгжлийн банкны   тоот дансны хуулга, талуудын тайлбараар нотлогдож байна. 

 

3.2. Сургалт зуучлалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.-д “А тал нь БНХАУ-ын Янжуй сургуулийн тэтгэлэгтэй хэлний бэлтгэл болон магистрын өмнөх хөтөлбөрт Б талыг хамруулна” гэж, 2.2.-т “А тал нь гэрээний хүчин төгөлдөр хугацаанд 2.1.-т тусгагдсан тэтгэлэгт хөтөлбөр олгох улсад сургуулиудын мэдээллийг Б талд танилцуулах бөгөөд суралцах эсэх шийдвэрийг харилцан тохиролцож гаргана” гэж, мөн 3.1.-т “А тал нь Б талын суралцах сургуулийн захиргаанаас урилга болон холбогдох бичиг баримтыг хүлээлгэн өгөх үүрэгтэй” гэж тус тус гэрээгээр харилцан тохиролцжээ.

3.3.Талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэх Зуучлалын гэрээ байгуулагдсан байна.

3.4.Нэхэмжлэгч зуучлалын төлбөрт 3,082,000 төгрөг, урсгал зардалд 457,600 төгрөг төлсөн байх ба Сургалт зуучлалын гэрээний 5.1.-д зааснаар урсгал зардалд  сургуулийн бүртгэлийн хураамж, шуудангийн хураамж, орчуулгын хөлс зэрэг багтахаар харилцан тохиролцож төлжээ.

Хариуцагч “ЦХ” ХХК нь Ш хотын Усны нөөцийн мэргэжлийн коллежид Ж.Оыг суралцуулахаар зуучлалын зардал гарсан гэж тайлбарлаж маргах боловч талуудын хооронд байгуулсан Сургалт зуучлалын гэрээнд зааснаар Ж.О-ыг Янжуй сургуулийн тэтгэлэгтэй хэлний бэлтгэл болон магистрын сургалтад зуучлахаар харилцан тохирсон, гэрээний 5.5-д “гэрээгээр тохиролцсоноос бусад шалтгааны улмаас нэмэлт зардал гарах тохиолдолд талууд харилцан тохиролцоно” гэж зааснаас үзэхэд  Ж.О-ыг гэрээгээр тохирсоноос өөр сургууль буюу Ш хотын Усны нөөцийн мэргэжлийн коллежид суралцуулахаар зуучлалын ажиллагаа явуулсан бол Ж.О-тай харилцан тохиролцож, нэмэлт зардлын талаар түүнтэй зөвшилцөх байжээ.

Хэдийгээр Ш хотын Усны нөөцийн мэргэжлийн коллежоос суралцуулах урилга ирсэн байх боловч үүнтэй холбоотойгоор гарсан нэмэлт зардлын талаар талууд харилцан тохиролцоогүй, түүнчлэн нэмэлт зардал гарсан талаарх тайлбараа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд 878,000 төгрөгийн нэмэлт зардал гарсан тул уг төлбөрийг хасаж нэхэмжлэлийн шаардлагаас 1,324,000 төгрөгийг төлнө гэх хариуцагчийн тайлбар үндэслэлүй байна. 

3.5.Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2-т хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ” гэж заасан.

Зуучлалын гэрээнд заасан сургууль нь Ковид-19 цар тахлын улмаас онлайнаар оюутныг суралцуулна гэснийг нэхэмжлэгч нь онлайнаар суралцах боломжгүй гэх үндэслэлээр талууд Сургалт зуучлалын гэрээнээс татгалзсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба ийнхүү татгалзсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2-т заасантай нийцэж байна.

Улмаар хариуцагч “ЦХ” ХХК нь Ж.О-аас зуучлалын төлбөрт төлсөн 3,082,000 төгрөгийн 880,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.О-д буцаан шилжүүлсэн, үлдэгдэл 2,202,000 төгрөгийг шилжүүлээгүй байна.

Иймд талууд зуучлалын гэрээнээс татгалзсан байх тул хариуцагчаас 2,202,000 төгрөгийг гаргуулж, Ж.О-д олгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

4.Нэхэмжлэгч маргаан шийдвэрлүүлэхийн төлөө улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 50,182 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчаас 50,182 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар “ЦХ” ХХК-иас 2,202,000 төгрөгийг гаргуулж, Ж.О-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.О-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЦХ” ХХК-иас 50,182 төгрөг гаргуулж, Ж.О-д олгосугай. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.НАРАНЧИМЭГ