| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0182/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/225 |
| Огноо | 2025-08-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/225
2025 08 25 2025/ШЦТ/225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0182/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.*******,
Улсын яллагч Н.*********,
Хохирогч Д.*******,
Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ********* овгийн ********** *******д холбогдох 2539001760134 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч А.******* нь 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар баг ********тоотод өөрийн төрсөн эх болох Д.*******г мөнгө өгсөнгүй гэх шалтгааны улмаас зүүн хөлийн шилбэн тус газар өшиглөж зодсон, мөн 2025 оны 02 дугаар сарын 04- ний өдөр дээрх газарт төрсөн эх Д.*******г дахин мөнгө өгсөнгүй гэх шалтгааны улмаас түлхэж унагах, тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадаж баруун, зүүн бугалга хэсгээс татаж, чангаах зэргээр биед нь халдаж цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.******* нь 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар баг *********** тоотод өөрийн төрсөн эх болох Д.*******г мөнгө өгсөнгүй гэх шалтгааны улмаас зүүн хөлийн шилбэн тус газар өшиглөж зодсон, мөн 2025 оны 02 дугаар сарын 04- ний өдөр дээрх газарт төрсөн эх Д.*******г дахин мөнгө өгсөнгүй гэх шалтгааны улмаас түлхэж унагах, тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадаж баруун, зүүн бугалга хэсгээс татаж, чангаах зэргээр биед нь халдаж цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1.Хохирогч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* бол миний хамгийн том охин байгаа юм. ...******* аймагт ирэх болгондоо надаас мөнгө нэхдэг. ...Тэгсэн 02 дугаар сарын 04-ний өдөр надаас 20000 төгрөг нэхээд байсан бөгөөд би одоо чамд дахиж мөнгө өгөхгүй гэсэн чинь намайг түлхэж унагаагаад над руу уурлаад хашгичаад байсан. Тэрнээс 2 хоногийн өмнө буюу 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр миний зүүн хөл хэсэг рүү 1 удаа өшиглөж, миний хөлийг маш хөндүүр болгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-р хуудас/,
2.Хохирогч Д.*******гийн дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* бол огцом ууртай, 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр надаас 20,000 төгрөг нэхээд байхаар нь би өгөхгүй гэсэн чинь ******* яахаараа надад өгдөггүй юм гээд намайг гэр дотор шууд түлхээд унагаачихсан. ...Тэгж бол намайг шууд түлхэж унагаасан. Харин тэр өдрийн өмнө нь бас 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр надаас мөн адил л мөнгөө нэхээд хэрүүл хийгээд уурлаад байсан. Тэгэхээр нь би надад мөнгө байхгүй би чамд мөнгө өгч чадахгүй гэсэн чинь миний зүүн талын шилбэ рүү нэг удаа өшиглөсөн. Дараа нь тэр нь хөхрөөд хөндүүр болж байсан. Тухайн үед бол гэрт ******* бид хоёр байсан, хажууд өөр хүн байгаагүй. Манай гэрт надаас мөнгө нэхээд л ирж байгаа хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/,
3.Д.*******гийн зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 04-ний өглөө 09 цагийн орчимд охин ******* нь гаднаас орж ирээд би хөдөө явах гээд байна надад 20,000 мянган төгрөг өгчих гээд байсан. Тэгэхээр нь би надад чамд өгөх мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгтэл намайг охин мөнгө өгөхгүй бол ална гээд хэрүүл үүсгэсэн. Намайг ална гээд зодох гээд байхаар нь би гэрээсээ гараад гудманд гартал ор гээд намайг араас гараараа түлхэж газар унагаасан юм. Би хөл муутай болохоор газар унасан чинь таны хөл тасраад уначаагүй байна гэж хэлсэн. Би охиноосоо зугтааж хажуу айлын хүнээр цагдаа дуудуулсан. Охин ******* намайг 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр надаас мөнгө нэхэж хэрүүл үүсгэж мөнгө өгсөнгүй гэж миний зүүн хөлрүү нэг удаа өшиглөж, миний хацар хэсэгт нэг удаа алгадсан. Миний зүүн хөлийн шилбэ хөхөрсөн миний хөл өвдөж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/,
4.2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 127 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч *********** “...1.2.Д.*******гийн биед баруун, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтээс баруун, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд, зүүн шилбэнд цус хуралт нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанаас өмнө үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 5.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...." гэх дүгнэлт /хх-ийн 24-25-р хуудас/,
5.2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 234 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч ********* “...1. Д.*******гийн биед баруун, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 2.Дээрх гэмтлээс баруун, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанаас өмнө үүссэн байх боломжтой....." гэх дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх шинжүүдээр үйлдсэн хэмээн буруутган яллажээ.
“Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэдэг нь бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон, уг байдлыг нь далимдуулсан, ашигласан байхыг хэлнэ.
Биеэ хамгаалж чадахгүй хүнд бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй зэрэг этгээд хамаарна гэж Улсын дээд шүүх тайлбарласан.
“Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь хэрэг гарах үед хохирогч биеэ хамгаалах, хянах чадвартай байсан эсэхээс гадна, энэхүү биеэ хамгаалж чадахгүй байдлыг гэмт этгээд ухамсарлан ойлгосон, уг нөхцөл байдал нь тухайн гэмт хэрэг үйлдэхэд түлхэц, далим болсон, мөн зоригжуулсан байх, зарим талаар тухайн хэргийн сэдэл шалтгааныг төрүүлсэн, гэмт хэрэгтэн тухайн нөхцөл байдлыг гэмт үйлдлээ хэрэгжүүлэх аятай боломж гэж үзсэн, мөн энэ нөхцөл байдлыг ашиглаж гэмт хэргээ үйлдсэн байхыг давхар шаардана. Энэ нь гэмт этгээд хохирогчоос биеийн хүч, эсэргүүцэн тэмцэх чадвар болон сэтгэц, ухамсарлах байдал зэргээр тухайн үед илтэд илүүрхэх боломжтой, өөрт нь давуу тал болно гэдгийг ухамсарлаж, дээрэлхэх, хүчлээр давамгайлах сэдлээр үйлдэгддэг, энэ нь хэрэгтэн үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө үүсч хэргийн сэдэл шалтгааныг нөхцөлдүүлдэг, мөн гэмт хэрэгтэн бие хүн тухайн гэмт хэрэгт хандах субъектив хандлагын илэрхийлэл болдог.
Мөн түүнчлэн Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйл “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд”, 3.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд 60, түүнээс дээш настай эрэгтэй, 55, түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн хамаарна.” гэж хуульчилжээ. Хохирогч Д.******* нь 1954 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн бөгөөд уг гэмт хэрэг гарах үйлдэгдэх үед 70 (дал) нас 11 (арван нэг) сартай байжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйл “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд”-ийг тодорхойлсон бөгөөд 3.1.1-д “3.1.2.тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү.” гэж хуульчилжээ. Шүүгдэгч А.******* нь хохирогч Д.*******гийн төрсөн охин бөгөөд хоорондоо гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байх тул уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд мөн гэж дүгнэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч А.*******гийн 70 (дал) нас 11 (арван нэг) сартай төрсөн эх Д.*******г 2 (хоёр) удаа зодож, түүний эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Иймд шүүгдэгч А.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч А.*******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 (таван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан 500 (таван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг шүүгдэгчид мэдэгдэв.
3.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхэд хохирлын баримт гаргаж өгөөгүй, сэтгэцийн хор уршгийг нэхэмжлэхгүй талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.*******г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн *********** *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******г 500 (таван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан 500 (таван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
4.Шүүгдэгч А.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР