| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2025/0246/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/308 |
| Огноо | 2025-09-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/308
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгч Г.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г-ийн П-т холбогдох эрүүгийн 2438001190238 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш овгийн Г-ийн П, 1996 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, опретор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хөвсгөл аймгийн Б сумын .... дугаар багт оршин суух, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ялаар, Баянгол дүүргийн шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ялаар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн зорчих эрх хязгаарлах ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн зорчих эрх хязгаарлах ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай захирамжаар “Зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар солиж” тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РВ............ дугаартай.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Г.П-нь 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ........... тоотод иргэн Г.О Хаан банкны ...................... тоот харилцах данснаас эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 7 удаагийн гүйлгээгээр 320,000 төгрөгийг ................. дугаарын данс руу шилжүүлэн авч “Хулгайлах” гэмт хэргийг,
2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ............... ................ гэсэн дугаараас “Г байна, та ямааны арьс авч байгаа юу” гэж таньдаг хүний нэр хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Т.Б-с Хаан банкны.................... дугаарын дансанд 840,000 төгрөг, ................дугаарын дансанд 400,000 төгрөг, нийт 1,240,000 төгрөгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 18, 105-р хуудас),
2.Хохирогч Т.Б-ийн Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 19-р хуудас),
3. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.О-ын өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын дунд үед би Эрдэнэс бааранд явж байсан чинь манай нутгийн залуу болох П тэнд архи уусан байдалтай согтуу явж байсан. Тэгээд бид хоёр мэнд ус мэдээд тэгсэн чинь П-г ах цуг явж ганц хоёр пиво уух уу гэхээр нь би тэгье гэж хэлээд бид цуг яваад гэрэлтэй цонх орж 2,5 литрийн хэмжээтэй 6 том пиво аваад бид хоёр юм яриад сууж байгаад ууж дуусгаад бид хоёр унтаад өглөө сэрээд ирсэн чинь П-г нь байхгүй, би ганцаараа сэрсэн. Тэгээд утсаа харсан чинь миний данснаас 320,000 төгрөгийн зарлага гарсан байхаар нь би гайхаад П-г л авсан байхаа гэж бодоод сүүлд уулзаад асуусан чинь эхлээд надад би мэдэхгүй би аваагүй гэж байсан. Сүүлдээ харин би авсан гэж надад хэлсэн.
Тэгээд би таны мөнгийг өгнө гэж хэлээд одоог хүртэл өгөхгүй байгаа юм. ...Миний банкны кодыг пиво авч байхад л харсан байх. ...Би гомдолтой байна. Өгсөн мөнгөө буцааж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 111-112-р хуудас),
4.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Б-ийн өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн үед манай эхнэр Д-гийн ......................... дугаар руу .............. дугаарын утаснаас залгаад “би Г байна аа, хөдөө уулан дээрээс ярьж байна, та ямааны арьс авч байгаа юм уу, би ямааны арьс өгье, би Мөрөнгөөс машины сэлбэг авахуулж байгаа юм, та надад хэдэн төгрөг хийгээд өгөөч” гэхээр нь би 12 цаг 37 минутад өөрийн Хаан банкны .................. дугаарын данснаас З.Ц гэх хүний хаан банкны............... дугаарын данс руу 550,000 төгрөг хийсэн. Өдөр нь 16 цагийн үед дээрх дугаараас мөн эхнэрийн дугаар руу залгаад “сэлбэгний мөнгө дутаад арай хүрэхгүй байна аа дахиад хэдэн төгрөг хийгээч” гээд би өөрийн Хаан банкны данснаас З.Ц гэх хүний Хаан банкны ....................... дугаарын данс руу 290,000 төгрөг 16 цаг 34 минутад шилжүүлсэн. 17 цагийн үед ..............гэсэн дугаараас миний .................... дугаар руу дахин залгаад “би Г байна аа Г ахынд олон ямааны арьс байна, би 03 дугаар сарын 10-нд сумын төв орохоороо энэ хавийн айлуудын малын арьсуудыг цөмийг нь ачаад аваад очьё, Г ахын оюутан хүүхдэд нь мөнгө хэрэгтэй болсон гэнэ, 400,000 төгрөг бушуу хийж өгөөч” гэхээр нь П.Н гэх хүний Хаан банкны................. дугаарын данс руу 400,000 төгрөг хийсэн. Тэгээд би нийт 1,240,000 төгрөг хийж залилуулсан. ...Дээрх над руу ярьсан Гарьдаа буюу Г гэх хүний утсаар ярихад эхнэр нь аваад “Г байхгүй байна. Хайс өгсөөд явсан” гэхээр нь “танайд арьс байгаа юм уу, Г машины сэлбэг Мөрөнгөөс авах хэрэгтэй байна гээд надаас мөнгө авсан юм” гэхэд эхнэр нь “үгүй дээ Г машины сэлбэг аваагүй хүнээс мөнгө төгрөг аваагүй дээ” гэж хэлсэн. Би тэр үед Гарьдын нэрийг барьж өөр хүн надтай утсаар ярьж мөнгө залилж авсан байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26-р хуудас),
5.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч З.Ц-гийн өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр П миний ажил дээр ирээд өөрийн чинь утсаар хүн рүү ярьчихъя гээд ............... гэх дугаар руу яриад “ээж бид хоёр юмнуудаа цуглуулаад авчихсан ээжийг машинд суулгаад явуулчихлаа би өөрөө жоохон ажилтай болчихлоо араас нь маргааш сум руугаа гарахаас нөгөө мөнгөнөөсөө 550,000 төгрөгийг шилжүүлчих би данс явуулъя” гэж ярьж байсан. Тэгээд миний Хаан банкны ................дугаарын данс руу 12 цаг 37 минутад 550,000 төгрөг, 16 цаг 34 минутад 290,000 төгрөг тус тус орсон. Энэ өдрөө билүү би сайн санахгүй хольж солиод байж магадгүй, дахиад 280.000 төгрөг миний данс руу орж ирсэн.
П манай дэлгүүрээс 10,000 төгрөгийн подволк аваад мөнгийг нь шилжүүлчих гэхээр нь би мөнгийг нь шилжүүлсэн. 30,000 төгрөгийг Хаан банкны ..................гэсэн данс руу утга дээрээ ”Х гэж шилжүүлсэн. 50,000 төгрөгийг Хаан банкны ................ дугаарын данс руу утга дээрээ "X" үсэг тавиад шилжүүлсэн. Мөн Хаан банкны ...................дугаарын данс руу утга дээрээ "Далай" гэж хийлгэсэн. Миний утсаар өдөржингөө яриад 9.000 төгрөгөөр цэнэглэж өгсөн. Энэ өдөр миний картыг бас авч дэлгүүр яваад пиво авч ирж манай ажил дээр уугаад байсан. Тэрийг нь хэдэн төгрөгийн зүйл авсныг мэдэхгүй жижиг сажиг зүйл авсан.
П намайг “картаа өгчих би маргааш нөгөөдрөөс картыг чинь өгье” гэхээр нь “үгүй ээ надад карт хэрэг болно, утсан дээр мэдээлэл ирсэн дүнгийг нь хасаад үлдсэн мөнгийг нь авч өгье” гээд Мөрөн сумын хойд захын шинэ хаан банкны АТМ дээрээс бэлнээр 390,000 төгрөг авч өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-29-р хуудас),
6.Скайтел ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 24/3789 дугаартай албан бичгээр ирүүлсэн ................ дугаарын эзэмшигчийн мэдээлэл, орсон гарсан яриа, мессежний мэдээлэл (хх-ийн 36-47-р хуудас),
7. Юнител ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 12-01/2977 дугаарын албан бичгээр ирүүлсэн .............. дугаарын эзэмшигчийн мэдээлэл, орсон, гарсан дуудлагын лавлагаа (хх-ийн 68-70-р хуудас),
8.Хаан банкны Хөвсгөл салбарын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 5890/209 дугаартай албан бичгээр ирүүлсэн ................. .................... дугаарын данс эзэмшигчийн мэдээлэл, дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 45-59-р хуудас),
9.Г.О-ын эзэмшлийн Хаан банкны ................... дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 70-р хуудас) зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Нэг. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч Г.П-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч Г.П-нь 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ................. тоотод иргэн Г.О-ын Хаан банкны..................... тоот харилцах данснаас эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 7 удаагийн гүйлгээгээр 320,000 төгрөгийг ........................ дугаарын данс руу шилжүүлэн авч “Хулгайлах” гэмт хэргийг, мөн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ............. .............. гэсэн дугаараас “Г байна, та ямааны арьс авч байгаа юу” гэж таньдаг хүний нэр хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Т.Б-с Хаан банкны .............. дугаарын дансанд 840,000 төгрөг,.................. дугаарын дансанд 400,000 төгрөг, нийт 1,240,000 төгрөгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Г.П-гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Т.Б, хохирогч Г.О, гэрч З.Ц нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Скайтел ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 24/3789 дугаартай албан бичгээр ирүүлсэн .............дугаарын эзэмшигчийн мэдээлэл, орсон гарсан яриа, мессежний мэдээлэл, Юнител ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 12-01/2977 дугаарын албан бичгээр ирүүлсэн ............... дугаарын эзэмшигчийн мэдээлэл, орсон, гарсан дуудлагын лавлагаа, Хаан банкны Хөвсгөл салбарын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 5890/209 дугаартай албан бичгээр ирүүлсэн ..............., ............... дугаарын данс эзэмшигчийн мэдээлэл, дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, Г.О-ын эзэмшлийн Хаан банкны ...................дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Мөн гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Өөрөөр хэлбэл үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч Г.П-гийн хулгайлах, хуурч залилан мэхэлсэн уг үйлдлийн улмаас хохирогч Т.Б, Г.О нарт эд хөрөнгийн хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой ба шүүгдэгч Г.П-ийг дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь:
Шүүгдэгчийн хувьд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа амар хялбар аргаар мөнгө олох, бодит байдлыг нуух замаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан, залилан авсан үйлдлийн улмаас хохирогч нарын эд хөрөнгийн өмчлөх эрхэд хохирол учирсан хийгээд тэрээр үүнийг хүсэж үйлджээ.
Тодруулбал “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс төгссөнд тооцогддог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3. “…бага хэмжээний хохирол…"-д гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тооцохоор тогтоожээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Харин “Залилах” гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, …бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эсхүл эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах байдлаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Хэргийн баримтаар шүүгдэгч Г.П-ийн хохирогч Г.О-ын 320,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, мөн хохирогч Т.Батхуягийн 1,240,000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан хуурч, залилан авсан үйлдлүүд нь хөдөлбөргүй, бүрэн дүүрэн нотлогджээ.
Прокуророос шүүгдэгч Г.П-ийн хохирогч Г.О-ын Хаан банкны ................ тоот харилцах данснаас эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 7 удаагийн гүйлгээгээр нийт 320,000 төгрөгийг ................. дугаарын данс руу шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар, хохирогч Т.Б-ийн 1,240,000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан хуурч Хаан банкны .............. дугаарын дансанд 840,000 төгрөг, ..............дугаарын дансанд 400,000 төгрөг шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, шүүх хуралдаанд дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргүүдийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах ” гэмт хэргийг, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан хуурч, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.
Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд тус хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэг болон мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасан “бусдын эд хөрөнгө” гэдэгт энэ хуулийн 84 дүгээр зүйлд тодорхойлсон өөр этгээдийн эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс хамаарах бөгөөд Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээр тэдгээрт гэм хор учруулбал хохирол гэж үзнэ.
Шүүгдэгч Г.П-ийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.О 320,000 төгрөгний, хохирогч Т.Б 1,240,000 төгрөгний хохирол учирсан ба уг хохирлууд нөхөн төлөгдөөгүй болох нь хохирогч нарын хэрэгт авагдсан мэдүүлэг, тус шүүхийн шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд өгсөн тайлбар, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Эд хөрөнгийн хохирол нь тооцон хэмжиж болохуйц, мөнгөөр илэрхийлэгдэх, нөхөн төлөгдөх шинжтэй, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн өмчлөх эрхийн эсрэг болон эдийн засгийн гэмт хэргийн үр дагавар болсон бодит алдагдал тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайн тогтоогдсон шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, түүний зөрчигдсөн эрх ашгийг сэргээдэг нь хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тогтсон жишиг юм.
Иймд дээр дурдсан хуулиудын зохицуулалт болон тогтсон жишгийг иш үндэс болгон шүүгдэгч Г.П-ээс 320,000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.О-т, 1,240,000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Б-т тус тус олгохоор шийдвэрлэв.
Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Шүүхээс шүүгдэгч Г.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “шүүгдэгч Г.П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах, мөн шүүгдэгч Г.П нь 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдэж, цахим бугуйвчийг унтрааж, техникийн болон биечилсэн хяналтаас удаа дараа санаатайгаар зайлсхийсэн тул түүний ялыг 1 жил 6 сар 1 хоногийн хорих ялаар сольсон. Одоо түүний эдлээгүй үлдсэн ял 1 жил 3 сар 11 хоног байх бөгөөд нэмж нэгтгэн 4 жил 9 сар 11 хоног ял эдлүүлэх” гэх санал, дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч Г.П-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй ба тэрээр урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ялаар, Баянгол дүүргийн шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ялаар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн зорчих эрх хязгаарлах ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн зорчих эрх хязгаарлах ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай захирамжаар “Зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар сольж” тус тус шийтгүүлж байжээ.
Иймээс шүүгдэгч Г.П-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2, түүнээс дээш удаа үйлдсэн байдлыг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Г.П нь гэм буруугийн талаар маргаагүй хэдий боловч тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2, түүнээс дээш удаа үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг огт нөхөн төлөөгүй, хувийн байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найм) сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасан тул дээрх хуулийн заалтыг баримтлан шүүгдэгч Г.П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 (найм) сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 (нэг) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 2024/ШЦТ/79 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлснийг, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ХМШЗ/13 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 6 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар сольжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилжээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.П-т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, тус тус зааснаар нэмж нэгтгэн оногдуулсан 1 (нэг) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ял дээр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 2024/ШЦТ/79 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлснийг, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ХМШЗ/13 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 6 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон ялын үлдэгдэл 1 (нэг) жил 3 (гурав) сар 11 (арван нэг) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 2 (хоёр) жил 11 (арван нэг) сар 11 (арван нэг) хоногоор тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Гурав.Бусад асуудлын талаар.
Энэ хэрэгт иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, хэргийн шүүгдэгч Г.П нь шүүх хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээ эдлэхээс сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан тул шүүгдэгч Г.П-г “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэж байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш овгийн Г-ийн Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Г.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 (найм) сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 (нэг) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.П-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, тус тус зааснаар нэмж нэгтгэн оногдуулсан 1 (нэг) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ял дээр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 2024/ШЦТ/79 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлснийг, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ХМШЗ/13 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 6 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон ялын үлдэгдэл 1 (нэг) жил 3 (гурав) сар 11 (арван нэг) хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 2 (хоёр) жил 11 (арван нэг) сар 11 (арван нэг) хоногоор тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.П-т оногдуулсан 2 (хоёр) жил 11 (арван нэг) сар 11 (арван нэг) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-ээс 320,000 (гурван зуун хорин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Г.О-т, 1,240,000 (нэг сая хоёр зуун дөчин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Т.Батхуягт тус тус олгосугай.
7.Эрүүгийн 2438001190238 дугаартай хэрэгт иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.П-т урьд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ