| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2022/05227/И |
| Дугаар | 101/ШШ2023/01067 |
| Огноо | 2023-03-02 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2023/01067
2023 03 02 101/ШШ2023/01067
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Ч /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.А/,
Хариуцагч: М.О/ нарт холбогдох,
Талийгаач Д.М ын хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, хариуцагч нарт олгогдсон .... дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогсод:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Э,
хариуцагч: Ц.Э ,
хариуцагч М.О ы итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Э,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Түвшинбаяр.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Д.М нь 1981 оноос эхлэн ЗХУ-д суралцаж байх хугацаанд 1983 онд ээж нь нас барснаар сургуулиасаа жилийн чөлөө авч Монгол улсад ирээд, 1983 оны 9 сараас Ө аймгийн Т сумын дунд сургуульд математикийн багшаар түр томилогдон ажиллаж байсан. Ийнхүү ажиллаж байх хугацаандаа Ө аймгийн Т сумын иргэн С.Ц той танилцан дотносож, хамтран амьдарч эхэлсэн. Улмаар 1984 оны 11 сарын 01-ний өдөр Д.М болон С.Д нарын дундаас охин мэндэлсэн бөгөөд Д.М нь охиндоо Э гэдэг нэр өгч улсын бүртгэлд бүртгүүлсэн. Д.М нь 1984 онд ЗХУ руу буцан очиж их сургуульдаа суралцах боломжгүй болсон учраас 1984 оны 9 сараас эхлэн Улаанбаатар хотод Политехникийн дээд сургуульд элсэн суралцсан. С.Д нь охинЦ.Э ийн хамт өөрийн эцэг Ж.С ийн гэрт Ө аймгийн А суманд үлдсэн. Д.М нь оюутны зуны амралтаараа гурилын үйлдвэрт ачигч, туслах ажилтаар ажилладаг байсан тул хамтран амьдарч байсан С.Д болон охин Ц.Э нартай байнга хамт байх боломжгүй байсан. Дээд сургуулиа төгсөөд хотод өөрийн гэсэн орон гэртэй болсныхоо дараа охин, та хоёрыгоо хот руу нүүлгэж авч явна хэмээн С.Д т амласан байдаг. С.Д нь А сумын 4 дүгээр цэцэрлэгт багшаар ажиллаж эхэлсэн, хотод Д.М нь эмээгийнхээ байранд амьдардаг зэрэг шалтгааны улмаас С.Д нь нялх хүүхдийнхээ хамт Д.М руу явах боломж байгаагүй. Улмаар С.Д нь 1987 онд Ө аймгийн Гучин-Ус сумын цэцэрлэгт багшаар томилогдон явснаар Д.М аас харилцаа хөндийрсөн. Д.М ын охинЦ.Э ийг С.Д нь сүүлд гэр бүл болсон нөхөр Д.Э овоглуулж, Э гэдэг нэрийг нь Ч болгон өөрчлүүлсэн. 2002 онд Э.Ч нь Ө аймгийн Гучин-Ус сумны ерөнхий боловсролын сургуулийг төгсөж, Эрдэнэт хотод их сургуульд элсэн суралцахаар болсон. 2002 оны 7 сард С.Д ын нутгийн танил Д гэх эмэгтэй Улаанбаатар хотын Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байхад нь Д.М ын төрсөн дүү Д.Даариймаа гэгчтэй танилцаад Ө аймгийн Т сумынх гэдгээ хэлтэл Д.Д нь Цэдэндолгор гэж эмэгтэйг таних уу, охин нь Э гэдэг. Бид Т сумаас хайгаад олохгүй байна, та сураг гаргаж өгөөч гэсний дагуу Д нь сумандаа буцаж ирээд С.Д той уулзаж Д.Д гийн утсыг өгсөн байдаг. С.Д нь Д.Д тай утсаар холбогдоход Ахынхаа охинтой уулзах хүсэлтэй байна, ах маань охиноо Т сумаас хайгаад олоогүй, охиныгоо одоо оюутан болоод ирж байгаа байх, уулзмаар байна гэсний дагуу С.Д нь Д.М тай утсаар холбогдож байгаад 2002 оны 8 сард Улаанбаатар хотод ирж уулзсан. Улмаар 2002 оны 11 сард охин Э.Ч ийг төрсөн эцэг Д.М тай нь Улаанбаатар зочид буудлын Мистер Ванг ресторанд анх удаа танилцуулж уулзуулсан. Д.М нь тухайн өдөр охин Э.Ч ийг өөрийн гэрт урьж эхнэр Ц.Э , хүү М.О нартай танилцуулсан. Э.Ч ийг 2002-2006 оны хооронд Монгол Улсын Их Сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуульд суралцаж байх хугацаанд аав Д.М нь бага зэрэг хэрэглээний мөнгө банкны харилцах дансаар өгч дэмжлэг үзүүлж байсан. Оюутны өвлийн болон зуны амралтаар Улаанбаатар хотод ирэхэд нь уулздаг, аавынхаа гэрээр зочилдог байсан. Хэдийгээр эцэг охины нандин холбоотой байсан ч гэлээ Д.М нь охин Э.Ч ийг өсгөж хүмүүжүүлээгүй, 18 жилийн дараа насанд хүрсэн хойно нь уулзсан, бие биеийнхээ зан байдал, хандлагыг сайн мэдэхгүй болохоор жирийн аав, охин шиг харилцаа дөнгөж төлөвшиж эхэлж байсан. Д.М нь 2018 оны 10 сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээс өвчний улмаас нас нөгчсөн. 2019 оноос эхлээд төрсөн дүү М.О Аавын өв хөрөнгөнөөс та бид хоёрт Ц.Э эгч өгөх ёстой боловч өгөхгүй байна. Хамтдаа хуульч хөлслөөд аавын өв хөрөнгөнөөс өөртөө болон танд оногдох хэсгийг нь гаргуулахаар хөөцөлдөж эхэлье гэж хэлсний дагуу хамтдаа хуульчтай 2019 оны 11 сард уулзаж зөвлөгөө авсан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид хандан Би өөр хуульч хөлслөөд таны өмнөөс бас хөөцөлдөж байгаа. Та санаа зоволтгүй хүлээж бай хэмээн 2020 оны сүүлээр тайлбарласан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас өв залгамжлалын асуудлаар 2021 оны сүүлээр лавлаж асуухад хөөцөлдөж байгаа, удахгүй шийдвэрлэгдэнэ, та хүлээж бай гэх зэргээр мөн л тайлбар хэлсээр байсан. 2022 оны 2 сард мөн энэ талаар асуухад Ц.Э эгч бид хоёр тохиролцоод асуудлаа шийдчихлээ. Та өөрөө тусдаа хуульч хөлслөөд өв хөрөнгийн асуудлаа шийдээрэй гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн төрсөн эцэг талийгаач Д.М нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 155 тоот хаягт байрлах Хос худалдааны төв нэртэй худалдаа, үйлчилгээний зориулалттай 3 давхар үл хөдлөх хөрөнгө өмчилж байсан бөгөөд энэхүү үл хөдлөх хөрөнгө нь өвлөгдөх эд хөрөнгийн гол хэсэг гэж үзэж байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3-т заасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд онцгой харьяаллын дагуу нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь талийгаач Д.М аар овоглодоггүй учраас улсын бүртгэлд Д.М ын төрүүлсэн хүүхдийн жагсаалтад ороогүй буюу хууль ёсны өвлөгч гэж шууд үзэх боломжгүй байгаа тул Иргэний хуулийн 531.1, 532.2-т заасны дагуу өв нээгдсэн газрын нотариатад өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргах хууль зүйн үндэслэл байхгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргахаас өөр аргагүй байдалд хүрснийг анхаарч үзнэ үү. ДНК-ийн шинжилгээгээр тогтоох боломжгүй талаар шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хэлсэн. Үүнийгээ нотлохын тул тухайн үед Ө аймгийн Т суманд ажиллаж байсан 2 хүн, мөн хамтран амьдарч байсан С.Д нарыг дуудан ирүүлж гэрчээр асуулгасан байгаа. Хариуцагч тал Э.Ч ийг охин нь биш, нэхэмжлэл гаргах нь үндэслэлгүй гэж тайлбар өгдөг ч гэрч нар хамт амьдарч байсан нь үнэн, Э.Ч төрсөн талаар нь гэрчилж өгсөн. Иймд талийгаач Д.М ын төрсөн охин буюу хууль ёсны өв залгамжлагчаар Э.Ч ийг тогтоолгох, хариуцагч Ц.Э , том хүү М.О нарт холбогдох талийгаач Д.М ын өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.
2.1. Хариуцагч Ц.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д хууль ёсны өвлөгч гэдгийг нас барагчийн нөхөр, эхнэр төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж хуульчилжээ. Тэгвэл нэхэмжлэгч Э.Ч т хуульд заасан шаардах эрх үүсээгүй байна гэж ойлгогдож байна. Учир нь нэхэмжлэгчийн эх С.Д нь Э гэх хүнтэй гэр бүл болж түүнийг хууль ёсны эцэг гэх баримтаар Э гэх нэрийг нь сольж Э ын Ч болгосон байгаагаас харахад түүний хууль ёсны эцэг нь Э гэдэг хүн болж байна. Энэ бол хууль зүйн факт. Ийм тохиолдолд хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох шаардах эрх үүсэхгүй байна. Өөрөөр хэлбэл хууль ёсны асран хамгаалагч болох нэхэмжлэгчийн эх С.Д нь албан ёсоор талийгаач Д.М ын эцэг байх эрхээс нь татгалзсан гэж үзэхээр байна. Нэг удаа нөхөр маань Ч т Би чиний ээжийг танихгүй юм байна. Тиймээс хоёулаа хууль шүүхийн байгууллагаар явж асуудлаа шийдье гэж хэлснээс хойш алга болсон гэж ярьж байсан. Үүнээс өөр талийгаач надад нэхэмжлэгч Э.Ч ийн талаар нэг ч удаа ярьж байгаагүй. Мөн тухайн үед нь талийгаач Д.М т холбогдуулан шүүхэд хандаж эцэг тогтоолгох эрх зүйн боломж байсан. Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын тухайд би талийгаач Д.М тай 2005 оноос хойш амьдарч гэрлэлтийн баталгаатай хууль ёсны гэр бүл байсан. Нотариатын байгууллага нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасны дагуу улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын дагуу Өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгосон. Өөрөөр хэлбэл нотариатын үйлдэл нь хууль ёсны дагуу хийгдсэн болно. Өв залгамжлах гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл нь нотариатын үйлдлийн хууль бус ажиллагааг тогтоосны эцэст хүчингүй болгох учиртай. Тэгвэл энэхүү шаардлагыг хариуцвал зохих этгээд нь иргэн Ц.Э болон М.О нар биш байна. Мөн түүнчлэн нотлох баримтаар шүүхэд гаргасан фото зураг дээр Д.М нь төрсөн эгч болох Д.Эрдэнэцэцэгтэй хамт авхуулсан зураг ба нэхэмжлэгчийн эх гэх С.Д той авхуулсан зураг биш юм. Хань минь 2016 оноос хойш хорт хавдар өвчнөөр оношлогдож 2 жил гаруй хугацаанд энэ өвчинтэй тэмцэж, маш их эмчилгээ хийлгэсэн энэ хугацаанд би л хажууд нь харж хандаж, бүхий л асуудлыг үүрч байсан. Тэр үед хүүхэд гэж өөрийгөө нэрлээд эд хөрөнгө шаардаж, өв залгамжлагчаар тогтоолгох нэхэмжлэл гаргасан этгээд ганц ч удаа ирж уулзаж байгаагүй. Хариуцагч М.О бидний дунд нэхэмжлэгчийн бичиж байгаа шиг ямар ч зүйл болоогүй, нөхрийнхөө хүү М.О той хамт 10 гаруй жил хамт амьдарсан. Д.М бидний дундаас хүү Д.Ма төрсөн. Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй, бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэв.
2.2. Хариуцагч М.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч Э.Ч тэй нэхэмжлэлд бичсэн шиг яриа ердөөсөө болоогүй, гүтгэж байна. Аавыг минь амьд сэрүүн байхад энэ хүн ирж уулзаж байсныг мэдэхгүй юм байна. Намайг хууль ёсны өв залгамжлагч мөн гэдэгтэй хэн ч надтай маргаагүй. Өв залгамжлалын талаар Ц.Э эгч болон дүү М.Манлай нартай ямар нэгэн маргаан байхгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг нотлох 2 баримт байдаг нь обьектив болон субьектив баримт байх ёстой. Обьектив баримт нь Д.М т хүүхэд байх боломжтой байна уу, боломжгүй байна уу гэдэг талаар нь харагдах ёстой. Э.Ч нь Д.М ын хүүхэд мөн гэх баримт байхгүй тул обьектив баримт байхгүй. Субьектив баримт гэрчийг хэлж байгаа. Гэрч нар нь ашиг сонирхлын зөрчилтэй гэрч нар байгаа. Нэг гэрч нь Э.Ч ийн эцэг ч байж магадгүй хүн байгаа. Ямар учраас эцэг нь байж магадгүй гэж хэлж байгаа вэ гэхээр Д.М тай нэг хашаанд хамтдаа байдаг байсан гэж тайлбар өгдөг. Энэ дотроос Д.М ыг сонгож эцэг нь гэж хэлэх боломж байхгүй. Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох ямар ч зохицуулалт байхгүй. Нэхэмжлэгч талын зорилго нь Д.М ыг өөрийн эцэг мөн болохыг тогтоолгож хөрөнгө, мөнгө авах гэсэн сэдэлтэй үйлдэл гаргаж байгаа. Нотлох баримт гээд байх зүйл хэрэгт нэг ч байдаггүй. Э.Ч нь М.О дээр ирж мөнгө нэхээд авч байсан. Залилан мэхэлж байсан үйл баримт байдаг. Энэ үйл баримт дээр манай талаас шүүхэд нэхэмжлэл гаргана гэж бодож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, 2022.06.16-ны өдрийн итгэмжлэл /хх-4/, 2022.08.17-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа /хх-5/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.08.11-ний өдрийн 101/ШЗ2022/18923 дугаар захирамж /хх-6-9/, фото зураг /хх-10/, нэхэмжлэгч Э.Ч , хариуцагч М.О нарын харилцан цахим мессэж /хх40-41/, С.Н ын тайлбар /хх-126/, А.Чулуунмөнхийн тайлбар /хх-127/, 2022.11.30-ны өдрийн 134 дугаартай Ө аймгийн Т сумын Засаг даргын архивын лавлагаа /хх-137-146/,
3.2. Хариуцагч нараас ирүүлсэн: хариуцагч Ц.Э ийн хариу тайлбар /хх-21-22/, гэрлэлтийн гэрчилгээ /хх-23/, хүү М.Манлайн төрсний гэрчилгээ /хх-24/, 2022.09.09-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын төрөл садангийн лавлагаа /хх-25/, Д.М ын эрүүл мэндийн картын хуулбар /хх-26/, Хавдар судлалын үндэсний төв хими эмчилгээний тасаг гэх баримт /хх-27/, Д.М ын нас барсны гэрчилгээ /хх-28/, хариуцагч М.О ы хариу тайлбар /хх-29/, 2022.09.12-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын төрөл садангийн лавлагаа /хх-30/, 000754671 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-31/, 2019.10.28-ны өдрийн 14 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ /хх-32/, 2022.10.12-ны өдрийн итгэмжлэл /хх-76/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.01-ний өдрийн 101/ШШ2021/02576 дугаар шийдвэр /хх-88-94/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.10.27-ны өдрийн 1569 дүгээр магадлал /хх-95-102/,
3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: 2019.10.28-ны өдрийн 14 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ /хх-54/, 2022.12.09-ний өдрийн С.Цэрэндолгорийн гэрчийн мэдүүлэг /хх-158-162/, С.Н ын гэрчийн мэдүүлэг /хх-163-165/, 2022.12.27-ны өдрийн 1/3640 дугаартай Шүүхийн тусгай архивын хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-168/, 2006.02.06-ны өдрийн 119 дугаартай Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэр /хх-169-171/, 2006.04.12-ны өдрийн 196 дугаартай Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх-172-173/, 2007.03.29-ний өдрийн 192 дугаартай Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол /хх-174-176/, Монгол Улсын Дээд шүүхийн 2007.05.25-ны өдрийн 6/1757 дугаартай гомдлын хариу өгөх тухай албан бичиг /хх-177/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.12.30-ны өдрийн 10/11226 дугаартай албан бичиг /хх-178/, овог нэр өөрчилснийг мэдэгдэх хуудас /хх-179-180/, төрсний гэрчилгээ /хх-181/, 2002.06.03-ны өдөр Ө аймгийн Гучин-Ус Засаг даргын тамгын газарт гаргасан Э.Ч ийн өргөдөл /хх-182/, Э.Ч ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-183/, Ө аймгийн Гучин Ус сумын Засаг даргын 2002.06.04-ний өдрийн 44 дугаар захирамж /хх-184/, Э.Ч ийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар /хх-185/, 2006.04.26-ны өдрийн 39127 дугаартай Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт /хх-186/, 2006.05.14-ний өдрийн 625 дугаартай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт /хх-187/, 2006.05.01-ний өдрийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн албан бичиг, мөнгө тушаасан баримт /хх-188/, гэрлэлтийн гэрчилгээ /хх-189/, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргаар уламжлан Иргэний бүртгэл мэдээллийн тасагт гаргасан Э.Ч ийн өргөдөл /хх-190/, 2006.04.20-ны өдрийн 10888 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-191/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Э.Ч нь түүний эх С.Д , Д.М нар хамт амьдарч байх хугацаанд төрсөн, овог нэр зөрүүтэй улмаас хууль ёсны бүртгэл хийлгэж чадаагүй гэх үндэслэл заан талийгаач Д.М ын хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, хариуцагч Ц.Э , М.О нарт олгогдсон 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч Ц.Э , М.О нар нь талийгаач Д.М ын хууль ёсны өв залгамжлагч нарын хувьд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон, нэхэмжлэгчийг талийгаачийн хүүхэд гэж үзэх үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
4. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч Э.Ч ийн төрсөн эх С.Д нь 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр охин Э ийг төрүүлж өөрийн нэрээр овоглосон ба охинЦ.Э ийн нэрийг Ц.Ч болгон өөрчилж төрсний гэрчилгээ гаргуулсан бөгөөд тэрээр Д.Э тай гэр бүл болж, улмаар 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр охин Ц.Ч ийн овгийг Э болгон өөрчилсөн.
4.2. Б овогт Д.М /Регистрийн дугаар ХА60031919/ нь 58 настайдаа ....ний өдөр эмнэлэгт өвчнөөр нас барж, 0000 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээ олгогдсон.
4.3. Д.М , Ц.Э нар нь ....-ний өдөр гэр бүл болсныг иргэний гэрлэсний бүртгэлд .....-ны өдөр бүртгүүлсэн, тэдний дундаас ....-ны өдөр хүү Б овогт Мын М // төрсөн.
4.4. Хариуцагч Б овогт Мын О // нь ....-ны өдөр төрсөн, түүний эцэг нь Батууд овогт Д.М болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн төрөл садангийн лавлагаагаар тогтоогдсон.
4.5. ... дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээгээр нийслэлийн ..... тоот хаягт байршилтай м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 30 хувийг М.О , М.М, Ц.Э нар тус бүр 10 хувийг өвлөх эрхтэй талаарх өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон.
5. Нэхэмжлэгч Э.Ч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ түүний эх С.Д , Д.М нар Ө аймгийн Т суманд хамт амьдарч байсан, Д.М ыг амьд байхад нь түүний эх болон өөрөө уулзаж байсан, түүний сургалтын төлбөрт мөнгө өгч санхүүгийн туслалцаа үзүүлж байсан, хүү М.О той өв залгамжлалын асуудлаар хамт хөөцөлдөж байсан гэж тайлбарлаж мэтгэлцсэн.
6. Хэрэгт авагдсан баримтаар Д.М нь 1983-1984 онуудад Ө аймгийн Т сумын Ерөнхий боловсролын 8 жилийн сургуульд багшаар ажиллаж байсан нь тогтоогдож байх ба түүний ажиллаж байсан хугацаанд нэхэмжлэгчийн төрсөн эх С.Д той харилцаа холбоотой байсан талаар гэрч С.Д , С.Н нар мэдүүлж байх боловч эдгээр баримтаар нэхэмжлэгч Э.Ч ийн төрсөн эцэг нь Д.М мөн гэдгийг тогтоох боломжгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн эх С.Д , талийгаач Д.М нар харилцаа холбоотой байсан гэх үйл баримтаар Э.Ч ийн биологийн эцэг нь Д.М мөн гэж үзэх боломжгүй юм. Мөн нэхэмжлэлийн үндэслэлд дурдаж буй талийгаачийг амьд байхад нь уулзаж байсан, тодорхой хэмжээний санхүүгийн туслалцаа үзүүлж байсан, хүү М.О той нь өв залгамжлалын асуудлаар хамт хөөцөлдөж байсан гэх үйл баримтууд нь Э.Ч ийн биологийн эцэг нь Д.М гэж үзэх шууд нотлох баримт болохгүй юм.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүний нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нь хууль ёсны өвлөгч болох талаар заасан.
Хуулийн тус заалтын эхнэр, хүүхэд гэсэн эрх зүйн ойлголтод өвлүүлэгчтэй гэрлэсэн болон түүний хүүхэд болохыг гэрчилсэн иргэний бүртгэлийн баримт бичигт тулгуурлан тухайн этгээдийг тодорхойлох ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн эх С.Д нь Д.М тай гэрлэлтийн бүртгэл хийлгэж байгаагүй, охин Э.Ч нь Д.М аар овоглож байгаагүй, өөр хүнээр овоглогдсон зэрэг байдлаас дүгнэхэд Э.Ч ийг талийгаач Д.М ын төрсөн охин, түүний өвлөгч гэж үзэх боломжгүй байна.
7. Талийгаач Д.М ын эхнэр Ц.Э , хүү М.О , М.Манлай нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Д.М ын хууль ёсны өвлөгч нар байна.
Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно гэж заасан ба хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өв нээгдэж, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Д.М ын хууль ёсны өв залгамжлагч нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйл ажиллагаа нь хуульд заасны дагуу хийгджээ.
... дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг нийслэлийн тойргийн .. дугаартай нотариатч Б.Б олгосон байх ба нэхэмжлэгч нь нотариатчийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
8. Дээр дурдсан үндэслэлүүдээр талийгаач Д.М ын хууль ёсны өв залгамжлагч нарт өвлөх эрхийн гэрчилгээ хуульд заасны дагуу олгогдсон байх ба нэхэмжлэгч Э.Ч ийг Д.М ын төрсөн охин гэж үзэн хууль ёсны өвлөгчөөр тогтоох үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн талийгаач Д.М ын хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, хариуцагч нарт олгогдсон ....-ны өдрийн 14 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
9. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 Т ийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасныг баримтлан хариуцагч М.О , Ц.Э нарт холбогдох талийгаач Д.М ын хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, хариуцагч нарт олгогдсон ...ны өдрийн... дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 Т ийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР