Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/677

 

 

 

 

 

                        

  2021             7              20                                          2021/ДШМ/677

 

Б.Т, Т.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

            шүүгдэгч/хохирогч Б.Тийн өмгөөлөгч Д.Батдулам,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргал, шүүгч Ч.Алтанцэцэг, Х.Санжидмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/638 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Д.Батдуламын гаргасан давж заалдах гомдлоор Б.Т, Т.А нарт холбогдох 2106000000239 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Б-ын Т, 1988 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хэнтэй аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа дарханы газар ажиллуулдаг, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Хэнтий аймгийн ... сум, ... дугаар баг, ... гэх газар оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

2. М овгийн Т-ын А, 1982 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “...” ХХК-д хөдөлмөр аюулгүй байдлын инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, ... дугаар гудамж, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

Шүүгдэгч Б.Т согтуурсан үедээ буюу 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 29 дүгээр гудамж, 1130 тоотод иргэн Б.Мягмарсүрэнгийн толгойн тус газар төмөр данхаар цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр гавал тархины битүү гэмтлийг учруулан зүүн тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл, хатуу хальсны идээт үрэвслээр хүндэрч зүрх судасны хурц дутагдалд орж амь насыг нь санаатайгаар хохироож хүнийг алах гэмт хэрэгт,

Шүүгдэгч Т.А нь 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 29 дүгээр гудамж, 1130 тоотод иргэн Б.Тийг миний ахыг зодлоо гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхины цус хуралт, хамрын нуруу зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хүзүүний зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Т.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Батанай овгийн Буянтогтохын Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг, Монгол овгийн Тайванбаатарын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Тт 9 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Тт оногдуулсан 9 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Тийн цагдан хоригдсон 104 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Т.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.Төөс 10.884.600 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Оюун-Эрдэнэд олгож,

                 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг данхыг тогтоол хүчин Т болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин Т болтол Б.Тт урьд авсан цагдан хорих, Т.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Тийн эдлэх ялыг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Д.Батдулам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоол гарахаас өмнө гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо гачигдалтай байдлын улмаас төлж барагдуулж амжаагүй болно. Шийтгэх тогтоол гарснаас хойш Б.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн байна. Иймд шийтгэх тогтоол хүчин Т болохоос өмнө хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үүгэв.

 

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Тт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх орж хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний хувийн байдалд тохирсон. Шүүгдэгч эхийгээ асардаг, нэг хүүхэдтэй бөгөөд шүүх хуралдаан болохоос өмнө хохирогч талд хохирол төлбөр төлөөгүй байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг  8-15 жилийн хорих ялтай. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Б.Т согтуурсан үедээ буюу 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 29 дүгээр гудамж, 1130 тоотод иргэн Б.Мягмарсүрэнгийн толгойн тус газар төмөр данхаар цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр гавал тархины битүү гэмтлийг учруулан зүүн тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл, хатуу хальсны идээт үрэвслээр хүндэрч зүрх судасны хурц дутагдалд орж амь насыг нь санаатайгаар хохироож хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Оюун-Эрдэнийн “Хэрэг гарах үед талийгаачийн гэрт манай үеэл дүү Т.А хамт байсан. Т.А хэлэхдээ хэрэг гарсан өдөр талийгаач ажлын байрандаа хамт ажилладаг Б.Т, нэрийг нь мэдэхгүй нэг залуугийн хамт архи ууж байгаад нэрийг нь мэдэхгүй залуу явсны дараа Б.Т нь манай ахтай маргалдаад тэр хоёр хоорондоо зодолдохоор нь Т.А талийгаачийг салгаад гэрт нь оруулахад эхнэр Болормаа нь гэртээ согтуу унтаж байхаар нь буцаж гараад ажлын байрыг нь түгжээд буцаад талийгаачийн гэр рүү орох гээд явж байхад тэдний гэрээс Б.Т гарч ирээд шууд өөрийн гэрт орсон. Т.Аийг талийгаачийн гэрт ороход гэрийн голд байх зуухан дээр байсан төмөр данх нь хонхойчихсон талийгаач газар уначихсан, толгойноос нь их цус гарсан байхаар нь Т.А Б.Тийг зодсон гэдгийг мэдээд Б.Тийн гэрт орж чи хүн зодсон байна гэж хэлээд гарахад Б.Т гэрээсээ заазуур аваад Т.Аийн араас талийгаачийн гэрт орж ирээд ахын толгой битүү цус болсныг харчихаад гараад явсан гэсэн. Тэгэхээр нь Т.А цагдаа, түргэн дуудсан гэж бид нарт ярьсан. Манай ах Гэмтэл согог судлалын үндэсний төвд тархины хагалгаанд ороод 11 хоног хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Эмчилгээний зардал гэж амьсгалын гуурс хоёр удаа авсан. Нэг бүрийн үнэ нь 154.000 төгрөг байсан. Оршуулгын төлбөр 6.900.000 төгрөг гарсан баримтууд байгаа. Энэ гарсан зардлаа нэхэмжилнэ, гомдолтой байна.” /1хх 31-35/,

 

гэрч Т.Аийн “...2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр 14 цагийн үед манай нагац ах Мягмарсүрэн, эхнэр Болормаагийн хамт гадуур 3 хоног явж байгаад гэртээ ирсэн юм. Намайг ажлын өрөөний цонхоор харсан чинь Мягмарсүрэнгийн гэр рүү хүн орж байгаа харагдсан, гэрт нь ороход Мягмарсүрэнгийн гэрээс Т “та нар барахгүй шүү” гэж чангаар орилоод гарч байхаар нь “ороод сайхан амарчих” гэж хэлээд зөрсөн. Намайг гэрт ороход Мягмарсүрэн ах гэрийн баруун талд орны урд талд шалан дээр баруун тийш харчихсан, хажууд нь Болормаа доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Би Мягмарсүрэн ахыг сэрээх гээд очоод харсан чинь ахын толгой нүүр хэсэг нэл нус болчихсон, битүү хавдчихсан, духны зүүн тал орчимд халцарсан, хавдсан цус гарсан харагдсан. Тэгээд огт сэрэхгүй байхаар нь хажууд хэвтэж байсан Болормааг сэрээсэн чинь их айсан байдалтай босож ирсэн. Тэгээд би Болормаагаас юу болсон талаар асуусан чинь Болормаа Т бид хоёрыг өшиглөөд байсан гэж надад хэлсэн юм.” /1хх 36-40/,

“талийгаачийн гэрт хуучны оросын эрээн алаг цэцэгтэй төмөр данх байдаг, ямар нэгэн эвдрэл байгаагүй. Харин хэрэг гарах үед намайг талийгаачийг унтуулчихаад, ажлын байрыг түгжээд орж ирэхэд зуухан дээр устай байсан төмөр данх газар уначихсан, юм цохисон бололтой хонхойсон байсан. Тэр данхаар бол Т талийгаачийн толгой руу цохисон байх, толгойноос нь цус гарсан нүүр нь хавдсан байсан.” /хх 82-83/,

 

гэрч Д.Болормаагийн “2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 13 цагийн үед манай хүү Бат-Эрдэнээр Мягмарсүрэн бид хоёр Хужирбуланд байх өөрийнхөө гэртээ хүргүүлж ирсэн. ...нэг мэдсэн чинь Т ороод ирчихсэн Мягмарсүрэн бид хоёрыг зодоод хөлөөрөө дэвслээд гал дээр байсан данхаар Мягмарсүрэнг удаа дараа цохиод байсан юм. Тэгээд Тийг гараад явсны дараа Мягмарсүрэнгийн дүү Аагий гэдэг залуу орж ирээд түргэн тусламж, цагдаа дуудсан юм.” /хх 42-46/,

 

шүүгдэгч Б.Тийн яллагдагчаар өгсөн “2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 14 цагийн үед би Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байсан. Мягмарсүрэн ахтай нийлж 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад дахиж архи аваад ууж байсан. Ямар ч байсан Мягмарсүрэн ахтай маргалдаад сүүлдээ Мягмарсүрэн ах эхнэрээ аваад манай гэрээс гараад гэр рүүгээ орохоор нь би араас нь орж Мягмарсүрэн ахтай хоорондоо зодолдсон. Тэр үед Мягмарсүрэн ахын гэрт байсан төмөр данхыг би бариад цохисноо санаж байгаа, түүнээс хойш санахгүй байна. ...” гэх мэдүүлгүүд /хх 72-74/,

 

“талийгаач Б.Мягмарсүрэнгийн биед зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз хэсэг, бага тархины 2 тал бөмбөлгийн аалзан хальсан доорхи голомтлог цус харвалт, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун зүүн суурийн их далавч, зүүн чамархай ясны сэлтэрсэн хугарал, тархины эдийн няцрал, тархи дарагдлыг чөлөөлөх мэс ажилбар /2021.02.10/, тархины зөөлөн бүрхүүл болон хатуу хальсны идээт үрэвсэл, зүүн чамархайн хуйхны няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар яс, баруун нүдний ухархайн дотор хана, зүүн нүдний ухархайн доод болон дээд хананы цөмөрсөн хугарал, зүүн хацар ясны гурвалсан хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, урдаас арагш чиглэлд үүсэх боломжтой. ШЭГЗТЖурмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгг хамаарна. Талийгаачийг амьд байх үед үүссэн шинэ гэмтэл байна. Амь хохирогч нь судас хатуурал, зүрхний булчингийн сорвижил архаг өвчтэй

байна. Дээрх өвчнүүд нь үхэлд нөлөөлөхгүй. Амь хохирогч нь зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз хэсэг, бага тархины 2 тал бөмбөлгийн аалзан хальсан доорхи голомтлог цус харвалт, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун зүүн суурийн их далавч, зүүн чамархай ясны сэлтэрсэн хугарал, тархины эдийн няцралын улмаас 2 тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл, хатуу хальсны идээт үрэвслээр хүндэрч зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн боловч амь насыг аврах боломж муутай байжээ.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 392 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 97-97/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 6-16/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 17-21/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 84-90/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Т.А нь 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 29 дүгээр гудамж, 1130 тоотод иргэн Б.Тийг миний ахыг зодлоо гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхины цус хуралт, хамрын нуруу зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хүзүүний зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Тийн “Миний биед учирсан энэ гэмтлийг талийгаачийн дүү А манай гэрт орж ирээд чи яагаад миний ахыг зодож байгаа юм гээд цохиод газар унагаад дээрээс нүүр лүү цохиод байсан. Түүнээс өөр намайг зодож цохисон хүн байхгүй. Би тэр өдрөө эрүүлжүүлэх байранд хоноод өглөө босоход миний хоёр нүд хавдаж хөхөрсөн байсан. Түүнээс хойш миний толгой байнга өвдөж байгаа. Мөн би Аээс эмчилгээний зардлыг нэхэмжилнэ” /1хх 147-150/,

 

гэрч Б.Заяатогтохын “2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байдаг урлангийн газарт очиход А, Т хоёр байсан. Намайг очсоноос цагийн дараа талийгаачийн эхнэр Болормаагийн хамт согтуу ирээд архи уугаад Тийг ажил хийж байхад нь дуудаад архи уулгаад байсан. Тэгээд би ажлаа дуусгаад 19 цагийн үед явсан. Намайг байхад тэр хоёр маргалдаж муудалцаагүй. Намайг явснаас хойш маргалдаж зодолдоод хэрэг гарсан байсан” /1хх 157-160/,

 

“Б.Тийн биед хоёр нүдний зовхины цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1506 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 54-55/,

 

хүний биед үзлэг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 22-25/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ,  гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Тийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Б.Т согтуурсан үедээ иргэн Б.Мягмарсүрэнгийн толгойн тус газар төмөр данхаар цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр гавал тархины битүү гэмтлийг учруулан зүүн тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл, хатуу хальсны идээт үрэвслээр хүндэрч зүрх судасны хурц дутагдалд орж амь насыг нь санаатайгаар хохироож хүнийг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

шүүгдэгч Т.А нь иргэн Б.Тийг миний ахыг зодлоо гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхины цус хуралт, хамрын нуруу зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хүзүүний зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар, Т.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тус тус тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Д.Батдуламын гаргасан “...хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үүгэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,

Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосноор төгс үйлдэгдсэнд тооцогдох ба шүүгдэгч Б.Тийн үйлдэл хохирогчийн үхэл хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх Б.Тт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн харьцуулан шинжилж, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийг шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хэмжээний дотор 9 жилийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцжээ.

Харин шүүгдэгч Т.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлд хамаарагдаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Т энэ хэрэгтээ 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 160 /зуун жар/ хоног цагдан хоригдсон хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Оюун-Эрдэнэд 10.884.600 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Д.Батдуламын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/638 дугаартай шийтгэх тогтоолоор Т.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

2. Шүүгдэгч Б.Т нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Оюун-Эрдэнэд 10.884.600 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдаж, түүний өмгөөлөгч Д.Батдуламын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт нийт 160 /зуун жар/ хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ