| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0169/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/178 |
| Огноо | 2025-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.М |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/178
2025 07 01 2025/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0169/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.********,
Улсын яллагч Н.********,
Шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн ********* *******т холбогдох 2539002750162 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ж.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдөрт шилжих шөнө 00 цагийн орчимд Хэнтий аймгийн ******** сумын ******** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “********” караокед Ц.*******тай “архи уусангүй” гэх шалтгаанаар маргалдах явцдаа Г.*******гийн нүүрэн тус газар гараараа цохиж биед нь баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдөрт шилжих шөнө 00 цагийн орчимд Хэнтий аймгийн ******* сумын ******** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “******” караокед Ц.*******тай “архи уусангүй” гэх шалтгаанаар маргалдах явцдаа Г.*******гийн нүүрэн тус газар гараараа цохиж биед нь баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,
2.Хохирогч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 09-ний орой ажлын эгч болох ********, ******* нарын хамт ****** караокед ороод байж байтал гаднаас зүс таних ******* гэх залуу найзтайгаа манай өрөөнд 1 шил Хараа архитай ороод ирсэн ба тэгээд тэр архиа задлаад бид нарт хийгээд өгөхлөөр нь бид уухгүй гэж хэлтэл та нар хэзээ уухаа больчихсон юм гээд Төгөлдөр, ******* хоёр маргалдаад хэрэлдээд байхаар нь би зодоон цохион болгохгүй санаатай дундуур нь ороод *******ыг явъя гэж хэлтэл ******** намайг чи манай найзыг авч явах гэлээ гээд миний үснээс зулгаагаад миний хамар хэсэг руу 1 удаа гараараа цохисон тэгээд бид нар хэрүүл маргаан хийхгүй гээд гараад явж байтал ******** караокены үүдэнд ******* хамт явж байсан залуу миний баруун талын шанаа хэсэг руу 1 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
3.Гэрч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-ны шилжих шөнө 00 цагийн орчим ****** караокед хамтран амьдрагч ******* болон хамт ажилладаг ********* нарын хамт сууж байх үед гаднаас зус таних ******* нэг шил архи бариад орж ирсэн. Ингээд өрөөнд орж ирээд надад хандан хамт архи ууя гэхээр нь ******* хандан би архи уухгүй гэж хэлэхэд ******* надтай маргаж чи яахаараа уудаггүй юм, хэзээ байхдаа архи уухаа байсан юм гэж хэлээд надтай маргасан. Ингээд надтай маргалдах үед ******* дундуур орж ирэн салгах гэхэд *******г үсдэж авч нүүрэн тус газар болох хамар хэсэг рүү нь нэг удаа баруун гараараа цохисон. Ингээд миний бие *******ийг яаж байгаа юм гэж хэлээд болгосон юм. Удалгүй гаднаас *******ийн найз гэх өндөр ********* гэх залуу орж ирсэн. Ингээд бид 5 гадаа гараад учраа олох санаатай ********* ******* гадна гараад зогсох үед *******ийн найз ******** гэх залуу *******гийн нүүрэн тус газар болох баруун шанаа буюу нүдний хажуу тал руу нь нэг удаа хүчтэй баруун гараараа цохисон. ********* гэх залууг ямар шалтгаанаар цохисон гэдгийг нь би мэдэхгүй байна. Харин дотор байх үед ******* *******д хандан чамаас болж ******* надтай нийлэхгүй байгаа гэх шалтгаанаар нүүр хэсэг рүү нь цохисон юм. ******* ********* хоёроос болж *******гийн баруун нүдний дээд доод зовхи гэмтэж, хавдаж, хөхөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
4.2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 168 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч ********* “...Г.*******гийн биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, баруун гуяны гадна дунд хэсэгт цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлээс баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 30-32-р хуудас/,
5.Шинжээч эмч *********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн гэмтэл нь шанаа хэсэг рүүгээ цохиулснаас Үүсэх боломжгүй, нүд, хамар хэсэгт гадны хүчин зүйлийн үйлчлэл үйлчилсний улмаас үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Ж.******* нь хохирогч Г.*******гийн биед халдсан үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч Ж.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Ж.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-р хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ж.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.*******т шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.
3.Гэм хор, хохирлын талаар:
Шүүгдэгч Ж.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нь эмчилгээний зардалд 1,000,000 (нэг сая) төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангаас 56,700 (тавин зургаан мянга долоон зуу) төгрөгийг тус тус нэхэмжилснийг шүүгдэгч Ж.******* нь сайн дураар нөхөн төлөхөө илэрхийлж шүүх хуралдаанд оролцлоо.
Иймд шүүгдэгч Ж.*******өөс 1,000,000 (нэг сая) төгрөгийг гаргуулж хохирогч Г.*******д, 56,700 (тавин зургаан мянга долоон зуу) төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгуулж шийдвэрлэлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ********* овгийн ********* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******т оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид Ж.*******т мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Ж.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүгдэгч Ж.*******өөс 1,000,000 (нэг сая) төгрөгийг гаргуулж хохирогч Г.*******д, 56,700 (тавин зургаан мянга долоон зуу) төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
8.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР