| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2025/0225/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/321 |
| Огноо | 2025-09-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Даваахүү |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Б.Даваахүү,
Хохирогч О.Р
Хохиргчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч У.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У-ийн Н-д холбогдох эрүүгийн 2538000000232 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б-д овогт У-гийн Н, 1997 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн А сумын ............. дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РА................. дугаартай.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч У.Н-нь 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 3-р багийн нутаг дэвсгэрт хохирогч О.Р-ийг “...чи хулгайч, борлон хулгай хийсэн, ямаа самнасан...” гэх шалтгааны улмаас сээрний нэг нугаламын арын сэртэнгийн, хамар ясны олон тооны сэлтэрсэн, зүүн талын ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1.1. Шүүгдэгч У.Н-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг маань давхцах учир мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэх мэдүүлэг,
1.2.Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2538000000232 дугаартай хэргээс:
1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Р-ийн хохирогчоор өгсөн: “…2025 оны 05-р сарын 11-ний өдөр би хөдөө гэртээ ямаагаа самнаж байхад манайд манай нутгийн залуу болох Н ирээд надаас манай хонинд байсан борлон ямааг манай ямаа байна гэхээр нь урдаас хариу наад ямаа чинь манай өөрийн ямаа гэж хэлсэн. Тэгсэн чинь Н гэр лүүгээ яваад өгсөн. Тэгээд орой 19-н цагийн үед урд өдөр нь манай хонь Н-гийн хоньтой нийлсэн байсан тул хонио ялгаж авах гэж очсон. Тэгээд би Н-гийн хонийг нь хашаанд хашаад 13-14-н тооны хонио ялгаж аваад явахын хооронд Н нь түлээн дээрээ түлээгээ хагалж байхдаа над руу уурлаад намайг хурдан зайл гээд хэл амаар доромжлоод байхаар нь би Н дээр очоод яагаад хүн доромжилж хөөгөөд байгаа юм гэж асуухад Н нь үг хэлэлгүй гараараа миний хамар луу нэг удаа цохисон. Тэр үед миний хамраас цус ихээр гарахаар нь би цусаа гоожуулаад доошоо хараад сууж байтал Н ахиад миний хамар луу хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд мөн толгойны ар хэсэг рүү гараа цохисон. Тэгээд гадаа айлын эхнэр гарч ирээд Н-г салгаж авсан. Би шууд хонио аваад гэрлүүгээ явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 08-09-р тал/,
2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.А-гийн өгсөн: “...2025 оны 05 сарын 11-ний өдөр Алаг-Эрдэнэ сумын 3-р багийн нутаг болох Зүүн суга гэх газарт намайг гэртээ байхад гэрийн гадаа 2 хүн маргалдаад байгаа бололтой байхаар нь гараад харсан чинь манай нутгийн Р, Н нар хоорондоо маргалдаад байсан. Тэгээд би очоод хартал Н нь түлээний хажууд зогсож байсан. Р-нь газар хэвтэж байсан. Тэгэхээр нь боль гэж хэлээд гэртээ буцаад орсон. Р-нь мотоциклоо унаад гэр лүүгээ явсан.
Тэр 2 хонь нь нийлээд ялгасан юм шиг байсан. ...Р-ийн хамраас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13-р тал/,
3. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 243 дугаартай:
“...1.О-гийн Р-ийн биед сээрний нэг нугалмын арын сэртэнгийн, хамар ясны олон тооны сэлтэрсэн, зүүн талын ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүснэ.
3.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4.Эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 21-22- тал/,
4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Ж.Т-ийн өгсөн: “... Иргэн О.Р-ээс гаргасан Алаг-Эрдэнэ сумын 3 дугаар багийн иргэн О.Р нь 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр бусдад зодуулсны улмаас хүндэвтэр гэмтсэн гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч О овогтой Р /РХ86021211/ нь 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламжаар 29,700 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс амбулаториор хийгдэх мэс ажилбар 33,264 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс амбулаторийн үзлэг 23,760 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгээс мэс засалаар 2,289,276 төгрөг, нийт 2,376,000 төгрөгний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авсан нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд нөхөн төлүүлж өгнө үү....” гэх нэхэмжлэл, /хх-ийн 30-р тал/,
5.2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2.376,000 төгрөгийн хохирлыг төлсөн баримт, /хх-ийн 33-р тал/,
6.Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч У.Н-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, /хх-ийн 45-46-р тал/,
9.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тогтоол, /хх-ийн 3-р тал/,
10.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 4/,
11.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
A.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа болон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 35-39-р тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Хоёр. Хэргийн талаархи шүүхийн дүгнэлтийн талаар.
Шүүгдэгч У.Н-нь 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 3-р багийн нутаг дэвсгэрт хохирогч О.Р-ийг “...чи хулгайч, борлон хулгай хийсэн, ямаа самнасан...” гэх шалтгааны улмаас сээрний нэг нугламын арын сэртэнгийн, хамар ясны олон тооны сэлтэрсэн, зүүн талын ухархайн дотор ханийн цөмөрсөн хугарал, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч У.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч О.Р-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүгийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Н.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 243 дугаартай дүгнэлт, иргэний нэхэмжлэгч Ж.Т-ийн гаргасан нэхэмжлэл, 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2.376,000 төгрөгийн хохирлыг төлсөн баримт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч У.Н-нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч
О.Р-ийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч У.Н-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй ба хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч У.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй /-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Шүүгдэгч У.Н-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Р-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 243 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч О.Р-нь эмчилгээ, шатахуун, даатгал, тээврийн зардалд нийт 6,103,978 төгрөг нэхэмжилж, баримтыг ирүүлжээ.
Шүүх дээрх нотлох баримтын тухайд хэрэгт хамааралтай байх, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийснээр нэхэмжлэлийн шаардлагаас хх-ийн 82-р талд авагдсан Их-Отгонтэнгэр эмийн сангийн 315,000, 126,000, 265,500, Гэгээн наран фарм эмийн сангийн 223,000, Тунамал эмийн сангийн 4,200, хх-ийн 83-р талд авагдсан Дэлгэрэх зуун наст ХХК-ний эмийн сангийн 809,400, 331,900, 696,000, Шүүдэргэнэ эмийн сангийн 86,700, 75,100, 293,000, Зуун наст эмийн сангийн 71,000, хх-ийн 107-р талд авагдсан хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №167221738 дугаартай 60,800 төгрөг төлсөн зорчих тасалбар, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №166883822 дугаартай 60,800 төгрөг төлсөн зорчих тасалбар, Сити фарм МЭИК ХХК-ний эмийн сангийн 14,331.9 төгрөгний баримтаас дотор муухайрах бөөлжих эмгэгийн үед хэрэглэх эм болох Пирален худалдан авсан 1,270 төгрөг, нийт 3,419,670 төгрөгний И-баримтыг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч У.Н-аас гаргуулж хохирогч О.Р-т олгохоор шийдвэрлэв.
Харин хохирогч О.Р-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хх-ийн 107-р талд авагдсан баримт болох хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №1672211737 дугаартай 60,800 төгрөг төлсөн зорчих тасалбарын зорчигч хэсэгт Наран гэх, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №166883823 дугаартай 60,800 төгрөг төлсөн зорчих тасалбарын зорчигч хэсэгт Н гэх, нийт 121,600 төгрөг болон Сити фарм МЭИК ХХК-ний эмийн сангийн 14,331 төгрөгний баримтаас spearmint гаатай бохь худалдан авахад төлсөн 3,061 төгрөг, Терминал худалдан авахад төлсөн 10,000 төгрөг нь хэрэгт хамааралгүй зардал байна. Мөн хх-ийн 84-р талд авагдсан 12, 22, 23, 25 гэж дугаарласан баримтууд нь юу худалдан авахад зарцуулсан тодорхойгүй, 20 гэж дугаарласан Сод монгол групп 28,500 төгрөгний шатахууны баримт нь 21 гэж дугаарласан Хас банкны карт уншигдан 28,500 төгрөг зарлагдсан баримттай нэг цаг хугацаанд байгаа нь ойлгомжгүй, хх-ийн 84-р талд авагдсан Шунхлай Петролиум ХХК-ний 30,495, 20,000, 70,000, 57,000, НИК ХХК-ний 26,200, 100,000, 202,400, 172,400, 33,687 төгрөгийн шатахууны баримт нь хаанаас хаа хүрэх зорилгоор ямар марк, дугаарын авто машинд авч хийсэн шатахууны баримт эсэх тодорхойгүй, хх-ийн 85-р талд авагдсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, албан журмын даатгал гэх баримт, Хөвсгөл аймаг Нэгдсэн эмнэлэг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 300,000 төгрөгний, Улсын гуравдугаар төв эмнэлэгээс 2025 оны 08 дугаар сарын 04-ны өдөр 350,000 төгрөгний, 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 515,000 төгрөгний баримт нь тус тус нотлох баримтын шаардлага хангахгүй тул дээрх баримтаар нэхэмжилж буй 2,684,308 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Р болон түүний өмгөөлөгч Б.О нар нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээч томилж тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзаж, “...цаашид гарах эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх тул эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэх мэдүүлэг, тайлбарыг гаргаж, энэ талаарх хүсэлтийг бичгээр шүүхэд өгсөн тул хохирогч О.Р-нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Ж.Т-ийг тогтоосон нь үндэслэлтэй.
Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2,376,000 төгрөгийг шүүгдэгч У.Н-гаас нэхэмжилсэн ба Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс нэхэмжилсэн 2,376,000 төгрөгийг шүүгдэгч У.Н-нь 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төлсөн баримт /хх-ийн 33-р тал/ хэрэгт авагджээ. Иймд шүүгдэгч У.Н-г иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Гурав. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч У.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч У.Н хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй ба тэрээр урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 39-р тал)-аар нотлогдсон.
Иймээс шүүгдэгч У.Н-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.
Улсын яллагч Б.Д эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч У.Н-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Д.О эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчаас торгуулийн ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргаж байна. Үүнтэй санал нийлэхгүй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тэрээр үйлдсэн гэмт хэргийн улмаас үүсэн хохирол хор уршгийг төлөх талаар ямар нэгэн санал санаачилга гаргаагүй. Мөн шүүх хуралдаанд өөрийн биеэ авч яваа байдал зэргээс дүгнэхэд үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж, гэмшээгүй гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулдаг.
Иймд шүүгдэгч У.Н-нь ээж, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн А сумын 3 дугаар багт мал маллан амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын тодорхой хэсгийг буюу Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 2,376,000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч О.Р-т учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд хохирогчид учруулсан хор уршгийг нөхөн төлүүлэх, гэмт этгээдийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Шүүгдэгч У.Н-нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч У.Н-д тайлбарлаж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Дөрөв.Бусад асуудлын талаар.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Мөн шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт У-ийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н-г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н-д оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Р-ийн эм, эмчилгээ, бензин шатахуун, даатгал, тээврийн зардалд нэхэмжилсэн 6,103,978 /зургаан сая нэг зуун гурван мянга есөн зуун далан найм/ төгрөгөөс нотлох баримтын шаардлага хангаагүй 2,684,308 /хоёр сая зургаан зуун наян дөрвөн мянга гурван зуун найм/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч У.Н-гаас 3,419,670 /гурван сая дөрвөн зуун арван есөн мянга зургаан зуун дал/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Р-т олгож, хохирогч О.Р нь шүүгдэгч У.Н-гаас цаашид гарах эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ