| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 182/2022/03117/И |
| Дугаар | 182/шш2022/03168 |
| Огноо | 2022-11-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 182/шш2022/03168
2022 11 01 182/ШШ2022/03168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “ГБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.О-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн хороо, байр, тоот хаягт байршилтай 63.86 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг Э.Оийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 1,380,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Г.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.З нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ГБ” ХХК нь Чингэлтэй дүүргийн хороо, байр, тоот хаягт байршилтай 63.86 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Э.О-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 1,380,000 төгрөгийг хариуцагч Э.Оээс гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. “ГБ” ХХК нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн дүгээр хороо, байр, тоот хаягт байршилтай м.кв, улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай талбайг 2021 оны 05 сарын 17-ны өдөр зээлийн төлбөрт тооцон өмчлөлдөө шилжүүлж авсан. ГБ-ны өмчлөлд шилжсэнээс хойш одоог хүртэл иргэн Э.О нь тухайн хөрөнгөнд амьдарч байна. Банк уг хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор тухайн хөрөнгийг суллаж өгөхийг удаа дараа утсаар болон биечлэн уулзаж мэдэгдэж, мэдэгдэх хуудас хүргүүлж байсан. Гэтэл одоог хүртэл тухайн хөрөнгийг суллаагүй байна.
1.2. Э.О нь хугацаа сунгах хүсэлт нэг биш удаа гаргаж байсан ба тухай бүрт банкны зүгээс хүсэлтийг харгалзан үзэж хангалттай хугацааг олгож байсан. Банк сүүлийн удаа хугацаа олгох үүднээс 2022 оны 02 сарын 15-ны өдөр 2 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулж түрээсэлсэн. Түрээсийн гэрээний хугацаа 2022 оны 04 сарын 15-ны өдөр дуусгавар болсон ч иргэн Э.О нь тухайн талбайг суллаж өгөөгүй мөн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаагаар тооцвол 1,380,000 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1.ГБ ХХК-ийн өмч 139,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын бүртгэлийн Ү-2202020596 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн дүгээр хороо, байр, тоот хаягт байршилтай, м.кв үйлчилгээний зориулалттай талбайг Э.О-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх,
2.Түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 1,380,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Э.О нь түрээсийн гэрээний төлбөрт 720,000 төгрөг төлсөн. Түрээсийн төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцож нэхэмжилж байна гэв.
2.Хариуцагч Э.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1.Э.О нь ГБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус орон сууцыг худалдан авах зорилгоор 2003 оны 12 сард захиалгын гэрээ байгуулж, урьдчилгаа болон бусад төлбөрүүдийг гэрээний хугацаанд удаа дараа төлсөн бөгөөд гүйцэтгэгч ЭА ХХК-тай тооцоо нийлж акт үйлдэж байсан ба орон сууцны шал, тааз, хана, ариун цэврийн өрөөг БНХАУ-аас өөрийн зардлаар материал авч ирж гал тогооны бүх тавилгыг авч тавьж, бүх заслыг өөрөө хийгээд 2004 оны 2 дугаар сард орон сууцандаа орж байсан юм.
2.2.Орон сууцныхаа гэрчилгээ, бичиг баримтыг гүйцэтгэгчээс удаа дараа төлбөр тооцоогоо дуусгахыг захиалагч миний зүгээс шаардаж байсан боловч гэрчилгээ гараагүй байгаа гэж тайлбарлаж байсан. Гэтэл би зээл авч барьцаалаагүй байтал миний урьдчилгаа төлбөр өгч захиалгын гэрээ байгуулсан, өнөөдрийг хүртэл миний амьдарч байгаа орон сууц зээлийн төлбөрт барьцаалагдсан тухай 2020 оны 12 сард банкны ажилтнууд ирж мэдэгдэх үед ЭА ХХК-ийн захирал Ч.Ц-д миний зүгээс үлдэгдэл тооцоо төлбөрөө өгөөд байрны гэрчилгээгээ авах хүсэлтэй байгаагаа хэлээд лавлахад гэрчилгээ гарсан, ГБ-инд жижиг хэмжээний зээлийн барьцаанд түр тавьсан, удахгүй гэрчилгээ бичиг баримтыг гаргаж өгөөд асуудлыг шийднэ гэсээр өнөөдрийг хүрсэн. Мөн манай орон сууцны гэрчилгээ захиалагч миний нэр дээр биш, гүйцэтгэгч ЭА ХХК-ийн нэр дээр биш үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттайгаар ГБ-ны нэр дээр 2021 оны 05 сард гарсан байхыг шүүхэд ирж мэдээд гайхсан. Ийм нөхцөл байдал үүссэн тул захиалагчийн зүгээс үлдэгдэл төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй юм.
2.3.ГБ-наас та байраа түрээсэлж суу гэдэг санал тавихад нь хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас зөвшөөрсөн. 2022 оны 04 дүгээр сарын 15-нд менежер Б.Э-тай уулзаж дахин хүсэлт бичиж өгсөн. Тэрээр миний хүсэлтийг уншаад 2022 оны 05 дугаар сарын 01-нд төлбөрөө төлөхгүй бол банкны үйл ажиллагаанд саад учруулахгүй гэж хүчээр нэмж бичүүлсэн. Би түрээсийн төлбөрийг Сайн ломбардаас 750,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлээд өнөөдрийг хүртэл хүүг төлж байна. 750,000 төгрөгийг ГБ-нд түрээсийн төлбөрт төлсөн.
2.4.2016 оноос хойш өнөөдрийг хүртэл ГБ-ны дарамтанд байснаар миний даралт ихсэж, зүрх дэлсэж, 2 хөл алхаж гишгэхэд хүндрэлтэй болж, нүдний хараа, чих сонсгол, хамрын үнэрлэх зэрэг маань муудаж байна гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1.2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх8-9/
3.2.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх10/
3.3.2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “ГБ” ХХК-ийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг /хх11/
3.4.2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг /хх14/
3.5.2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Түрээсийн гэрээ” /хх15-17/
3.6.2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Э.О-ийн, мөн Ч.Ц-ийн “ГБ” ХХК-д гаргасан хүсэлт /хх19-21/
3.7. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх32/
3.8.Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгэхгүй болгох тухай 2012.07.31-ний 1128 дугаартай шүүгчийн захирамж /хх70-71/
3.9. 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ” /хх72-73/ зэрэг баримт
4.Хариуцагчаас дараах нотлох баримтыг гаргаж өгсөн. Үүнд:
4.1.2004 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дугаар “Орон сууцны барилгад хөрөнгө оруулж ашиглалтанд оруулсны дараа, өмчлүүлэх тухай гэрээ” /хх68-69/
4.2.Тооцоо нийлсэн акт /хх87/
4.3.Мөнгө өгсөн авсан баримт /хх88/
4.4.Дотоод шилжүүлгийн баримт /хх89-90/
4.5.Барьцаат зээлийн гэрээ /хх91/
5.Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр дараах баримтыг бүрдүүлсэн. Үүнд:
5.1.Чингэлтэй дүүргийн хороо, байр, тоот хаягт байршилтай м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой баримтууд /хх94-124/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “ГБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас Чингэлтэй дүүргийн хороо, байр, тоот хаягт байршилтай м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Э.О-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, орон сууцны хөлсөнд 480,000 төгрөгийг Э.О-ээс гаргуулж, ГБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.“ГБ” ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд Э.О нь хууль бусаар оршин сууж байгаа тул түүний хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн хөрөнгийг чөлөөлүүлнэ, мөн түрээсийн гэрээний төлбөрөө төлөөгүй тул 1,380,000 төгрөгийг гаргуулна гэж шаардах эрхээ тодорхойлсон.
3.Хариуцагч нь уг орон сууцыг ЭА ХХК-иас захиалгын гэрээний дагуу худалдан авч, өөрийн зардлаар хана, тааз гэх мэт засварыг хийсэн, ГБ-нд барьцаалсан гэдгийг мэдээгүй, надад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй гэж ЭА ХХК-ийн захирал Ч.Ц тайлбарласан гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Чингэлтэй дүүргийн хороо, байр, тоот хаягт байршилтай, 63.86 м.кв үйлчилгээний зориулалттай, дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө нь ВРИХ ХОС ХХК-ийн өмчлөлөөс 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр ГБ ХХК-д шилжиж, ГБ ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авч, өмчлөгчөөр бүртгүүлжээ. /хх95-117/
Уг хөрөнгийг иргэн Э.Э 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, Баталгаат ипотекийн гэрээгээр ГБ ХХК-д барьцаалсан, зээлээ төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1128 дугаартай Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар талуудын эвлэрлийг баталгаажуулж шийдвэрлэсэн. Улмаар 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр дээрх орон сууц ГБ ХХК-ийн өмлчөлд шилжсэн гэж тайлбарлаж, холбогдох баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
4.2.Хариуцагч нь тус орон сууцыг ЭА ХХК-иас захиалгаар худалдаж авсан, төлбөрийг төлж дуусгасан, 2004 оноос хойш би уг орон сууцанд амьдарч байгаа гэж Орон сууцны барилгад хөрөнгө оруулж ашиглалтанд оруулсны дараа өмчлүүлэх тухай гэрээ, тооцоо нийлсэн акт, мөнгө өгсөн авсан баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Гэвч шүүх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй холбоотой маргаан шийдвэрлээгүй, харин бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө чөлөөлүүлэх өмчлөгчийн шаардлагыг хэлэлцэж байх тул хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийг шийдвэрлэв.
4.3.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, мөн зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхтэй.
4.4. Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа болон Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас үзэхэд Чингэлтэй дүүргийн хороо, байр, тоот хаягт байршилтай, м.кв үйлчилгээний зориулалттай, дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө нь ГБ ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн, харин хариуцагч Э.О нь тус орон сууцыг худалдаж авсан, 2004 оноос хойш орон сууцанд амьдарч байгаа гэх боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг талаарх баримт хэрэгт авагдаагүй.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. Мөн хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д зааснаар Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ.
Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ГБ ХХК өөрийн өмчлөлд бүртгүүлэн, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байгаагаас дүгнэхэд дээрх хөрөнгө нь ГБ ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө байна.
Иймд ГБ ХХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн хороо, байр, тоот хаягт байршилтай, м.кв үйлчилгээний зориулалттай, дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Э.О-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
4.5.ГБ ХХК нь Э.О-тэй 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх15-17/
4.6.Талуудын хооронд Түрээсийн гэрээ нэртэй гэрээ хийсэн, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь үйлчилгээний зориулалттай гэх боловч орон сууцны зориулалтаар ашиглаж байсан талаар талууд тайлбарласан.
Иймд орон сууцны зориулалтаар ашиглаж байсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзлээ.
4.7.Гэрээний хугацаа 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай, сарын төлбөр 600,000 төгрөг байх бөгөөд гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.-т зааснаар “талууд гэрээний хугацаа дуусахад цаашид гэрээний хугацааг сунгахгүй, гэрээний хугацааг дуусах өдөр түрээслэгч нь талбайг суллаж өгөх үүрэгтэй” гэжээ.
Хариуцагч гэрээний үүрэгт 720,000 төгрөг төлсөн талаар зохигч тайлбарласан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягтаар нотлогдож байна.
4.8.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа буюу 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцож 1,380,000 төгрөг шаардсан.
Гэтэл гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.-т зааснаар гэрээг цаашид сунгахгүй гэж харилцан тохиролцсон тул гэрээний хугацаа дууссанаас хойш буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл гэрээний үүрэг шаардсан нь үндэслэлгүй байна.
Хариуцагч нь 2 сарын хугацаанд 1,200,000 төгрөг төлөх үүрэгтэй байснаас 720,000 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл төлбөр 480,000 төгрөгийг Э.О-ээс гаргуулж, ГБ ХХК-д олгож, гэрээний хугацаа дууссанаас хойш хугацааны төлбөрт нэхэмжилсэн 900,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 889,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан дүнд ногдох тэмдэгтийн хураамж 868,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т зааснаар ГБ ХХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн хороо, байр, тоот хаягт байршилтай, м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттайдугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг Э.О-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар Э.О-ээс орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 480,000 төгрөг гаргуулж, ГБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “ГБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 889,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.О-ээс 868,000 төгрөг гаргуулж, “ГБ” ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ