Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/689

 

 

 

 

     2021             7             21                                         2021/ДШМ/689

 

Ч.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Галав,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д, түүний өмгөөлөгч Э.Ганбат, С.Оюунцэцэг, Ш.Сарангэрэл,

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Б.Бадраа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЗ/1321 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагчийн өмгөөлөгч Б.Бадраагийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор Л.Галавын бичсэн 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 32 дугаартай эсэргүүцлээр Ч.Бд холбогдох 2106000000045 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

_________________ овгийн Ч.Б, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр ххххххх аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, “хххххххххх” трейд ХХК-д жолооч, туслах ажилтай, ам бүл 2, эхийн хамт хххххххххх дүүргийн 0 дугаар хороо, 00 гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч ххххххххххххххх дүүргийн 00 дүгээр хороо, хххххххх задгайд оршин суух, ял шийтгэлгүй, /РД:РХ00000000/;

Яллагдагч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 1 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ххх” трейд ХХК-ийн аж ахуйн хашаанд хамт ажилладаг Д.Нг агсам тавих үед нь хоолойг нь боох үйлдлээр эрүүл мэндэд нь шилэн хүзүү, хүзүүний хажуу ба урд хэсгийн зулгаралтууд, зүүн нүдний доод зовхины салстын цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ч.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж талуудын тайлбар, дүгнэлтүүдийг хянан үзээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 121 дугаартай шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн үхлийн шалтгааныг архины цочмог хордлогын улмаас нас барсан гэсэн байх бөгөөд уг дүгнэлтэд ямар учраас үхлийн шалтгаан нь архины цочмог хордлого гэсэн онош дүгнэлт гаргасан болох нь тодорхойгүй, эргэлзээтэй байна.

Мөн 2021 оны 2 дугаар сарын 7-ны өдөр шинжээчээс мэдүүлэг авахад амь хохирогчийн үхлийн шалтгаан ямар учраас архины цочмог хордлого гэж үзэж шинжээчийн дүгнэлт гарсан талаар асууж тодруулаагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох гэрч, яллагдагчийн мэдүүлгүүдээр Ч.Б нь амь хохирогч Д.Нгийн хоолойг боосон үйл баримт тогтоогдож байх бөгөөд амь хохирогчийн үхлийн шалтгаан нь түүний хоолойг боох үйл явцтай хамааралтай эсэх талаар мөн шинжээчийн дүгнэлтэд огт дүгнэж, тусгаагүй байх ба шинжээчээс энэ талаар асууж, тодруулж мэдүүлэг аваагүй байна.

Иймд 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 121 дугаартай дүгнэлт нь тодорхойгүй, эргэлзээтэй байх тул амь хохирогчийн үхлийн шалтгаан архины цочмог хордлого, эсхүл хоолойг боосны улмаас нас барсан эсэхийг нэг мөр тогтоож, ямар учраас уг онош, дүгнэлтэд хүрсэн талаар шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйл, Шүүх шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн дүгнэлт гаргасан шинжээчээс үхлийн шалтгаантай холбоотой дэлгэрэнгүй мэдүүлэг авч, дээрх асуудлуудыг тодорхой болгох шаардлагатай.

Мөн амь хохирогч нь Г.Мтэй гэрлэлтээ батлуулаагүй боловч гэр бүлийн харилцаатай байсан бөгөөд дундаасаа 2017 онд төрсөн охинтой болох нь төрсний гэрчилгээгээр тогтоогдож байх тул түүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр Ч.Бд холбогдох эрүүгийн 2106000000045 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Бадраа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн аль хэсгийг зааж буйгаа захирамжиндаа тусгаагүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг барьсан гэж ойлгогдож байна.

Шүүхэд шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гарсан гэж үзэж дахин шинжилгээ хийлгэх эрх хуулиар олгогдсон боловч эргэлзээтэй гэж үзэж буй үндэслэлийг нь шинжилгээ хийсэн шинжээчийг шүүхэд дуудан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлийн 2 болон 3 дахь хэсэгт заасны дагуу өөрийнх нь гаргасан дүгнэлтийг тайлбарлуулах, мэдүүлэг авах бүрэн боломжтой учир “шинжээчээс мэдүүлэг дутуу авсан гэх шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ.

Нөгөө талаар мөрдөн шалгах ажиллаагааны явцад “архины цочмог хордлогын улмаас нас барсан гэх дүгнэлтийг яагаад гаргасан болох тухай”-д нь тайлбарлуулах, шинжээчээс хэргийн оролцогчид хүссэн асуултаа тавьж хариулт авах, нэмэлт шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр хууль тогтоогч хуульчилж өгсөн байх бөгөөд шинжээч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн гаргасан дүгнэлтийн тухайд хариуцлага хүлээх үүрэгтэй этгээд учир шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчийн гаргасан дүгнэлтийн тодорхой бус гэж үзсэн хэсгийг тодруулах бүрэн боломжтой болно.

Иймд шүүгчийн захирамжид заасан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан бүрэлдэхүүнтэй шинжээч томилон дүгнэлт гаргуулах шийдвэр нь үндэслэлгүй тул захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Л.Галав бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ч.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, түүний гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр хэргийг шилжүүлсэн.

Шүүхийн шийдвэрээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн зарчмыг алдагдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчлөө гэж үзэж байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар амь хохирогчийн үхлийн шалтгаан нь ямар учраас архины цочмог хордлого болох нь эргэлзээгүйгээр тогтоогдсон байдаг. Үүнд:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 121 дугаартай шинжээч эмч Б.Ариунзулын гаргасан “... Шилэн хүзүү, хүзүүний хажуу ба урд хэсгийн зулгаралтууд, зүүн нүдний доод зовхины салстын цус харвалт нь боолтын улмаас үүссэн байна. Дээрх гэмтлүүд үхэлд хүргээгүй, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно. Уг гэмтлүүд нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Талийгаач архины цочмог хордлогын улмаас нас баржээ. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаачийн шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй байна. Талийгаач зүрхний булчин эмгэгших өвчтэй байсан нь үхэлд нөлөөлсөн байна. ...” гэх дүгнэлт,

Шинжээч эмч Б.Ариунзулын “... Боолтын гэмтлүүд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Бусад гэмтлүүдийг салгавал тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь нэг удаагийн алгадах үед бол үүсэхгүй, харин ноцолдох үед бол үүсэх боломжтой ...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар амь хохирогч Д.Н нь зүрхний булчин эмгэгших өвчтэй байсан нь үхэлд нөлөөлж, архины цочмог хордлогын улмаас нас барж, амь хохирогчийн биед боолтын улмаас үүссэн гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэл болох” тухай мэдүүлэг тус тус болно.

Мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3-т заасанчлан шинжээч томилох шийдвэрт шинжилгээ хийлгэх үндэслэл, шинжээчид тавих асуулт, шинжилгээний обьектын талаархи мэдээллийг бүрэн тусгасан ба мөн зүйлийн 4-т заасны дагуу хэргийн оролцогч нарт шинжээч томилох шийдвэрийг танилцуулахад ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй байдаг.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд заасанчлан шинжилгээ хийлгэх үед оролцогч нарт хуулиар олгогдсон шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах, шинжээчид нэмэлт асуулт тавих, шинжээчид нэмэлт баримт бичиг өгөх, тайлбар гаргах, мөрдөгч, прокурорын зөвшөөрлөөр шинжилгээ хийхэд байлцах, шинжээчийн дүгнэлттэй танилцах зэрэг эрхээр нь бүрэн ханган ажилласан ба оролцогч нараас ямар нэгэн хүсэлт гаргаагүй билээ.

Иймд шинжилгээ хийлгэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нөхцөл, журмыг зөрчөөгүй, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, шинжээч дүгнэлтээрээ тогтоовол зохих нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тогтоосон тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Рийн “...Би ухаан алдаад таталт өгсөн гэсэн, тэгсэн дээр гараад дахиад цохих гэж байхад нь Ч.Б ирээд талийгаачийн араас татаж ноцолдсон байсан. ...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Аийн “...оройн 22 цагийн үед талийгаач Д.Н согтоод Ртай байшингийн гадаа хоорондоо зодолдсон, тэр үед Ч.Б талийгаач Д.Нгийн араас хоолой хэсгээс нь боогоод газар унагасан ...” гэх мэдүүлэг,

Гэрч М.Чтын “... 2021 оны 1 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө цагийг тодорхой санахгүй байна, бид нар явахаар гарахад араас талийгаач Д.Н согтуу орилж ирээд хашаан дотор Р ахтай зууралдаж, газар унагаад дээрээс нь гараараа цохиод байх шиг байсан. Тэр үед Ч.Б талийгаач Д.Нг салгах гээд араас нь гараараа хүзүүдэж татаад газар унаж, хүзүүнээс нь гараараа тэвэрсэн гэхээр байдалтай боож зууралдсан ...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Пгийн “...Талийгаач Д.Н согтуу, хүн бүр рүү агсраад ууж байсан пивоо цацаж, лаазаа Ч.Б рүү шидсэн. ...бид нар гараад явж байхад араас талийгаач Д.Н согтуу орилж ирээд хашаан дотор Чулуунбат руу чи барахгүй шүү гэж салаавч өгөөд дайраад байхаар нь Чулуунбат тоохгүй, биднийг машиндаа суу, явна гээд байж байхад Д.Н хүн бүр рүү агсраад дайраад Р ахыг гараараа цохих шиг болж, Р ах газар унаад өгсөн байсан. Тэгэхэд Ч.Б талийгаач Д.Нг салгах гээд араас нь татаж газар унагаад Д.Нгийн араас хүзүүнээс нь гараараа тэвэрсэн гэхээр байдалтай зуурсан ...” гэх мэдүүлэг,

Яллагдагч Ч.Бд холбогдох гэм буруугийн асуудлыг хавтаст хэргийн хүрээнд шүүхээр хэлэлцэх нь хэргийн бодит байдлыг тогтооход болон тухайн хэргийн оролцогч нарын эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЗ/1321 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч Ч.Б “тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг болон прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дүгнэлтийг дахин гаргуулах саналтай байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй боловч энэ тохиолдолд эсэргүүцэл бичих асуудал илтэд биш байсан. Энэ нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Прокурорын зүгээс гэрч нарын мэдүүлгийг үнэлэх, түүнийгээ шинжээчийн дүгнэлттэйгээ харьцуулах, нас барсан цаг хугацаа буюу хохирогч хэзээ нас барсан болохыг тогтоогоогүй. Хутгалуулж байхдаа архины хордлогод орж нас барсан гэх дүгнэлт гарах уу, гарахгүй ш дээ. Яг үүнтэй адилаар хүзүүгээ боолгосон ором нь нүдэнд харагдахаар тод байхад, боосон болох нь гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдсон байхад прокурор болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс дахин дүгнэлт гаргах шаардлагагүй гээд байдаг. Шаардлагагүй юм уу, эсхүл шаардлагатай боловч шүүх буцаасан нь буруу гэж байгаа юм уу. Энэ хоёр ялгаатай асуудал. Прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдол дээр “дүгнэлтийг огт хөндөх хэрэггүй” гэсэн хамгаалалтын үйл ажиллагаа явагдаад байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцаасан нь зөв гэх шийдвэрийг гаргасан. Шинжээчийг байцаасан гэдэг. Шинжээч мэдүүлэг өгөхдөө “боолтонд орсныг 100 хувь зөв” гэсэн. Гэхдээ “хөнгөн гэмтэл учруулсан” гээд үхлийн шалтгаанаас нь холдуулсан. Хохирогч архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болно. Тэр нь үхэлд хүргээгүй, боолгоод нас барсныг шинжээч “архины хордлого” гэж дүгнэсэн нь илтэд бусад нотлох баримтуудаас зөрж байна. Шинжээчийн дүгнэлтийг үнэлэх асуудал дээр прокурор ноцтой алдаа гаргаж байна. Хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаасан ч гэсэн үр дүн гарахгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэг болох үед байсан гэрч нар болсон асуудлыг нэг бүрчлэн мэдүүлсэн. “Хохирогчийн араас хоолойг нь боосон. Хохирогч газар хэвтээд байсан. Тэр үйл явц болонгуут талийгаач ямар ч хөдөлгөөнгүй болсон байсан” гэсэн байдаг. Энэ асуудлыг бүх гэрч нар хэлсэн. А гэх гэрч мэдүүлэхдээ “Ч.Б талийгаачийн араас хоолой хэсгийг нь боогоод газар унагаахад нь би “хүн алчихлаа” гээд орилсон” гэсэн байдаг. Ч.Б мэдүүлэхдээ “тухайн үед өөрийн ухаангүй байсан. Миний боолтын улмаас болж нас барсан байна. Би гэмшиж байна” гэсэн байдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд “архины хурц хордлого” гээд гарсан чинь өөр зүйл яриад эхэлсэн. Талийгаач боолтын улмаас нас барсан болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Саранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Яллах дүгнэлтийн үндэслэл болоод байгаа баримтууд буюу шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгүүд шүүхээс ял оногдуулах үндэслэл болгоход эргэлзээтэй баримтууд байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон талийгаач хоёр дундаасаа хүүхэдтэй. Энэ талаарх ажиллагааг дутуу хийсэн. Прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Яллагдагч Ч.Бд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэх боломжгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан заасан ба тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолдог хэдий ч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хэргийг прокурорт буцаах үндэслэл болдог.

Хэрэгт гэрч Б.Агийн “...Ч.Б талийгаач Д.Нгийн араас хоолой хэсгээс нь боогоод газар унагасан. ...би хүн алчихлаа гээд орилсон. ...харуул Жаркин наад хүн чинь амьсгалахгүй байна гэж хэлэхэд Чулуунбат цагдаа дуудсан. ...” /1хх 75/,

гэрч М.Чтын “...Ч.Б талийгаач Д.Нг салгах гээд араас нь хүзүүдэж татаад газар унаж, хүзүүнээс нь гараараа тэвэрсэн гэхээр байдалтай боож зууралдсан. ...Тэр үед талийгаач Д.Н орилоод удалгүй боолт орсон уу орилохоо болиход Амартүвшин очиж Бат-Эрдэнийг талийгаач Д.Нгаас салгах гээд зууралдсан. ...” /1хх 77/,

гэрч Г.Пгийн “...Ч.Б талийгаач Д.Нг салгах гээд араас нь татаж газар унаад Д.Нгийн араас хүзүүнээс нь гараараа тэвэрсэн гэхээр байдалтай зуурсан. Ч.Б Д.Нг орилоод байхаар нь салгаж, тайвшруулах гэж араас нь тэвэрсэн байдалтай байхад хүзүүнд боолт орсон юм шиг байсан. ...” /1хх 81/ гэсэн тус тус мэдүүлгүүд хэрэгт авагджээ.

Шинжээчийн 121 дугаартай дүгнэлтэд, амь хохирогч Д.Нгийн биед учирсан шилэн хүзүү, хүзүүний хажуу ба урд хэсгийн зулгаралтууд, зүүн нүдний доод зовхины салстын цус харвалт бүхий гэмтлийг хөнгөн зэргийн гэмтэл гэж үзэж, үхлийн шалтгааныг “талийгаач архины цочмог хордлогын улмаас нас барсан”, зүрхний булчин эмгэгших өвчтэй байсан нь үхэлд нөлөөлсөн /1хх 116/ гэж тусгасан нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэжэээ.

Өөрөөр хэлбэл, гэрчүүд амь хохирогчийн амь насаа алдсан байдлыг яллагдагч Ч.Бий үйлдэлтэй хамааралтай байдлаар мэдүүлэг өгсөн бол шинжээчийн дүгнэлтээр архины хордлого гэж тодорхойлсон нь нотлох баримтын хувьд зөрүүтэй, эргэлзээ төрүүлэхүйц болсон, түүнчлэн хүзүүний боолт үхэлд нөлөөлөөгүй гэж үзсэн, эсхүл архины хордлогоос болж амь насаа алдсан талаарх шинжлэх ухааны үндэслэл бүхий тайлбар шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүйгээс шүүх энэ талаар дүгнэлт хийх боломжгүй болжээ.

Мөн амь хохирогч зүрхний булчин эмгэгших өвчтэй байсан нь архины хордлогоор амь насаа алдахад хэрхэн нөлөөлсөн нь тодорхой бус байна.

            Эдгээр байдлын талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж заасан бөгөөд дээрх нотлох баримтуудаас үзэхэд гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн биед үхэлд хүргэсэн гэмтэл, үхлийн шалтгаан нөхцөл, үхэлд хүргээгүй боловч гэмтлийн зэрэг тогтоогдож болох гэмтлийг тус тусад нь ялгаж, эргэлзээгүй тогтоосноор яллагдагчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тохирох зүйл, заалтаар зүйлчлэх боломжийг бий болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны, бодитой байх зарчмыг хангахад туйлын ач холбогдолтой болохыг тус тус анхаарах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн прокурорын эсэргүүцэл, яллагдагчийн өмгөөлөгч Б.Бадраагийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЗ/1321 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгч Б.Бадраагийн гаргасан давж заалдах гомдлыг, прокурор Л.Галавын бичсэн 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 32 дугаартай эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                                        Т.ӨСӨХБАЯР