Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 102/шш2023/00303

 

 

2000 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2000/00000 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...,

Хариуцагч: ...,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,750,000 /зургаан сая долоон зуун тавин мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Ж.... шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэлийг дэмжин түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

..... оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ж.... надаас П.... нь 4,500,000 төгрөгийг авч, уг мөнгийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатай, хугацаандаа мөнгөө төлөхгүй бол зээлийн гэрээний 2 дахь заалтаар Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу хоногийн 0,5 хувийн алданги тооцох болзолтой зээлийн гэрээ хийсэн. П.... одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээл 4,500,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 100 хоногийн алданги /нэг хоногийн 22,500 төгрөг/ нийт 2,250,000 төгрөг, нийт 6,750,000 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү. Зээлийн гэрээгээр талууд хүү тооцохгүйгээр тохиролцсон. Гэтэл зээлдэгч нь огт төлбөр төлөөгүй бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс гэрээгээр болон хуульд зааснаар нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд алданги тооцвол Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үнийн дүнгээс хэтрэнэ. Нэхэмжлэгчийн хувьд алдангийг 100 хоногоор тооцсон байна...гэв.

2.Хариуцагч П.... нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гардан авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээний эх хувь /хх-4/, Ж....гийн Хаан банк ХХК дахь ... тоот харилцах дансны хуулга /хх-5/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх П....аас 6,750,000 төгрөг гаргуулахаар шаардсан Ж....гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ хариуцагчтай зээлийн гэрээг бичгээр байгуулан 4,500,000 төгрөгийг хүүгүйгээр 2 сарын хугацаатай зээлдүүлсэн боловч П.... зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 4,500,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 2,250,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардана гэж тодорхойлсон.

3.Шүүх Ж....гийн нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 9 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хариуцагч П....ыг шүүхэд ирүүлэхээр шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэн, утсаар өөртэй нь хэд хэдэн удаа холбогдсон боловч тогтоосон хугацаанд ирээгүйн улмаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 19848 дугаар захирамжаар П....ыг шүүхэд албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн.

4.Улмаар хариуцагч шүүхэд ирж, нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гардан авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд мөн хариу тайлбараа ирүүлээгүй, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээлийн гэрээ, Ж....гийн банк дахь харилцах дансны хуулга зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

5.1.Нэхэмжлэгч Ж.... нь хариуцагч П....д 2020 оны 10 дугаар сарын 16-ний өдөр 4,500,000 төгрөгийг 2 сар 14 хоногийн хугацаатай буюу 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүүгүйгээр зээлдүүлж, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцож, гэрээ байгуулсан өдөр зээлийн 4,500,000 төгрөгийг зээлдэгч П....ы Хаан банкны ... тоот дансаар хүлээн авах талаар гэрээнд зааж, талууд гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээний үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлжээ.

5.2.Гэрээ байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зээлдүүлэгч Ж....гийн Хаан банк ХХК дахь ... тоот данснаас гэрээний 5 дахь заалтад тусгагдсан П....ы Хаан банк ХХК дахь ... тоот данс руу 4,500,000 төгрөгийг ... гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна.

6.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ.

7.Нэхэмжлэгчээс хариуцагчид 4,500,000 төгрөгийг дансаар шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн зээлдүүлэгчийн үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт цугларсан Ж....гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.

8.Талууд зээлийн гэрээгээр хүү тооцохгүй тухай харилцан тохиролцож гэрээнд тусгасан бөгөөд зээлдэгч П.... зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон алданги төлүүлэхээр гэрээнд заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсгүүдэд нийцжээ.

9.Хариуцагч П.... нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хариуцагч талын эзгүйд, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

10.Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж, зээлийн төлбөр 4,500,000 төгрөгийг зээлдүүлэгчид буцаан төлөөгүй байх тул нэхэмжлэгч Ж.... Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн төлбөр 4,500,000 төгрөгийг хариуцагч П....аас шаардах эрхтэй байна.

11.Талуудын байгуулсан Зээлийн гэрээний 2 дахь хэсэгт Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасан байна. Гэрээний уг заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу үгийн шууд утгаар тайлбарлавал: талууд алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар буюу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор тохирсон гэж үзэхээр байна.

12.Хариуцагч П.... зээлийн гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй учир үүрэг гүйцэтгэж дуусахаар гэрээгээр тохирсон 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нэхэмжлэгч Ж....гийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 4,500,000 төгрөгийн 0,5 хувь буюу хоногийн 22,500 төгрөгт тооцвол алдангийн хэмжээ гүйцэтгээгүй нийт дүнгийн 50 хувиас хэтрэх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасанд нийцүүлэн алданги 2,250,000 төгрөг шаардсан нь үндэслэлтэй байх тул хариуцагч П....аас шаардах эрхтэй.

13.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 122,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П....аас 6,750,000 /зургаан сая долоон зуун тавин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж....д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 122,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 122,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА