Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/688

 

 

 

 

     2021             7             21                                         2021/ДШМ/688

 

Д.Чт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Төгөлдөр,

хохирогч Л.Ж.Ш-ийн өмгөөлөгч Ц.Баяртогтох,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/255 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлоор Д.Чт холбогдох 2109000000236 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

______________ овгийн Д.Ч, 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт _______________ дүүргийн 00 дугаар хороо, 0 тоотод оршин суух бүртгэлтэй, РД:АД00000000/;

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 523 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан;

Шүүгдэгч Д.Ч нь 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 23а байрны орчим Л.Ж.Ш-тэй “тээврийн хэрэгслийн хаалгыг зөвшөөрөлгүй онгойлгож, хаахдаа чанга савсан” гэх асуудлаас үүдэн маргалдаж, улмаар Л.Ж.Ш-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигин овгийн Даваасүрэнгийн Д.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чт оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чоос 582.746 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Ж.Ш-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдолдоо “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/255 дугаар шийтгэх тогтоолд “торгох ялын доод хэмжээгээр шүүгдэгчид торгох ял оногдуулах” үндэслэлээр гомдол гаргаж байна. ...” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баяртогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч Д.Ч нь миний үйлчлүүлэгчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Төгөлдөр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Ч нь 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 23а байрны орчим Л.Ж.Ш-тэй “тээврийн хэрэгслийн хаалгыг зөвшөөрөлгүй онгойлгож, хаахдаа чанга савсан” гэх асуудлаас үүдэн маргалдаж, улмаар Л.Ж.Ш-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Ж.Ш-ийн “...намайг машин дотроо сууж байхад миний машины хаалгыг онгойлгож юм унагасан ба машинаа энд тавихгүй шүү гэж хэлсэн залуу 30 гаран насны, 175-180 см орчим өндөртэй, ажлын хөх өнгийн куртиктэй, ногоон хар алаг өмдтэй байсан. ... миний нүүр хэсэг буюу хамар хавьцаа 2-3 удаа, зүүн шанаа, чих, нүд орчимд 1-2 удаа гараараа цохиж учруулсан. ...” /хх 7/,

гэрч Ж.В.Ж-ийн “...анх машины хаалга онгойлгосон залуу Л.Ж.Ш-ийг цохиж зодсон. ...” /хх 14/,

гэрч Б.Бийн “...хашааны гадна хоёр хүн зодолдож байхаар нь би голоор нь ороод салгасан. ...цус нөж болсон нэг хүн цагдаа дуудсан байсан. ...” /хх 15/,

гэрч Ш.Бийн “...гудамжинд хоёр залуу хоорондоо заамдалцаад зодолдоод байж байсан юм. Б.Б, А хоёр очиж тухайн хоёр залууг очиж салгасан. ...” /хх 18/,

гэрч Т.Аын “...гудамж руу гарсан чинь хоёр залуу зодолдоод, Бэлэгзаяа дунд нь орчихсон салгах гэж байсан. Тэгээд би нэг залууг нь тайвшруулаад байж байтал тухайн залуу хамар ийм болчихлоо гээд хамарнаас нь цус гарчихсан, машинаас нэг охин гарч ирээд салфеткаар цусыг нь арчиж өгсөн. ...” /хх 22/,

шүүгдэгч Д.Чын “...би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолын зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 46/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 819 дугаартай хохирогч Л.Ж.Ш-ий эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, баруун талын завьжинд язрал, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсныг тогтоосон дүгнэлт /хх 28/, хохирлын баримтууд /хх 33-35/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 36/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Чыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Чын хохирогч Л.Ж.Ш-тэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, баруун талын завьжинд язрал, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга “...торгох ялын доод хэмжээгээр шүүгдэгчид торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Д.Чын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмын агуулгад нийцжээ.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан торгох ялын хэмжээг багасгуулах агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Шүүгдэгч Д.Ч нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 523 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 196-ө дугаартай “Ялаас өршөөн хасах тухай” захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 26 хоногийн хорих ялыг өршөөн хасч, суллагдсан талаарх баримт хэрэгт авагджээ.

Хэдийгээр шүүгдэгч Д.Ч нь 2015 онд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан боловч 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “...2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй.” гэж заасан зохицуулалт хамаарахгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Ч нь 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш дахин санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлээгүй байдал нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх дээрх үндэслэлийг бүрдүүлжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Д.Ч нь гэм буруугаа зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан шүүхээс оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлд хамаарагдаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгтжэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгэснийг өршөөн хэлтрүүлэв.

Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/255 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Д.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 7 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            3. Шүүгдэгч Д.Чын өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МӨНХӨӨ

 

                                 ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                                               Т.ӨСӨХБАЯР