| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2022/03477/И |
| Дугаар | 101/ШШ2023/01158 |
| Огноо | 2023-03-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2023/01158
| 2023 03 07 | 101/ШШ2023/01158 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Д.Батцэцэг, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Д /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г г ХХК -д холбогдох,
Гэм хорын хохиролд 13,307,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,
хариуцагчийн өмгөөлөгч Д.Б,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Түвшинбаяр.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Л.Д нь 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Х аймагт байрлах Г ХХК-ийн салбараар 100,000 төгрөгт дизель түлш аваад ойролцоогоор 2 км явж байтал машин эвдэрсэн. Шалгаж үзтэл дизель түлш биш бензин хийсэн байсан. Тухайн салбар хариуцсан менежер нь биднээс уучлалт гуйсан, бид дөрвөн хүн хот руу яарч байсан тул Г ХХК нь өөр машин хөлсөлж өгсөн. Бид хотод түрүүлж ирсэн, машин хоёр хоногийн дараа ирсэн. ....ны өдөр С ХХК дээр очиж машинаа задлуулсан, Г ХХК-ийн менежер А.Э нь машин задлах, оношлох, засвар хийлгэх бүх үе шатуудад хамт байсан. Тухайн үед танай хохирлыг бид бүрэн барагдуулах болно гэж хэлсэн. Миний машин Jeep Compass маркийн суудлын машин тул сэлбэг нь Монголд байдаггүй зөвхөн захиалгаар ирдэг. Түлшний насос нэг ширхэг 2,944,000 төгрөг, цахилгаан порсунк хоёр ширхэг 1,792,000 төгрөг, банк авч систем цэвэрлэсэн оношлогоо 380,000 төгрөг, гарааш 20 хоног 200,000 төгрөг, ажлын хөлс 900,000 төгрөг, НӨАТ 563,600 төгрөг, нийт 6,779,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Г ХХК-ийн ажилтны буруугаас өөрийн тээврийн хэрэгсэлдээ бензин хийлгэсний улмаас ..... СҮА улсын дугаартай автомашин эвдэрч, хэрэглэж чадалгүй өдийг хүрсэн. Нэхэмжлэгч нь С аймагт мал маллаж өөрийн амьдрал ахуйг залгуулдаг бөгөөд тухайн эвдэрсэн тээврийн хэрэгсэл нь өдөр тутам малаа хариулах, ажил хийгээд амин хэрэгцээний автомашин байсан. Г ХХК-ийн ажилтнуудын буруутай үйлдлийн улмаас автомашин эвдэрсэн тул өдөр тутмын ажил, амьдралаа хэвийн явуулахын тулд иргэн Ч.Э ын .... УБП улсын дугаартай Toyota Highlander загварын тээврийн хэрэгслийг 1 сарын 600,000 төгрөг, эсхүл 1 адууны үнээр тооцож түрээсийн гэрээ байгуулж 10 дугаар сарын 15-ны өдрийг дуусах хүртэл хугацаанд ашигласан. Иргэн Ч.Э тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу түүнд нийт 5 тооны адуу буюу гэрээний үнийн дүнгээр нийт 3,000,000 төгрөгийн адуу хүлээлгэж өгсөн. Иймд нэхэмжлэгчид учирсан хохирол 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр автомашин маань эвдэрч, одоог хүртэл эвдрэлтэй С ХХК-ийн хашаанд байсаар байна. Өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа хэдий ч Г ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагыг хангах талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн. Энэ хугацаанд эвдэрсэн тээврийн хэрэгслийг засварлах мөнгөн дүн тодорхой хэмжээгээр өсөж надад учирсан хохирол өдөр ирэх тусам ихэссээр байх тул учирсан хохирлын хэмжээг 3,507,400 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Хариуцагчаас шаардаж буй хохирол буюу нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлбол түлшний насос 1 ширхэг нь 920 доллар, ажлын хөлс 150,000 төгрөг, цахилгаан порсунк 4 ширхэг нь 1,120 доллар, ажлын хөлс 200,000 төгрөг, тагны жийргэвч 1 ширхэг нь 60 доллар, банк авч түлшний систем цэвэрлэсэн 380,000 төгрөг, моторын тос, шүүр сервис 210,000 төгрөг, гарааш 20 хоног байлгасан 200,000 төгрөг, дараа нь гарааш 123 хоногоор тооцож 1,230,000 төгрөг, НӨАТ 937,000 төгрөг болж байна. 2,100 долларыг монгол төгрөгөөр тооцоход 7,350,000 төгрөг болж байна. Иймд автомашинтай холбоотой 10,307,000 төгрөг, бусдаас автомашин түрээсэлсэн 3,000,000 төгрөг, нийт 13,307,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Г ХХК-ийн түгээгч Д.Э өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас Л.Д ын ..... СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар харагдаж байгаа тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу ажилтны буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол 13,307,000 төгрөгийг хариуцагч Г ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа:
....-ны өдөр манай компанийн түгээгч ажилтай Д.Э нь ..... СYA улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч шатахуун авахаар түгээгүүр дээр ирэхэд дизель түлш үү, 92 бензин үү гэж асуусан байдаг ба жолооч нэхэмжлэгчийн зүгээс бензин гэж хэлсний дагуу түгээгч бензин хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирол учирсан. Нэхэмжлэгч нь гэм хорын хохирол учирсан гээд хариуцагч хуулийн этгээдээс төлбөр гаргуулахаар шаардлага гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Тодруулбал хариуцагч хуулийн этгээдийн буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгчид гэм хор учирсан гэдгийг тогтоосон баримт байхгүй. Харин нэхэмжлэгч бусдын буруутай үйл ажиллагаанаас болж хохирол учирсан гэж үзэж байгаа тохиолдолд түгээгч Д.Э гаас хохирлоо нэхэмжлэх нь зүйтэй. Хариуцагчийн зүгээс нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Горгаз ХХК-ийн ажилтны буруутай үйлдлийн улмаас ..... CYA јеер маркийн автомашин эвдэрсэн тул өдөр тутмын ажил, амьдралаа хэвийн явуулахын тулд иргэн Ч.Э ын .... УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1 сарын 600,000 төгрөг эсхүл 1 адууны үнээр тооцож түрээсийн гэрээ байгуулж, гэрээний дагуу түүнд нийт 5 тооны адуу буюу гэрээний үнийн дүнгээр нийт 3,000,000 төгрөгийн адуу хүлээлгэж өгсөн гэж шаарджээ. Нэхэмжлэгч адуугаа морио унаад харах, эсхүл мотоциклоор харах эрх нь нээлттэй. Заавал автомашинаар харна гэсэн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шаардаж буй зардал нь зайлшгүй гарах зардал биш бөгөөд өөрийнх нь сайн дурын үндсэн дээр гаргасан зардал тул түүнийг хариуцагч төлөх боломжгүй юм. Нэхэмжлэгч нь хохирол учирсан гэж шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч өөрөө ямар нэгэн арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шийдүүлдэггүй, дахин дахин хүсэлт гаргаж хойшлуулсаар байгаа нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаа биш юм. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т зааснаар хохирогчийн өөрийн болгоомжгүй хандсан нь өнөөдрийн хохирол учрахад нөлөөлсөн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан С ХХК-ийн гаргасан оношилгооны баримтаар хариуцагч талаас мөнгө гаргуулах үндэслэлтэй гэсэн байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Шаардлагаа нэмэгдүүлэхдээ оношилгооны баримтыг үндэслэж гаргасан байна. Нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээтэй баримт гэж харж байгаа. Нэхэмжлэгч нь жилийн хугацаанд өөрт учирсан хохирлоо барагдуулаад яг хэдэн төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилсэн бол зүйд нийцнэ гэж үзэж байна. Гэтэл өнөөдөр хүртэл машинаа янзлуулсан бол нэмж зардал гарахгүй байх нөхцөл байдал үүсэх боломжтой байсан. Тээврийн хэрэгсэлд хэдэн төгрөгийн зардал гарсан талаар үйл баримт байхгүй байна. ...-ны өдөр болсон үйл баримтаас хойш ....-ны өдрийн оношилгооны дүгнэлт, .... дугаар сард хийсэн оношилгооны дүгнэлт нь хоорондоо зөрүүтэй. .....-ны өдөр болсон дүгнэлтээс хойш автомашинд дахин нэмэгдэж завсар хийх болсон гэдэг утгаар нэхэмжилж байгаа нь эргэлзээтэй байна. С ХХК-ийн оношилгооны дүгнэлтээр хариуцагчийг буруутай байна гэдгийг нотлох боломжгүй байна гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар буруутай үйл ажиллагаа гэж байх ёстой. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагааг тогтоосон байхыг шаардана гэж үзэж байна. Хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгч хохирол учирсан талаар тогтоосон үйл баримт байхгүй. Хавтаст хэрэгт хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагааны талаар зааварчилгаа гэж авагдсан байгаа. Д.Э гэдэг түгээгчтэй холбоотой асуудал дээр тухайн зааварчилгаа дээр ямар үйл баримтыг тусгаж өгснийг тайлбарлаад гарын үсэг зуруулсан. Тус тайлбар дээр нь холилт хийхгүй байх, үйлчлүүлэгчээс асууж шахалтыг хийх талаар тодорхой заасан байгаа. Үйл ажиллагаа зөрчсөнөөс үүдэн хэн хариуцлагыг хүлээхийг хөдөлмөрийн гэрээнд тодорхой зохицуулж өгсөн. Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4, 5.3.4, 5.3.5-д зааснаар тухайн учирсан хохиролд үүрэг хариуцлагатай холбоотой асуудлыг ажилтан хариуцна гэж заасан. Өөрөөр хэлбэл гэрээ танилцуулж, зааварчилгаа өгч явж байсан. Энэ баримтаар буруутай этгээд тодорхой харагдаж байгаа. Гэм хорын хохирол учирсан гэж үзвэл тухайн шатахуун шахсан Д.Э гийн асуудал гэж үзэж байна. Иймд Г ХХК-ийн хариуцлага хүлээх зүйл байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Л.Д ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, ..... СҮА дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-4/, С ХХК-ийн 2022.05.12-ны өдрийн Тээврийн хэрэгслийн оношилгооны үр дүн гэх баримт /хх-5/, 2022.04.10-ны өдөр мөнгө төлсөн тасалбарын хуулбар /хх-6/, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-51-52/, 2023.01.02-ны өдрийн итгэмжлэл /хх-80/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-82/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-83/, 2022.05.02-ны өдрийн Иргэн хоорондын хувийн эзэмшлийн автомашин түрээслүүлэх гэрээ /хх-84/, 2023.02.13-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-98/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-99/, С ХХК-ийн 2023.02.01-ний өдрийн Тээврийн хэрэгслийн оношилгооны үр дүн гэх баримт /хх-100/,
3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: Г ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-10/, 2022.05.24-ний өдрийн итгэмжлэл /хх-11/, 2022.06.09-ний өдрийн хариу тайлбар /хх-16/, 2022.09.01-ний өдрийн итгэмжлэл /хх-25/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгын дэвтрийн хуулбар /хх-37-38/, 2023.01.02-ны өдрийн итгэмжлэл /хх-81/, Г ХХК-ийн захирлын 2022.04.04-ний өдрийн Б/96 дугаар тушаал /хх-85/, 102 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-86-88/, 2023.01.09-ний өдрийн хариу тайлбар /хх-96/, 2023.03.03-ны өдрийн хариу тайлбар /хх-105/,
3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: гэрч Д.О ийн мэдүүлэг /хх-55-56/, гэрч Д.Э гийн мэдүүлэг /хх-60-61/, гэрч Д.Улаанхүүхэний мэдүүлэг /хх-66-67/, гэрч Б.Б ын мэдүүлэг /хх-68-69/, гэрч А.Э гийн мэдүүлэг /хх-78-79/,
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
| г |
1. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч Г ХХК-ийн ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас түүний өмчлөлийн автомашин эвдэрч гэм хорын хохирол учирсан гэх үндэслэлээр түлшний насос нэг ширхэг 2,944,000 төгрөг, цахилгаан порсунк хоёр ширхэг 1,792,000 төгрөг, банк авч систем цэвэрлэсэн оношилгоо 380,000 төгрөг, гараашийн 20 хоногийн төлбөр 200,000 төгрөг, ажлын хөлс 900,000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 563,600 төгрөг, нийт 6,779,600 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр бусдын автомашиныг түрээсэлсэн төлбөрт адуугаар тооцон төлсөн 3,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Мөн ....-ний өдөр автомашины сэлбэг, засварын зардлын үнэ өссөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлэн түлшний насос 1 ширхэг нь 920 ам.доллар, ажлын хөлс 150,000 төгрөг, цахилгаан порсунк 4 ширхэг нь 1,120 ам.доллар, ажлын хөлс 200,000 төгрөг, тагны жийргэвч 1 ширхэг нь 60 ам.доллар, банк авч түлшний систем цэвэрлэсэн 380,000 төгрөг, моторын тос, шүүр сервис 210,000 төгрөг, гарааш 20 хоног байлгасан төлбөр 200,000 төгрөг, нэхэмжлэл гаргаснаас хрйш гараашийн төлбөрийг 123 хоногоор тооцож 1,230,000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 937,000 төгрөгийн хохирол учирсан гэж автомашинтай холбоотой 10,307,000 төгрөг, бусдын автомашин түрээсэлсэн төлбөр 3,000,000 төгрөг, нийт 13,307,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч Г ХХК нь хуулийн этгээдийн буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгчид гэм хор учирсан гэдгийг тогтоосон баримт байхгүй, бусдын буруутай үйл ажиллагаанаас болж хохирол учирсан гэж үзэж байгаа тохиолдолд түгээгч Д.Э гаас хохирлоо нэхэмжилбэл зохино гэх тайлбарыг гарган маргажээ.
4. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч Л.Д нь 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Х аймгийн төвд байрлан үйл ажиллагаа явуулдаг Г ХХК-ийн шатахуун түгээх газраас өөрийн өмчлөлийн ..... улсын дугаартай Jeep Compass MK маркийн автомашинд 100,000 төгрөгийн шатахуун авахаар үйлчлүүлсэн.
4.2. Шатахуун түгээх газрын түгээгч Д.Э нь ..... улсын дугаартай Jeep Compass MK маркийн автомашинд А92 төрлийн бензин шахсан ба хэсэг хугацааны дараа нэхэмжлэгчийн автомашин явах боломжгүй болсон.
4.3. Х аймгийн төвд байрлан үйл ажиллагаа явуулдаг Г ХХК-ийн шатахуун түгээх газрын салбарын эрхлэгч Д.О нь нэхэмжлэгч Л.Д ын автомашиныг ачилтын зардлыг нь төлөн Улаанбаатар хот руу ачуулсан, түгээгч Д.Э нь эвдэрсэн автомашинд явсан хүмүүсийн Улаанбаатар хот руу хүрэх таксины зардлыг төлж явуулсан.
4.4. 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ..... улсын дугаартай Jeep Compass MK маркийн автомашиныг Улаанбаатар хотод С ХХК-ийн авто засварын газарт ачиж авчран оношилгоо хийлгэж, автомашины коллекторыг угаалгаж, дизель түлш хийхэд асахгүй байсан, тухайн үед хариуцагч компанийн менежер Б.Наранбаатар, А.Э нар байлцсан.
4.5. ..... улсын дугаартай Jeep Compass MK маркийн автомашин нь 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс засвар хийгдээгүй С ХХК-ийн авто засварын газрын гараашт байгаа.
5. Дээр дурдсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй боловч хариуцагч нь болсон үйл явдалд түгээгч Д.Э гийн буруутай үйл ажиллагаа болон нэхэмжлэгчийн өөрийнх нь хайхрамжгүй үйлдэл нөлөөлсөн гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.
6. Хариуцагч Г ХХК нь шингэрүүлсэн шатдаг хийн хангамж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг болох нь, тусгай зөвшөөрөлтэй охин компани болох Г о н ХХК-ийн гадаад улсаас оруулж ирсэн шатахууныг Х аймагт байрлах салбараар худалдан борлуулах үйл ажиллагааг эрхэлдэг болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Талууд энэ асуудлаар маргаагүй.
7. Нэхэмжлэгчийн автомашинд А92 бензин шахсан гэх түгээгч Д.Э нь Г ХХК-ийн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/96 дугаар тушаалаар Автомашин хийгээр цэнэглэх станц /АХЦС-29/ Х салбарын түгээгчийн үүрэгт ажилд томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан тушаал, хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна. /хх-85, 86-88/
8. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч Г ХХК-ийн Х аймаг дахь салбарын түгээгч ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас түүний өмчлөлийн автомашин эвдэрсэн гэм хорын хохирлыг ажил олгогч болох Г ХХК-аас гаргуулахаар шаардсан.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Х аймгийн төвд байрлан үйл ажиллагаа явуулдаг Г ХХК-ийн шатахуун түгээх газраас нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн ..... улсын дугаартай Jeep Compass MK маркийн автомашинд 100,000 төгрөгийн шатахуун авахаар хандсан, түгээгч Д.Э нь автомашинд А92 төрлийн бензин шахсаны улмаас нэхэмжлэгчийн автомашин явах боломжгүй болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Г ХХК нь түгээгчийн буруутай үйл ажиллагаа нь компанид хамааралгүй, нэхэмжлэгчид учирсан хохирлыг компани бус, салбарын түгээгч Д.Э хариуцах ёстой гэх тайлбарыг гаргаж байх боловч хариуцагчийн уг тайлбар, татгалзал үндэслэлгүй юм.
Тодруулбал, хариуцагч Г ХХК-ийн эрхлэн явуулдаг шатахуун түгээх салбарын үйлчилгээний хүрээнд нэхэмжлэгч Л.Д нь өөрийн автомашинд шатахуун цэнэглүүлэх үйлчилгээ авахаар хандсан байх тул тус компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан болох түгээгч Д.Э эрхэлсэн албан тушаал, хүлээсэн үүргийн дагуу ажил үүргээ гүйцэтгэх явцад бусдад учруулсан гэм хорыг тус компани арилгах үүргийг хүлээнэ.
Г ХХК нь нэхэмжлэгчийн автомашиныг Улаанбаатар хот руу ачуулах зардлыг хариуцан компанийн орлогын мөнгөнөөс гаргаж төлсөн болох нь гэрч Д.О ийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд түгээгчээр ажиллаж байсан Д.Э гийн цалингаас нийт 1,600,000 төгрөгийн суутгал хийсэн, автомашиныг ачуулсан зардал 400,000 төгрөгийг цалингаас нь суутгасан талаар гэрч Д.Э мэдүүлсэн. Хариуцагч нь эдгээр гэрчийн мэдүүлэгт дурдсан үйл баримтыг нотлох баримтаар үгүйсгэж няцаагаагүй, түгээгч Д.Э гийн цалингаас суутгасан гэх үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгчид ямар нэгэн төлбөр мөнгө төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй.
9. Нэхэмжлэгч нь өөрийн автомашинд учирсан хохирлыг С ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн тээврийн хэрэгслийн оношилгооны баримтыг үндэслэн шаардсан бөгөөд тус баримтад түлшний насос нэг ширхэг 920 ам.доллар буюу 2,944,000 төгрөг, засварын зардал 150,000 төгрөг цахилгаан порсунк нэгжийн үнэ 280 ам.доллар, хоёр ширхэг нь 560 ам.доллар буюу 1,792,000 төгрөг, засварын зардал 170,000 төгрөг, банк авч систем цэвэрлэсэн оношилгоо 380,000 төгрөг, гарааш 20 хоног 200,000 төгрөгийг нэмэгдсэн өртгийн алба татвар НӨАТ 563,600 төгрөгийн хамт гаргуулахаар шаардсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С ХХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн тээврийн хэрэгслийн оношилгооны баримтыг үндэслэн түлшний насос 1 ширхэг нь 920 ам.доллар, ажлын хөлс 150,000 төгрөг, цахилгаан порсунк 4 ширхэг нь 1,120 ам.доллар, ажлын хөлс 200,000 төгрөг, тагны жийргэвч 1 ширхэг нь 60 ам.доллар, банк авч түлшний систем цэвэрлэсэн 380,000 төгрөг, моторын тос, шүүр сервис 210,000 төгрөг, гарааш 20 хоног байлгасан 200,000 төгрөг, нэхэмжлэл гаргаснаас хрйш гарааш 123 хоногоор тооцож 1,230,000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 937,000 төгрөгийн хохирол учирсан гэж автомашинтай холбоотой 10,307,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үндэслэлээ автомашины эвдрэлийг засахад шаардлагатай гадаадаас авах сэлбэгийн үнэ ам.долларын өсөлттэй холбоотой нэмэгдсэн гэж тайлбарлаж байх бөгөөд шүүхэд 1 ам.долларыг 3,500 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй С ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн тээврийн хэрэгслийн оношилгооны баримтад ..... улсын дугаартай Jeep Compass MK маркийн автомашинд түлшний насос 1 ширхэг, цахилгаан порсунк 2 ширхэгийг солих шаардлагатай, сэлбгийн зардалд нийт 1480 ам.доллар буюу 4,736,000 төгрөг гэж тодорхойлсон байсан бол тус компанийн 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн баримтад түлшний насос 1 ширхэг, цахилгаан порсунк 4 ширхэг, тагны жийргэвч 1 ширхэгийг солих шаардлагатай гэж тодорхойлсныг үндэслэн нэхэмжлэгч нь автомашины сэлбэгийн зардалд нийт 2100 ам.доллар буюу 7,350,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Автомашины эвдрэлийг засварлахтай холбоотой сэлбэгийн тоо хэмжээ нэмэгдсэн талаар нэхэмжлэгч талаас тодруулахад С ХХК-ийн тээврийн хэрэгслийн оношилгооны дүнгээр тодорхойлсон, тус оношилгоонд дурдсан сэлбэг зайлшгүй шаардлагатай гэж тодорхойлж байх боловч шаардлагатай сэлбэг хэрэгслийн тоо нэмэгдэх болсон шаардлага нь баримтаар тогтоогдохгүй байх тул ..... улсын дугаартай Jeep Compass MK маркийн автомашинд учирсан сэлбэг хэрэгслийн хохирлыг автомашин эвдэрсний дараа хийсэн С ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн тээврийн хэрэгслийн оношилгооны баримтад дурдсанаар тодорхойлох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хариуцагч нь автомашинд учирсан хохирлын асуудлаар баримтаар үгүйсгэж няцаагаагүй ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй С ХХК-ийн тээврийн хэрэгслийн оношилгооны баримт нь эргэлзээтэй нотлох баримт гэх тайлбарыг гаргасан боловч уг тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй болно.
Нэхэмжлэгчийн өмчлөлийн ..... улсын дугаартай Jeep Compass MK маркийн автомашинд учирсан хохиролд түлшний насос нэг ширхэг 920 ам.доллар, цахилгаан порсунк нэгжийн үнэ 280 ам.доллар, хоёр ширхэг нь 560 ам.долларын хохирол учирсан гэж үзэн, ам.долларын ханшийг оношилгоо хийгдсэн өдрийн буюу 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Монгол банкны албан ханш 3108.88 төгрөгөөр тооцон, 920 ам.доллар буюу 2,860,169.6 төгрөг, 560 ам.доллар буюу 1,740,972.8 төгрөг, нийт 4,601,142.4 төгрөгийг сэлбэгийн зардалд хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Засварын зардлыг 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн тээврийн хэрэгслийн оношилгооны баримтад дурдсанаар түлшний насос засварын зардал 150,000 төгрөг, цахилгаан порсунк засварын зардал 170,000 төгрөг, банк авч систем цэвэрлэсэн оношилгоо 380,000 төгрөг, нийт 700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.
10. Нэхэмжлэгч нь ..... улсын дугаартай Jeep Compass MK маркийн автомашиныг Х аймгаас ачиж ирүүлсэн өдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс тухайн автомашин нь С ХХК-ийн засварын байрны гараашид байгаа гэх үндэслэлээр гараашийн төлбөрт 143 хоног /20 хоног+ 123 хоног/-ийн төлбөр нийт 1,430,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Тухайн шаардлагатай холбогдуулан хариуцагч талаас тайлбар, татгалзал гаргаагүй, гараашийн төлбөрт нэхэмжилж буй мөнгөн дүнгийн талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашин нь С ХХК-ийн засварын байрны гараашт байгаа болох нь тус компанийн баримтаар тогтоогдож байх тул гараашийн төлбөрт 1,430,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
11. Нэхэмжлэгч нь хариуцагч Г ХХК-ийн ажилтны буруутай үйлдлийн улмаас автомашин нь эвдэрсэн тул өдөр тутмын ажил, амьдралаа хэвийн явуулахын тулд иргэн Ч.Э ын .... УБП улсын дугаартай Toyota Highlander загварын тээврийн хэрэгслийг түрээсийн гэрээ байгуулж 10 дугаар сарын 15-ны өдрийг дуусах хүртэл хугацаанд ашиглаж, түрээсийн төлбөрт өгсөн нийт 5 тооны адуу буюу гэрээний үнийн дүнгээр нийт 3,000,000 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр хохирол 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
Хэрэгт иргэн Л.Д , Ч.Э нарын хооронд байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөр огноолсон Иргэн хоорондын хувийн эзэмшлийн автомашин түрээслүүлэх гэрээ нотлох баримтаар авагдсан бөгөөд тус гэрээнд иргэн Ч.Э нь .... УБП улсын дугаартай Toyota Highlander загварын тээврийн хэрэгслийг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл, 1 сарын түрээсийн төлбөр 600,000 төгрөг буюу адуугаар бол 1 байдсан гүүг дүйцүүлэн төлбөрийг тооцохоор харилцан тохиролцжээ.
Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн автомашин эвдэрсэнтэй холбогдуулан бусдаас автомашин түрээсэлсэн түрээсийн төлбөр 3,000,000 төгрөгөөр хохирсон гэж тайлбарлаж байх боловч иргэн Ч.Э т 5 тооны адуу өгсөн гэх үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул автомашин түрээсийн төлбөрт төлсөн гэх 3,000,000 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
12. Нэхэмжлэгч автомашинд учирсан хохирлын зардалд шаардсан мөнгөн дүнгийн хэмжээгээр тооцон нэмэгдсэн өртгийн албан татвар 937,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Нэмэгдсэн өртгийн албан татвар гэдэг нь үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдуулсан албан татварыг хэлэх бөгөөд нэхэмжлэгч Л.Д нь шаардаж буй мөнгөн дүнгийн хэмжээгээр бараа, ажил үйлчилгээ аваагүй, бодитоор нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байгаа нөхцөлд нэмэгдсэн өртгийн албан татварыг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдсэн өртгийн албан татвар 937,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
13. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж, хариуцагч Г ХХК-аас гэм хорын хохиролд автомашины сэлбэгийн зардалд 4,601,142.4 төгрөг, засварын зардалд 700,000 төгрөг, гараашийн төлбөрт 1,430,000 төгрөг, нийт 6,731,142.4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Д т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,575,857,6 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 275,200 төгрөг /141,150 төгрөг, 62,950 төгрөг, 71,100 төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 122,648 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
15. Шүүх хуралдаанд сонгогдсон Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд хөдөө орон нутагт байгаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй гэсэн тайлбарыг гаргасан, хэргийн оролцогчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Г ХХК-аас гэм хорын хохиролд 6,731,142.4 /зургаан сая долоон зуун гучин нэгэн мянга нэг зуун дөчин хоёр төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Д т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,575,857,6 /зургаан сая таван зуун далан таван мянга найман зуун тавин долоон төгрөг зургаан мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 275,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 122,648 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Д т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР
ШҮҮГЧИД Д.БАТЦЭЦЭГ
Т.ЭНХЖАРГАЛ