Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 054

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг,

улсын яллагч М.Отгонжаргал,

шүүгдэгч К.Хайырбек нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.Хайырбект холбогдох 201604000173 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ители овгийн Какегийн Хайырбек нь 1982 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, Өлгий сумын 6 дугаар ахлах сургуульд гадаад хэлний багш ажилтай, ам бүл-4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр баг, 10-19 тоотод оршин суудаг, РД:БЮ82052077.

 

            Шүүгдэгч К.Хайырбекийн холбогдсон хэргийн талаар:

- Шүүгдэгч К.Хайырбек нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших Цагааннуур боомтоор хуурамч бичиг баримт ашиглан Монгол Улсаас Оросын Холбооны Улс руу хууль бусаар хил нэвтрэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

- Шүүгдэгч К.Хайырбек шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би 1982 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн. Би хоёр хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. Би анх 2012 онд Казахстан улс руу машин гаргаж байсан. Би Казахстан улс руу ажил гараад явж байхад Оросын Холбооны улсын хил дээр 2 удаа буцаагаад явуулсан. Машин гаргаж байсан тул аргагүй байдлаар хууль бусаар уг хэргийг хийсэн. Би дахин тийм зүйл хийхгүй” гэв.

- Мөн гэрч Ш.Еркинбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тогторын паспортыг ашигласан Хайырбек гэдэг хүнийг танихгүй. Хавар гадаад паспорт авах хүн ихэсдэг ачаалалтай өдөр энэ хүн ирж гадаад паспортын мэдүүлгээ өгсөн юм. Санаатайгаар өөр хүний зургаар гадаад паспорт гаргасан асуудал байхгүй юм” гэх мэдүүлэг,

- Гэрч К.Кадирбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Өлгий суманд хурим хийх гэж байгаа бөгөөд хуримд хэрэглэх хүнсний бараагаа авах гэж 7 дугаар сарын 20-ны үед одоо яг өдрийг мартсан байна. Орос руу явах болоход намайг урьд нь Кош-агаш явж байгаагүй гээд манай ах Хайырбек надад хань болж туслахаар хамт Орос руу явах болсон юм. Бид Өлгийгээс явахдаа тусдаа машинд явсан ба би өөрийн найзын хамт машинаар Улаанбайшинт боомт дээр очсон. Хайырбек тусдаа хөлсний такси машинаар Улаанбайшинт боомт дээр очиж хоноод өглөө хамт хилээр гарсан юм. Би эхэлж хилийн шалган дээр очиж бичиг баримтаа шалгуулаад хил гарсан ба араас Хайырбек ах гарч ирэхгүй удаад байхаар нь би буцаж хилийн шалган дээр очиход Хайырбек ах “Хуурамч бичиг баримтаар явж байсан юм баригдчихлаа чи цаашаа ганцаараа яв” гэж хэлээд надад гэртээ гурил тос ундаа гэх мэт хүнсний зүйл авчраарай гээд үлдсэн юм” гэх мэдүүлэг,

            - Гэрч Т.Мейрамгүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн өглөө ажил эхлээд удаагүй байсан. 10:30 цагийн үед шалгагч Нуржулдыз миний өрөөнд орж ирээд танд нэг юм танилцуулах гэсэн юм. Энэ хүний гадаад паспортыг уншуулахаар паспортын зураг нь зөрөөд байна гэж хэлсэн. Манайх хилээр нэвтэрч байгаа хүний гадаад паспортыг паспорт уншигч тусгай төхөөрөмжөөр уншуулахад паспортын талаарх бүх мэдээлэл болон зураг нь гарч ирж паспорт дээрх ил мэдээлэлтэй харьцуулж шалгадаг юм. Тэгтэл тэр Тогтар гэдэг хүний паспортыг уншуулахад паспорт дотор суулгасан мэдээлэл дээрх зураг нь паспортын дээр ил байгаа зурагнаас нь зөрсөн. Паспорт дээрх зураг нь хил гарах хүний зурагнаас өөр байсан тул надад авчирч өгсөн байна лээ.  “Та энэ паспортын эзэн Тогтар биш байна, та хүний бичиг баримтаар хил нэвтэрч байгаа тул шалгах шаардлагатай” гэхэд нөгөө хүн “...би бүх үнэнээ хэлье миний нэр Хайырбек гэдэг” гээд өөрийнхөө жинхэнэ регистрийн дугаарыг хэлсэн. Тэр дугаараар нь иргэний бүртгэлийг шалгахад нөгөө хүний зураг, мэдээлэл нь гарч ирж таарсан тул би тухайн хүнийг хилийн тагнуулын албанд шилжүүлэн өгсөн юм. Тогтарын паспортаар хил гарах гэж байсан К.Хайырбек гэгч нь өөрөө хэлэхдээ урьд нь хилээр машин гаргасан тул машин гаргасан хүмүүсийг хилээр гаргахгүй байна гэж сонсоод хилээр гаргахгүй байх гэж бодоод хамаатны хүн болох Тогтарын иргэний үнэмлэхийн хуулбараар гадаад паспорт гаргуулж авсан юм. Анх удаа Тогтарын нэрээр хил гарах гэж ирсэн. Казахстан Улсад хадам аав нас барсан тул аргагүй шалтгаанаар хуурамч паспорт авч явж байна гэж тайлбарласан юм” гэх мэдүүлэг,

            - Гэрч Ш.Нуржулдызын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн үед байх 0670 БӨТ дугаарын таксинд явдаг машинаар ирсэн зорчигч нар шалгуулахад М.Тогтар гэдэг хүн хамгийн сүүлд нь шалгуулсан юм. Шинэ гадаад паспорттай хил нэвтэрч байгаагүй хүн байсан ба би зургийг хил нэвтрэх иргэнтэй харьцуулан хараад паспорт уншигч төхөөрөмж мэдээлэл уншиж байх хооронд нь хил нэвтрэхийг зөвшөөрсөн тэмдгээ дарсан юм. Уг нь манайх паспортыг уншуулж байх хооронд тэмдгээ дараад мэдээлэл уншиж дуусаад гарч ирэхэд нь харьцуулж хараад паспортыг өгч явуулдаг юм. Паспортыг программ уншихдаа минут орчим болдог юм. Байнга мэдээлэл зөрдөггүй тул хил нэвтрэх тэмдгээ урьд нь дарчихдаг заншлаараа дарчихаад мэдээлэл нь гарч ирэхэд паспортыг өгөлгүйгээр харьцуулж харахад өөр хүний зураг байсан. Тэгээд нөгөө М.Тогтар гэдэг хүнээс "...чамд Хахназар гэдэг дүү байдаг уу” гэж асуухад “...үгүй, надад тийм дүү байхгүй” гэсэн. Өөр хүний зураг байхаар нь Хахназар гэдэг дүү бий юу гээд зохиогоод асуучихсан юм. Тэгтэл тэр хүн сандраад хариулахдаа гацаад байсан тул би таны паспортыг дээш нь гаргаж нарийвчлан шалгуулна гэхэд дуу муутайхан тэгэхгүй юу гэж хэлсэн юм. Тэгээд би тэр хүнийг дагуулж тасгийн даргыг орлож байсан Мейрамгүлд хүргэж өгөөд “..энэ хүний гадаад паспортыг уншуулахаар паспортын зураг нь зөрөөд байна” гэж танилцуулсан. Би өөрөө шалган дээр хүн шалгаж гаргаж байсан тул нөгөө хүнийг Мейрамгүл нарийвчлан шалгахаар аваад үлдсэн юм” гэх мэдүүлэг,

- Гэрч М.Тогтарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 05, 06 дугаар сарын үед яг өдрийг сайн санахгүй байна. Манай ээжийн нэг овгийн хүн болох Хайырбек надтай уулзаж “чиний нэр дээр гадаад паспорт гаргуулж авмаар байна” гэж гуйсан юм. Машин авчрахад хэрэглэнэ гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

- Хуурамч гадаад паспортын талаар гаргасан шинжээчийн дүгнэлт,

- Иргэн М.Тогтар болон шүүгдэгч К.Хайырбек нарыг харьцуулсан фото зураг бүхий мөрдөн байцаагчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч К.Хайырбек нь 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших Цагааннуур боомтоор хуурамч бичиг баримт ашиглан Монгол Улсаас ОХУ руу хууль бусаар хил нэвтрэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болон мөрдөн байцаалтын шатанд бүрдүүлсэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна .

Иймд шүүгдэгч К.Хайырбекийг “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Баян-Өлгийн аймгийн Прокурорын газраас шүүгдэгч К.Хайырбект Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирч байна гэж үзлээ.

Шүүгдэгч К.Хайырбек нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргажээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Энэ хэрэг битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч К.Хайырбекийн цахим иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч К.Хайырбекийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан ялаас чөлөөлж  шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Ители овгийн Көкегийн Хайырбекийг “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Хайырбекийг ялаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэг битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.Хайырбект өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч К.Хайырбекийн цахим иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ДОРЖБАЛ