Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/00192

 
2000 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2000/00000 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..

Хариуцагч: ....нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 14,821.32 ам.доллар буюу 46,253,041 /дөчин зургаан сая хоёр зуун тавин гурван мянга дөчин нэгэн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц....,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н....а,

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...,

Хариуцагч нарын өмгөөлөгч Ж....,

Орчуулагч ...,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Б....ыг төлөөлөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

2019 оны 11 дүгээр сарын 29-нд ... болон хамаарал бүхий этгээд болох ... нарын хүсэлийн дагуу Зээлийн гэрээ гэх зүйл хийж 19,570 ам.долларыг 3 сарын хугацаатай зээлсэн боловч гэрээний хугацаа дуусахад тухайн иргэд зээлийн хугацааг дахин сунгахыг хүсэж, үндсэн төлбөрөөс 2,000 ам.долларыг төлж, 17,570 ам.долларын гэрээг 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр хийсэн. Анх эдгээр иргэд мөнгө зээлэхдээ миний ах Б....т ..Хантүшээ хотхонд 3 өрөө байр авах урьдчилгааг өгнө, зээлсэн мөнгөндөө хүү өгнө, удахгүй бүх мөнгийг нь өгнө гэж итгэл төрүүлэн мөнгө зээлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч нар мөнгөө өгөхгүй худал ярьж хойшлуулсаар 2020 оны 10 дугаар сар хүрсэн. Ажил дээр нь очиж уулзах бүрт удахгүй өгнө, мөнгө орж ирэхээр өгнө гэж худал ярьж байсан. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөнгийг 2020 оны 12 дугаар сараас өмнө өгч дуусгана гэж хэлснээр үлдэгдэл үндсэн зээл 17,570 ам.долларын гэрээг байгуулсан. Гэвч энэ гэрээний хугацаа дуусахад тухайн иргэд зээлийн хүүгээ төлөхгүй, худал ярьж зугтааж эхэлсэн. Иймд 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хийсэн 17,570 ам.долларын зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 8,338.76 ам.доллар, зээлийн гэрээний 2.2-т зааснаар 1 сарын хүүг тооцоход 1,542.12 ам.доллар хүү, гэрээний 6.2-т зааснаар 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 26-ны шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хугацаанд тооцогдох алданги 146 өдрийн нийт 7,212.4 ам.доллар болсон нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа учир 50 хувьд тэнцүүлэн 4,940.44 ам.долларын алданги, нийт 14,821.32 ам.доллар буюу Монгол мөнгөн тэмдэгтээр 46,253,041 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байна.

Талуудын байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байгаа юм. Анх 2019 оны 11 дүгээр сард зээлийг олгохдоо бэлэн мөнгөөр зээлдэгч нарт өгсөн байдаг. Хариуцагч талын тайлбарлаад байгаа жоншны мөнгө гэж дансаар шилжүүлсэн нь энэ маргаан бүхий зээлийн гэрээнд хамааралгүй. Зээлийн мөнгийг бэлнээр зээлдэгч нарт өгсөн. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй. Иймд нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

2.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Иргэн Б....т миний зүгээс 2020 онд 14 удаагийн шилжүүлгээр, 2021 онд 9 удаагийн шилжүүлгээр, 2022 онд 1 удаагийн шилжүүлгээр үндсэн зээлийн эргэн төлөлт гэсэн утгаар 55,147,030 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт гэсэн утгаар 9 удаагийн шилжүүлгээр 14,605,253 төгрөг, нийт 69,752,283 төгрөг төлж барагдуулсан. Хэргийн материалд дансны хуулгаар баталгаажуулж нэгтгэсэн тооцоог нотлох баримтаар хавсаргасан байгаа. Иймд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Б....ын нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй, хэнээс, ямар үндэслэлээр мөнгө нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Зээлдүүлэгч тал нь зээлийг анх олгохдоо хүүний төлбөрийг суутгаад авсан учир уг суутгагдсан мөнгөнд тооцогдох хүү төлөхгүй. Зээлдэгч талдаа өгөөгүй байж хүү суутгасан. Мөн гэрээ байгуулсан өдрөө мөнгийг өгөөгүй. Н.... гэдэг хүний данснаас жоншны мөнгө гэх утгатайгаар 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 51,060,800 төгрөг шилжүүлсэн. Зээлийн мөнгийг бэлнээр аваагүй. Мөн 2020 оны 10 дугаар сард байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 281.1 дэх хэсэгт нийцээгүй, зээлийн мөнгө олгогдоогүй. Бид үндсэн зээлийн төлбөр болон зээлийн хүүний төлбөрийг нэхэмжлэгч талын тооцсон зааварчилгын дагуу төлж дуусгасан байгаа. Одоо төлөх төлбөрийн үлдэгдэл байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

3.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Үүнд:

- Өөрийн эзэмших Хаан банк ХХК дахь ... тоот хадгаламжийн дансны хуулга /хх-6-24/, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Зээлийн гэрээний эх хувь /хх-25-26/, Монгол банкны 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн валютын ханшийн лавлагаа /хх-28/, ... нарын байгуулсан Хайгуулын ажил, үр дүнгийн тайлан бичих ажлын гэрээний эх хувь /хх-100-105/, ... хөдөө аж ахуй хөгжил ХХК болон ...ХХК нарын байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний эх хувь /хх-106-110/, Б....ын эзэмшдэг Голомт банк ХХК дахь .... дугаар ам.долларын харилцах дансны хуулга /хх-114/, ...ХХК-ийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-115-117/ зэрэг болно.

4.Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Үүнд:

- ...ийн эзэмшдэг ... тоот Хаан банк ХХК дахь хадгаламжийн дансны хуулга /хх-63-78/, ... ХХК-иас Б....т мөнгө шилжүүлсэн төлбөрийн баримтууд /хх-79-86/, ...ийн эзэмшдэг ... тоот Худалдаа хөгжлийн банк ХХК дахь харилцах дансны хуулга /хх-87-89/ зэрэг болно

5.Шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар захирамжаар нэхэмжлэгч Б....аас талуудын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан Зээлийн гэрээг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн. /хх-136/ Гэвч нэхэмжлэгч талд тухайн гэрээний эх хувь болон нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байхгүй, эх хувь байгаа боловч олдоогүй гэж тайлбарлан, нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар хувийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгснийг хавтаст хэрэгт нотлох баримтаар хүлээн авсныг тэмдэглэх нь зүйтэй.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх нэхэмжлэгч Б....ын гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ ...хариуцагч нартай 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 19,570 ам.долларыг зээлдүүлэхээр гэрээ байгуулан, зээлийг хариуцагч нар ам.доллараар бэлэн хүлээлгэж өгсөн. Гэрээний хугацаа дуусахад зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй учир 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үлдэгдэл зээл, зээлийн хүүг тооцон баталгаажуулж дахин Зээлийн гэрээ байгуулсан боловч хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй учир үндсэн зээлийн үлдэгдэл 8,338.76 ам.доллар, зээлийн хүү 1,542.12 ам.доллар, алданги 4,940.44 ам.доллар, нийт 14,821 ам.доллар буюу 46,253,041 төгрөгийг хариуцагч нараас шаардана гэж тодорхойлсон.

3.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс бодитоор зээл аваагүй, 2019 онд байгуулсан зээлийн гэрээний дагуу ам.доллараар бус төгрөгөөр зээлийг олгосон ба буцаан төлөхдөө төгрөгөөр төлж байсан учир одоо ам.доллараар шаардаж байгаа нь үндэслэлгүй. Мөн энэ хугацаанд зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид нийт 69,752,283 төгрөг төлж барагдуулсан, одоо төлөх төлбөрийн үлдэгдэл байхгүй гэж тодорхойлон маргаж байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ, зохигч талуудын банк дахь харилцах болон хадгаламжийн дансны хуулгууд, төлбөр төлсөн баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1.2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан Зээлийн гэрээгээр Б.... нь ...-ын иргэд ..., ... нарт 19,570 ам.долларыг 3 сарын хугацаатай зээлдүүлж, сарын 3,8 хувийн хүү тооцохоор харилцан тохиролцож бичгээр байгуулан, бэлэн мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн баримт үйлдсэн байна.

4.2.Талууд 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дахин Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний 1.2-т ......,.... нар болон Б.... нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 29-нд байгуулсан гэрээг үндэслэн тус зээлийн гэрээний сунгалт болон зээлийн эргэн төлөлтийн талаар доор дурдсан нөхцлөөр харилцан тохиролцов гэж тусган, 17,570 ам.долларыг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд сарын 3,8 хувийн хүүтэй, зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг зээлдэгч тал төлөх үүрэг хүлээж, гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

4.3.Хариуцагч нар зээлийн гэрээний дагуу 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд нийт 47,237,811 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн болох нь зохигчдын дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тус тус тогтоогдов.

4.4.Нэхэмжлэгч талаас ... нарын байгуулсан Хайгуулын ажил, үр дүнгийн тайлан бичих ажлын гэрээ, ... хөдөө аж ахуй хөгжил ХХК болон ...ХХК нарын байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж, эдгээр гэрээнүүдийн оролцогч ...ХХК нь нэхэмжлэгч Б....ын ах Б....ын эхнэр Б....гийн 100 хувь хувьцаа эзэмшдэг компани ба маргаан бүхий зээлийн гэрээний эх үүсвэрийг эдгээр гэрээний дагуу олж, хариуцагч нарт бэлнээр өгсөн гэж тайлбарлах боловч тухайн гэрээнүүдээр дээрх тайлбар хангалттай нотлогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

5.Талуудын маргааны зүйл нь Зээлийн гэрээний дагуу бодитоор зээл олгогдсон эсэх, зээлийг гэрээнд заасны дагуу ам.доллараар олгосон эсэх, хариуцагч нар зээлийг бүрэн төлж барагдуулсан эсэх талаар өөр өөрийн үндэслэл заан маргаж байна. Харин тэд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 19,570 ам.долларын зээлийн гэрээ байгуулагдсан болон гэрээний дагуу хариуцагч нар зээлийн төлбөрийг төлж байсан зэрэг үйл баримтын талаар маргаагүй.

6.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

7.Монгол улсын иргэн Б.... нь ...-ын иргэд болох ...ь, ... нарт 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 19,570 ам.долларыг зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдох ба тэдний бичгээр байгуулсан Зээлийн гэрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдаагүй, зохигчдод гэрээний эх хувь байхгүй гэх тайлбарыг гаргасан бөгөөд нэхэмжлэгч талд уг гэрээний нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар байсныг нотлох баримтаар гаргасан. Тус зээлийн гэрээнд зээлдэгч талд зурагдсан гарын үсэг хариуцагч нарынх мөн эсэх талаар хариуцагч нар маргаагүй ба зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан болохыг хүлээн зөвшөөрч, уг гэрээний дагуу зээлийг хүлээн авсан талаар тайлбарлаж байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

8.Дээрх зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ хариуцагч нар бүрэн биелүүлээгүйн улмаас талууд 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дахин Зээлийн гэрээ бичгээр байгуулж, гэрээний Нийтлэг үндэслэл-1.2 дахь хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээг үндэслэн, тус зээлийн гэрээний сунгалт болгон байгуулсан тухай гэрээнд тусгасан байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт зааснаар өмнө байгуулагдсан зээлийн гэрээг дүгнэж, гэрээний хугацааг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатай, зээлийн хүүг сарын 3,8 хувиар тогтоож, тохирсон хугацаанд зээл болон хүүгийн төлбөр төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсгүүдэд нийцжээ.

9.Хариуцагч нар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн гэрээгээр зээлийг бодитоор аваагүй гэж маргах боловч тус гэрээнд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээг үндэслэсэн тухай зааж, мөн гэрээний дагуу зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөн төлж байсан байна. Иймд нэхэмжлэгч Б.... нь хүчин төгөлдөр зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй.

10.Зохигчид зээлийн мөнгийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлдэгч талд хэрхэн шилжүүлсэн талаар зөрүүтэй буюу нэхэмжлэгч тал зээлийг ам.доллараар бэлэн өгсөн гэж, хариуцагч тал зээлийг өөр гуравдагч этгээдийн данснаас жоншны төлбөр гэх гүйлгээний утгаар 58,060,800 төгрөг шилжүүлснийг хүлээн авсан гэж тус тус тайлбарласан.

11.Хариуцагч ...ийн банк дахь харилцах дансанд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр жоншны төлбөр гэх гүйлгээний утгаар 58,060,800 төгрөгийн орлого орсон нь түүний дансны хуулгаар тогтоогдох боловч уг мөнгийг Б....тай байгуулсан зээлийн гэрээний мөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин гэрээ байгуулсан өдөр 19,570 ам.долларыг /гараар 17,570 2 сар гэж бичсэн/ ..., ...ь нарт Б.... хүлээлгэн өгч, бүгд гарын үсэг зурсан бөгөөд энэхүү баримтыг хариуцагч тал баримтаар няцаагаагүй тул зээлийн мөнгийг зээлдэгч нарт бэлнээр хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

12.Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч нарт ам.доллар зээлдүүлж, талууд гэрээгээр мөнгөний ханшийн талаар тусгайлан тохиролцоогүй, зээлдэгч нар зээлийн төлбөрийг төгрөгөөр төлж байсан зэргийг харгалзан ам.долларын ханшийг гэрээ байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ханшаар тооцох нь зүйтэй гэж үзлээ.

13.Хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 17,570 ам.доллар, хоёр сарын хугацааны зээлийн хүү 1,335 ам.доллар, нийт 18,905 ам.долларыг гэрээ байгуулсан өдрийн ханш 2,855 төгрөгөөр тооцвол 53,973,775 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн байна.

14.Хэрэгт нотлох баримтаар гаргасан нэхэмжлэгч Б...., хариуцагч ...ь нарын дансны хуулга, ... ХХК-ийн мөнгө шилжүүлсэн төлбөрийн баримтууд зэргийг харьцуулан шинжлэн судлавал, хариуцагч нар 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,904,166 төгрөг, 11 дүгээр сарын 29-ний өдөр 1,902,800 төгрөг, 12 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 1,522,163 төгрөг, 3 дугаар сарын 01-ний өдөр 1,522,800 төгрөг, 3 дугаар сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөг, 3 дугаар сарын 30-ны өдөр 585,882 төгрөг, 6 дугаар сарын 07-ны өдөр 15,000,000 төгрөг, 10 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг, 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 01-ний өдөр 800,000 төгрөг, 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 12 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 500,000 төгрөг, нийт 47,237,811 төгрөг төлсөн болох нь тогтоогдлоо.

15.Хариуцагч нарын зүгээс нийт 69,752,283 төгрөг төлсөн гэж тайлбарлах боловч хэрэгт нотлох баримтаар гаргасан дансны хуулгад цаг хугацааны хувьд 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Зээлийн гэрээнээс өмнөх үеийн буюу 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн төлбөрүүдийг оруулж тооцсон байгааг зээлийн төлбөрт тооцох үндэслэлгүй юм. Учир нь талууд зээлийн гэрээний үүргийг нэгтгэн дүгнэснээр 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэмэлт гэрээ байгуулсан учир энэ хугацаанаас хойш хийгдсэн төлөлтүүдийг зээлийн эргэн төлөлтөд тооцох нь зөв байна.

16.Иймд хариуцагч нар зээлийн гэрээний дагуу нийт 53,973,775 төгрөг төлөхөөс 47,237,811 төгрөг төлж, 6,735,964 төгрөгийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч Б.... Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 6,735,964 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй.

17.Зээлийн гэрээний 6.2 дахь хэсэг болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч нараас гүйцэтгээгүй үүрэг 6,735,964 төгрөгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд тооцон шаардах эрхтэй. Гэрээ болон хуульд заасны дагуу алдангийг тооцвол гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн 3,367,982 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

18.Шүүх Б....ын гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 547,166 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хангагдсан нэхэмжлэл 10,103,946 төгрөгт тооцогдох тэмдэгтийн хураамж 176,613 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ..., ...-ын иргэн ... нараас 10,103,946 /арван сая нэг зуун гурван мянга есөн зуун дөчин зургаан/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б....т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36,149,095 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 547,166 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 176,613 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА