| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2022/04783/И |
| Дугаар | 102/ШШ2023/00503 |
| Огноо | 2023-01-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2023/00503
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ................. тоотод байрлах хаягтай, А ББСБ ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .................тоотод оршин суух, Б ургийн овогтой П. Д /РД:/,
Хариуцагч: ......................тоотод оршин суух, Б ургийн овогтой Б Ө /РД:/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 120,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, өмгөөлөгч Ө.С,
Хариуцагч П.Д,
Хариуцагч Б.Өын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, өмгөөлөгч Ш.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А ББСБ ХК нь хариуцагч П.Д, Б.Ө нарт холбогдуулан 120,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: "А ББСБ" ХК нь зээлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж байна. Б.Ө нь .... маркийн ........ улсын дугаартай ..................... арлын дугаартай, цагаан өнгийн автомашиныг худалдан авна, эсхүл бусдад зарж өгнө гээд "А ББСБ" ХК-аас бичиг хийлгэж авсан. "А ББСБ" ХК-ийн зүгээс үүргээ биелүүлж Б.Өт автомашин шилжүүлэх эрх олгосон. Гэвч автомашины үнэ 120,000,000 төгрөгийг төлөлгүй. П.Д нь авмомашиныг өөрт шилжүүлэн авсан тул үүрэг хүлээх этгээд гэж үзэж байна. П.Д, Б.Ө нар нь нэг ч төгрөгийг төлөөгүй. Манай байгууллагын зүгээс хариуцагч нарт төлбөр төлөх тухай удаа дараа мэдэгддэг байсан. Нөхцөл байдал дээр Н.Э гэдэг хүн "А ББСБ" ХК-иас авлагатай байж байгаад, Б.Өт шилжүүлээд өгчихье гэж хэлж байсан. Энэ тухай Б.Ө хүлээн зөвшөөрч 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Энэ гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т төлбөр авагч Э нь "А ББСБ" ХК-д ......... улсын дугаартай цагаан өнгөтэй ажлын зориулалтай автомашиныг 120,000,000 төгрөгт тооцон авсан бөгөөд өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 4 дүгээр 01-ний өдөр багтааж төлбөр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцсон. Банк бус санхүүгийн байгууллагын зүгээс П.Дт 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн. Төлбөр барагдуулах гэрээгээр юу хүлээн зөвшөөрдөг вэ гэхээр, Б.Ө өөрийн нэр дээр тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч, өөрөө өмчлөх эрх авалгүйгээр шууд Х.Дт шилжүүлсэн. 120,000,000 төгрөгийг "А ББСБ" ХК-д өгөөгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар "Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ" гэж зааснаар хариуцагч нарын машины үүнийг төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч нараас 120,000,000 гаргуулж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч П.Д нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Би яагаад шүүхэд дуудагдаж байгаагаа ойлгохгүй. Би Б.Ө гэдэг хүнээс ........ улсын дугаартай аяллын зориулаллтай машиныг өөрийнхөө унаж явсан .................улсын дугаартай машиныг өгч харилцан наймаа хийсэн. Би "А ББСБ" ХК-тай нэг ч удаа уулзаж байгаагүй. Энэ хүмүүсийг танихгүй. Надад 120,000,000 төгрөг төлөх ямар ч үүрэг байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Хариуцагч Б.Ө, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагад Б.Ө нь худалдах, худалдан авах, эсвэл бусад зарж өгнө гэж хэлээд "А ББСБ" ХК-иас бичиг авч явсан гэж байна. Б.Ө "А ББСБ" ХК-иас бичиг аваагүй. Энэ бичгийг Н.Э гэдэг хүнээс авсан. Н.Э тай худалдах, худалдан авах гэрээтэй. "А ББСБ" ХК-тай ямар ч худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Удаа дараа мэдэгдсэн, үлдэгдэл өгсөн боловч төлбөр төлөөгүй гэж тайлбарлаж байна. Анх нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэлээ гаргахдаа Х.Дт холбогдуулж нэхэмжлэлээ гаргасан. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр П.Дт холбогдуулж тээврийн хэрэгслийг буцаан шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлага байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад П.Дийн хариу тайлбараас шалтгаалж Б.Өыг хамтран хариуцагчаар татсан. Энэ үеэс эхэлж мэдэгдсэн. Гэтэл удаа дараа мэдэгдсэн гэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн үндэслэн Худалдах, Худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж байгаа боловч "А ББСБ" ХК-тай Б.Ө ямар нэг иргэний эрх зүйн харилцаанд ороогүй. Худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. "А ББСБ" ХК-ийн нэр шимтгэл ирсэн бичгийг төлбөр тооцоо дууссан гэж "А ББСБ" ХК өөрөө авто тээврийн үндэсний төв рүү явуулсан байсан. "А ББСБ" ХК болон Н.Э хоёрын хооронд ямар төлбөр тооцоотой байж байгаад тэр нь дууссан. Н.Э ямар учраас шаардах "А ББСБ" ХК рүү шилжүүлсэн нөхцөл байдал тодорхойгүй байна. 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн. Энэ гэрээ төлбөр авагч Н.Э , төлбөр төлөгч Б.Ө гэсэн байна. Энэ гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т төлбөр төлөх нөхцөлөө хүртэл талууд харилцан тохиролцсон байна. Н.Э болон Б.Ө хоёр хоорондоо шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхгүй гэж тохиролцсон байна. "А ББСБ" ХК руу буцааж өгөх ямар үг, үсэг байхгүй. Н.Э "А ББСБ" ХК-тай ямар төлбөр тооцоотойг мэдэхгүй байна. Тухайн үед төлбөр тооцоо бүрэн дууссан гэсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Хэрэгт нэхэмжлэгчээс тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 6, 7/, өмнөх өмлөгчийн мэдээлэл /хх-ийн 8/, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөр төлсөн цахим гэрчилгээ /хх-ийн 9/, хариуцагчаас тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягтын хуулбар /хх-ийн 19/, А ББСБ ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн .... тоот албан бичгийн хуулбар /хх-ийн 20/, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ /хх-ийн 59/, итгэмжлэлийн хуулбар /хх-ийн 63/, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягтын хуулбар /хх-ийн 64/, шүүхээс тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар /хх-ийн 49/, тээврийн хэрэгслийн бүртгэх маягтын хуулбар /хх-ийн 50/, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягтын хуулбар /хх-ийн 51/, А ББСБ ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 810 тоот албан бичгийн хуулбар /хх-ийн 52/, А ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 53,54/, Тээвэр хөгжлийн банк ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн .... тоот албан бичгийн хуулбар /хх-ийн 55/, Т банк ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 56/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 57/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч П.Д, Б.Ө нарт холбогдуулан .... маркийн ........ улсын дугаартай ..................... арлын дугаартай, цагаан өнгийн автомашин буцаан шилжүүлэх нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагч нараас 120,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Б.Ө нь "А ББСБ" ХК-аас .... маркийн ........ улсын дугаартай ..................... арлын дугаартай, цагаан өнгийн автомашиныг 120,000,000 төгрөгөөр худалдан авна, эсхүл бусдад зарж өгнө гээд эрх шилжүүлэх бичиг хийлгэж авсан. "А ББСБ" ХК-ийн зүгээс үүргээ биелүүлж Б.Өт автомашин шилжүүлэх эрх олгосон. Гэвч автомашины үнэ 120,000,000 төгрөгийг төлөлгүй. П.Д нь автомашиныг шилжүүлэн авсан байх тул хамтран үүрэг хүлээх этгээд гэж үзэж байна. иймд П.Д, Б.Ө нараас автомашины үнэ 120,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу гаргуулж өгнө үү гэж,
Хариуцагч П.Д нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Би Б.Ө гэдэг хүнээс ........ улсын дугаартай аяллын зориулаллтай машиныг өөрийнхөө унаж явсан .................улсын дугаартай машиныг өгч харилцан наймаа хийсэн. Би "А ББСБ" ХК-тай нэг ч удаа уулзаж байгаагүй. Энэ хүмүүсийг танихгүй. Надад 120,000,000 төгрөг төлөх ямар ч үүрэг байхгүй гэж,
Хариуцагч Б.Ө нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Б.Ө нь "А ББСБ" ХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Ямар нэг бичиг хийлгэж аваагүй. Н.Э тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, автомашиныг шилжүүлэх бичгийг Н.Э аас авсан. "А ББСБ" ХК нь авто тээврийн үндэсний төв рүү төлбөр тооцоо дууссан гэж бичиг явуулсан байсан. "А ББСБ" ХК болон Н.Э хоёрын хооронд ямар төлбөр тооцоотой байсан талаар мэдэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарласан.
4.Автотээврийн үндэсний төвөөс шүүхийн журмаар гаргуулсан нотлох баримтаар "А ББСБ" ХК нь Автотээврийн үндэсний төвд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр .... дугаар албан бичгээр .... маркийн ........ улсын дугаартай ..................... арлын дугаартай, цагаан өнгийн автомашиныг Б.Өдөрбаярын нэр дээр шилжүүлэхийг хүссэн хүсэлт гаргасан байх бөгөөд Б.Өын гаргасан өргөдлийн дагуу уг автомашин 2020 оны 01 сарын 08-ны өдөр П.Дт шилжсэн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 48-58/
5.Нэхэмжлэгч "А ББСБ" ХК-аас Н.Э , Б.Ө нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан Төлбөр барагдуулах гэрээ-г нотлох баримтаар шүүхэд гаргасан байх бөгөөд уг гэрээний 1.1-т Төлбөр авагч Н.Э нь А ББСБ-ын өрөнд .... маркийн ........ улсын дугаартай ..................... арлын дугаартай, цагаан өнгийн автомашиныг 120,000,000 төгрөгт тооцон авсан бөгөөд өөрийн нэр дээр шилжүүлэн авалгүй төлбөр төлөгч Б.Өтай 2020 оны 04 сарын 01-нд багтаан 120,000,000 төгрөгийн төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож, "А ББСБ"-аас П.П-т 2020 оны 01 сарын 08-ны өдөр шилжүүлсэн гэж тусгасан байна.
6.Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ..."А ББСБ" ХК нь Н.Э т 120,000,000 төгрөгийн өртэй байсан. Тухайн өрийг өгч чадахгүй учраас юу авах вэ гэж ярьж байгаад энэ машиныг 120,000,000 төгрөгт бодож авахаар тохирсон. Тэр машиныг Н.Э өөрийнхөө нэр дээр ч шилжүүлж аваагүй. Хүнээр заруулаад мөнгийг авахаар болсон. ...Н.Э , "А ББСБ" ХК-ийн өмгөөлөгч нь би юм. Энэ хоёр ашиг сонирхол нэг юм. Н.Э машинаа нэр дээрээ шилжүүлж аваагүй учир Б.Өаас нэхэмжлэх боломжгүй болоод "А ББСБ" ХК нэхэмжлсэн. ...Б.Ө нь П.Дийг машины ченж гэж хэлсэн. Зуучлагч маягтай машиныг П.Дт зараад мөнгийг Н.Э т өгнө гэж хэлсэн гэх тайлбар, хариуцагч Б.Ө ...Б.Ө нь "А ББСБ" ХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Ямар нэг бичиг хийлгэж аваагүй. Н.Э тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, автомашиныг шилжүүлэх бичгийг Н.Э аас авсан. "А ББСБ" ХК нь авто тээврийн үндэсний төв рүү төлбөр тооцоо дууссан гэж бичиг явуулсан байсан гэх тайлбар, хариуцагч П.Дийн ...Би Б.Ө гэдэг хүнээс ........ улсын дугаартай аяллын зориулаллтай машиныг өөрийнхөө унаж явсан .................улсын дугаартай машиныг өгч харилцан наймаа хийсэн. Би "А ББСБ" ХК-тай нэг ч удаа уулзаж, гэрээ байгуулж байгаагүй. Энэ хүмүүсийг танихгүй гэх тайлбар гаргасан.
7.Нэхэмжлэгч "А ББСБ" ХК, хариуцагч П.Д нарын хооронд маргаан бүхий автомашинтай холбоотой хэлцэл хийгдээгүй, хэн аль харилцан үүрэг хүлээгээгүй талаар зохигч маргаагүй. Хариуцагч Б.Ө болон нэхэмжлэгч "А ББСБ" ХК-ийн хооронд автомашин худалдах-худалдан авах, худалдан борлуулахаар харилцан тохиролцсоныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй.
8.Харин "А ББСБ" ХК нь Н.Э т 120,000,000 төгрөгийн төлбөрт маргаан бүхий автомашиныг өгөхөөр тохиролцсон байх бөгөөд автомашиныг Б.Өт шилжүүлэхийг зөвшөөрсөн албан бичиг өгсөн нь зохигч талуудын тайлбар, Автотээврийн үндэсний төвийн лавлагаа, Төлбөр барагдуулах гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч "А ББСБ" ХК болон хариуцагч Б.Ө, П.Д нарын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
9.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ гэж заасан.
10.Нэхэмжлэгч "А ББСБ" ХК болон хариуцагч Б.Ө, П.Д нарын хооронд .... маркийн ........ улсын дугаартай ..................... арлын дугаартай, цагаан өнгийн автомашиныг худалдах-худалдан авах хэлцэл хийгдээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас 120,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй.
11.Иймд хариуцагч Б.Ө, П.Д нараас 120,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч "А ББСБ" ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
12.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 заасны дагуу хариуцагч Б.Ө, П.Д нараас 120,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч "А ББСБ" ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэгч "А ББСБ" ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 757,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР