Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 055

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг,

улсын яллагч Б.Ботакөз,

хохирогч Б.Анаргүл,

хохирогчийн өмгөөлөгч С.Алтай,

шүүгдэгч Ж.Айдос нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Айдост холбогдох 201704000147  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Молхы машан овгийн Жакейн Айдос нь 1984 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суудаг, яс үндэс казах, регистрийн дугаар БЙ84101415.

            Шүүгдэгч Ж.Айдосын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Айдос нь 2017 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байрлах  өөрийн гэрт эхнэр Б.Анаргүлийг шөнө дунд ирлээ гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

Шүүгдэгч Ж.Айдос мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр манай найз болох Ахтилек намайг эхнэр хүүхдүүдийн хамт орой ирээд цай уугаарай гэж дуудсан юм. Биднийг гэртээ байж байтал 18 цагийн үед Анаргүл хувцсаа өмсөөд гэрээс гараад явсан. Хаашаа яах гэж явж байгаагаа надад хэлээгүй ба 21 цагийн үед гэрт ирэхгүй болохоор нь би Анаргүл рүү залгахад утсаа аваагүй тул би хоёр хүүхдээ дагуулаад найз болох Ахтилекийн гэрт очсон юм. Ахтилекийн гэрт очоод хоол цай идэж уугаад 2,5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво бид хоёр хувааж уугаад 23 цагийн үед би хүүхдүүдээ дагуулаад гэртээ харьсан юм. Бид нарыг гэртээ ирэхэд Анаргүл гэртээ байхгүй байсан ба би утас руу нь залгахад утсаа аваагүй юм. 00 цагийн үед би хүүхдүүдийнхээ орыг засч өгөөд унтчихсан ба 01 цагийн үед би Анаргүл руу залгаж хаана байгааг асуухад нэг газар сууж байна гэж хэлээд хаана байгаагаа хэлээгүй ба утсаа тасалсан бөгөөд дахин залгахад утсаа авахгүй байсан юм. Удалгүй 02 цагийн үед Анаргүл гэрт ирж хаалга цохьсон бөгөөд би хаалгаа онгойлгоод хаана явж байгаад ирсэн юм бэ гэж асуухад надтай юм яриагүй бөгөөд би дахин чамтай ярихад цаана чинь олон эрэгтэй хүмүүс дуугарч байсан “Хэнтэй хаана байж байгаад ирсэн юм” гэж асуухад огт дуугаралгүй гал тогооны өрөөнд ороод хувцсаа тайлах гэж байхад нь би уур хүрээд зүүн талын хацарт нь хоёр удаа алгадахад Анаргүл миний өмсөж байсан футболкноос татаж уг футболк урагдсан юм. Тэгээд Анаргүл дахин гараад явах гээд байхаар нь би түлхтэл коридорт унасан юм. Тэр даруйд нь би хүүхдүүдийнхээ хажууд очоод хэвтсэн бөгөөд Анаргүл гал тогооны өрөөнд уйлаад сууж байгаад гараад явсан байсан юм. Би хойноос нь хувцсаа өмсөөд гараад очиход Анаргүл байхгүй байсан юм. Би түүнд “Хаашаа яваад ирсэн бэ” гэхэд хариу хэлээгүй тул маргалдсан. Би Анаргүлийг 2 удаа алгадсан. Уур хүрээд 1 удаа түлхэж унагаасан нь үнэн.  ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.Анаргүл мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би Айдостой 2008 онд гэр бүл болоод 9 жил хамт амьдарч 2 хүүхэдтэй болсон. Би Хас банкинд 2005 оноос хойш ажиллаж байгаад 2016 оны 04 дүгээр сард өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч төслийн байгууллагад ажиллах болсон юм. 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хас банкны ажилчид мацаг цуг тайлахаар Памукалле ресторанд 21 цагт уулзаад нэг нэгнийгээ хүлээсээр байгаад 22 цаг өнгөрч хоол идэж дуусаад 00 цагийн үед Бахытжан гэх найзынхаа зуны байранд очиж хоорондоо юм ярьж хэсэг сууж байтал манай нөхөр Айдос над руу залгахаар нь би утсаа аваад би найзуудтайгаа хэсэг суухаар болчихлоо гэж хэлтэл чи муу янхан, янхандаад яваад байна уу гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь би 00 цагийн үед гэртээ явж очсон юм. Гэртээ очоод хаалгаа цохьтол нөхөр онгойлгохгүй болохоор нь би хаалгаа нэг удаа өшиглөтөл нөхөр хаалгаа онгойлгоод миний дээрээс түмпэнтэй хүйтэн ус асгачихсан юм. Тэгээд намайг түлхээд гэрт оруулахгүй байхаар нь би ноцолдож байгаад гэртээ орчихсон ба намайг гэрт ороход “Чи муу янхан, шөнө дунд хаана яваад ирж байгаа” гэх мэтээр хэл амаар доромжилж учир зүггүй миний толгой болон цээжин хэсэг рүү цохьсон. Урд өмнө нь Айдос намайг хэзээ ч тэгж зодож байгаагүй болохоор нь би хувцсаа аваад эгчийнхээ гэр рүү явчихсан юм. Бага зэрэг халамцуу байсан юм. Гараараа миний толгой, гар, ар нуруу руу цохиод өшиглөөд байсан. Иймд зохих журмын дагуу ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Би гомдолтой байна. Гомдол тайлах боломж байхгүй. Ж.Айдос нэг удаа ч гэсэн уучлалт гуйсан бол асуудал өөр байх байсан. Намайг хана руу түлхсэнээс болж толгой жаахан өвддөг болсон. Гэхдээ би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Ж.Айдосоос мөнгө аваагүй. Толгой минь нэг  тал руугаа таллаж өвдөөд байгаа. Энэ нь тухайн үед болсон маргааны улмаас болсон эсэхийг нотолж чадаагүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

- Насанд хүрээгүй гэрч А.Гаухарийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Шөнө унтаж байхад ээж ах бид хоёрын унтаж байсан орны дээр бид хоёрын хөлөн дээр дараад унахад би сэрээд айгаад уйлсан. ...Тэгээд ээжийг хөл, гар руу нь цохиж байхад ээж гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч А.Юсуфын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэгээд би шөнө унтаж байтал ээжийн орилох дуу гарахаар нь бид хоёр сэрээд хартал аав ээжийг бид хоёрын унтаж байсан ор руу түлхсэн юм. Тэгтэл Гаухар уйлахаар нь аав ээжийг дагуулаад гал тогоо руу орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч К.Хайратын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 179 дугаартай: “....1. Иргэн Б.Анаргүлийн биед зүүн бугалганд урд хэсэгт цус хуралттай, мөрөнд бугалганд ягаан туяатай цус хуралттай, баруун даланд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун мөрөнд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун өгзөгний дээд хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн өвдгөнд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун өвдгөнд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун шилбэнд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн шилбэнд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун шагайд хөх ягаан туяатай цус хуралттай зэрэг гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн болно.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,

- Хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Ч.Ганцэцэгийн эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг бичгээр хүлээн авсан тэмдэглэл, хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны А/37 дугаар тушаалаар батлагдсан “Аюулын зэргийн үнэлгээний маягт” /бөглөгдсөн/,

Шүүгдэгч Ж.Айдосын хувийн байдлыг тогтоосон баримтууд болон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Шүүгдэгч Ж.Айдос нь 2017 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байрлах  өөрийн гэрт эхнэр Б.Анаргүлийг шөнө дунд ирлээ гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Үүнд: Хохирогч Б.Анаргүлийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “...Би 00 цагийн үед гэртээ ирээд хаалгаа цохьтол нөхөр онгойлгохгүй байхаар нь би хаалгаа нэг удаа өшиглөтөл нөхөр хаалгаа онгойлгоод миний дээрээс түмпэнтэй хүйтэн ус асгачихсан юм. Тэгээд намайг түлхээд гэрт оруулахгүй байхаар нь би ноцолдож байгаад гэртээ орсон. Намайг гэртээ ороход “Чи муу янхан шөнө дунд хаана яваад ирж байгаа” гэх мэтээр хэл амаар доромжилж учир зүггүй миний толгой болон цээжин хэсэг рүү цохьсон. Урд өмнө нь Ж.Айдос намайг хэзээ ч тэгж зодож байгаагүй...” гэж мэдүүлсэн ба Ж.Айдосын дээрх цохилтын улмаас Б.Анаргүлийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 179 дугаартай: “....1. Иргэн Б.Анаргүлийн биед зүүн бугалганд урд хэсэгт цус хуралттай, мөрөнд бугалганд ягаан туяатай цус хуралттай, баруун даланд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун мөрөнд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун өгзөгний дээд хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн өвдгөнд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун өвдгөнд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун шилбэнд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн шилбэнд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун шагайд хөх ягаан туяатай цус хуралттай зэрэг гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн болно.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч Ж.Айдосын хэрэг бүртгэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Иймд шүүгдэгч Ж.Айдосыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Баян-Өлгийн аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Айдосд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирч байна.

Шүүгдэгч Ж.Айдост эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.

Дээрх гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.Айдос нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Б.Анаргүл нь нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн шүүгчдэгч Ж.Айдосын цахим иргэний үнэмлэх, Е1640231 дугаартай гадаад паспорт, В01088496 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг шүүгдэгчид буцаан олгох, хэрэг бүртгэгчийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор шүүгдэгч Ж.Айдосын “Nikon Coolpix P530” маркийн зургийн аппаратыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Айдост хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Машан молхы овгийн Жакейн Айдосыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Машан молхы овгийн Жакейн Айдосд 800 “найман зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Айдосд оногдуулсан 800 нэгж буюу 800000 төгрөгөөр торгох ялыг 8 сарын хугацаанд сар бүр 100000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Айдос торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг бүртгэгчийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор шүүгдэгч Ж.Айдосын “Nikon Coolpix P530” маркийн зургийн аппаратыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
  6. Шүүгдэгч Ж.Айдос нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Б.Анаргүл нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн шүүгчдэгч Ж.Айдосын цахим иргэний үнэмлэх, Е1640231 дугаартай гадаад паспорт, В01088496 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг шүүгдэгч Ж.Айдосд буцаан олгосугай.
  8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Айдосд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ДОРЖБАЛ