| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2023/00857/И |
| Дугаар | 101/ШШ2023/01282 |
| Огноо | 2023-03-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2023/01282
| 2023 03 14 | 101/ШШ2023/01282
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 32-558 тоот хаягт оршин суух Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 26а байрны 06 тоот хаягт оршин суух, Э,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 26а байрны 06 тоот хаягт оршин суух А нарт холбогдох,
Гэрээний үлдэгдэл төлбөрт 3,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Загдхорол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов. Хариуцагч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Ганцэцэг миний бие өөрийн эзэмшлийн Тоёота Кроу маркийн тээврийн хэрэгслийг худалдахаар болж Үнэгүй.мн сайт дээр авто машин зарна гэж зар тавьсан. Энэ зарын дагуу М.Азбаяр гэх хүн надтай холбогдож манай машиныг ирж үзээд ямар ч асуудалгүй машин байна гээд худалдаж авахаар болсон. Ингээд 2022 оны 9 сарын 28-ны өдөр машиныг аваад явсан. Маргааш нь тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ хийхээр болж нотариат дээр очтол М.Азбаяр өөрөө ирээгүй, харин түүний дүү М.******* гэх хүн ирсэн бөгөөд би М.Азбаяртай утсаар ярихад манай дүүтэй гэрээ хийчих гэж хэлсэн.
Тэгээд би иргэн М.*******тай 2022 оны 09 сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдах авах гэрээ байгуулж, М.Азбаяр, М.******* нартай тохиролцсоны дагуу машинаа 29,000,000 төгрөгөөр худалдахаар болж, урьдчилгаа 13,000,000 төгрөгийг миний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Мөн 9 сарын 30-ны өдөр нь 10,000,000 төгрөг, 10 сард 2,700,000 төгрөг нийт 25,700,0000 төгрөгийг төлсөн.
Харин үлдсэн 3,300,000 төгрөгийг 7 хоногийн дараа шилжүүлнэ гэсэн боловч шилжүүлээгүй.
Сүүлдээ хариуцагч нар миний утсыг авахгүй болсон бөгөөд 7 хоногийн дараа шилжүүлнэ гэсээр сүүлдээ таг чиг алга болсон.
Миний хувьд хариуцагч М.*******, М.Азбаяр нарт ямар ч эвдрэл гэмтэлгүй тээврийн хэрэгсэл өгсөн бөгөөд тэд үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байгаа тул тэдгээрээс 3,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Гэрээний хувьд хэн алинтай нь гэрээ байгуулсан гэж үзэж байна. Учир нь зарын дагуу М.Азбаяр ирж уулзсан ба бичгээр гэрээ байгуулахад бичиг баримт нь байхгүй байна гээд дүү М.******* нь гэрээг байгуулсан. Иймд хэн алинаас нь машины үлдэгдэл төлбөр болох 3,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчээс өөрийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, 2022 оны 9 сарын 29-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд өгсөн байна.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Ганцэцэг нь хариуцагч М.Азбаяр, М.******* нарт холбогдуулан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 3,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нар хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг 2022 оны 09 сарын 29-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг гаргуулна гэж тодорхойлж байна.
Шүүхээс хариуцагч нарт 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, эрх үүргийг тайлбарлаж өгсөн бөгөөд хариуцагч нар хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй байна
2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан тээврийн хэрэгсэл худалдах худалдах авах гэрээгээр нэхэмжлэгч Д.Ганцэцэг, хариуцагч М.******* нар нь 4858УНЗ улсын дугаартай Тоёота Кроу маркын тээврийн хэрэгслийг 29,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, гэрээг бичгээр байгуулсан байна. /хх-ийн 7 дугаар тал/
Иймд нэхэмжлэгч Д.Ганцэцэг, хариуцагч М.******* нарын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үйл баримт тогтоогдож байна.
3.Хариуцагч М.Азбаярын хувьд, нэхэмжлэгчээс тээврийн хэрэгсэл худалдах зарыг тавьсан бөгөөд зарын дагуу тээврийн хэрэгслийг худалдан авах саналыг хариуцагч М.Азбаяр гаргасан гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэлийг нөгөө тал хүлээн авснаар хэлцэл хүчин төгөлдөр байна гэж, 42 дугаар зүйлийн 42.1-т хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан.
Хариуцагчаас энэ талаар холбогдох хариу тайлбарыг ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулга дахь ...М.Азбаяраас машины үлдэгдэл 2,700,000 төгрөг шилжүүлэв гэх бичвэрээр хариуцагч М.Азбаярын хувьд нэхэмжлэгчтэй тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулгаар хариуцагч нараас тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний үүрэгт 25,700,000 төгрөгийг төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарт нотлогдож байна.
Иймд хариуцагч нар нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр болох 3,300,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
4.Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Азбаяр, М.******* нараас 3,300,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ганцэцэгт олгож шийдвэрлэв.
5.Хариуцагч нар хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэж, маргаанд хууль зүйн дүгнэлт хийсэн болно.
Мөн тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны товыг хариуцагч М.******* /М.Азбаярын төрсөн дүү/-т 2023 оны 3 дугаар сарын 10, 14-ний өдрүүдэд мэдэгдсэн бөгөөд хариуцагч нар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан байгаа талаарх тайлбар, хүсэлт, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг ханган шийдвэрлэж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Азбаяр, М.******* нараас 3,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ганцэцэгт олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч М.Азбаяр, М.******* нараас 71,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ганцэцэгт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА