| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/04265/И |
| Дугаар | 102/шш2023/00548 |
| Огноо | 2023-02-01 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 102/шш2023/00548
| 2000 оны 00 сарын 00 өдөр |
Дугаар 102/ШШ2000/0000 |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүгч Б.Азбаяр, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...
Хариуцагч: ....
Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутай тооцож, гэм хорын хохиролд 3,727,000 /гурван сая долоон зуун хорин долоон мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч....,
Хариуцагчийн төлөөлөгч Н....,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийг дэмжиж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
О.... би 0000 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн... дугаар байрны гадна талын блокон хашаа нурж дарсны улмаас ухаан алдаж, баруун хөлийн шилбэний яс хугарч хөлийн ул, тавхайн хэсэг бяцарч гэмтсэний улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд Яаралтай түргэн тусламжийн тэргээг хүргэгдэн ирснээс хойш одоог хүртэл хэвтэн эмчлүүлж байгаа ба энэ хугацаанд шилбэндээ хоёр удаа мэс ажилбар хийлгэсэн. Хөлний ул, тавхайн хэсэгт мэс ажилбар хийлгээгүй байгаа. Өвчний улмаас хөлөө өвдөгний хэсгээр тайруулж магадгүй нөхцөл үүссэн. Эрүүл мэндийн даатгалаас тодорхой хувийг гаргасан боловч зарим нэг эм тариа, боолтны материалын мөнгийг өөрөөсөө гаргаснаар хойшид төлбөрийн чадваргүй болсон тул эмчилгээний зардлыг гэм буруутай хүн, хуулийн этгээдээс гаргуулж өгөхийг хүсэн шүүхэд хандаж байна. ...СӨХ-г гэм буруутайд тооцож, эмчилгээний зардлын мөнгө 2,500,000 төгрөгийг гаргуулахаар анх шаардсан.
Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш дахин хоёр мэс ажилбар хийлгэж, эмчилгээний зардал болон эм тариа, боолтны материалын үнэ 1,227,000 төгрөгийн зардал нэмж гарсан тул нийт нэхэмжлэх дүнг 3,727,000 төгрөг болгож байна. Эрүүл мэндийн даатгалаас тодорхой хувийг гаргасан боловч зарим эм тариа, боолтны материалын мөнгийг өөрөөсөө гаргаснаар хойшид төлбөрийн чадваргүй болсон тул эмчилгээний зардлыг гэм буруутай хүн, хуулийн этгээдээс гаргуулж өгөхийг хүсэн шүүхэд хандаж байна.
О....гийн хувьд баруун тийшээ, гэр рүүгээ явахдаа тойрч явахаасаа залхуураад хашаа даваад ойрхон цаашаа хороолол явах гэсэн. Тэгтэл тэр хашаа нь даагаагүй нурсан байгаа юм. Үүнийг ...СӨХ барьсан. Урд нь хоёр ч удаа хашаа нурж байсан гэж хүнээс сонссон. Яагаад гэхээр тэнд 2 давхар жижигхэн Зочид буудал байдаг. Тэр буудал руу баруун урд талаасаа орох боломж байхгүй. Урд талдаа барилгын хундаамны газар ухсан байдаг. ...СӨХ талаасаа орох боломжтой. Тэгэхээр эднийх хашаа барихаар түүгээр хүн орох боломжгүй ба хойд талаар тойрч ...СӨХ-оос цааш 20-30 метрийн зайтай дахиад нэг гудамжны машин ордог орцоор л тойрч орох боломжтой. Тэгэхээр хариуцагч тал тэр хаалтыг хаачихаар тэр талаасаа хүн орж чадахгүй. Хүн хажуугийн рзочид буудал руу хойд тал руу нь тойрч орно. Тэгэхээр мэдээж зочид буудал өөрсдөө хүн авахын тулд аль болох орц, гарц нээлттэй байж хүн үйлчлүүлж байвал тэднийд ашигтай. Тиймээс зочид буудлыг тэр хашааг барьсан гэж үзэхгүй байгаа юм. Яагаад гэвэл ...СӨХ талаасаа хаахаар хүн мэдээж тойрч орж байгаа үйлчлүүлэгч нарт хүндрэлтэй асуудал тулгарна. Тийм учраас ...СӨХ бариад удсан юм шиг байна лээ. Зочид буудлаас бол энэ хашааны талаар асууж тодруулаагүй. ...СӨХ-ны хаалганаас 5 метр зайд тэр хашаа байгаа учраас СӨХ-г барьсан гэж бодож хариуцагчаар татсан...гэж тайлбарлав.
2.Хариуцагч ...СӨХ-ны төлөөлөгч Н.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Уг нэхэмжлэлд дурдсан блокон хашаа нь өндөрт байдаг, манай орцноос зайтай, хажуу байгууллагын хаалт, явган хүн орж гардаггүй, наана нь машин тавьдаг. О.... нь согтуу байсан бөгөөд таксины жолоочоос мөнгөө өгөхгүй зугтаж яваад хашаа давахыг завдаж, хашааг нураан гэмтэл авсан байна. Тэр үеийн бичлэг нь байгаа. Энэ нэхэмжлэл манай СӨХ-ны үйл ажиллагаанд хамаарахгүй. Энэ хүн явган хүний гарц орц биш, хүн зорчих газар биш байсан тул бид энэ хүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд манай ...СӨХ-нд ирсэн нэхэмжлэлийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.
Нурсан хашаа их өндөрт байдаг ба наагуур нь жижигхэн төмөр хашаатай. Нэхэмжлэгч манайхаар үйлчлүүлээгүй, өөрөө наад талын жижиг хашааг татсан. Тэр нь бичлэг дээр байгаа. Өөрөө зорьж тэр хашааг нааш нь татаж унагасан байдаг. Мөн манай байранд амьдардаггүй, манайд хамаагүй учраас хүлээн авах боломжгүй. Тэр баригдаад 3 жил болж байгаа юм билээ. Бүүр урд талын сууц өмчлөгчдийн холбоо байхдаа барьсан юм шиг байна лээ. Энэ захирлын өмнө байсан захирал барьсан гэдэг. Гэхдээ хүмүүс л тэгэж хэлсэн. Яг сайн хэлж мэдэхгүй байна. Хашаа барьсан тухай болон үүнтэй холбоотой ямар нэг баримт СӨХ-нд байхгүй. Уг хашаа бол зочид буудалтай залгаа байрлалтай хашаа байгаа. Тухайн үед зогсоол дээр байсан нэг машин дээр хашаа унаад цагдаа дуудсан байсан. Гэхдээ тэр хүн О....гийн байдлаас болсон уу гомдол саналгүй гэсэн гэж ойлгосон...гэж тайлбарлав.
3.Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ нотлохоор: өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-4/, эмийн сангаас худалдан авалт хийсэн болон эмнэлэгт боолт болон эмчилгээ хийлгэсэн үйлчилгээний төлбөрийн баримтууд /хх-8-17, 100-115/, хөлний фото зургууд /хх-75-76, 116-117/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.
4.Харин нэхэмжлэгч тал Ибаримт цахим аппликейшний фото зургууд /хх-18-71/, мөн хөлний рентген зургийн хуулбар /хх-72-74/, эмчлүүлэгчийн дэвтрийн болон Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбарууд /хх-7, 118-121/ зэргийг нотлох баримтаар гаргасан боловч эдгээр баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй учир шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй.
5.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан татгалзлаа нотлохоор: Тайлбар гэх гар бичмэл баримт /хх-81/, хашаа болон орчны байдал харуулсан фото зургууд /хх-122-124/, хяналтын камерын бичлэг бүхий флаш диск, СӨХ-ны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-144/, СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлын гүйцэтгэх захирал томилсон шийдвэрийн эх хувь /хх-145/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.
6.Хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаар шүүхийн тогтоолоор хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан хяналтын камерын дүрс бичлэг бүхий флаш дискэнд үзлэг хийхээр шийдвэрлэж /хх-96/, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дүрс бичлэгт үзлэг хийн тэмдэглэл үйлдэж, үзлэгийн явцыг фото зургаар бэхжүүлсэн байна. /хх-125-143/
7.Мөн шүүхийн журмаар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаас ... дугаар шүүхийн тогтоолоор Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас ...СӨХ нь орчны газраа ашиглах талаар дүүргийн засаг даргын тамгын газартай гэрээ байгуулсан эсэх талаарх лавлагааг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж /хх-154-155/, тус байгууллагаас шаардсан баримт мэдээлэл байхгүй гэх хариу ирсэн /хх-161/ ба 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаар шүүхийн тогтоолоор уг лавлагааг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас гаргуулахаар шийдвэрлэж /хх-163-164/, тогтоолын дагуу 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хариу ирүүлсэн. /хх-167/
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдаанд оролцохоор иргэдийн төлөөлөгчөөр иргэн Б.... томилогдож, тангараг өргөн, хэргийн материалтай танилцсан байна. /хх-87-92/ Гэвч иргэдийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд зохигчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
1.О.... нь ...СӨХ-нд холбогдуулан эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутай тооцож, гэм хорын хохиролд 3,727,000 төгрөг гаргуулахаар шаардсан байна.
2.Шүүх бүрэлдэхүүн О....гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ ...СӨХ-нд хамаарах хашаа нурсны улмаас хөлийн шилбэний яс хугарч, ул тавхайн хэсэг бяцарч гэмтсэний улмаас олон удаа мэс ажилбар хийлгэж эрүүл мэндэд хохирол учирсан тул эм тариа боолтны болон мэс ажилбарын зардалд нийт 3,727,000 төгрөг гарсныг нэхэмжилнэ... гэж тодорхойлсон.
4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч өөрийн буруугаас хашааг нураасан ба тухайн хашаа нь СӨХ-ны хашаа биш, мөн нэхэмжлэгч тус СӨХ-ны оршин суугч биш учир хохирлыг хариуцахгүй гэж тайлбарлан маргаж байна.
5.Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, төлбөрийн баримтууд, осол болсон өдрийн дүрс бичлэг бүхий флаш диск, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд, Нийслэлийн Газар зохион байгуулалтын газраас ирүүлсэн лавлагаа бүхий мэдээлэл зэрэг баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
5.1.Нэхэмжлэгч О.... нь 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн .... байрны гадна талд нэр нь тодорхойгүй зочид буудлын залгаа байрлах блокон хашаанд авирч байгаад уг хашаа нурж, түүний хөлийн шилбэний яс хугарч, ул тавхайн хэсэг бяцарч гэмтсэн байна.
5.2.О.... дээрх гэмтлийн улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд нийт 4 удаа мэс ажилбар хийлгэсэн гэж тайлбарласан бөгөөд тус төвд 2022 оны 7 дугаар сарын 20, 8 дугаар сарын 16, 9 дүгээр сарын 26-ны өдрүүдэд нийт 3,581,000 төгрөгийн эмчилгээний зардлаас 3,043,850 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас, нэхэмжлэгч О.... 537,150 төгрөгийн төлбөр тус тус төлж, эм тариа, боолтны болон бусад зардалд эмийн сангаас нийт 2,089,190 төгрөгийг нэхэмжлэгч зарцуулжээ. /хх-17, 115, 8-16, 100-115/
5.3. 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр болсон осол хэрэгт нотлох баримтаар авагдсан хяналтын камерын дүрс бичлэгт хадгалагдсан ба уг дүрс бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч О.... нь ...СӨХ-ны оршин суугчдын автомашины зогсоолоос дээшээ авирч, улмаар цементэн хашаа руу гарч байгаад блокон хашааны хамт зогсоолд байрласан машин дээр унасан байна.
5.4. Хариуцагч ...СӨХ нь 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр олгогдсон гэрчилгээний дагуу Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 36 дугаар байранд үйл ажиллагаа явуулж, тус байрны оршин суугчдын дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээг хариуцан ажилладаг бөгөөд нэхэмжлэгч О....гийн авирч байгаад унасан блокон хашаа тус СӨХ-ны орчны газарт хамаардаг гэх баримт хэрэгт байхгүй, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус СӨХ-нд орчны газар ашиглуулах эрх үүсээгүй, Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн систем .... програмд бүртгэлгүй талаар тодорхойлсон.
6.Зохигчид О....гийн унасан блокон хашаа хариуцагчийн эзэмшлийнх мөн эсэх, нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцагч барагдуулах үүрэг хүлээх эсэх, хашаа нурсанд хариуцагчийн, эсхүл нэхэмжлэгчийн буруу байгаа эсэх талаар өөр өөрийн үндэслэл зааж маргасан. Харин хашаа нурж, нэхэмжлэгчийн биед хохирол учирсан нөхцөл байдлын талаар хэн аль нь маргаагүй.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилсан байна.
7.Блокон хашаа нурсны улмаас өөрийн эрүүл мэндэд хохирол учирсанд нэхэмжлэгч нь хариуцагчийг буруутай болохыг тогтоолгохоор шаардсан ба тухайн нурсан блокон хашаа нь ...СӨХ-ны эзэмшлийн хашаа болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй, мөн хашаа нэхэмжлэгчийн үйлдлийн улмаас нурсан гэх байдал хяналтын камерын дүрс бичлэгээс харагдаж байх тул уг осол ...СӨХ-ны буруугаас үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
8.Мөн Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.1 дэх хэсэгт Зохих ёсоор арчилж хамгаалаагүй, гэмтэл согогтой байснаас бусад тохиолдолд байшин барилга бүтэн буюу хэсэгчлэн нурсны улмаас учирсан гэм хорыг тухайн барилгыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна гэж заасан ба ...СӨХ нь уг блокон хашааны эзэмшигч бус, өөр байгууллагын барилгатай залгаа баригдсан байх тул хариуцагчид хамааралгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэн, эдгээр үндэслэлээр О....гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9.Шүүх О....гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 88,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 500 дугаар зүйлийн 500.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул ...СӨХ-г гэм буруутайд тооцож 3,727,000 төгрөг гаргуулах тухай О....гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 88,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
М.МӨНХТӨР