Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2023/00532

 

 

2000 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2000/00000 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...,

Хариуцагч: ...

Нэхэмжлэлийн шаардлага: Б....ын хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн ... тоот хаягт байрлах газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.... /ШТЭД: ...

Хариуцагч Б....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б....г төлөөлөн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.... шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.... шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Б.... би 2007 онд Баянгол дүүргийн ... тоот хашааг худалдаж авсан. Миний өмчлөлийн ... өмчлөх эрхийн дугаартай, 262 м.кв талбайтай, нэгж талбарын ... дугаартай, улсын бүртгэлийн ...гэрчилгээтэй газрыг минь намайг Солонгос улсад байх хугацаанд Б.... гэх хүн 2020 оны 8 дугаар сараас хойш бууж амьдарч эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй, миний өмчлөх, эзэмших эрхийг минь эдлүүлэхгүй, манай хашаанд, миний зөвшөөрөлгүй амьдарч байна. Иймээс миний өмчлөлийн Баянгол дүүргийн ... тоот газрыг миний зөвшөөрөлгүй хууль бусаар эзэмшиж байгаа Б....аас чөлөөлүүлж өгнө үү.

Өмгөөлөгч: Нэхэмжлэгч Б.... уг газрыг 2007 онд худалдаж аваад өмчилж эхэлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. 2007 оноос хойш амьдарч байсан. 2020 оноос хойш ашиглаж чадаагүй. 2022 онд энэ газартай холбоотой бүх асуудлуудыг цэгцлээд эрх бүхий байгууллагуудад хүсэлт, гомдлоо гаргаад 2022 онд энэ газар хөдөлбөргүйгээр Б....гийн өмчлөлийн газар юм гээд гаргаад өгчихсөн баримт нь байгаад байдаг. Хариуцагч Б....ын хамаатан Ц....д газрыг худалдсан хүнийг Э.... гэдэг бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0672 дугаар шийдвэрээр Э....ийн эзэмшлийг хүчингүй болгосон байна. Мөн Э.... нь өөрөө Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Б....гийн газар надад хамааралгүй юм байна, уучлаарай, би буруу гаргасан байна гээд нэхэмжлэлээсээ татгалзсан байдаг нь шүүгчийн захирамжаар нотлогдож байгаа. 2018 онд Захиргааны хэргийн шүүх энэ асуудлыг шийдвэрлэчихсэн байхад 2020 оны 4 дүгээр сарын 03-нд Э.... нь уг газрыг Ц....д өөрийнхөө газар мэт ойлгуулаад худалдаад, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулчихсан байгаа юм. Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2008 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 159 дүгээр захирамжаар Б....д өмчлүүлсэн байна. Энэ бүх баримтуудаар энэ хэргийг шийдвэрлэчихсэн байна. Захиргааны хэргийн шүүхээс эцэслэн шийдвэрлээд, энэ шийдвэрт давж заалдах гомдол гаргахгүйгээр эцсийн шийдвэр болсон. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэчихсэн байхад 2 жилийн дараа Э.... гэх хүнээс худалдаж авсан гэдэг нь баримтуудаар тогтоогдож байна. Нөгөө талаасаа, энэ газар амьдраад байгаа хариуцагч Б.... өөрийнх нь зүгээс би энэ газрыг өмчлөөд авчихсан юм, энэ миний эзэмшил өмчлөлийнх гэж огт маргаагүй. Тэгэхээр Б....гийн газарт амьдраад, түүний өмчлөх эрхийг нь хэрэгжүүлэхгүй байгаа нь хариуцагч энэ газрыг эзэмших, өмчлөх эрхтэй гэх ямар ч баримт бичиг байхгүй, төрийн эрх бүхий байгууллага буюу газрын алба, засаг даргаас зөвшөөрсөн баримтгүй байгаа нь тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой байгаад байна. Мөн захиргааны хэргийн шүүхийн захирамж, шийдвэр гараад энэ газрыг нэхэмжлэгчийн өмч мөн юм байна гэдгийг тогтоосон байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д заасан хуулийн шаардлага хангасан байгаа тул эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...гэв.

2.Хариуцагч Б.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие ... овогтой ... нь 2022 оны 4 дүгээр сараас Баянгол дүүрэг .... тоотод эхнэр, хоёр хүүхдийн хамт нүүн ирж одоог хүртэл амьдарч байна. Энэхүү газар нь манай үеэл ах болох ... овогтой ...ын нэр дээр байдаг. ... нэгж талбарын дугаартай ... м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын...гэсэн гэрчилгээний дугаартай газар мөн болно. Иймд миний бие энэ газрыг чөлөөлж өгөх боломжгүй. Хамаатны ах маань биднийг хашаандаа түр амьдарч болно гэсний дагуу бид амьдарч байсан. Энэ газрын нарийн ширийн асуудлыг нь би сайн мэдэхгүй. Б.... гэж хүний нэхэмжлэлийн дагуу хариуцагчаар ирсэн байна. Миний нэр дээр энэ газрын өмчлөл байхгүй. Маргах зүйл байхгүй...гэв.

3.Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ нотлохоор: Газар өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5/, уг газрын кадастрын зураг /хх-6/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-7/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 7172 дугаар Нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн эх хувь /хх-73-74/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар шийдвэрийн тус шүүхийн Тамгын газрын архиваас авсан хуулбар /хх-75-80/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

4.Хариуцагч тайлбар, татгалзлаа нотлохоор Ц....ын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, газрын кадастрын зургийн хуулбар, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагааны хуулбар зэргийг нотлох баримтаар гаргасан боловч эдгээр баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэр үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй. /хх-13-17/

5.Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу нэмэлт нотлох баримт шаардлагатай гэж дүгнэн, шүүгчийн 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн .... дугаар захирамжаар Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллагуудаас маргаан бүхий газартай холбоотой лавлагаа, холбогдох баримтуудыг нотлох баримтуудаар гаргуулахаар шийдвэрлэсэн. /хх-24-26/

Шүүгчийн захирамжийн дагуу Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Баянгол дүүргийн .., ...а тоот хаягт байрлах газартай холбоотой тайлбар, холбогдох баримтуудын хамт /хх-33-53/, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас Б....гийн тус газарт хандаж гаргасан гомдол, хүсэлтүүд болон түүнд өгсөн хариу зэрэг баримтууд /хх-54-68/, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ... дүгээр гудамжны .., ..а тоот хаягт байршилтай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг лавлагааны хамт /хх-69-71/ тус тус шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх Б....гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: Б....гийн өмчлөлийн газарт хариуцагч Б.... зөвшөөрөлгүйгээр амьдарч байгаа учир түүний хууль бус өмчлөлөөс өөрийн газрыг чөлөөлүүлэхээр шаардаж байна гэж тодорхойлсон.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ тухайн газрыг үеэл ах Ц.... нь иргэн Э....эс худалдаж авсан бөгөөд улсын бүртгэлд өмчлөлөө бүртгүүлсэн. Ц....ын зөвшөөрснөөр уг газарт амьдарч байгаа гэх хариу тайлбар гаргаж, шүүх хуралдааны явцад маргах зүйлгүй гэх тайлбарыг гаргаж байна.

4.Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болох Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зураг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны лавлагаа, холбогдох баримтууд, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн Б....гийн өргөдөл гомдол хүсэлтүүд, түүнд өгсөн хариу зэрэг баримтууд, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 0-1 дүгээр гудамжны ..., ...а тоот дахь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1. Баянгол дүүргийн ... тоот хаягт байрлах .. м.кв талбайтай газрыг анх 2006 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ...гийн ...д Баянгол дүүргийн Засаг даргаас эзэмшүүлэхээр шийдвэрлэн, ... тоот гэрчилгээ олгож /хх-37/, 2008 оны 2 дугаар сарын 15-ны өдөр уг хаягт 235 м.кв талбайтай газрыг Б....д өмчлүүлэх тухай шийдвэр гарч гэрчилгээ олгогджээ.

4.2.Улмаар 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар гэрчилгээгээр Б....д ... нэгж талбарын дугаартай, Баянгол дүүргийн ... тоот хаягт байршилтай 235 м.кв талбайтай, ...улсын бүртгэлийн дугаартай газар өмчлөх гэрчилгээ олгогдож байсан байна.

4.3. Нэхэмжлэгч Б.... 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан 14 тоот хашааг бүртгэхдээ буруу цэг тэмдгээр бүртгэсэн учир дахин шинээр цэг тэмдэгт тавиулж акт гаргуулсан учир мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт бүхий өргөдөл гаргаж, түүний өргөдлийн дагуу нэр зөрсөн тухай нэгж талбарын зөрчлийг нийслэлийн газрын албаны өмчлөлийн хурлаар шийдвэрлэхээр болсон тухай хариу мэдэгдсэн байна. /хх-55, 56/ Улмаар Б.... болон ...тоот хаягт байрлах газрын өмчлөгч Ц.... нарын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гаргасан өргөдлүүдийн дагуу дээрх хоёр газрын кадастрын бүртгэл зөрүүтэй гарч байгааг залруулж, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын газраас Б....гийн ... нэгж талбарын дугаартай 14 тоот дахь 262 м.кв талбайн кадастрыг тодорхойлон гаргажээ.

4.4.Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст тус дүүргийн ... тоот хаягт байршилтай, ...улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, ... нэгж талбарын дугартай, 262 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч Б....д ... дугаар гэрчилгээ 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр олгогдсон. Мөн Баянгол дүүргийн .. а тоот хаягт...улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, ... нэгж талбарын дугаартай, ... м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч Ц....д ... дугаар гэрчилгээ 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр олгогдсон байна.

4.5.Маргаан бүхий .... тоот хаягт байрлах газартай холбоотойгоор иргэн Э.... нь Нийслэлийн засаг даргад холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн засаг даргын 2006 оны .... дүгээр захирамжийн Г.....од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар шаардаж, тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Нийслэлийн засаг даргын 2006 оны ... дүгээр захирамжийн Г.....од холбогдох хэсгийг хүчингүй болгож, ...14 тоот хаягт байрлах ... м.кв газрыг Э....д өмчлүүлэхийг Нийслэлийн засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.6.Иргэн Э.... мөн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай Б....гийн нэр дээрх гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан боловч Б....гийн өмчлөлийн газар маргаан бүхий газрын зүүн талд байрлаж байгаа нь баримтаар илэрхий болсон гэх үндэслэлээр уг нэхэмжлэлээсээ татгалзаж, шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар Нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан байна.

5.Нэхэмжлэгч Б.... нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон маргаан бүхий Баянгол дүүргийн ... тоот хаягт байрлах ... нэгж талбарын дугаартай 262 м.кв талбайтай газрын хууль ёсны өмчлөгч мөн болох нь ... дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон бөгөөд тэрээр өөрийн өмчлөлийн уг газрыг ашиглаагүй буюу түүний өмчлөлийн газарт хариуцагч Б.... амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

6.Хариуцагч Б.... нь Б....гийн өмчлөлийн дээрх газарт амьдарч байгаа болохоо хүлээн зөвшөөрсөн ба өөрийн үеэл ах Ц....ын өмчлөлийн газар бөгөөд түүний зөвшөөрснөөр амьдарч байгаа гэж тайлбарласан. Гэвч хариуцагчийн үеэл ах гэх иргэн Ц.... Баянгол дүүргийн ... а тоот хаягт байрлах .. м.кв талбайн өмчлөгч болох нь ... дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул Б.... нь Б....гийн өмчлөлийн 14 тоот хаягт байрлах газрыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, эзэмших өмчлөх тодорхой эрхгүйгээр, хууль бусаар эзэмшиж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

7.Иймд нэхэмжлэгч Б.... Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Б....ын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн Улсын бүртгэлийн ...дугаартай Баянгол дүүргийн .... тоот хаягт байрлах ... м.кв талбайтай газрыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

8.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс маргаан бүхий газрын өмчлөлтэй холбоотой асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн гэж тайлбарласан.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан. Гэвч нэхэмжлэгч Б.... уг нэхэмжлэлийн шаардлагааар Б....ын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн газрыг чөлөөлүүлэхийг шаардсан бөгөөд дээрх Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр энэхүү маргаанд хамааралгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй юм. Иймд шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн уг үндэслэлийг маргаан бүхий газрыг өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан шийдвэрлэгдсэн тухай гаргасан тайлбар гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

10.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б....гийн өмчлөлийн ...дугаартай Баянгол дүүргийн .... м.кв талбайтай, гэр бүлийн зориулалттай газрыг хариуцагч Б....ын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА