| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/05546/И |
| Дугаар | 102/шш2023/00202 |
| Огноо | 2023-01-10 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 102/шш2023/00202
| 2000 оны 00 сарын 00 өдөр | Дугаар 102/ШШ2000/00000 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...,
Хариуцагч: ...
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ...
Нэхэмжлэлийн шаардлага: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Ц....,
Хариуцагч С....,
Гуравдагч этгээд С....,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч Ц.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие Чингэлтэй дүүргийн ..тоот хаягт .. га талбай бүхий өмчлөлийн газартай байсан. Хөгшин бид хоёр нас өндөр болж байгаа тул охин С....г дэргэдээ байлгаж, хань бараа болгох, өөрийгөө асарч тойлуулах зорилгоор 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өөрийн өмчлөлийн ... м.кв талбайгаа хагаслаад ... м.кв талбайг нь бэлэглэсэн. Ингээд охин С....гийн нэр дээр ...дугаартай, улсын бүртгэлийн .. дугаартай газар өмчлөлийн гэрчилгээ гарсан. Түүнчлэн С....д өгсөн газар дээр хамтраад ..хэмжээтэй байшин барихаар суурь цутгасан байсан. Гэтэл С.... нь бидэнд хань бараа болохгүй, хэл амаар доромжлох болж, улмаар бэлэглэлээр өгсөн газрыг цааш нь дамжуулан ..... оны 4 дүгээр сарын 27-ны өдөр бусдад зарсан байна. Миний хувьд С....тай айл хөрш хамт байх, өтлөх насанд хань бараа хийх зорилгоор тал газраа бэлэглэсэн болохоос огт танихгүй хүмүүсээр дарамтлуулах гэж, хэл амаар доромжлуулах гэж, гэрийнхээ орц гарцыг хаалгах гэж шилжүүлж өгөөгүй. Иймээс охин С....д өгсөн газрын бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, миний өмчлөх эрхийг сэргээж өгнө үү. Хүүхдүүдтэйгээ ойр байх гээд газрынхаа талыг бэлэглэсэн. Бид уг нь газраа уртааш нь биш хөндлөн хувааж өгнө гэж тохирсон байсан...гэв.
2.Хариуцагч С.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие 2016 онд Чингэлтэй дүүргийн ... м.кв талбай бүхий ... дугаартай, улсын бүртгэлийн .. дугаар гэрчилгээтэй өмчлөлийн газрыг Ц....оос бэлэглэлээр авсан нь үнэн. Аав маань өөрийгөө асран хамгаалдаг, түшиг тулгуур болдог байдлыг харгалзан цаашдаа ч хамт байж асруулах зорилгоор өөрийнхөө амьдардаг газрыг таллаж хуваагаад надад өгсөн. Мөн дээрх газар дээр ... хэмжээтэй байшин барихаар суурь цутгасан байсан нь үнэн. Би амьдралын шаардлагаар аавтайгаа хамт байх, амьдрах боломжгүй болсон тул энэ газрыг ...оны 4 дүгээр сарын 27-ны өдөр аавд хэлэлгүй, дур мэдэн С.... гэх танилдаа 5,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Манай аавын амьдарч байгаа газар нь бусдын газраар хүрээлэгдсэн учир нийтийн ашиглалтын замд хүрэхдээ заавал манай газраар дамждаг онцлогтой. Гэтэл С.... нь аавын хашааны орц, гарцыг хааж, зам руу нэвтрүүлэхгүй, хэл амаар дайрч доромжилсон, дээрэлхэхээс гадна аавын өөрийнх нь өмчлөлийн газарт цутгасан байшингийн суурийг буулгаж ав гэх мэтчилэн дур зоргоороо авирлаж, кадастрын зурагнаасаа хальж аавын газар дээгүүр хашаа барих оролдлого гаргасан тухай 2 хөгшнөөс сонслоо. Би уг нь С.... гэх хүнийг аавтай нэг нутаг усны хүмүүс учраас эв зүйгээ олоод хөрш байж болох байх гэж итгэсэн. Ингэж орц гарцыг нь хааж, хэл амаар доромжилж, тайван амьдрах орчин нөхцлийг нь хясан боогдуулна гэж бодоогүй. Миний бие С.... гэх хүнд 5,000,000 төгрөгийг нь буцааж өгөөд газраа авч, Ц....д өгөх, хохиролгүй болгоход татгалзах зүйл байхгүй. С.... гуайн шүүх хуралдаанд шинээр гаргасан кадастрын зураг шиг орц гарцаа өөр тал руу гаргаад, хөндлөнгөөр хуваана гэвэл асуудалгүй болж байна...гэв.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.... шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрханы .... тоот хашааны газрыг иргэн С....гаас худалдан авч, өөрийн өмчлөлд авсан юм. Гэвч иргэн С.... нь худалдсан газраа буцаан авах талаар нэхэмжлэл гаргасан байна. Уг газрыг өгч авах талаар хууль ёсны гэрээ байгуулж, харилцан тохиролцсон болно. Ийм учир уг газрыг буцааж өгөхийг би зөвшөөрөхгүй. Уг газар дээр цутгасан ... хэмжээтэй байшингийн суурийн үнийг С....гийн ээж аав хоёр надад хэлэхдээ энэ суурийн үнийг бид хоёр цутгасан тул үнийг өг гэж надаас хүсэж байсан. Би хариуд нь суурийн гүн нь бага, хазгай муруй, налуу газрын ирмэгт тулган цутгасан тул нурах магадлалтай учраас суурийг би ашиглахгүй, та нар буулгаж авч болно гэхэд бид суурийн үнийг нэхэмжлэхээ болилоо, баталгаа өгье гээд гарын үсгийн баталгаа өгсөн. Газрыг хөндлөн хуваах байсан гэж яриад байна. Манай зүгээс Ц....ын хаалга үүдийг хаасан юм байхгүй, би дарамтлаагүй. Манай кадастрын зургаар бол би өмчлөлийн газрын орц, гарцаа өөр тал руу гаргасан байгаа. Тиймээс нэхэмжлэгчийн орц гарцыг хаахгүй...гэв.
4.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор: өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-4/, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Ц...., С.... нарын байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ /хх-5-6/, Ц....ын өмчлөлийн газрын кадастрын кураг /хх-31/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
5.Хариуцагч тал хариу тайлбараа нотлохоор: 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн С...., С.... нарын байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-12/, С....гийн өмчилж байгаа газрын байршлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн кадастрын зураг, газар өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-13/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.
6.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс бичгээр гаргасан тайлбартай холбогдуулан: 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн С...., С.... нарын байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-25/, С....гийн газар өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-26/, Баталгаа гэх 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн гар бичмэл баримт /хх-27/, Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт /хх-28-29/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргажээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх Ц....ын С....д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ хариуцагч С....г 2016 онд байгуулсан бэлэглэлийн гэрээг зөрчсөн буюу бэлэглэгчийг гомдоосон учир бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулан, өмчлөх эрхээ сэргээлгэнэ гэх агуулгаар тодорхойлсон.
3.Хариуцагч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчээс бэлэглэлийн гэрээний дагуу хүлээн авсан газрыг гуравдагч этгээд С....д худалдсан бөгөөд түүнээс газраа буцааж аваад худалдсан 5,000,000 төгрөгийг буцаан өгөх боломжтой гэх агуулга бүхий тайлбар гаргасан байна.
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.... нь нэхэмжлэлтэй холбоотой тайлбар гаргахдаа маргаан бүхий газрыг С....гаас хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авсан учир газрыг буцаан олгох боломжгүй, нэхэмжлэгчийн орц гарцыг хаагаагүй гэж тайлбарласан.
5.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, кадастрын зураг, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баталгаа гэх гар бичмэл баримт болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
5.1.Нэхэмжлэгч Ц.... нь өөрийн өмчлөлийн 20,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий, Чингэлтэй дүүргийн ... м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрын өөрт ногдох хэсгийг буюу ... м.кв талбайтай газрыг хариуцагч С....д бэлэглэн, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээг бичгээр байгуулан, бэлэглэгч болон бэлэг хүлээн авагч нар гарын үсэг зурж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна.
5.2.Хариуцагч С.... дээрх гэрээний дагуу ... м.кв газрыг өмчлөлдөө шилжүүлэн авч, ... улсын бүртгэлийн дугаарт бүртгүүлэн, 000401539 тоот гэрчилгээ олгогдсоноор Чингэлтэй дүүргийн ... м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөгч болжээ.
5.3.С.... нь өөрийн өмчлөлийн ... м.кв талбайтай газрыг .... оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гуравдагч этгээд С....тай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулснаар түүнд 5,000,000 төгрөгөөр худалдаж, улмаар С.... нь тухайн 92б тоот дахь 350 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэгдэн,... тоот гэрчилгээ олгогдсон байна.
6.Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон гэх үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц....ын нэхэмжлэлийг хариуцагч С.... бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн боловч тухайн бэлэглэлийн гэрээний зүйл болох ... м.кв талбайтай газар нь гуравдагч этгээдийн өмчлөлд хүчин төгөлдөр гэрээний дагуу шилжиж, гуравдагч этгээд С.... өмчлөгчөөр бүртгэгдсэн байх тул шүүх хариуцагчийн уг зөвшөөрлийг батлах үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байхыг шаардана.
7.Талууд бэлэглэлийн болон худалдах, худалдан авах гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй ба нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь хариуцагч С....гаас газрыг худалдан авсан гуравдагч этгээд С....г нэхэмжлэгч Ц....ын өмчлөлийн газрын орц гарцыг хаасан, анх ... м.кв газрыг хуваахаар тохиролцсоноос өөр байдлаар хуваасан гэх агуулгаар тайлбарлагдсан бөгөөд шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдийн зүгээс газрын кадастрын зургийг нотлох баримт гаргаж, нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын орц гарцыг хаагаагүй, түүний хашааны хаалганаас өөр зүгт хаалга гаргасан гэх тайлбарыг тус тус гаргаж байна.
8.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.3 дахь хэсэгт тус тус зааснаар бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлэх бөгөөд хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ.
9.Маргаан бүхий бэлэглэлийн гэрээг байгуулсан өдөр бэлэглэгч Ц....оос өөрийн өмчлөлийн ... м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрын өөрт ногдох хэсгийг бэлэн хүлээн авагч С....гийн өмчлөлд 350 м.кв газрыг хариу төлбөргүйгээр шилжүүлэх, бэлэглэж буй хэсгийн үнэлгээ 10,000,000 төгрөг байх, тийнхүү бэлэглэх болсон шалтгааныг иргэн бүр газар өмчлөх болсон тул гэж тодорхойлон, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болж, шилжүүлсэн хэсгийн өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэхийг тусган, Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болж болох талаар, мөн гэрээг гэрчлүүлэх, бүртгүүлэхтэй холбогдон гарах зардлыг бэлэг хүлээн авагч тал хариуцахаар тус тус заажээ.
10.Талууд дээрх гэрээг нотариатаар гэрчлүүлж, нотариатч нь гэрээний хууль зүйн үр дагаврыг тайлбарласан, гэрээний талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул тэдний хооронд хүчин төгөлдөр бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.
10.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлдээ хариуцагчийг тухайн газрыг бусдад худалдсанаас орц гарцаа хаалгаж, шинээр худалдан авсан иргэнд хэл амаар доромжлуулсан учир бэлэглэгчийг гомдоосон гэж тайлбарласан.
11.Хүчин төгөлдөр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох гол нөхцлийг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт хуульчилсан байна. Тодруулбал: 280.1.1 дэх хэсэгт зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгоно.
12.Гэвч хариуцагч С.... нь бэлэглэлийн гэрээний дагуу хүлээн авсан 350 м.кв газрыг бусдад худалдсанаар бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд талууд гэрээнд энэ талаар тусгайлан тохиролцоогүй, бэлэг хүлээн авагч нь хүлээн авсан газрыг бусдад худалдан борлуулахгүй байх нөхцлийг гэрээнд тусгаагүй, тухайн газрыг худалдаж авсан гуравдагч этгээд С....гийн зүгээс нэхэмжлэгчийн орц гарцыг хаагаагүй, өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан газрын хаалгыг нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын хаалганаас өөр зүгт байрлуулж байгаа гэж тайлбарлан, кадастрын зургийг нотлох баримтаар гаргасан байх тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул С....тай ...-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээг хүчингүй болгуулах тухай Ц....ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА