Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2023/0104

 

 

 

 

 

 

 

 

      2023          01           30                                         128/ШШ2023/0104

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Н*****” ХХК, /РД:5*****/

Хариуцагч: *******,*******ад холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ренчинмядаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. *******,*******ын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 142 дугаар шийдвэрээр “Н*****” ХХК-ийн ХV-0*****, ХV-00****** хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1 Хэрэгт авагдсан баримтаас үзвэл ...2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газраас  ********************** газарт орших 15687 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын ХV-0*****[1], А******************** нэртэй газарт орших 27709 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын ХV-00******[2] тусгай зөвшөөрлүүдийг 2011 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал олгожээ.

2.2.Эрх бүхий байгууллагаас “Н*****” ХХК-иас хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаагаар тус тус сунгаснаас хойш тус 5*****, 53**** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг цаашид сунгасан талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй, уг хоёр тусгай зөвшөөрлийн хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсныг *******, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн байна.

2.3.Гэтэл *******,*******ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д**********ийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 475 дугаар шийдвэрээр[3] ... шүүхийн маргаантай байдлаас шалтгаалан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө гаргах боломжгүй байсан гэх үндэслэлээр 5*****, 53**** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсныг бүртгэсэн дээрх кадастрын бүртгэлийг хүчингүй болгож, сунгах өргөдлийг хүлээн авахаар болсон, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй болно.

2.4.Дээрх хоёр тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч “Н*****” ХХК-иас 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ХV-0*****, ХV-00****** тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг эрх бүхий байгууллагад гаргасан боловч[4], Маягт К-11-д заасан Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай баримт, хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай болон хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтыг[5] хавсаргаж өгөөгүй, нөхөн бүрдүүлэх хугацаа олгосон боловч ирүүлээгүй байна.

2.5.Учир нь А********************** сумын Засаг дарга нар 5*****, 53**** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2018, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй, үүнийг эс зөвшөөрч  “Н*****” ХХК-иас дээрх захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэлийг гаргасныг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны эцэст “...А********************** сумын Засаг дарга нарын “Н*****” ХХК-ийн 2018, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан нь хууль зөрчөөгүй...”гэж дүгнэн[6], тус компаний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж, уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна[7].   

2.6.Улмаар *******,*******ын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 142 дугаар шийдвэрээр “...байгаль орчны менежментийн төлөвлөгөөг *******ын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан тухай баримт байхгүй, мөн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, хайгуулын тухайн үе шатны ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайланг хүлээлгэн өгсөн нь нотлогдохгүй гэж үзэн Н*****” ХХК-ийн ХV-0*****, ХV-00****** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрлэн, энэхүү шийдвэрээ 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 8/1944 дүгээр албан бичгээр[8] “Н*****” ХХК-д хүргүүлжээ.

2.7.“Н*****” ХХК-иас *******,*******ын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 142 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилсан шийдвэрлүүлэхээр[9] эрх бүхий албан тушаалтанд хандахад *******, газрын тосны газрын дарга 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/2492 дугаар албан бичгээр “...142 дугаар шийдвэрээр сунгахаас татгалзаж, дуусгавар болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна...”[10] хэмээх хариуг өгсөн тул 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар: “...тусгай зөвшөөрлүүдийг 2009 оноос хойш эзэмших хугацаандаа ашигт малтмалын хайгуул судалгааны ажилд 8 тэрбум төгрөг зарцуулж, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн СТР********* дүгнэлтээр 50,000 тонн ураны нөөцийг батлуулж Монгол Улсын цацраг идэвхт ашигт малтмалын /уран/ нөөцийг нэмэгдүүлсэн...”, Н***** ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулахыг хүссэн өргөдлийг гаргахдаа *******ын тухай хуулийн 22.4-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах нөхцөл, шаардлагыг хангасан байсан гэж үзэж байгаа..., *******,*******а нь хуульд байхгүй үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан. Байгаль орчны менежментийн шинэчилсэн төлөвлөгөөг батлуулаагүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзана гэсэн үг, өгүүлбэр, утга санаа *******ын тухай хуульд байхгүй, огт зохицуулагдаагүй. Харин өргөдөл гаргахдаа хавсаргах бичиг баримтад байгаль орчны шинэчилсэн төлөвлөгөөг хавсаргана гэж заасан болохоос биш зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах гэсэн үндэслэл нь байгаль орчны шинэчилсэн төлөвлөгөө болохгүй. Төлөвлөгөө байхгүй нь сунгуулах хүсэлтийг буцаах үндэслэл болохоос биш зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах үндэслэл болохгүй гэж үзэж байгаа...” гэжээ.

3.2 Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Цөмийн энергийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т энэ хуулийн 15.1.1, 15.1.3, 15.1.4, 15.2.3, 15.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1-ээс доошгүй сарын өмнө түүний хугацааг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад гаргаж болно, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.3-т энэ хуулийн 15.2.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн хувьд *******ын тухай хуулийн 22.1.1-22.1.4-т заасан баримт бичгийг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн хамт төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөхөөр хуульчилсан байна.

...*******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүний эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана, 22.1.2-т хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-т байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, 22.1.4-т хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтыг хуулийн шаардлага ханган ирүүлээгүй.

...Иймд төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтэс *******ын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 142 дугаар шийдвэр гарган цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын 5**5, 53*** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

...Хэрэгт авагдсан нотлох баримт болон төрийн захиргааны байгууллагад ирсэн материалуудаар 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэдэг нь тогтоогдсон. 31 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг 32, 33 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан тохиолдолд хадгалах эрх үүсээд байна л даа. Гэтэл 33 дугаар зүйл буюу хайгуулын ажлын зардлын доод хэмжээ, түүнийг баталгаажуулах ажлыг хийж гүйцэтгээгүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон захиргааны байгууллагад ирүүлсэн материалуудаар тогтоогдож байгаа юм. Хангаагүй гэдэг нь мөн хуулийн 22.4 дэх хэсгийг хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй...” гэжээ.

       ҮНДЭСЛЭХ НЬ:

Дөрөв:  Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2.*******ын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах”, *******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэжээ.

4.3.Маргааны үйл баримтаас үзвэл Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 475 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Н*****” ХХК-ийн цацраг идэвхт ашигт малтмалын ХV-0*****, ХV-00****** тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээн авч, бүртгэхээр шийдвэрлэсэн боловч, нэхэмжлэгч компаниас өөрийн эрх, хууль ёсны сонирхлыг хамгаалах үүднээс хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг (маягт К-11) бөглөн, *******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар хавсарган өгсөн боловч 22.1.2-т “...хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт; 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт; 22.1.4-т “...хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт ” заасан баримтуудыг бүрдүүлэн өгөөгүй.

4.4.Тодруулж хэлбэл, *******ын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д  хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлэх-ээр заасан, энэ тохиолдолд, тусгай зөвшөөрөл эзэмшигч “Н*****” ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгах өргөдөлдөө хавсарган ирүүлээгүй болох нь тогтоогдсон болно.

4.5.Хэдийгээр ашигт малтмалын тухай тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй тохиолдолд хэрхэхийг уг хуулиар зохицуулаагүй ч хариуцагчийн хувьд захиргааны байгууллагын үйл ажиллагааг ерөнхийлөн зохицуулсан хууль болох Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” заасан үүргийг хэрэгжүүлэн *******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-22.1.4-т заасан баримтуудыг нөхөн бүрдүүлэн өгөх боломжит хугацааг олгосон хэдий ч нэхэмжлэгч “Н*****” ХХК-иас түүнийг нөхөн бүрдүүлж ирүүлээгүй.

4.6.Товхондоо хариуцагчаас Н*****” ХХК-д өөрийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сэргээх, хууль ёсны болгох боломжийг олгосон боловч тэрээр хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан холбогдох баримтуудыг гаргаж өгөөгүй тул *******,*******а 2020 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн 142 дугаар шийдвэрээр “Н*****” ХХК-ийн ХV-0*****, ХV-00****** хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хугацааг сунгахаас татгалзсан шийдвэр гаргасныг буруутгах боломжгүй.

4.7.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь *******ын тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах хуулиар хүлээсэн үүргээ өөрөө хэрэгжүүлээгүй байна.

4.8.Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...2017 онд хайгуулын ажил хийж байсан,... Болормаа гэж хүнд бичиг баримт хүлээлгэж өгөөд, тайлан, тооцоо нийлсэн гэдгийг компанийн санхүү хариуцсан захирал нь хэлсэн...” , гэж тайлбар гаргах боловч энэ талаарх баримтаа 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 2 жил 7 сарын турш  хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байх хугацаанд огт гаргаж өгөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасны дагуу өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.

4.9.Дан ганц энэ баримт нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл биш.

4.10.Мөн хариуцагч  *******,*******а 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 142 дугаар шийдвэрээ цаг хугацааны хувьд Улсын дээд шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 178 дугаар тогтоолоос өмнө гаргасан, энэ тухайгаа Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнд мэдэгдсэн үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байх тул дээрх хоёр үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй юм.

4.11.Дээр дурдсан үйл баримтаас үзвэл хариуцагч *******ын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ бүрэн хэрэгжүүлсэн, түүнийг хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашигт халдах шийдвэр гаргахдаа тухайн этгээдэд мэдэгдэж, оролцоог хангах үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах өчүүхэн ч үндэслэл байхгүй байхаас гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа  бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчмыг баримталжээ.

4.12.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******ын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н*****” ХХК-ийн “*******,*******ын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 142 дугаар шийдвэрээр “Н*****” ХХК-ийн ХV-0*****, ХV-00****** хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] 1 Хавтас хэргийн 11-13 хуудас

[2] 1Хавтас хэргийн 14-16 хуудас

[3] 2Хавтас хэргийн 4 хуудас

[4] 1Хавтас хэргийн 32, 39 хуудас

[5] 1хавтас хэргийн 31, 33-38, 40-42 хуудас

[6] 2 хавтас хэргийн 72-74 хуудас

[7] 2 хавтас хэргийн 75-78 хуудас

[8] 1 Хавтас хэргийн 29 хуудас

[9] 1 хавтас хэргийн 6-8 хуудас

[10] 1 хавтас хэргийн 5 хуудас