Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 182/шш2022/03587

 

 

2022 оны 12 сарын 08 өдөр  Дугаар 182/ШШ2022/03587  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.Т-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: "ТББ" ХХК холбогдох,

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлага: 540 ам.доллар 75 цент буюу 1,545,193 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.З нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.Т нь ТББ ХХК-д холбогдуулан 540 ам.доллар 75 цент буюу 1,545,193 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1.Э.Т миний бие 2021 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр "ТББ" ХХК олон улсын зууч агентаар Австрали улс руу магистраар суралцахаар зуучлалын гэрээ байгуулсан. 2022 оны 02 дугаар сарын 16-нд сургуулийн сургалтын төлбөр болох 8,682 доллар шилжүүлсэн. Гэвч тус байгууллагын ажилтны алдаанаас болж, төлбөрийг маань шилжүүлэхдээ оюутны /Student Id/ 6 оронтой тоог минь буруу зөрүүлж бичсэнээс болж төлбөр баталгаажилгүй бүтэн 3 сар хүлээгдсэн.

 

Энэ алдаагаа уг компанийн дарга, ажилчдын хэн нь ч олж хараагүй, цаг хугацаа маш их алдсан ба Student Id зөрүүлж бичсэнийг би өөрөө олж мэдэн даруй мэдэгдсэн.

 

1.2.Төлбөр төлөхөд Flywire гэх аппликейшнээр шилжүүлдэг. Ингэхдээ эхлээд аккаунт үүсгэдэг бөгөөд үүнийг хариуцагч компанийн ажилтан үүсгэхдээ миний student Id-г буруу бичсэн алдаа гаргасан. Би зуучлуулж байгаа учраас өөрөө тэр аккаунтыг үүсгэх, дугаар зөрүүлэх ямар ч боломж байхгүй.

 

Би төлбөрөө банкнаас шилжүүлсэн ч төлбөр төлсөн баримтад Student Id орсон зүйл байхгүй. Уг төлбөр сургуулийн дансанд орсон ч гэсэн оюутны дугаар зөрүүлж шивж явуулсан тул Австралийн сургуулиас ямар ч боломжгүй төлбөрийг чинь буцаана хэмээн мэдэгдэж, 2022 оны 05 дугаар сарын 17-нд 8,141 доллар 25 цент буюу 540 доллар 75 цент суутгагдаж дансанд орж ирсэн. Төлбөр дутуу орсон нь миний алдаа биш, харин хариуцагч компанийн ажилтны алдаанаас болж мөнгө суутгагдсан. Иймд "ТББ" ХХК-иас 540 доллар 75 цент буюу тухайн үеийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Монгол банкны ханшаар 1,545,193 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 

 

2.Хариуцагч ТББ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

2.1.Тус шүүхэд иргэн Э.Т нь "ТББ ХХК-д холбогдуулан сургалтын төлбөрийн зөрүү 540,75 цент /австрали/ долларын зөрүү нэхэмжилжээ. "ТББ" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох гадаад улсын их дээд сургуульд зуучлан, тэтгэлэгт хамруулан шаардлагатай бичиг баримт бүрдүүлэхэд Э.Т-д туслалцаа үзүүлэн ажилласан. Үүнд: 1. Ирланд улс Twin English centre Dublin сургууль 2. Австрали улс Sunshine coast international college 3. Австрали улс CQ University Australia дээд сургуульд тус тус зуучлан ажилласан.

 

2.2.2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр сургалтын төлбөр болох 8628 долларыг нэхэмжлэгч Э.Т нь Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан Австрали улс уруу өөрөө гүйлгээ хийсэн. Сургалтын төлбөрийг дандаа Австрали доллароор шилжүүлж байгаа юм. Гэтэл Америк доллар гээд нэхэмжлээд байгаа нь эргэлзээтэй байна.

2.3.Нэхэмжлэгч тэр гүйлгээ хийх дансны гүйлгээний утга дээрх зүйлийг өөрөө хянах боломжтой эрх зүйн чадамжтай хүн шүү дээ. Багагүй хэмжээний гадаад гүйлгээг хийсэн учраас өөрөө хянах үүрэгтэй.

 

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1.2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх3/

 

3.2.2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Олон Улсад Оюутан суралцуулахаар зуучлах, зуучлалын гэрээ /хх4-5/

 

3.3.2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Гадаад шилжүүлгийн даалгавар /хх6,25/

3.4.Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх7-8/

 

3.5.CQ University Australia Student ID, Flywire payment confirmation /хх9-10/

 

4.Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

 

4.1.Голомт банкны дансны хуулга /хх26,30/

 

4.2.Австрали улсад суралцах оюутны анкет /хх42-49/

 

4.3.Цахим захиа, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Төлөөллийн гэрээний орчуулга /хх59-76/ зэрэг баримт

 

 Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Э.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

 

 

2.Нэхэмжлэгч Э.Т нь сургалтын төлбөр шилжүүлэхэд хариуцагч ТББ ХХК нь оюутны кодыг зөрүүлж, төлбөр шилжүүлэх аккаунт үүсгэхдээ алдаа гаргасны улмаас надад 540.75 ам.доллар буюу 1,545,193 төгрөгийн хохирол учирсан тул хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

 

 3.Хариуцагч нь сургалтын төлбөрөө Э.Т өөрөө шилжүүлсэн, эрх зүйн чадамжтай учраас бүх зүйлийг хянах боломжтой бөгөөд төлбөрийг манай суутгаагүй, манай компани буруугүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 

4.1.Зохигчийн хооронд 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр олон Улсад оюутан суралцуулахаар зуучлах, зуучлалын гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр Э.Т-ыг сургуульд зуучлуулан суралцуулах, талуудын эрх, үүрэг, хариуцлага, гэрээгээр үзүүлэх үйлчилгээний төлбөр, гэрээний хугацаа, дуусгавар болох нөхцөл зэргийг харилцан тохиролцжээ. /хх4-5/

 

 

 

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.-д заасан Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэх Зуучлалын гэрээ байна.

 

 

4.2.Дээрх гэрээний дагуу хариуцагч ТББ ХХК нь Э.Т-ыг Австрали улсын CQUniversity Australia сургуульд суралцуулахаар зуучилсан байх ба энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин сургалтын төлбөр төлсөн боловч тодорхой шалтгааны улмаас төлбөр буцаагдсан, буцаагдахдаа 540 ам доллар 75 цент суутгагдан Э.Тын дансанд орсон. Энэхүү суутгагдсанд хариуцагч буруутай эсэх талаар талууд маргаж байна.

 

 

4.3.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.5.-д А тал /зуучлагч/ нь Б талын сонгосон сургуулиас урилга ирсний дараа сургалтын төлбөрөө сургуулийн дансанд шилжүүлэхэд туслах, сургуулийн дансны мэдээлэл болон олон улсын шилжүүлгийн баримт бичиж өгөхөд туслалцаа, зөвлөгөө өгөх үүрэгтэй гэж, 2.9.-д Б талын виз цуцлагдсан тохиолдолд А тал нь тухайн сургуультай хийсэн гэрээнд заагдсан төлбөр буцаалтын журмын дагуу оюутны сургалтын төлбөрийг тухайн сургуулиас буцаан авч өгөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

 

 

Хариуцагч тал сургалтын төлбөрийг Э.Т төлсөн гэж тайлбарлах боловч сургалтын төлбөрийг сургуулийн дансанд шилжүүлэхэд туслалцаа үзүүлэх, олон улсын шилжүүлгийн баримт бичиж өгөх үүрэг нь хариуцагчид байна.

 

 

Хэрэгт авагдсан гадаад шилжүүлгийн даалгавраас харахад: Хүлээн авагч нь Flywire Payments Corporation гээд хаягийг бичсэн, Хүлээн авагчийн банк хэсэгт Citibank NA, хаяг: 111 Wall stNew York 10043, United States гэсэн, Төлбөрийн зориулалт хэсэгт CQU 172122278-CQUniversity Australia гэсэн байна. Үүнээс үзэхэд уг баримтад Оюутны дугаар /Student Id/ бичигдээгүй байна.

 

 

Уг Гадаад шилжүүлгийн даалгавраар 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 8682 ам доллар шилжүүлсэн, төлбөрийг Э.Т шилжүүлсэн байна. /хх6-7/

 

 

Сургалтын төлбөр төлөхөд Flywire Payment Confirmation аппликейшнийг үүсгэдэг бөгөөд үүнийг харицагч үүсгэхдээ Э.Тын Student ID буюу Оюутны дугаарыг буруу бичсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар болон хариуцагчийн шууд буруутай үйлдэл нотлох баримтаар нотлогдоогүй боловч Олон Улсад оюутан суралцуулахаар зуучлах, зуучлалын гэрээгээр сургуулийн дансны мэдээлэл, Олон Улсын шилжүүлгийн баримт бичиж өгөх, сургалтын төлбөр төлөх, төлбөр буцаагдсан тохиолдолд туслалцаа үзүүлэх үүрэг нь хариуцагчид байх тул гэрээнд заасан үүргээ хариуцагч компани бүрэн биелүүлсэн гэж үзэхээргүй байна.

 

 

Тодруулбал: Э.Т-ын данснаас 8682 ам.доллар шилжүүлсэн, 8,141.25 ам.доллар буцаж ирсэн болох нь хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар нотлогдсон. /хх7-8/

 

 

Үүнд хариуцагч маргаагүй боловч харин төлбөрийг ТББ ХХК нь суутгаагүй гэж маргасан. Гэтэл зохигчийн хооронд байгуулсан гэрээний 2.9-т зааснаар тухайн сургуультай хийсэн гэрээнд заагдсан төлбөр буцаалтын журмын дагуу оюутны сургалтын төлбөрийг тухайн сургуулиас буцаан авч өгөх нь хариуцагчийн үүрэг байна.

 

4.4.Шүүхээс зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнд тусгагдсан төлбөр буцаалтын журамд төлбөрийг хэрхэн буцаах талаар тусгасныг тодруулахаар CQUniversity Australia сургуультай байгуулсан гэрээг ТББ ХХК-иас гаргуулахаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн боловч хариуцагч талаас дээрх сургуультай гэрээ байгуулаагүй гэж тайлбарлан, сургалтын төлбөр төлөх, төлбөр буцаах журам, сургуулийн дансны мэдээллийг хэзээ хэрхэн ирүүлсэн гэх мэт баримтуудыг гаргаж өгөөгүй. Харин төлөөллийн байгууллагатай гэрээ байгуулсан гэж тайлбарлаж, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Төлөөллийн гэрээний орчуулгыг, мөн оюутан суралцуулахтай холбоотой цахим шуудангийн орчуулга зэрэг нотлох баримтаар гаргаж өгсөн. /хх72-76/

 

 

Уг цахим шуудангийн эх баримт буюу хариуцагч компанийн цахим хаягт шүүхээс үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр илэрсэн баримтуудыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

 

4.5.2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Төлөөллийн гэрээний 4.3.-т Б тал /ТББ ХХК/ тус сургуулийн төлбөрийн нөхцөл, төлбөр цуцлах болон буцаалт хийх нөхцөлийн талаар тодорхой тайлбарыг оюутанд өгөх, тухайн оюутнаас Элсэлтийн хүсэлтийн маягтад гарын үсэг авах үүрэгтэй байна.

 

 

Нэхэмжлэгч тал 4 долоо хоногоос хэтрүүлж төлбөрийг буцаах тохиолдолд шимтгэл суутгагдана гэдгийг сургуулиас ирсэн цахим шууданд дурдсан байсан гэж тайлбарлаж, түүний дансанд төлбөр буцаж орж ирэхдээ энэхүү хугацаанаас хэтэрсэн байсан гэснээс дүгнэхэд хариуцагч тал дээрх гэрээнүүдэд заасан төлбөрийг буцаахад туслалцаа үзүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэхээр байна.

 

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасан.

 

 

Мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан.

 

 

Иймд хариуцагч тал төлбөрийг суутгаагүй боловч гэрээгээр хүлээсэн сургалтын төлбөрийг буцаан авч өгөх үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч Э.Т-д хохирол учирсан гэж дүгнэж, хохирлыг хариуцагч нөхөн төлөх үүрэгтэй гэж үзлээ.

 

 

4.6.Хариуцагч талаас Австрали доллароор сургалтын төлбөрийг төлдөг гэх боловч хэрэгт авагдсан Гадаад шилжүүлгийн баримтад USD буюу америк доллар гэх тэмдэглэгээ хийсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Долларын ханшийг үүрэг үүсэх үеийн ханшаар буюу 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1 ам.долларын ханш 2,857.50 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн байх ба 540 ам доллар нь 1,543,050 төгрөг, 75 цент нь 2143 төгрөг, нийт 1,545,193 төгрөг байна.

 

 

Иймд ТББ ХХК-иас 540.75 ам доллар буюу 1,545,193 төгрөг гаргуулж, Э.Т-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар ТББ ХХК-иас 540 ам доллар 75 цент буюу 1,545,193 төгрөг гаргуулж, Э.Т-д олгосугай.

 

 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Тас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,673 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТББ ХХК-аас 39,673 төгрөг гаргуулж, Э.Т-д олгосугай.

 

 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.НАРАНЧИМЭГ