Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2023/0131

 

й

 

 

 

   2023          02           08                                         128/ШШ2023/0131

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Ц овогт Д*****ийн Г***** /РД:ХК **********/,

            Хариуцагч: Хотын стандарт, хяналтын газар нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Р*****нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Д.Г****оос “Хотын стандарт, хяналтын газрын Улаанбаатар хот, ****************************, үйлчилгээний зориулалттай барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан.

Хоёр. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Нэхэмжлэгч Д.Г****оос Улаанбаатар хот, ****************************, үйлчилгээний зориулалттай барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлтийг Хотын стандарт, хяналтын газарт хандаж 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр бичгээр[1], 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр[2], 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр[3], 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр[4] “E-Mongolia” цахим үйлчилгээний нэгдсэн системээр тус тус хүсэлт гаргажээ.

2.2.Дээрх хүсэлтүүдийн дагуу Хотын стандарт, хяналтын газраас ****************************** орон сууцны барилгын ажлын гүйцэтгэлтэй 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр танилцаад 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/88 албан бичгээр[5] орон сууцны барилгад айл оруулж ашигласан нь Барилгын тухай хуулийн 37.6 дахь хэсгийг зөрчсөн тухай мэдэгдэж хүсэлтийг буцааж шийдвэрлэсэн байна.

2.3. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Д.Г****оос Нийслэлийн Засаг даргад хандаж, барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулах тухай гомдол гаргасан нь Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 06/3220 дугаартай албан бичигт[6] дурдагддаг бөгөөд уг албан бичгээр Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын 10.3-т заасны дагуу шүүхийн байгууллагад хандахыг зөвлөжээ.

2.4. Улмаар Д.Г****оос Хотын стандарт, хяналтын газарт холбогдуулан Улаанбаатар хот, *********************** хаягт байрлах 12 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гаргасан.

2.5.Тус шүүхээс хэд хэдэн удаа нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШЗ2022/***** дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1 Нэхэмжлэгчээс шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Улсын комисс ажиллуулах асуудлыг шийдвэрлэдэг Хотын стандарт, хөгжлийн газрын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч нь тухайн үед Ковид-19 өвчин туссан ажлаа хийхгүй байгаа, тухай байгууллага нь Яармаг нүүж байгаа, ажиллахгүй байгаа гэх мэтчилэн бидний гаргасан хүсэлтийг удаа дараалан хойшлуулж, захиргааны актыг гаргахгүй байгаа эс үйлдэхүй гаргаж хууль зөрчсөн.

  Үүнээс болж манай орон сууцны хэсэг захиалагч нар цаг хугацаандаа тус байрыг Улсын комисс хүлээн аваагүй, захиалагч нар гэрээнд заасан цаг хугацаандаа байрандаа орж чадахгүй хохирч байгаад бухимдаж тус орон сууцанд дайран орсон.

...барилга орон сууцны эзэд, хөрөнгө оруулагчид болон орон сууц захиалагч нарын эрх ашгийг ноцтой зөрчиж хохирол учруулсан.

... сүүлд ирж үзчихээд энд чинь айл оруулчихсан байна, комисс хүлээж авахгүй, шүүхээр яв гэсэн...” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...тус иргэний хүсэлтийн дагуу Стандартын хэрэгжилт, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Ж.Ц******* барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцахаар очиход тус орон сууцны барилгад айлууд амьдарч, ашиглаж байсан тул фото зургаар баталгаажуулж иргэн Д.Г****т 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/88 дугаартай “Хүсэлт буцаах тухай” албан бичгээр “....Барилгын тухай хуулийн 37дугаар зүйлийн 37.6...Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 10.3 дахь заалтыг зөрчсөн байх тул дүрмийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар дурдсан...”.

...Шүүхийн шийдвэр гарсны дараа манай байгууллагаас барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссыг ажиллуулахад татгалзах зүйлгүй...” гэжээ.

     ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4.2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны актыг хүчингүй болгуулах, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарахаар заасан бол, 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т зааснаар захиргааны акт хууль бус, захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх захиргааны актыг хүчингүй болгох, захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

4.3.Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд иргэн Д.Г****ийн Улсын бүртгэлийн Г-22****** дугаар бүртгэлтэй, 186************дугаар нэгж талбар бүхий Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт[7], ХӨСҮТ-ийн хойд талд********** хашаанд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон 126,0 м.кв газар дээр 6 давхар /-1 зоорьтой/ барилга барих зураг төсөлдөө Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн МЗХ20********* дугаар “архитектур төлөвлөлтийн даалгавар” батлуулан[8], 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 0008***дугаар “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ” авч барилгын ажлыг эхлүүлэн 12 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг барьж, ашиглалтад оруулжээ.

4.4.Гэвч дээрх орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг хүлээн авах улсын комисс ажиллуулахаас өмнө тус байрны захиалагч оршин суугчид барилгыг ашиглаж байгаа нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “...дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно...” гэж заасныг зөрчиж байх хэдий ч энэхүү зөрчлийг гаргахад иргэн Д.Г****ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасны улмаас бий болсон болох нь дээрх маргааны үйл баримтаар тогтоогдож байна.

4.5.Харин энэ тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Дүрэм шинэчлэн батлах тухай 212 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламж ашиглалтад оруулах дүрэм”[9]-ын 10.3-т “Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна” зохицуулсан байх бөгөөд дээрх захиргааны хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн гаргуулахыг хүсэж буй захиргааны актыг Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна”, 48.6-д “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна” гэж тус тус заасны дагуу шийдвэрлэж болохоор байна.

4.6.Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэн хариуцагчийг барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулах ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй холбоотой асуудлаа хэрэгжүүлэлгүй ****************************, үйлчилгээний зориулалттай барилгад ашиглалтад оруулах комисс ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, захиргааны акт гаргахыг түүнд даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

4.7.Эцэст нь дээрх барилга байгууламж нь ашиглалтад оруулах шаардлагыг хангасан эсхүл хангаагүй гэж комиссын бүх гишүүд үзэн, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Дүрэм шинэчлэн батлах тухай 212 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламж ашиглалтад оруулах дүрэм”-ын 8.2.1, 8.2.2-т[10] заасан дүгнэлтийг гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г****ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улаанбаатар хот, ****************************, үйлчилгээний зориулалттай барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулахгүй байгаа Хотын стандарт, хяналтын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх барилгад ашиглалтад оруулах комисс ажиллуулах захиргааны акт гаргахыг Хотын стандарт, хяналтын газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагч Хотын стандарт, хяналтын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.БАТБААТАР

 

 

[1] Хавтас хэргийн 61 хуудас

[2] Хавтас хэргийн 18 хуудас

[3] Хавтас хэргийн 17 хуудас

[4] Хавтас хэргийн 20 хуудас

[5] Хавтас хэргийн 16 хуудас

[6] Хавтас хэргийн 21 хуудас

[7] Хавтас хэргийн 9 хуудас

[8] Хавтас хэргийн 5-7 хуудас

[9] Хавтас хэргийн 86-103 хуудас

[10] Хавтас хэргийн 92 хуудас