Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 161/ШЦТ2017/00052

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, 

нарийн бичгийн дарга Ц.С,

улсын яллагч Б.Б, 

шүүгдэгч М.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Тад холбогдох 1713************ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ш овгийн Мийн Т, 1964 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дугаар багт оршин суудаг, РД:ЦЭ********.

Шүүгдэгч М.Тын холбогдсон хэргийн талаар: 

- Шүүгдэгч М.Т нь 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 22 цагийн үед Ө сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэрт “Сувару” маркийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон зөрчил гаргасан ба уг зөрчлийг таслан зогсоож, хууль ёсны шаардлага тавьсан цагдаагийн албан хаагч А.Аыг цагдаагийн газарт хүргэх гэж явж байх замд цагдаагийн албаны машин дотор зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

- Шүүгдэгч М.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргасан. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

- Мөн шүүх хуралдаанд: ... М.Тад холбогдох захиргааны зөрчлийн материал, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч А.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Ж.Б, Б.М, К.Д, Е.С, С.А нарын мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Е.Бы 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 153 дугаартай дүгнэлт, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Хын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 168 дугаартай дүгнэлт, хохирогч А.Аын гаргаж өгсөн баталгаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч М.Т нь 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 22 цагийн үед Ө сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэрт “Сувару” маркийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон зөрчил гаргасан ба уг зөрчлийг таслан зогсоож, хууль ёсны шаардлага тавьсан цагдаагийн албан хаагч А.Аыг цагдаагийн газарт хүргэх гэж явж байх замд цагдаагийн албаны машин дотор зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн нотлох баримт, мөрдөн байцаалтын шатанд бүрдүүлсэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Тыг “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Баян-Өлгийн аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирч байна гэж үзлээ. 

Шүүгдэгч М.Т нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргажээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна гэж шүүх дүгнэлээ. 

Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, хэргийн хамт шүүхэд шилжин ирсэн шүүгдэгч М.Тын цахим иргэний үнэмлэх, №00906260 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Тын өмч “Сувару” маркийн 0000 БӨТ улсын дугаартай 9500000 / есөн сая таван зуун мянга/ төгрөгийн үнэтэй суудлын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүх шүүгдэгч М.Тын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан ялаас чөлөөлж  шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Ш овогт Мийн Тыг “Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг”-ийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч М.Тыг ялаас чөлөөлсүгэй. 

3. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц шүүгдэгч М.Тын өмч “Сувару” маркийн 0000 БӨТ улсын дугаартай 9500000 / есөн сая таван зуун мянга/ төгрөгийн үнэтэй суудлын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Тад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

6. Энэ хэргийн хамт шүүхэд шилжигдэн ирсэн шүүгдэгч М.Тын цахим иргэний үнэмлэх, №00906260 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосуай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ДОРЖБАЛ