Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/678

 

 

 

 

 

                        

  2021             7              20                                          2021/ДШМ/678

 

Р.О, Р.О нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

шүүгдэгч Р.О, Р.О нарын өмгөөлөгч Д.Нямдорж,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолыг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” прокурор Ш.Нямдоржийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1 дугаартай дүгнэлтээр Р.О, Р.О нарт холбогдох 201601000077 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Боржигин овогт Рийн О, 1973 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, Зам тээврийн яамны Стратегийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Р хотхоны ... дүгээр байрны ... тооотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;

2. Боржигин овгийн Рийн О, 1970 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “....................” ХХК-д захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, ... байр ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

Шүүгдэгч Р.О нь Авто замын газрын орлогч дарга, Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болон мөн яамны Стратегийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, “Ривер гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь 242 метр квадрат талбайтай 4 өрөө орон сууцыг бэлнээр 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 200.000 ам.доллар, 2012 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 260.000 ам.доллар, нийт 460.000 ам.доллар буюу 641.736.800 төгрөгийг төлж, улмаар үлдэгдэл 3.218.200 төгрөгийг нэмж төлөн нийт 644.955.000 төгрөгөөр авч, түүний хөрөнгө их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн;

шүүгдэгч Р.О нь 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо шүүх хуралдаанд оролцох эрх, үүргийг дэлгэрэнгүй тайлбарлуулан, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж хууль сануулсан баримт дээр гарын үсэг зурж баталгаа гаргасны дараа “...Би энэ байрыг нийт 460.000 ам.доллараар худалдаж авсан. ...Би Цог гэдэг найзаасаа 100.000.000 төгрөг, Лхагвадаш гэдэг найзаасаа 100.000.000 төгрөг тус тус зээлж авсан;

Улсын яллагчийн “хавтаст хэрэгт гэрч Цог мэдүүлэхдээ танд 100.000.000 төгрөг зээлээгүй талаар мэдүүлсэн байдаг. Энэ ямар учиртай юм бэ” гэсэн асуултанд хариулахдаа “Цог ямар учраас ийм мэдүүлэг өгснийг мэдэхгүй байна, ...Цог, Лхагвадаш нараас мөнгө зээлэхдээ баримт үйлдээгүй” гэж, “Та 460.000 ам.долларыг хаана хадгалж байсан юм бэ” гэсэн асуултанд хариулахдаа “Би гэртээ хадгалж байсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн;

шүүх хуралдаан даргалагчийн “Таны хадгалаад байгаа мөнгө доллараар байсан уу, төгрөгөөр байсан уу” гэх асуултанд хариулахдаа “...доллараар байсан, 20 боодол доллар болох байх” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн;

шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дэлгэрнасангийн “Байрны мөнгийг хэн хэзээ яаж тушаасан бэ” гэх асуултанд “...Төлбөрийн асуудлын үед би их завгүй байсан учраас дүү Отгонтулгад даалгасан. Сүүлд сонсоход Отгонтулгатай Агиймаа хамт байрны төлбөрийг тушаасан байсан” гэж, иргэдийн төлөөлөгчийн “Таны гэрээс Отгонтулга мөнгө авахад хөндлөнгийн гэрч байсан уу” гэх асуултанд “би тухайн үед завгүй байсан учраас дүү нартаа хэлсэн. Ахынхаа байрны төлбөрийг хийгээрэй, миний мөнгө гэрт байгаа талаар Отгонтулгад хэлсэн” гэж, мөн иргэдийн төлөөлөгчийн “Таны дүү Отгонтулга 460.000.000 төгрөгийг хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр таны гэрээс авсан юм бэ” гэх асуултанд “би санахгүй байна, миний завгүй үед таарсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн;

мөн мөрдөн байцаалтанд 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...2015 онд Огийнх нүүж орсон” гэж мэдүүлсэн атлаа 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн тус шүүх хуралдаанд Улсын яллагчийн “Тухайн байранд Огийн гэр бүл хэдээс хэдэн оны хооронд амьдарч байсан юм бэ” гэсэн асуултанд “Огийнх 2014 оны 5 дугаар сард орсон” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Р.Огийн үйлдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Р.О үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн

яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигин овгийн Рийн Ог нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Боржигин овгийн Рийн Оыг гэрч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан прокуророос шүүгдэгч Р.Од 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Оыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 сарын хугацаагаар хасаж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О 3 /гурав/ хоног баривчлагдсан бөгөөд түүний баривчлагдсан нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялаас нийт 45.000 төгрөгийг хасаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Од оногдуулсан 455.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Од торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Од оногдуулсан эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн

тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О 30 /гуч/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Ривер гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь орон сууцыг авсан талаарх “Номин Констракшн” ХХК-тай байгуулсан “Орон сууцны захиалга хөрөнгө оруулалтын гэрээ”, байр хүлээлцсэн актын хуулбар, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг холбогдох баримтуудыг хэргийн 1 дэх хавтасны 47-58 дахь талд, “Ривер гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь орон сууцыг эзэмшигч, өмчлөгчийн зүгээс байрны төлбөрийг СӨХ-д төлсөн баримт, дулаан зогсоолын зөвшөөрлийн бичиг, чип хүлээж авсан тэмдэглэлийн хуулбар зэрэг холбогдох баримтуудыг хэргийн 1 дэх хавтасны 60-67 дахь талд, Д.Агиймаагаас Р.Отгонтулга нэрээр “Ривер гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь орон сууцны үнийг төлсөн тухай буюу 460.000 ам.долларыг “Номин Констракшн” ХХК-ийн дансанд тушаасан ХААН банкны орлогын мэдүүлэг, холбогдох баримтыг хэргийн 1 дэх хавтасны 70-72 дахь талд, (бусад эд мөрийн баримтаар тооцогдсон бичиг баримтууд хэргийн 1 дэх хавтасны 134-136, 138-140, 142-144, 146-151, 153-155, 157-158, 185-192 дахь талд) тус тус дугаарлагдан үдэгдсэнийг дурдаж,

“Д.Агиймаагийн нэр дээр бүртгэлтэй “Ривер гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь орон сууцыг” битүүмжилсэн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоол, “Р.Огийн эцэг Д.Рийн нэр дээр бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Кристал Таун хотхоны 801 дүгээр байрны 609 тоот орон сууцыг” битүүмжилсэн 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоол, “Худалдаа хөгжлийн банк дахь Р.О, О.Хунан нарын нэр дээрх 26.352.280 төгрөг”, “Д.Агиймаа, О.Саян нарын нэр дээрх 24.296.821 төгрөг”, “Д.Агиймаа, О.Сийлэн нарын нэр дээрх 24.296.821 төгрөг”, “Д.Агиймаагийн нэр дээрх 40.881 ам.долларын хадгаламж” зэргийг битүүмжилсэн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоол, “Д.Алдармаагийн нэр дээрх Д.Агиймаагийн “Киа Спортэйж” маркийн 0908 УНГ дугаартай автомашин” битүүмжилсэн 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоол зэргийг тус тус хүчингүй болгож битүүмжлэлээс чөлөөлөгдсөн эд хөрөнгийг эзэмшигч нарт нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.О, Р.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ш.Нямдорж бичсэн дүгнэлтдээ: “...Улсын Их хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд “2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон Эрүүгийн хуулийн Хоринхоёрдугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгана.” гэж заасан байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцоож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн Р.Од холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэж заасан нөхцөл байдал шинээр илэрсэн байна.

Иймд Р.Ог гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, яллах дүгнэлтийн хүрээнд анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцааж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Р.О, Р.О нарын өмгөөлөгч Д.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах шинээр илэрсэн нөхцөл байдал үүссэн гэж прокурор эсэргүүцэлдээ дурдсан. Шинээр илэрсэн нөхцөл байдал үүсээгүй гэж үзэж байна. Учир нь, шүүхийн шийдвэр гарах үед 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдаагүй байсан. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэгдэж, энэ асуудлаар 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 12 дугаар тогтоолоор уг нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуульд нийцэхгүй байна гэснийг Улсын Их Хурал хүлээж аваагүй. Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц их суудлаар уг дүгнэлтийн талаар дахин тогтоол гаргасан. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн талаар тогтоол гарсан. Үүнтэй холбогдуулан нэмэлт өөрчлөлт оруулсан, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зүйл заалт нь хуулийн хүчин төгөлдөр бус болсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан учраас прокурорын дүгнэлтийг хүлээн авч, анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэх үндэслэлгүй гэж үзэж байх тул прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах ажиллагаа нь шүүхийн шийдвэрийн хүчин чадал, ач холбогдлыг эргэн хөнддөгөөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулга, зарчимд бүрэн нийцсэн байхын зэрэгцээ мөн хуулийн 41 дүгээр бүлэгт заасан журмыг чанд баримтлахыг шаардсан онцгой ажиллагаа юм.

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл, шалгуур, хамрах хүрээ, илрэх хэлбэр, хүрэх үр дүн, гарах үр дагаврыг хууль зүйн хувьд нэг бүрчлэн хуульд тодорхой заасан байдаг.

Р.О нь Авто замын газрын орлогч дарга, Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болон мөн яамны Стратегийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, “Ривер гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь 242 метр квадрат талбайтай 4 өрөө орон сууцыг бэлнээр 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 200.000 ам.доллар, 2012 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 260.000 ам.доллар, нийт 460.000 ам.доллар буюу 641.736.800 төгрөгийг төлж, улмаар үлдэгдэл 3.218.200 төгрөгийг нэмж төлөн нийт 644.955.000 төгрөгөөр авч, түүний хөрөнгө их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдэлдээ 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан прокуророос шүүгдэгч Р.Од 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1 дугаартай прокурорын “...Р.Ог гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, яллах дүгнэлтийн хүрээнд анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцааж өгнө үү...” гэсэн дүгнэлт бичиж хэргийг давж заалдах шатны шүүхэд ирүүлжээ.

Прокурорын дүгнэлтийг үндэслэн хэргийн материалыг хянахад,

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Р.Од холбогдох хэргийг хянан хэлэлцэх явцад Улсын Их Хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн талаар нэр бүхий иргэдийн мэдээлэлд үндэслэн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай дүгнэлтээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, Улсын Их хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн их суудлын хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор “Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал...-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арвандөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг тус тус зөрчсөн ...” гэж үзээд хуулийг баталсан өдрөөс хүчингүй болгожээ.

Иймд прокурорын бичсэн нөхцөл байдал арилсан бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дэх заалтад заасан шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарахгүй байх тул прокурор Ш.Нямдоржийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1 дугаартай дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай прокурор Ш.Нямдоржийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1 дугаартай дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

 

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

 

            ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ