| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2022/05677/И |
| Дугаар | 102/ШШ2023/00837 |
| Огноо | 2023-02-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2023/00837
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...... тоотод байрлах, “Л” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...... хаягт байрлах, “Э” ХХК /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 23,457,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.
Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Л” ХХК нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан 23,457,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: "Э” ХХК-ийн захирал П.Я-ын зүгээс манай компаниар дамжуулан “С” гүүр ХХК-ийн Бүгд найрамдах Турк улс уруу 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 23-ны хооронд 37 аялагчийн онгоцны тийзийг нэг бүрийн үнэ 2,900,000 төгрөг, нийт 107,300,00 төгрөгөөр захиалан аялуулж төлбөрийг даруй шилжүүлэхээр тохиролцсон боловч 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нийт 84,682,700 төгрөгийг төлж үлдэгдэл 23,457,300 төгрөгийг төлөөгүй. Онгоцны тийзний үнийг төлөхгүй байсан ба 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 2022 оны 04 дүгээр сарын 27-ны дотор төлнө, хууль хяналтын байгууллагад хандахад гомдолгүй гэж бичиг хийж өгсөн боловч бид нэг салбарт ажилладаг учраас итгэж хүлээж байсан боловч төлөх ёстой төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрч “С” болон "Э ХХК-ийн зүгээс Э ХХК-аасаа төлөлт хийхээр тохиролцож албан бичиг хийж хохиролгүй болгохоор тохиролцсон юм. Иймд “Э” ХХК-аас онгоцны тийзний үнэ болох 23,457,300 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч "Э ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваад хариу тайлбар өгөхгүй байгаа үйл баримт нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хуулийн заалтай тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
3.Хэрэгт нэхэмжлэгчээс “Л” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 5/, “Э” ХХК-ийн хүсэлт /хх-ийн 7/, “Э” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх-ийн 8,9/, А ХХК-ийн тийзийн мэдээлэл /хх-ийн 10-13/ зэрэг баримтууд бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч “Л” ХХК нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан 23,457,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “..."Э” ХХК-ийн захирал П.Я манай компаниар дамжуулан “С” ХХК-ийн Бүгд найрамдах Турк улс уруу 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 23-ны хооронд 37 аялагчийн онгоцны тийзийг нэг бүрийн үнэ 2,900,000 төгрөг, нийт 107,300,00 төгрөгөөр захиалан аялуулж төлбөрийг даруй шилжүүлэхээр тохиролцсон боловч 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нийт 84,682,700 төгрөгийг төлж үлдэгдэл 23,457,300 төгрөгийг төлөөгүй” гэж тайлбарласан байна.
4.Нэхэмжлэгч “Л” ХХК нь хариуцагч "Э” ХХК-д Бүгд найрамдах Турк улс уруу 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 23-ны хооронд 37 аялагчийн онгоцны тийзийг нэг бүрийн үнэ 2,900,000 төгрөг, нийт 107,300,00 төгрөгөөр тооцож өгсөн гэх тайлбараас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
5.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
6.Хэрэгт 2022 оны 04 сарын 23-ны өдрийн "Э” ХХК, “С” ХХК-ийн захирал П.Я гэх гарын үсэг, компанийн тамга тэмдэг бүхий баримт авагдсан байх бөгөөд уг баримтад “Л” ХХК-д хүсэлт гаргах нь Манай байгууллагын зүгээс Турк улсад зорчуулсан 37 хүнийг ...... чиглэлийн нислэгт бүрэн явуулж өгнө үү. Төлбөрийн үлдэгдэл болох 25,307,300 төгрөгийг 2022.4.25-27-ны өдөр төлж барагдуулна. Хэрэв энэ хугацаанд төлж дуусгахгүй бол хуулийн байгууллагаар явахад гомдолгүй болно” гэсэн байна.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Гэвч хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 23,457,300 төгрөг төлсөн талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
8.Иймд хариуцагч "Э” ХХК-иас 23,457,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Л” ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
9.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,237 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 275,237 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 заасны дагуу хариуцагч "Э” ХХК-иас 23,457,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Л” ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч “Л” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,237 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Э” ХХК-иас 275,237 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР