Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 182/шш2022/03634

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: "ТБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.Э,

Хариуцагч: Э.Д нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 40,207,496.58 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, хариуцагч Ш.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.З нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.     Нэхэмжлэгч "ТБ" ХХК нь Ш.Э, Э.Д нарт зээлийн гэрээний үүрэгт 40,207,496.58 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1.Зээлдэгч Ш.Э, Э.Д нар нь ТБ-тай 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 107 дугаартай Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийг сарын 1,9 хувь, жилийн 22,8 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатайгаар зээлж авсан.

 

ТБ ХХК болон Ш.Э, Э.Д нарын хооронд 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 107 дугаартай Барьцааны гэрээний гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дараах хөрөнгийг барьцаалсан болно. Үүнд:

 

-       Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,  дугаар хороо, дугаар гудамж, тоот хаягт байршилтай м.кв талбай бүхий Хувийн сууцны зориулалттай тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө

 

-       Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, тоот хаягт байршилтай, м.кв талбай бүхий Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай тоот улсын бүртгэлийн дугаартай газар,

 

1.2.Зээлдэгч Ш.Э, Э.Д нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хувиарийн дагуу зээлээ төлөх байсан боловч төлөлгүй 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн зээл болон зээлийн хүүг хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн.

 

1.3.Иймд банкны зүгээс шүүхэд өгөх өдрөөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 38,282,653 төгрөг, үндсэн хүү 1,996,584 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 0,00 төгрөг, нийт 40,279,237 төгрөгийн зээлийн төлбөр хуримтлагдсан байна. Банкны зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа хугацаатай мэдэгдэл хүргүүлж, биечлэн уулзалт хийж, харилцагчийн хүсэлтийн дагуу сарын үндсэн төлбөрөөс чөлөөлөх зэрэг шат дараалсан арга хэмжээ авч байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийн зөрчилөө арилгаж зээл төлөөгүй байна.

 

Зээлдэгч талд зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд шүүхэд хандах талаар мэдэгдэж байсан болно. Иймд Ш.Э, Э.Д нараас зээлийн гэрээний үүрэгт 40,279,237 төгрөг гаргуулж, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, тоот хаягт байршилтай м.кв талбай бүхий Хувийн сууцны зориулалттай тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,  дугаар хороо, дугаар гудамж, тоот хаягт байршилтай  м.кв талбай бүхий Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай тоот улсын бүртгэлийн дугаартай газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

2.  Хариуцагч Ш.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

 

 

2.1.ТБнаас авсан зээлийн хүүний хуримтлалыг тодорхой хугацаанд дуусган цаашид графикийн дагуу төлөлтөө хийж дуусгана гэв.

 

 3.               Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1.           2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээ /хх2-5/

 

3.2.           2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Барьцааны гэрээ /хх6-7/

 

3.3.           2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 107/01 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /хх8-9/

 

3.4.           Хариуцагч Ш.Э, Э.Д нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх10/

 

3.5.           2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хх11-13/

 

3.6.           Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх14/

 

3.7.           Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх15/

 

3.8.           Ш.Эаас ТБ ХХК-д гаргасан хүсэлт /хх16-20/

 

3.9.           Зээл, хүүний тооцооны хуудас /хх21/

 

 

 

4.               Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

 

4.1.           Хариу тайлбар /хх34, 37/

 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч ТБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

 

2.Нэхэмжлэгч ТБ ХХК нь хариуцагч Ш.Э, Э.Д нарыг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй гэх үндэслэлээр 40,207,496.58 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

 

 

3.Хариуцагч нь зөрчигдсөн үүргийн гүйцэтгэлийг төлж барагдуулсан бөгөөд одоо графикийн дагуу төлбөрийг төлж байгаа гэж тайлбарлаж байна.

 

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 

4.1.ТБ ХХК нь Ш.Э, Э.Д нартай 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 107 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг машин мотоциклоос бусад барааны жижиглэн худалдаа зориулалтаар сарын 1.90 хувь, жилийн 22.80 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлдүүлжээ. /хх2-5/

 

 

2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл сунгасан. /хх8-9/

 

 

Улмаар мөн өдөр 107 дугаартай Барьцааны гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн  дугаар хороо, тоотод байрлах, м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, м.кв талбайтай газрыг барьцаалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон байна. /хх6-7/

 

 

 

4.2.Хариуцагч нараас зээлийн гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй үндэслэлээр ТБ ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 01, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тус тус мэдэгдэл хүргүүлжээ. /хх11-13/

 

4.3.Шүүх хуралдааны явцад талуудаас гэрээг цуцлаагүй, гэрээнээс татгалзаагүй, гэрээний зөрчигдсөн үүрэг болох төлбөрийг хариуцагч нараас төлж барагдуулсан, одоо графикийн дагуу төлж байгаа, зөрчигдсөн үүрэг байхгүй гэж хэн аль нь тайлбарласан. Гэвч ТБ ХХК нь хариуцагч Ш.Э, Э.Д нарыг үндсэн зээлийн үлдэгдэл 34,666,635.95 төгрөг, хүүгийн төлбөрт 65,416.33 төгрөг, нийт 34,732,049.28 төгрөгийг төлөөгүй тул уг төлбөрийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

 

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. гэж, мөн зүйлийн 208.4-т Үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй гэж тус тус заасан тул нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сараас хойш төлөх үүргийн гүйцэтгэлийг урьдчилан шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд зээлийн гэрээний үүрэгт 40,207,496.58 төгрөг шаардсанаас хариуцагч нар нь зээлийн үлдэгдэл 34,666,635.95 төгрөг, хүүгийн төлбөрт 65,416.33 төгрөг, нийт 34,732,049.28 төгрөгийн үлдэгдэлтэй гэх тул зээлийн гэрээний үүрэгт 5,475,447.3 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн байна гэж үзэх үндэслэлтэй.

4.4.Нэгэнт нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 34,732,049.28 төгрөгийг шаардах эрх үүсээгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага мөн үндэслэлгүй юм.

 

 

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 5,475,447.3 төгрөгийг хариуцагч Ш.Э, Э.Д нар нь төлснийг дурдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардсан 34,732,049.28 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 

5.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 429,546 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нарын төлсөн дүн болох 5,475,447.3 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 102,557 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Ш.Э, Э.Д нар нь зээлийн гэрээний үүрэгт 5,475,447.3 төгрөгийн ТБ ХХК-д төлсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагаас 34,732,049.28 төгрөг гаргуулах, Ш.Э-ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн  дугаар хороо, тоотод байрлах, м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай ТБ ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч ТБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 429,546 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ш.Э, Э.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 102,557 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ТБ ХХК-д олгосугай.

 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ