Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/172

 

2025       06         20                                           2025/ШЦТ/172

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2025/0164/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******,

Улсын яллагч Н.********,

Шүүгдэгч Д.******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ****** овгийн ****** ********т холбогдох 2539000000111 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******** нь 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн үед Хэнтий аймгийн ******сумын 2 дугаар багт Бурхан халдун уулын доод овоонд О.******** сандал авчирч өг гэж зандрангуй хэллээ гэх шалтгааны улмаас түүний толгойн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.******** нь 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн үед Хэнтий аймгийн ******сумын 2 дугаар багт Бурхан халдун уулын доод овоонд О.******** сандал авчирч өг гэж зандрангуй хэллээ гэх шалтгааны улмаас түүний толгойн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулса болох нь:

1.Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

2.Хохирогч О.********мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2025 оны 03 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед майхандаа найз Г.*******, Э.*********** нарын хамт отогтоо амарч байхад зүс таних ******** гэх хүн орж ирээд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ёс бус үг хэлээр доромжилж, би буриад хүн би шорон орон үзсэн чамайг ална гэж сүрдүүлж байгаад гэнэт намайг сууж байхад үсдээд зүүн нүд тус газар нэг удаа өшиглөхөд нь би доошоо гараараа нүүрээ дараад хамгаалахад миний толгойн дагз хэсэг, чамархай, тархи хэсэг рүү нүүр нүдгүй цохисон. Би тухайн үед цохиулсандаа манараад шоконд ороод хэвтэж байхад манай найз Г.******** салгасны дараагаар дахиж надруу дайрч толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Хэдэн удаа цохисонг мэдэх сөхөө байгаагүй толгойгоо хамгаалаад хэвтээд өгсөн. Би шоконд орсон байсан учир юу болж байгааг мэдээгүй. Намайг алах гэж байгаа юм шиг галзуу хүн шиг зодож дайрч байсан. Манай хоёр *********, ********** нар нь зодуулж байхад салгаж авсан. Найз *********** би юу болчвоо гэж асуухад чамайг түлээний хагалсан модоор дагз хэсэг руу чинь цохисон, майхан дотор байсан сүхийг шүүрч авах үед нь найз ********* сүхийг нь булааж авч зогсоосон гэж надад хэлсэн. 03 дугаар сарын 16-ны өглөө намайг зодсон ********оос чи яагаад намайг ингэтэл нь зодох болов оо гэж асуухад та өчигдөр 2 сандал авчирч өг гэж хэлхэд миний уур хүрсэн тэгээд архи уугаад таныг зодсон гэж хэлсэн. Яагаад намайг зодож байгаа юм гэж асуухад та зандрангуй хэлээд байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,

3.Э.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ******сумын 2 дугаар багт байх Бурхан Халдун ууланд байнгын хяналт шалгалтын ажлаар ирсэн. Мөн ******сумаас Соёлын Өвийн байгаль хамгаалагч О.******* ах ирсэн. Бид хоёр хамтарч хяналт шалгалт хийж ажиллаж байсан. Тэгээд 2025 оны 03 дугаар сарын 15-ны орой бага овоонд амрах гээд ********* сумын морь түрээсэлж унуулдаг хэсэг хүмүүсийн хамт майханд унтах гээд хэвтэж байхад хойд талын майханд бужигналдаад орилолдоод явчихсан. Тэгэхээр нь би хамт ажилладаг ********* ах тэр майханд байсан тул юу болчихвоо гээд очиход ******** морь унуулахаар ирсэн ******** гэх хүн ********* ахыг зодож байсан. Тэгэхээр би дундуур нь орж салгахад ******** нь дахин зодох гээд дайраад байсан. Би ********ийг аваад амарч байсан майхан руугаа авч явж тайвшруулаад өөрийнх нь гэрт оруулж унтуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

4.2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 178 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, дэд ахлагч Б.********** “...О.********биед тархи доргилт, зүүн сарвуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зүүн даланд зулгаралт, цус хуралт, зүүн сарвууны хумс доорх цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тархи доргилт, зүүн сарвуунд шарх гэмтэл дан дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул тус журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...." гэх дүгнэлт /хх-ийн 22-23-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.******** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

         

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Д.********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78-79-р хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.********т шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.

 

            3.Гэм хор, хохирлын талаар:

Шүүгдэгч Д.********ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.********эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нь надад гомдол санал байхгүй гэсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

            4.Бусад асуудлын талаар:

            Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ********** овгийн ********* ********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.********т 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.********т оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид Д.********т мэдэгдсүгэй.

 

5.Шүүгдэгч Д.********т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ЭНХБААТАР