Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1277

 

 

 

 

 

 

 

 

 

“Т-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/01156 дугаар шийдвэртэй, “Т-” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Э-” ХХК-д холбогдох

 

Цайны газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, цайны газарт оруулахгүй байгаа зөрчлийг арилгуулж, цайны газартаа нэвтрэх, үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, Д.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ц нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 30 дугаар байрны хажууд байрлах цайны газрын хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоолгох, цайны газарт оруулахгүй байгаа зөрчлийг арилгуулж, цайн газартаа нэвтрэх, үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Т- ХХК нь 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тухайн цайны газарт байрлан үйл ажиллагаа явуулж байсан гутал засварыг БНХАУ-ын иргэд Лю, Ли- нараас худалдан авч, өөрийн хөрөнгөөр засаж, түргэн хоолны газрын зориулалтаар 2-3 жил хэвийн үйл ажиллагаа явуулж иртэл Э- ХХК-аас үйл ажиллагааг зогсоох гэж дарамталж эхэлсэн. Гутал засварын цэгийг БНХАУ-ын иргэд Лю, Ли- нар 1989 оны 5 дугаар сард Аж үйлдвэрийн комбинатад ажиллаж байхдаа өөрсдийн хөрөнгөөр барьж байгуулсан юм билээ. Үүнийгээ хожим манай компанид худалдсаныг бид авсан. Бид анх энэ газарт үйл ажиллагаа явуулж эхлэхдээ 2011 онд Э- ХХК-ийг өмчлөгч гэж бодож, тус компанитай түрээсийн гэрээ байгуулж, 1 жилийн төлбөрийг төлж үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч тухайн хөрөнгийн эзэд БНХАУ-ын иргэд Лю, Ли- нар гарч ирээд бидний зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна гэж маргасан. Тэд өөрсдийн эзэмшил болохоо нотолсон кадастрын зураг, тодорхойлолтыг гаргаж ирсэн. Үүний улмаас Э- ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ сунгагдаагүй, харин бид БНХАУ-ын иргэд Лю, Ли- нараас хөрөнгийг худалдан авснаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хэлцлийн үндсэн дээр өмчлөгч болсон. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхтэй. Хариуцагч нь нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшлийн цайны газарт оруулахгүй байгаа үйл баримт нь хариуцагчийн тайлбараар тогтоогдсон. Нэг удаа гал гарснаас хойш Түргэн хоол-ны газарт нь оруулахгүй байгаа үйл баримт илэрхий байгаа. Э- ХХК нь кадастрын мэдээллийн сангаас БНХАУ-ын иргэд Лю, Ли- нарын нэгж талбарын дугаарыг устгуулсан байгаа. Энэ ажиллагаа хуульд нийцээгүй хийгдсэн байдаг. Анх захирамжгүйгээр кадастрын мэдээллийн санд яаж орсон бэ гэдэг асуудал нь тухайн үеийн журмын дагуу эхлээд нэгж талбар авч, дараа нь захирамж гаргуулдаг байсны дагуу явагдаж байсан боловч захирамж гарахаас өмнө нэгж талбарын дугаарыг нь устгуулсан учир захирамж гараагүй байдаг. Т- ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Л.Ичинхорлоогийн нөхөр Э.Наранбаатар нь худалдах, худалдан авах гэрээг хийсэн бөгөөд захирал Э.Наранбаатараас үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад шаардагдах зөвшөөрлийг хүссэн хүсэлтүүдийг тухайн үед холбогдох бүх байгууллагад л явуулж, авч байсан. Энэ талаарх баримтуудыг бүгдийг нь хэрэгт өгсөн байгаа. Э- ХХК нь БНХАУ-ын иргэд Лю, Ли- нарт гутал засвар түрээсэлж байсныг нотлох баримт хэрэгт байхгүй. Харин сар бүрийн цахилгааны мөнгө төлдөг байсан байж магад. Хариуцагчийн худалдан авсан гэх 4 дүгээр дэлгүүрийн тоног төхөөрөмж, агуулахад маргаан бүхий түргэн хоолны газар хамаарахгүй болох нь тодорхой, тухайн үеийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэнээр маргаан бүхий түргэн хоолны газрын доорх газрыг БНХАУ-ын иргэд Лю, Ли- нар эзэмшиж байсан нотлогдож байгаа тул тэдэнтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Т- ХХК нь өнөөдөр Түргэн хоол-ны газрыг хууль ёсоор эзэмших эрхтэй. Хэрэв Э- ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө байсан юм бол засвар хийж байгааг мэдсээр байж өөрийнх нь эд хөрөнгийг засан сайжруулж, хөрөнгө оруулж байхад яагаад эсэргүүцээгүй юм бэ? гэдэг асуултад хариулах ёстой. Худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр тул хоолны газрыг нэхэмжлэгч өмчлөх эрхтэй, өмчлөгчийн хувьд бусдын эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгохоор шаардах эрхтэй. Бид түрээсийн гэрээг 2011.04.01-2012.04.01 хүртэлх хугацаанд байгуулсан байдалд огт маргаагүй, энэ гэрээг үгүйсгээгүй. Гэхдээ энэ гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнө өмчлөгчийг андуурч хийсэн хэлцэл байсан. Энэ үйл баримтаар нэхэмжлэгч нь хоолны газрыг худалдан авахаас өмнө түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглаж байсан болох нь тогтоогдоно. Харин дараа нь худалдаж авсан байдаг. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Түрээсийн гэрээнд хугацаа зааж, гэрээг 1 жилээр байгуулсан, хөлсийг тухайн үед төлсөн, гэрээ сунгагдаагүй, хожим обьектыг худалдаж авсан тул түрээсийн төлбөр төлөх үүрэггүй. Иймд хариуцагчийн сөрөг шаардлага бүхэлдээ үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э- ХХК нь дуудлага худалдаагаар 4 дүгээр дэлгүүрийн тоног төхөөрөмжийг 1991 онд, барилгыг 1997 онд авсан. Дэлгүүрийг худалдан авах үед маргаан бүхий түргэн хоолны газар байрлаж байгаа газарт квасны машин байсан. Манай компани энэ газар дээр 1994 онд Дарханаас чингэлэг худалдан авч ирж байршуулсан. Энэ чингэлэг нь одоогийн Түргэн хоол-ны газар юм. Түүнийг БНХАУ-ын иргэд Лю, Ли- нарт аман гэрээгээр сарын 5,000 төгрөгөөр түрээсэлж байсан. БНХАУ-ын иргэд Лю, Ли- нарын өөрсдийн хөрөнгөөр 1989 оны 5 сард байгуулсан гэх гутал засварын цех нь одоогийн түргэн хоолны газар байрлаж байгаа газарт байгаагүй. Өөр газарт байсан байх. Ямар ч байсан одоогийн түргэн хоолны газар байрлаж байгаа газарт квасны машин байсан тул нэхэмжлэгчийн худалдаж авсан гээд байгаа гутал засвар нь одоогийн байгаа түргэн хоолны газар биш. БНХАУ-ын иргэд Лю, Ли- нарын нэр дээр нэгж талбар олгогдсон явдал нь тухайн үед зохион байгуулагдсан нэгж талбар олгох ажлын хүрээнд газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн нэр дээр нэгж талбарын дугаар олгогдсон, бүртгэгдсэн явдалтай холбоотой. Түрээсээр үйл ажиллагаа явуулж байгаа гутал засварын доорх газрыг түрээслэгч хятад иргэдийн дээр нэгж талбар бүртгэгдсэн нь хуульд нийцээгүй тул бид хууль зөрчсөн гэж үзээд хүсэлтээ гаргаж устгуулсан. Хууль бусаар устгуулсан гэх тайлбар үндэслэлгүй. Бид дуудлага худалдаагаар худалдаж авсан тоног төхөөрөмж байрлаж байсан газартаа өөрсдийн хөрөнгөөр худалдан авсан чингэлгийг байршуулж, түүнийгээ бусдад түрээслүүлсээр ирсэн тул бид өмчлөгч мөн. Т- ХХК нь түрээсийн гэрээний үндсэн дээр манай хөрөнгийг эзэмшиж байсан тул өмчлөгч биш. Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, түргэн хоолны газрын өмчлөгчөөр Э- ХХК-ийг тогтоож өгнө үү. Талууд түрээсийн гэрээ байгуулсан байдалд маргадаггүй. Түрээсийн гэрээг сунгасан эсэхэд маргадаг боловч уг гэрээ хуульд зааснаар сунгагдаад явсан байдаг. Өнөөдрийг хүртэл түрээсийн гэрээний харилцаа үргэлжилж байгаа гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь 2014 оноос түрээсийн төлбөр төлөөгүй тул 2018.03 сар дуустал 1 сарын 150,000 төгрөг буюу нийт 7,650,000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Иймд уг төлбөрийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардаж байгаа. Э.Н гэх хүн холбогдох төрийн байгууллагуудтай харилцлаа гээд эзэмшил үүсэхгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт ач холбогдолгүй. БНХАУ-ын иргэд Лю, Ли- нартай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан Э.Наранбаатар гэх хүн Т- ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэйг нотолсон баримт үгүй тул уг гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх үндэстэй. Тог, цахилгааны мөнгө төлсөн талаарх баримтууд нь эзэмшигчийг нотлохгүй. Түрээсийн хүчин төгөлдөр гэрээгээр зардлыг түрээслэгч хариуцахаар заасан тул энэ дагуу тог, хогны мөнгө төлж ирсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар түргэн хоолны газрын өмчлөгчөөр Э- ХХК-ийг тогтоож, нэхэмжлэгчээс түрээсийн төлбөр 7 650 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 112 дугаар зүйлийн 112.1-д заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 30 дугаар байрны хажууд байрлах Түргэн хоол нэртэй цайны газрын байшингийн өмчлөгчөөр Т- ХХК-ийг тогтоож, уг цайны газарт нэвтрэх болон үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг Э- ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 30 дугаар байрны хажууд байрлах Түргэн хоол нэртэй цайны газрын байшингийн өмчлөгчөөр тогтоолгох, түрээсийн төлбөр 7 650 000 төгрөг гаргуулах тухай Э- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 207 550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хариуцагчийн нотлох баримт бүрдүүлэх боломжийг олгоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдахдаа “...Т-” ХХК нь 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн дэргэд залгаа орших гутал засварын цэгийг ЛюЖэнь Я, Ли Ору Гу нараас 1 000 000 төгрөгөөр худалдан авсан болох нь худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдсон, уг гутал засварын цэг нь “Э-" ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байсан цайны газрын байшин мөн болох нь тогтоогдсон” гэж тус тус дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдоогүй асуудлыг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжпэгчийн зүгээс нэхэмжпэлийн шаардлагынхаа гол үндэслэл болгож байгаа баримтууд болох Худалдах, худалдах авах гэрээ, 1991 оны 11 дүгээр сарын 14- ний өдрийн Сүхбаатар дүүргийн ахуйн үйлчилгээний комбинатын ерөнхий инженерийн бичиж өгсөн тодорхойлолт зэрэг баримтууд дээр хаана байршилтай гутал засварын цэг болох нь тодорхой биш байдаг бөгөөд харин яг одоо түргэн хоолны газар байрлаж байгаа газарт уг гутал засварын цэг нь байгаагүй болохыг хэрэгт авагдсан гэрч Б.Я нь нотолсон байдаг. Мөн одоогийн түргэн хоолны газар байгаа газарт сүүлд түрээсээр Лю, Ли- нарын гутал засварын цэг ажиллуулж байсан гэх байр нь газраас хөндийлсөн, төмөр рамтай, вагончикт, өөрөөр хэлбэл хариуцагч “Э-" ХХК-ийн Дархан-Уул аймгаас авч ирж тавьсан гэх вагончикт үйл ажиллагаа явуулж байсан болохыг гэрч Б.Б, Б.Э, Б.Я нар бүгд нотолдог Мөн дээрх 2013 онд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед БНХАУ-ын иргэн Лю, Ли нар нь амьд сэрүүн байсан эсэх нь тодорхойгүй, одоогийн байдлаар бол нас барсан гэх мэдээлэл байдаг тул хуурамчаар гарын үсгийг нь зурж, хууль бус гэрээ байгуулсан байхыг ч үгүйсгэхгүй юм. Хариуцагчийн зүгээс эдгээр иргэдийн талаар улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа гаргуулах хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан боловч хүлээн аваагүй бөгөөд тэдгээр хятад иргэдийн нэр дээр газрын нэгж талбарын дугаар бүртгэгдсэн байснаас биш газар эзэмшүүлсэн шийдвэр, захирамж огт гараагүй, нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний замыг хааж барьсан тул ийм шийдвэр, захирамж гаргах ч боломжгүй юм. Түүнчлэн анхан шатны шүүхээс мөн дүгнэхдээ “...урьд нь гутал засварын цэг, хожим цайны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан байшинг “Э-” ХХК өөрийн хөрөнгөөр худалдан авч, уг байршилд байршуулж, БНХАУ-ын иргэн Лю, Ли нарт түрээсээр ашиглуулж байсан үйл баримт хангалттай нотлогдохгүй, гэрч Б.Батсайханаас 1994 онд Дархан-Уул аймгаас бид дэлгүүр байрлаж байсан чингэлэг худалдан авч, түүнийгээ 4 дүгээр дэлгүүрийн ард байршуулсан гэх мэдүүлэг өгсөн боловч энэхүү мэдүүлэг нь бичгийн баримтаар нотлогдохгүй ...” гэжээ. Хариуцагч “Э-” ХХК-ийн зүгээс 1991, 1996 онд болсон үйл явдлын талаар өөрсдөө ч сайн мэдэхгүй байсан бөгөөд гэрчийн мэдүүлгүүдээс л дээрх үйл баримтууд тодорхой болсон тул энэ талаарх баримтуудыг хариуцагчийн зүгээс ИХШХШТХ-ийн 25.2.2-т заасан үүргийнхээ хүрээнд нотлох баримтаа гаргаж өгье, энэ боломжоор хангаж өгөөч гэж шүүхэд хүсэлтээ гаргасан боловч хүлээж аваагүй, энэ боломжийг хариуцагч талд олгоогүй. Тэгснээ хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй, баримт нь байхгүй, нотлогдохгүй байна гэж дүгнэсэн байгаа нь хуулийг зөрчиж байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт анх 1991, 1996 онуудад хариуцагч “Э-” ХХК нь Хүнсний 4 дүгээр дэлгүүрийг дагалдах тоног төхөөрөмжийн хамт буюу уг газарт байрлаж байсан склад, мах сүү, цувдайны мухлаг, квасны ёмкос зэргийг хувьчлан авсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн байх бөгөөд энд дурдагдсан ёмкос нь одоогийн түргэн хоолны газар байрлаж байсан газар байсан гэдгийг үгүйсгээгүй, гэрч нар ч нотолдог, нэхэмжлэгчийн зүгээс ч үүнийг үгүйсгэж маргадаггүй. Улмаар уг ёмкос нь хаашаа ч юм алга болоод оронд нь одоогийн түргэн хоолны газрын байр нь шинээр барьдаг ч юм уу, эсхүл вагончик авчирч тавьснаар бий болсон үйл баримт тогтоогдож байгаа юм. Гэтэл нэхэмжпэгчийн гаргажөгөөд байгаа баримтбуюу 1991 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Сүхбаатар дүүргийн ахуйн үйлчилгээний комбинатын ерөнхий инженерийн бичиж өгсөн тодорхойлолтоос хархад дээрх хятад иргэд нь өмч хувьчлалаас өмнө буюу 1989 онд аль хэдийн барьчихсан байсан гэж тодорхойлоод байгаагаас харах юм бол уг хятад иргэдийн барьсан гээд байгаа гутал засварын цэг нь одоогийн түргэн хоолны газар байрлаж байгаа газарт баригдсан байх боломжгүй болох нь цаг хугацааны хувьд тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл 1991 онд өмч хувьчлалаар Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн байрыг авах үед одоогийн түргэн хоолны газар байрлаж байгаа газарт өөр зүйл буюу ёскос байсан, харин дээрх хятад иргэдийн өөрсдийнх нь материалаар барьсан гээд байгаа гутал засварын цэг нь 1989 онд өөр байршилд баригдсан байсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байхад энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс буруу үнэлж дүгнэсэн, энэ нөхцөл байдлыг хариуцагчийн зүгээс тогтооход шаардлагатай баримтыг гаргаж өгөх боломжийг олгоогүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй. Харин хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн бас нэг шаардлага болох түрээсийн төлбөрийн тухайд анхан шатны шүүхээс дүгнэхдээ “...Зохигчдын хооронд 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Э-” ХХК-ийн эзэмшлийн байрыг 1 сарын 150.000 төгрөгөөр 1 жилийн хугацаагаар түрээслүүлэхээр гэрээ байгуулагдсан байх ба хугацаа дууссан энэ гэрээг талууд бичгээр сунгаагүй, 2012 оны 04 дүгээр сард дуусгавар болсон сунгагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй” гэжээ. Тэгвэл талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэх талаар зохигчид нь маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар түрээсийн гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож байгаа тул мөн хуулийн 318.5-д зааснаар энэ тохиолдолд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам үйлчлэх талаар зохицуулсан. Иргэний хуулийн 287-301 дэх заалт хүртэл эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалт байх бөгөөд энэ хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжпүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно” гэж зааснаас үзэхэд гэрээний хугацаа дууссан ч цаашид үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулсаар байгааг түрээслүүлэгч татгалзаагүй бол гэрээ тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Т-” ХХК нь түрээсийн гэрээг 2011 онд байгуулж, гэрээний хугацаа 2012 оны 04 сард дууссан ч үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа явуулсаар байсан, хариуцагч “Э-"ХХК-ийн зүгээс ч татгалзаагүй, мөн түрээсийн төлбөрөөр төлсөөр ч байсан зэргээс хархад түрээсийн гэрээний хугацааг өмнөх нөхцлийн дагуу сунгагдсан гэж тооцох хууль зүйн үндэслэлтэй байгааг анхан шатны шүүх буруу үнэлж дүгнэжээ. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/01156 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч “Т-” ХХК нь хариуцагч “Э-” ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 30 дугаар байрны хажууд байрлах Түргэн хоол нэртэй цайны газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, цайны газарт оруулахгүй байгаа зөрчлийг арилгуулж, цайны газартаа нэвтрэх, үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, өмчлөгчөөр тогтоолгох, түрээсийн төлбөр гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ./хэргийн 1-2, 102, 116 дугаар тал /

 

            Дээрх маргаан бүхий цайны газрыг Сүхбаатар дүүргийн Ахуйн үйлчилгээний комбинатын ажилчин Ли, Лю-нар нь анх 1989 оны 5 сард хувийн материалаар өөрсдөө барьсан болох нь 1991 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Ахуйн үйлчилгээний комбинатын еөрнхий инженерийн тодорхойлолтоор тогтоогдож байна.  Хариуцагч “Э-” ХХК нь 1991, 1997 онуудад Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн тоног төхөөрөмж болон үйл ажиллагаа явуулж байсан байрыг хувьчлан авсан бөгөөд тоног төхөөрөмж хувьчлан авсан гэх баримтуудыг харьцуулан үзэхэд маргаан бүхий Түргэн хоол гэх нэртэй цайны газар нь хариуцагч байгууллагын хувьчилж авсан эд хөрөнгөд ороогүй байна./хэргийн 7, 121-129 дүгээр тал/

 

            Нэхэмжлэгч “Т-” ХХК нь 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Лю, Ли- нараас Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн дэргэд залгаа орших гутал засварын цэгийг 1 000 000 төгрөгөөр худалдан авсан болох нь худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна./хэргийн 8, 130-132 дугаар тал/ Үүнийг хариуцагч талаас үгүйсгээгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч “Э-” ХХК нь тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

            Мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн лавлагаагаар зохигчдын үл хөдлөх эд хөрөнгүүд байрлаж буй нэгж талбарын 18643312317096 дугаартай байсан болон одоо 18643312328099 дугаартай байгаа газрууд хөрш залгаа байрладаг болох нь тогтоогдож байна./хэргийн 168-170 дугаар тал/

 

            Зохигчдын хооронд 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “Э-” ХХК-ийн эзэмшлийн байрыг 1 сарын 150 000 төгрөгөөр 1 жилийн хугацаагаар түрээслүүлэх тухай гэрээ байгуулагдсан байх боловч түрээсийн гэрээгээр “Э-” ХХК тухайн байрны өмчлөгч байсан гэдгийг нотлохгүй. Өөрөөр хэлбэл, түрээслэгч нь заавал өмчлөгч байх шаардлагагүй./хэргийн 130-133 дугаар тал/

 

            Талууд иргэн Лю- уг газрыг эзэмшиж, ашиглаж байсан талаар маргаагүй байна.

 

            Түүнчлэн, хариуцагч “Э-” ХХК-аас 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанд иргэн Лю--ын нэгж талбарын 18643312317096 дугаарыг мэдээллийн сангаас устгуулах тухай хүсэлтийг гаргаж байсан байх ба Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Ц.Ичинхорлоод хариу хүргүүлэх тухай 1/1609 албан тоотод нэгж талбарын 18643312317096 дугаар устсан болохыг дурджээ./хэргийн 12, 74-75, 101 дүгээр тал/

 

            Мөн нэхэмжлэгч “Т-” ХХК нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд 2006 оноос 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Лю- /РД:ЮД48110919/-ны нэр дээр нэгж талбарын 18643312317096 дугаартай эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн байсан 24 м.кв талбай бүхий газарт Түргэн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан цайны газрыг “Т-” ХХК эзэмшиж, ашиглаж байгаа нь хэрэгт авагдсан хэрэглээний төлбөр төлсөн баримт, үйлчилгээний байгууллагуудтай байгуулсан гэрээ, төлбөрийн нэхэмжлэх, бэлэн мөнгөний орлогын баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна./хэргийн 28-41 дүгээр тал/

 

            Худалдах, худалдан авах хэлцэл хийснээс хойш нэхэмжлэгч“Т-” ХХК нь хариуцагч “Э-” ХХК-д түрээсийн төлбөр огт төлөхгүйгээр цайны газрын байшинг эзэмшиж, ашиглаж, засан сайжруулж, холбогдох бүх зардлыг төлж ирсэн, зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь худалдах, худалдан авах хэлцлээс өмнө хийгдсэн, хариуцагч нь цайны газрын байшинг өөрийн хөрөнгөөр худалдан авч буюу барьж, эзэмших эрх бүхий газартаа байршуулсныг нотлох баримтгүй тул шүүх “Т-” ХХК-ийг цайны газрын байшингийн өмчлөгчөөр тогтоосон нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

Өмчлөгч нь өмчлөлийн зүйлийг өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг хариуцагчаас шаардах эрхтэй талаар шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

 

Хариуцагчийг цайны газрын байшингийн өмчлөгч гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, шүүх нэхэмжлэгчийг өмчлөх эрхтэй гэж үзсэн тул цайны газрын байшингийн өмчлөгчөөр тогтоолгох тухай “Э-” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2011 оны 4 дүгээр сард буюу байгуулагдаж, 2012 оны 4 дүгээр сард дуусгавар болсон байх ба түрээсийн гэрээ сунгагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, өмчлөгч өөрийн хөрөнгийг эзэмшиж, ашиглахдаа бусдад төлбөр төлөх үүрэггүй тул нэхэмжлэгчээс түрээсийн төлбөрт 7 650 000 төгрөг шаардсан хариуцагчийн сөрөг шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/01156 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

 

                                                  ШҮҮГЧИД                               Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                   С.ЭНХТӨР