Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/190

 

2025       07         18                                         2025/ШЦТ/190

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2025/0050/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.**********,

Улсын яллагч Э.Азжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*********,

Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******** овгийн ********* *******ид холбогдох эрүүгийн 2539000460052 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч А.******* нь 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 09 цагийн үед Хэнтий аймгийн ********* ангийн шалган нэвтрүүлэх цэгийн үүдэнд Б.*******г “салааны ах нартай муудалцлаа” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хамрын баруун хажуу хана суурь хэсгээр буюу хоншоорын урд сэртэн дайрсан зөрүүтэй цөмөрсөн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.******* нь 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 09 цагийн үед Хэнтий аймгийн ********* ангийн шалган нэвтрүүлэх цэгийн үүдэнд Б.*******г “салааны ах нартай муудалцлаа” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хамрын баруун хажуу хана суурь хэсгээр буюу хоншоорын урд сэртэн дайрсан зөрүүтэй цөмөрсөн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

1.Хохирогч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2024 оны 12 дугаар сарын 29-ний өглөө манай ажлаас шуурхай зарлахаар нь ажил дээр ирээд байж байхдаа шалган нэвтрүүлэхийн пост дээр өмнөх орой нь муудалцсан ах нараас уучлалт гуйгаад зогсож байсан чинь ******* шалганаар орж ирэхдээ чи муу аятайхан байгаарай гээд шууд 1 удаа нүүр, хамар хэсэгт минь цохиод зөрөөд явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

2.Хохирогч Б.*******гийн зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд өгсөн: “...Тэгээд манай байгууллага шуурхай авч дуусаад 09 цаг өнгөрөөгөөд тараад шалган нэвтрүүлэх байраар дамжин гарах гэж байхдаа шалган нэвтрүүлэх байрны дотор ахлагч нартай мэндлээд зогсож байсан чинь гэнэт миний араас хэн нь мэдэгдэхгүй хүн ирээд нүүр хэсэгт 1 удаа гараараа цохисон. Тэр үед би хамраа дараад хэд алхаж байгаад суусан. Тэр үед тэнд байсан ахлагч нар намайг цохисон хүнийг аваад хашаанаас гарахлаар нь би араас нь гараад харсан чинь манай ажлын залуу ******* намайг цохисон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/,

3.Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 29-ний өглөө шуурхай авлаа гэж хэлээд манайд үлдээгээд явсан хувцсаа авчихаад 09 цагийн орчимд ажил руугаа явсан. Тэгээд өдөр нь 12 цагийн орчимд миний хүү Б.*******гийн эх******* нь над руу залгаад миний хүүг хүнд зодуулсан байна гэж хэлсэн. Тэгэхлээр нь би шууд гэрээсээ гарч яваад Онцгой байдлын газарт очиж хүмүүстэй нь уулзаад, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний хүү Б. ******* нь надад юу ч хэлээгүй. Ажлынх нь газрын ******* гэх хүн зодсон гэдгийг би дараа нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

4.Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай Хэнтий аймгийн ************** дугаар ангиас шуурхай зарласан. Тухайн үед манай байгууллагын алба хаагч нар шуурхайд бүрэн цуглаад нэгдэж, жагсчихаад тарсан. Тарж байх үед би *******гийн хамтаар зогсож байхад ******* ирээд ********* чи муу давраад байгаарай, салааныхаа ах нартай муудлаа гээд нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. Тухайн үед ******* нүүрээ дараад суусан. Харин ******* шалганаар орж ирээд буцаад гараад явсан. Харин ******* хамар хэсэг нь халцарчихсан, бага хэмжээгээр цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,

5.2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 70 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Д.********** “...Б.*******гийн биед хамрын баруун хажуу хана суурь хэсгээр буюу хоншоорын урд сэртэн дайрсан зөрүүтэй цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний дээд, доод зовхи, дотор буланд цус хуралт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Учирсан хамрын баруун хажуу хана суурь хэсгээр буюу хоншоорын урд сэртэн дайрсан зөрүүтэй цөмөрсөн хугарал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг хамрын таславчийн муруйлт гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Баруун нүдний дээд, доод зовхи, дотор буланд цус хуралт хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдсонгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй....." гэх дүгнэлт /хх-ийн 39-40-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хүндэвтэр гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Шүүгдэгч А.******* нь хохирогчийн биед халдаж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч Б.*******гийн биед хүндэвтэр гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч А.******* хохирогч Б.*******гийн биед халдсан үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

          Иймд шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

            Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч А.*******ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч А.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ид оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв. 

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

         Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч хавтаст хэргийн 70 дугаар хуудаст “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх нотариатаар батлуулсан хүсэлт ирүүлсэн байна. Иймд шүүгдэгч А.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

          4.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч ********** овгийн ********* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ид оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч А.*******ид мэдэгдсүгэй.

  

 5.Шүүгдэгч А.*******ид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

            6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

            7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай

           

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.                                      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.ЭНХБААТАР