Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 182/шш2022/03656

 

 

2022 оны 12 сарын 15 өдөр  Дугаар 182/ШШ2022/03656  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, шүүгч Ж.Байгалмаа, шүүгч У.Сайнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Т-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ЦЕГМБА-д холбогдох

 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 3,360,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.З нар оролцов. /Иргэдийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно/  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч ЦЕГМБА холбогдуулан гэм хорын хохиролд 3,360,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Иргэн Д.М нь ЦЕГМБА/хуучнаар УМБГ/ эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаандаа таслан сэргийлэх арга хэмжээний нэг төрөл болох барьцаа болгож 3,360,000 төгрөгийг УМБГарт бэлнээр тушаасан байдаг билээ. Д.М-д холбогдох эрүүгийн хэрэг дууссаны дараа барьцаа болгож шилжүүлсэн 3,360,000 төгрөгөө авах гэтэл тухайн үед УМБГарт барьцааны мөнгө хүлээн авч, хадгалдаг байсан нярав-аж ахуйн офицер Б.Г гэгч нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байсан хүмүүсийн мөнгийг хувьдаа завшиж үрэгдүүлсэн асуудал илэрч, уг асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгаж байгаа, энэ асуудал эцэслэн шийдэгдсэний дараагаар барьцааны мөнгө олгогдоно, хэрэг маргаан эцэслэн шийдэгдсэний дараа таныг дуудна гээд буцаан олгоогүй байна.

Үүнээс хойш УМБГраас барьцааны мөнгө буцаан олгох талаар Д.М-г дуудаагүй байх бөгөөд 2022 оны 07 дугаар сард тус газарт бичгээр хандахад 2022 оны 07 сарын 06-ны өдрийн 9/1-3548 дугаартай бичгээр барьцааны мөнгийг манай газраас олгох боломжгүй, харин тухайн үед няраваар ажиллаж байсан Б.Г-д холбогдуулан иргэний журмаар хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг ирүүлсэнд гомдолтой байгаа болно.

1.2.Иргэн Д.М нь Г.Т надад Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу Шаардах эрхээ шилжүүлсэн бөгөөд миний бие Д.М-аас шаардах эрх шилжүүлж авсан талаар шүүхэд хандах талаар хариуцагчид мэдэгдэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар Б.Г-ийн ажиллаж байсан байгууллага буюу хариуцагчаас барьцаа болгон шилжүүлсэн 3,360,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 

2.Хариуцагч ЦЕГМБА шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

2.1. Нэхэмжлэгч Г.Т нь иргэн Д.М МБАанд шалгагдаж байхдаа таслан сэргийлэх арга хэмжээний төрөл болох барьцаанд 3,360,000 төгрөг байршуулсан ба эрүүгийн хэрэг дууссаны дараа мөнгөө авах гэтэл няраваар ажиллаж байсан Б.Г мөнгийг хувьдаа завшсан байсныг дурдаад уг мөнгөө нэхэмжилжээ.

 

2.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; үүрэгтэй байхаар заасан. Дээрх хуулийн зохицуулалт болох хавтаст хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэлээ юунд үндэслэн гаргасан болон ямар баримтаар нотолж байгаа нь байхгүй байна.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэж заасан.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

 

3.1. Шаардах эрх шилжүүлэх 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 01 дугаартай гэрээ /хх4/

 

3.2.ЦЕГМБАаны 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 9/1-3548 дугаартай Хариу мэдэгдэх тухай албан бичиг /хх5/

 

3.3.ЦЕГ2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 4а/1398 дугаартай Д.Мд Хариу хүргүүлэх тухай албан бичиг

 

3.4.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай Прокурорын тогтоол зэрэг баримт

 

4.Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

 

 5.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд:

 

5.1.Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоол /хх33-39/

 

5.2.Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн  дугаартай магадлал /хх40-53/ зэрэг баримт

 

 Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хариуцагч ЦЕГМБА холбогдох гэм хорын хохиролд 3,360,000 төгрөг гаргуулах тухай Г.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Г.Т нь Д.Мыг эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаандаа барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээнд 3,360,000 төгрөгийг УМБГ-т бэлнээр тушаасан боловч нярав-аж ахуйн офицер Б.Г гэгч нь хувьдаа завшиж шийтгэгдсэн тул ажиллуулж байсан байгууллагаас гаргуулна гэж шаардах эрхээ тодорхойлсон.

 

 

3.Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, уг мөнгийг буруутай этгээд болох Б.Г-аас гаргуулах нь зүйтэй гэж маргаж байна.

 

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.

 

4.1.Таслан сэргийлэх арга хэмжээ болох барьцааны 3,360,000 төгрөгийг Д.М УМБГарт тушаасан байх ба тэрээр шаардах эрхээ 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн  дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Г.Т-д шилжүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.-т Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно. гэж заасан. Иймд Г.Т нь шаардах эрхтэй гэж үзнэ.

 

4.2. УМБГ-т няраваар ажиллаж байсан Б.Г нь эрүүгийн хэргийн барьцаа болон хохирлын мөнгийг итгэмжлэгдсэн хариуцаж ажиллаж байхдаа 346044 тоот хэргийн холбогдогч Д.М-ы барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээнд төлсөн 3,360,000 төгрөгийг бэлнээр хүлээн авч, дансанд тушаалгүй ашиглан шамшигдуулсан нь тогтоогдсон гэж үзэж, түүнийг эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэм буруутайд тооцсон болох нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн  дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай магадлалаар тус тус тогтоогдож байна. /хх33-53/

 

Уг шийтгэх тогтоолын 10 дахь заалтад Хариуцагч Мөрдөн байцаах газраас 37,686,824 төгрөгийг гаргуулж, барьцааны мөнгө тушаасан Д.Мд ...нарт тус тус олгосугай. гэснийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Д.М нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй байхад барьцааны мөнгийг олгохоор шийдвэрлэсэн нь буруу, барьцаа хөрөнгө, хохирлын мөнгөө УМБГ-аас иргэний журмаар хандаж шийдвэрлүүлэх эрхтэй гэх агуулгаар 10 дахь заалтыг хүчингүй болгосон байна.

 

4.3.Нэхэмжлэгч нь шаардах эрхээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т зааснаар Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэх заалтыг үндэслэн Б.Ггийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон тул түүнийг ажиллуулж байсан байгууллага болох ЦЕГМБА хариуцах үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

4.4.Ингээд барьцаа мөнгө тушаасан Д.М нь барьцаа мөнгөө буцааж авахаар хандахад ЦЕГ 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай албан бичгээр ...Б.Г-аас гаргуулж, Мөрдөн байцаах газарт олгох 55,381,724 төгрөгийн асуудал шийдвэрлэгдээгүй байгаа тул одоогоор таны гомдолд дурдсан мөнгийг буцаан олгох боломжгүй байгааг уламжлая гэсэн хариу өгсөн. Түүнчлэн ЦЕГМБАы 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай Хариу мэдэгдэх тухай албан бичгээр ...Иймд та барьцааны мөнгө тушаасан, буцаан олгуулах асуудлаар Б.Г-д холбогдуулан иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэх хариуг тус тус өгсөн байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4.-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-т Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч нь Б.Г-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дууссан буюу Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 572 дугаартай магадлал хүчин төгөлдөр болсноос хойш барьцаа мөнгө 3,360,000 төгрөгийг шаардах эрх үүссэн гэж үзэх бөгөөд үүний дагуу шаардахад ЦЕГ-аас 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн байна.

 

Үүнээс хойш шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхэлсэн бөгөөд дээрх хуульд заасан 5 жилийн хугацаа нь 2020 оны 10 дугаар сард дууссан байна.

 

Гэтэл 2015 оны 10 дугаар сараас хойш нэхэмжлэгч тал уг барьцаа мөнгийг буцаан авах талаар шаардаагүй байх ба 2022 онд буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа дахин МБА-нд хүсэлт гаргасан байна.

 

Иймд нэхэмжлэгч өөрт учирсан гэм хорын хохирлыг шаардсан тухай ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн Иргэний хуулийн 78., 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон үндэслэл тогтоогдохгүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ЦЕГМБА холбогдох 3,360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Т-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4.5.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Г.Т Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг тогтоолын 4 дэх заалтад Д.М-д авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, барьцааны 5,200,000 төгрөгийг хохирогч нар гомдол гаргах хугацаа өнгөрмөгц Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн данснаас авч Д.М-д буцаан олгосугай гэсэн байх ба үүнийг нэхэмжлэлийн шаардлага болох барьцаанд шилжүүлсэн 3,360,000 төгрөгтэй хамааралгүй гэж нэхэмжлэгч тайлбарласан.

 

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн  дугаартай шийтгэх тогтоолд УМБГ-т няраваар ажиллаж байсан Б.Г нь эрүүгийн хэргийн барьцаа болон хохирлын мөнгийг итгэмжлэгдсэн хариуцаж ажиллаж байхдаа 346044 тоот хэргийн холбогдогч Д.М-ы барьцааны 3,360,000 төгрөгийг бэлнээр хүлээн авч, дансанд тушаалгүй ашиглан шамшигдуулсан... гэх дүгнэлтээс үзэхэд дээрх данснаас буцаан гаргуулахаар заасан 5,200,000 төгрөгтэй 3,360,000 төгрөг нь хамааралгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэсэн баримтгүй байна.

 

5.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигч иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

 

6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 68,710 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

 

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4, 498 дугаар зүйлийн 498.2-д зааснаар ЦЕГМБА холбогдох 3,360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.НАРАНЧИМЭГ

 

 

ШҮҮГЧИД Ж.БАЙГАЛМАА

 

 

 

У.САЙНБИЛЭГ