Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2016/ШЦТ/194

 

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

шийтгэх тогтоол

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар, даргалж, шүүгчид М.Эрдэнэ-Очир,

Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Б.Өлзийбуян

Иргэдийн төлөөлөгч Г.Ш****

Улсын яллагч Б.Болд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү

Шүүгдэгч Б.Ш**** нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* н Ш****д холбогдох эрүүгийн 201622000354 тоот хэргийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, О****  овогт Б******* н Ш****, 1991 оны ** дугаар сарын ***-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжтэй, ам бүл **, эх, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************** тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд Сум дундын 2******** шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 11- ний өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10******** зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, регистрийн РЭ*******  дугаартай,

 

Шүүгдэгч: Б.Ш**** нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр архидан согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Мөрөн сумын ******** багт байрлах “Н****  караокений гадна иргэн Ш.Б**** ыг ямар ч шалтгаангүйгээр толгойн тус газар нь архины шилээр цохиж баруун зулайд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч: Б.Ш**** нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ Мөрөн сумын ******** багт байрлах “Н**** ” караокений гадна сууж байсан иргэн Ш.Б**** ыг ямар ч шалтгаангүйгээр толгойн тус газар нь архины шилээр цохиж, баруун зулайд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж, танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Ш.Б**** ын мөрдөн байцаалтад өгсөн ...2016 оны 05 дугаар сарын орой 21 цагийн үед байхаа найз Б***, Э****, Н****, Г****, Б****, С****  нарынхаа хамт Мөрөн сумын ******** багт байрлах “Н**** ” үйлчилгээний төвийн караокед орсон юм. Тэгээд ороод караокед нь нэг цаг хийлгүүлээд 6 ширхэг пиво захиалсан. Тэгээд захиалсан пивоноосоо хоёр удаа балгаад байж байхад миний өөрийн гар утсанд маань дуудлага ирсэн. Тэгээхээр нь дуудлагыг нь аваад гадаа гараад шатан дээр утсаар яриад сууж байсан. Тэгээд ярьж дуусчихаад утсаа чихнээсээ салгаад байж байхад гэнэт толгойны маань баруун чихний дээд тал руу араас 0.75 литрийн шилтэй “Ерөөл” архины шилээр цохисон. Тэгээд би манараад байж байхад манай найз Э****  хүн аллаа гээд намайг цохисон залууг барьж авсан. Тэгээд манай найз тэр залууг дарсан чигээрээ цагдаад дуудлага өгч дуудсан. Цагдаа ирэх хооронд манай найзууд бүгдээрээ гарч ирсэн. Тэгээд байж байхад цагдаа нар ирээд намайг шилээр цохисон залууг аваад явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 10 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Э**** гийн мөрдөн байцаалтад өгсөн... 2016 оны 05 дугаар сарын 31- ний өдөр найз Б**** ийнхээ хамт Б**** ийн найзуудтай уулзсан. Б**** ийн найз болох Б**, Б***-гийн найз болох нэг эмэгтэй, Б**** гийн найз эмэгтэйгийн найз гэх эмэгтэй, Г***  нарын хамтаар Мөрөн сумын ******** багт байрлах “М**** ” нэртэй караокед орсон. Бид нар караокед бүрэнхийд орсон. М****  нэртэй караокед ороод пиво захиалаад байж байхад би гар утсаараа эхнэртэйгээ ярих гэж гарсан. Тэгээд гадаа үүдэнд гараад утсаараа яриад байж байхад Б****  М****  караокены машины зогсоол дээр явган утсаар ярьчихсан сууж байсан. Тэгж байхад урт хар хүрэмтэй залуу шилтэй архи барьсаар Б****  дээр очсоноо Б**** ын ард дагз руу цохьчихсон. Б**** ыг цохиход Б****  толгойгоо дараад л шууд унаад өгсөн. Б**** ыг цохисон архины шил нь тэгээд л хагарчихсан. Тэгэхээр нь би гүйж очоод нөгөө нөхрийг түлхэж унагаасан. Тэгээд би өөрийнхөө утсаар цагдаа дуудаж байсан, цагдаа дуудах хоорондоо нөгөө цохисон гэх залууг суганаас бариад саатуулаад зогсож байхад алаг тэрэгтэй цагдаа нар ирээд нөгөө цохисон гэх залууг аваад явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 11 дүгээр хуудас/,

Гэрч М.Б******* гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн орой 20 цагаас 6 дугаар сарын 01-ний өдрийн 02 цаг 00 минут хүртэл цагдаагийн газарт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед цагдаагийн дэд ахлагч Б******* ы хамтаар үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн оройны 22 цаг 53 минутын үед цагдаагийн газрын жижүүрээс залгаад: Мөрөн сумын ******** баг “Э******** ” нэртэй барны гадаа хүн зодууллаа гэсэн дуудлага ирсэн, уг дуудлагын дагуу тэнд очоод зогсож байсан хүмүүсээс юу болсон талаар асуухад нэг залуу нь намайг утсаар яриад сууж байхад энэ залуу миний толгой руу архины шилээр цохичихлоо гэж байсан. Цохисон гэх залуу манай цагдаагийн газарт байнгын эрүүлжүүлэхэд ороод байдаг Ш**** гэх залуу байсан. Тухайн үед толгой руугаа архины шилээр цохиулсан гэх залуутай хамт нэг залуу зогсож байсан. Би тэр залуугийн нэрийг нь мэдэхгүй байна. Харин толгой руугаа архины шилээр цохиулсан гэх залуугийн толгой нь хагар ч толгойноос нь цус гарчихсан байдалтай байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 12 дугаар хуудас/,

Гэрч Д.Б******* ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн : ... 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн орой 20 цагаас 6 дугаар сарын 01-ний өдрийн 02 цаг 00 минут

 

хүртэл цагдаагийн газарт орой хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед цагдаагийн ахлах ахлагч Б**** гийн хамтаар үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийг оройны 22 цаг 53 минутын үед цагдаагийн жижүүрээс залгаад “Э******** ” нэртэй барны гадаа хүн зодууллаа гэсэн дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу очоод тэнд зогсож байсан хүмүүсээс юу болсон талаар асуухад Б****  гэх залуу нь намайг утсаар яриад сууж байхад энэ залуу миний толгой руу архины шилээр цохичихлоо гээд Ш**** луу зааж байсан. Б****  гэх залуутай хамт нэг залуу зогсож байсан. Б****  гэх залуугийн толгой хагарч цус гарсан байдалтай байсан. Түүнийг цохисон гэх Ш**** гэх залуу нь хажууд нь суучихсан байсан ба түүнийг баривчилж цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд авчирсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 13 дугаар хуудас/,

Гэрч Б.М**** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн : ...2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн орой найз охин Б**** тайгаа хамт найз Б****  болон Б**** ын найзуудтай уулзсан. Яг тухайн үед хэдэн цагт уулзсанаа сайн санахгүй байна. Бид нар уулзаад Мөрөн сумын ******** багт байрлах Н**** ын хажуу талын М*** ын караокед орсон. Тэгээд ороод 20-30 минут болоод байж байхад хамт байсан хүмүүс маань ихэнх нь гараад алга болчихсон. Тэгэхээр нь хаашаа явчихав гээд караокений үүдрүү гарахад Б****  толгойгоо хага цохиулчихсан гээд Э**** тай хамт байж байсан. Тэгээд байж байхад цагдаа ирсэн. Цагдаа ирээд Б**** ыг цохисон гэх залууг аваад явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 14 дүгээр хуудас/,

Гэрч Э.Б**** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн : ... 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр найз Б**** , Э**** , Г*** , Б**** ын хоёр эмэгтэй найз нарын хамтаар орой 22 цагийн үед Мөрөн сумын ******** багт байрлах “М**** ” нэртэй караокед орж суусан. Тэгээд ороод дуулаад сууж байхад Б****  гараад утсаар ярьчихаад ороод ирье гээд гараад явсан. Тэгээд буцаж орж ирэхдээ толгойгоо хаглуулчихсан орж ирсэн. Би тухайн үед Б**** ыг хэнд яаж байгаад цохиулсаныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 15 дугаар хуудас/,

Гэрч Х.Б**** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн : ...2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байж байхад манай найз С****  над руу залгаснаа гэрийнхээ гадаа гараад ир гэж байсан. Тэгэхээр нь би гараад очиход С****  хэдэн залуучуудтай хамт нэг машинтай явж байсан. Тэгээд би тэд нартай уулзалдаад тэд

 

нартай хамт “М**** ” нэртэй караокед орсон. Тэр караокед ороод дөнгөж хэдэн дуу дуулаад байж байхад Б****  утсаар ярих гээд гараад явсан. Тэгээд бид нар дотор дуу дуулаад байж байхад ээж маань хүүхэд чинь уйлаад байна хурдан ир гэж байсан. Тэгэхээр нь би тэд нарт явлаа ч гэдгээ хэлэхгүй гараад явчихсан. Тэгээд гэртээ очоод байж байтал С****  над руу залгаснаа чи хаана байгаа юм бэ гэхээр нь найз нь гэртээ ирчихсэн байна гэсэн чинь С****  Б****  толгой руугаа хүнд цохиулсан байна, тэгээд бид нар эмнэлэг явж байна гэж ярьсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 16 дугаар хуудас/,

Гэрч З.Н***ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 1******** хуудас/,

Шүүгдэгч Б.Ш****ын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх-35-40 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтад үзлэг хийж хурааж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2016 оны 06 дугаар сарын 10- ны өдрийн 305 дугаартай "Ш.Б**** ын биед гэмтэл тогтоогдлоо, Б**** ын биед баруун зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, бүхий гэмтэл учирсан ба хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон мөрдөн байцаалтад авагдсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Б.Ш****ыг мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээсэн нь дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар батлагдсан гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Ш****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай бусад зүйл

 

хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.Ш**** нь урьд Сум дундын 2******** шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10******** зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн ялыг өршөөн хэлтрүүлж, сулласан байх бөгөөд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялтайд тооцогдох хугацаанд гэмт хэрэгдахин үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ш****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, мөн ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэнг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн хохирогч Ш.Б**** , шүүгдэгч Б.Ш**** нарын эвлэрсэн талаарх гэрээг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 64 дүгээр хуудас/,

Эрүүгийн 201622000354 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ш****ын цагдан хоригдсон 9 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О****  овогт Б******* н Ш****ыг танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 
  1.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181,3-т зааснаар шүүгдэгч Б.Ш****ыг 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Ш****т оногдуулсан 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Б.Ш****ын цагдан хоригдсон 9 /ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  4.  Эрүүгийн 201622000354 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  6.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ш****т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР