Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 102/шш2023/00296

 

 

20000 оны 000сарын 00өдөр Дугаар 102/ШШ2000/000 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...

Нэхэмжлэгч:...

Хариуцагч: ..

Гуравдагч этгээд: ...

Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/01 дүгээр Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Ч....ы өмчлөлийн ... дугаарт бүртгэлтэй Баянгол үүргийн ... тоот дахь 3 өрөө орон сууцны анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох, Г....гийн өмчлөлийн... улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ... тоот дахь орон сууц, Ч....ы өмчлөлийн орон сууц зэргийг одоогийн зах зээлийн ханшаар үнэлүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И....

Гуравдагч этгээд Н....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ...тоот шийдвэрээр Г.... би 214,417,229 төгрөгийг ... ХХК-д, 328,783,503 төгрөгийг ... ХХК-д төлөхөөр үүрэг хүлээсэн. Дээрх төлбөрийн үүргийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн ..., ... тоот Төлбөр төлөгчид үнэлгээ мэдэгдэх тухай албан бичгүүдтэй нэхэмжлэгч бид 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр танилцаад Г....гийн өмчлөлийн... дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн .... тоотод байрлалтай ... м.кв орон сууцыг 84,535,200 төгрөгөөр, Ч....ы өмчлөлийн ... дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн ... тоотод байрлалтай 3 өрөө орон сууцыг 145,300,000 төгрөгөөр үнэлсэн байхыг олж мэдсэн ба 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ... тоот мэдэгдлээр дээрх хөрөнгүүдийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дуудлага худалдаа хийхээр товлосныг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь одоогийн зах зээлийн ханшид хэрхэвч нийцэхгүй, хэт бага байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасны дагуу анх үнэлгээ хийснээс хойш үнэ ханш 66,6 хувиар өссөн, 1 жил гаран хугацаа өнгөрсөн байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж дээрх үл хөдлөх хөрөнгөнд дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан.

Гэвч 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дахин үнэлгээ хийх боломжгүй гэх хариуг 149 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч өгсөн тул уг хариунд гомдол гаргаж, мөн дээрх үнээр дуудлага худалдаа зохион байгуулж байгаа мэдэгдлийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн .... тоот мэдэгдлээр 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хийхээр товлосон нь төлбөр төлөгч бидэнд төлбөрийн үүрэг биелүүлэх ямар ч боломж олгоогүйн дээр төлбөрт хураагдсан эд хөрөнгө хэт хямд үнээр борлогдож бидний эрх ашиг ноцтой зөрчигдөх нөхцөл байдал бий болоод байна. Иймд 149 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд гомдол гаргаж, уг гомдлыг Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч М.Эрдэнэбаяр хянаад 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн .... тоот тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзсан билээ. Улмаар хуульд заасны дагуу ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн... тоот хариу мэдэгдэх хуудсаар гомдлыг хүлээж аваагүй тул Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасны дагуу дээрх үл хөдлөх хөрөнгүүдэд дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгаж дуудлага худалдаа явуулахтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Тодруулбал: Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаар тогтоол, 11 дүгээр сарын 09-ний өдрийн ... тоот мэдэгдэлд дурдсаны дагуу Ч....ы өмчлөлийн орон сууцны анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, Г....гийн өмчлөлийн орон сууц, Ч....ы өмчлөлийн орон сууц зэргийг одоогийн зах зээлийн ханшаар үнэлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү...гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.... нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ...дугаар шийдвэрээр ...ийн ...гаас 214,417,229 төгрөгийг гаргуулж ... ХХК-д, 328,783,503 төгрөг гаргуулж ... ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Г....гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ч....ы өмчлөлийн Баянгол дүүргийн ... тоот хаягт байршилтай .... тоот хаягт байрлах орон сууцнуудыг битүүмжлэн хурааж үнэлгээ тогтоолгосон. Төлбөр төлөгч Г...., өмчлөгч Ч.... нарын зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргасан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ...дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах штаны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд дээрх хөрөнгүүдийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд оруулахад Хан-Уул дүүргийн орон сууц худалдан борлогдоогүй, Баянгол дүүргийн ... тоот хаягт байрлах 3 өрөө орон сууц 108,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон бөгөөд дуудлага худалдааны ялагч Н....ийн зүгээс хуулийн хугацаанд төлбөрийг тус газрын дансанд байршуулаад байна. Төлбөр төлөгч, өмчлөгч нарын зүгээс хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж, шүүхээс хэргийг хянан хэлэлцсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

3.Гуравдагч этгээд Н.... шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа-нд оролцож, дуудлага худалдааны зарын 2 дугаарт зарлагдсан Баянгол дүүргийн ... тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан авахаар 108,000,000 төгрөгийн үнийн санал хэлж дуудлага худалдааны ялагч болсон. Миний бие албадан дуудлага худалдаанд оролцох зорилгоор 10,171,000 төгрөгийн дэнчинг төлсөн бөгөөд үлдэгдэл 97,829,000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-т заасан хугацааны дотор Голомт банк дахь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ... тоот дансан тушаасан билээ. Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан бөгөөд миний бие албадан дуудлага худалдааны ялагч болж хуульд заасан хугацааны дотор ялагчийн мөнгө болох 108,000,000 төгрөгийг бүхэлд нь төлсөн тул Баянгол дүүргийн ... тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шударгаар олж авсан.

Нэхэмжлэгчдийн зүгээс албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулж, дахин шинжээч томилохыг даалгах тухай шаардлага гаргаж байгаа нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу барьцаа хөрөнгийг битүүмжилж, хурааж, улмаар албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилж, зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгожээ. Нэхэмжлэгчид нь шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн .... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар магадлалаар тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Уг шийдвэр, магадлал нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байна. Нэгэнт хөрөнгийнүнэлгээний талаар нэхэмжлэгчид нь шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгоно уу...гэв.

4.Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Үүнд:

- Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ...дугаар шийдвэрийн хуулбар /хх-8-13/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ... дугаар Мэдэгдлийн эх хувь /хх-14/, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/1 дугаар тогтоолын эх хувь /хх-15/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар албан бичиг /хх-16/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ... дүгээр тогтоолын эх хувь /хх-17/ зэрэг болно.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбар татгалзлаа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна. Үүнд:

- Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ... тоот Гүйцэтгэх хуудасны хуулбар /хх-33-34/, мөн өдрийн ... тоот Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-35-36/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ...дугаар шийдвэрийн хуулбар /хх-37-42/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар магадлалын хуулбар /хх-43-51/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ...дугаар тогтоолын хуулбар /хх-52/, Г...., Ч.... нарын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хуулбар /хх-53/, уг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаар шийдвэрийн хуулбар /хх-54-58/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн... дугаар магадлалын хуулбар /хх-59-63/, Албадан дуудлага худалдааны зарын хуулбар /хх-64/, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/1, 12/02 тоот тогтоолуудын хуулбар /хх-65-66/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г...., Ч.... нарт хүргэсэн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 4-149/21350 дугаар мэдэгдлийн хуулбар /хх-67/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх-68/, Анхны болон Хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэлийн хуулбар /хх-69-72/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г...., Ч.... нарт хүргэсэн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар мэдэгдлийн хуулбар /хх-73/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх-74-75/ зэрэг болно.

4.Гуравдагч этгээд Н.... шүүхэд гаргасан тайлбараа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Үүнд:

- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 4/5 тоот Н....т хариу мэдэгдэх хуудсын хуулбар /хх-29/, Н....ээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 10,171,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 97,829,000 төгрөг тус тус шилжүүлсэн Хаан банк ХХК-ийн шилжүүлгийн баримт /хх-30-31/, ...-ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-32/ зэрэг болно.

5.Нэхэмжлэгч Г...., Ч.... нар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гарган шийдвэрлүүлсэн бөгөөд үүнээс хойш шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсгүүдэд зааснаар тэднийг шүүхэд ирүүлэхээр удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч тодорхой шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй ба Баянгол дүүргийн ... тоот хаягт 3 хүүхдийн хамт амьдардаг болохыг тус хорооны засаг дарга тодорхойлсон. Гэвч шүүхийн ажилтан 2023 оны 1 дүгээр сарын 13, 1 дүгээр сарын 16-ны өдрүүдэд тус тус хаягаар биечлэн очиход хүнгүй, нэхэмжлэлд бичигдсэн ..., ... дугаарууд руу залгахад холбогдох боломжгүй байсны улмаас эдгээр утасны дугаар руу мессеж бичиж үлдээсэн. Иймд шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч нарт мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын гаргасан хүсэлтийн дагуу нэхэмжлэгч нарын эзгүйд, хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх Г...., Ч.... нарын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Г...., Ч.... нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, Ч....ы өмчлөлийн орон сууцны анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох, Г...., Ч.... нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг өнөөгийн зах зээлийн ханшаар үнэлүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ хариуцагч тал төлбөр төлөгч нарт төлбөрийн үүрэг биелүүлэх боломж олгоогүй, төлбөрт хураагдсан хөрөнгүүдийг зах зээлийн үнэ ханшаас хэт хямд үнээр борлогдож эрх ашиг ноцтой зөрчигдөх нөхцөл байдал бий болсон... гэж тодорхойлсон.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...төлбөрт хураагдсан хөрөнгүүдийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээг төлбөр төлөгч нар эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар тэдний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, шийдвэрлэгдсэн асуудлаар дахин үнэлгээ хийлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй, албадан дуудлага худалдааг хуульд заасан хугацаанд мэдэгдсэн... гэж тайлбарласан байна.

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон Н.... нь нэхэмжлэлд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан Баянгол дүүргийн ... тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаанд оролцож, дуудлага худалдааны ялагч болж, хуульд заасан журмын дагуу дэнчинг болон ялагчийн мөнгийг төлж, өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тайлбарласан.

5.Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

5.1. ... ХХК, ... ХХК нарын нэхэмжлэлтэй, Г....д холбогдох иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянаад, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ...дугаар шийдвэрээр хариуцагч Г....гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 282,063,680 төгрөг гаргуулан ... ХХК-д, Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 326,990,600 төгрөг гаргуулан ... ХХК-д тус тус олгож, нэхэмжлэлээс 97,491,590 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн,

- Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Г.... сайн дураар 282,063,860 төгрөгийг төлөөгүй тохиолдолд Ч....ы өмчлөлийн Баянгол дүүргийн ... м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг; 326,990,600 төгрөгийг төлөөгүй тохиолдолд Г....гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ... м.кв талбайтай орон сууц, Р....ийн эзэмшлийн ... маркийн ... улсын дугаартай хар саарал өнгийн ... гэрчилгээтэй тээврийн хэрэгсэл, мөн түүний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн ... м.кв талбайтай 1 өрөө орон сууц, ... нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн ... м.кв газар болон 90 м.кв хувийн сууц, ... өмчлөлийн Баянгол дүүргийн.... м.кв талбайтай газар болон 40 м.кв хувийн сууц зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хариуцагч Г....гаас тэмдэгтийн хураамжид 1,568,269 төгрөг гаргуулан ... ХХК-д, 1,792,903 төгрөг гаргуулан ... ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

5.2.Шүүхийн дээрх шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх ... дугаар магадлалаар шийдвэрийг өөрчлөн найруулж, Г....гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 213,193,313 төгрөг гаргуулан ... ХХК-д олгож, ... ХХК-ийн нэхэмжлэлээс 91,191,937 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 326,990,600 төгрөгийг гаргуулан ... ХХК-д олгож, ... ХХК-ийн нэхэмжлэлээс 75,170,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

5.3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ...дугаар шийдвэрийг шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ....дүгээр захирамж, мөн өдрийн ... дугаар Гүйцэтгэх хуудас зэргээр албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн .... дугаар тогтоолоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

5.4.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд тогтоогдсон үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч нар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн .... дугаар шийдвэрээр тэдний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ....дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

5.5.Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж, .... тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор төлбөр төлөгч Г....гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Эрхийн улсын бүртгэлийн... дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ...тоот хаягт байрлах ... м.кв талбайтай орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ 84,535,200 төгрөгийн 70 хувь болох 59,147,640 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож;

Мөн өдрийн 12/2 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор төлбөр төлөгч Г....гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, Ч....ы өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ... тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ 145,300,000 төгрөгийн 70 хувь болох 101,710,000 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулах албадан дуудлага худалдаагаар тус тус худалдан борлуулахаар шийдвэрлэсэн байна.

5.6.Дээрх тогтоолуудын талаарх 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ... дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч Г.... болон өмчлөгч Ч.... нарт 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдэж, энэ тухай шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлджээ.

5.7.Товлон зарлагдсан Анхны албадан дуудлага худалдаагаар Ч....ы өмчлөлийн орон сууцыг гуравдагч этгээд Н.... нь 108,000,000 төгрөгөөр худалдан авах ялагч болж, тэрээр 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дэнчинд 10,171,000 төгрөг, 12 дугаар сарын 02-ны өдөр ялагчийн мөнгө 97,829,000 төгрөг, нийт 108,000,000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Голомт банк дахь ... тоот данс руу шилжүүлсэн байна.

5.8.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г...., Ч.... нарт 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар мэдэгдлээр Баянгол дүүргийн ... тоот дахь орон сууц албадан дуудлага худалдаанд оруулахад 108,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон ба 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулах, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд орон сууцны өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагчид шилжүүлэхийг мэдэгдэж, анхааруулжээ.

5.9.Дээрх мэдэгдлийн дагуу төлбөр төлөгч Г.... төлбөрийг барагдуулаагүй бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нарын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн .... дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

5.10.Нэхэмжлэгч нараас үл хөдлөх хөрөнгөнд дахин үнэлгээ тогтоолгох, төлбөр төлөгчид боломж олгоогүй гэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол гаргасныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч ... хянаад, гомдлыг хангахаас татгалзжээ. Мөн Г...., Ч.... нарын гаргасан албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шийдвэр гүйцэтгэх газар хянаад, албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан ажиллагаа хуульд нийцсэн тул гомдлыг шийдвэрлэх үндэслэлгүй гэх хариу өгсөн байна.

5.11.Анхны албадан дуудлага худалдааны ялагч Н.... 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргасныг тус газар хянаад, 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаар хариу мэдэгдэх хуудсаар ...төлбөр төлөгчийн зүгээс анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж, шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн учир өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй гэсэн хариу өгчээ.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно гэж заасан ба маргаан бүхий хэргийн тухайд төлбөр төлөгч нар хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаж шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

7. Тодруулбал: нэхэмжлэгч Г...., Ч.... нар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд тогтоогдсон үнэлгээг эс зөвшөөрч, шүүхэд гомдол гаргасны дагуу тэдний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан шүүхийн шийдвэр, магадлал зэргээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар уг хоёр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар дахин нотлох шаардлагагүй юм.

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч нар 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ..., ... тоот Төлбөр төлөгчид үнэлгээ мэдэгдэх тухай албан бичгүүдээс мэдсэн гэх үнэлгээнүүдийг Г...., Ч.... нар хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн байх тул нэхэмжлэлийн энэ шаардлага үндэслэлгүй байна.

9. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасны дагуу дахин үнэлүүлэх шаардлагатай гэх байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй, нэхэмжлэлийн уг шаардлагаа нэхэмжлэгч нар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох үүргээ биелүүлээгүй байна.

9. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуульд заасан журмын дагуу төлбөрт хураагдсан маргаан бүхий хоёр үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан худалдан борлуулах тухай шийдвэр гаргаж, төлбөр төлөгч нарт хуульд заасан хугацаанд мэдэгдсэн байх бөгөөд уг анхны албадан дуудлага худалдаагаар Ч....ы өмчлөлийн Баянгол дүүргийн ... тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 108,000,000 төгрөгт худалдан борлогдож, гуравдагч этгээд Н.... ялагч болсон байна.

10. Иймд анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханш өөрчлөгдсөн гэх үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

11. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт заасныг баримтлан, ... дүгээр Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Ч....ы өмчлөлийн ... дугаарт бүртгэлтэй Баянгол үүргийн ... тоот дахь 3 өрөө орон сууцны анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох, Г....гийн өмчлөлийн... улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ... тоот дахь орон сууц, Ч....ы өмчлөлийн орон сууц зэргийг одоогийн зах зээлийн ханшаар үнэлүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай Г...., Ч.... нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА