Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2016/00700

 

Ц.Түвшинзаяагийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01103 дугаар шийдвэр,

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 685 дугаар магадлалтай,

Ц.Түвшинзаяагийн нэхэмжлэлтэй,

Э.Ганбат, Э.Энхбат нарт холбогдох           

            Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Сүмбэр орд хороолол, 601 дүгээр байрны 1107 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг, Л.Ононбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн           

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадрал, хариуцагч Э.Ганбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

             Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарт: “Ц.Түвшинзаяа нь 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-ын иргэн Ү.Зунхайгаас /Wu Zhonghgi/ "Сүрэг агт" ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Сүмбэр орд хороолол /13311/, Их монгол улсын гудамж 601 дүгээр байрны 1107 тоот байрыг авсан. Ингэхдээ тус байрыг зохих журмын дагуу улсын бүртгэлийн Ү-2204030231 дугаарт бүртгүүлж, 000120981 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан. Байрыг авах үед "Сүрэг агт" ХХК-ийн хувь нийлүүлэгч болох хүмүүс амьдарч байсан ба өнөөдрийг хүртэл Э.Ганбат нь хууль бусаар оршин суусаар байна. Бид байрны түлхүүрийг авахаар Э.Ганбаттай уулзахад би одоогоор Э.Энхбат гэдэг хүний байранд түр сууж байгаа учир түлхүүрийг өгөх боломжгүй байна гэх тайлбарыг өгсөн тул Э.Энхбат, Э.Ганбат нарыг хамтран хариуцагчаар татаж байна. Дээрх хууль бус үйлдлийн улмаас Ц.Түвшинзаяа нь бусдын байрыг хөлслөн амьдрахад хүрч, эдийн засгийн хувьд ихээхэн хэмжээний хохирол амсаж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн шүүхэд хандсан. Иймд Э.Энхбат, Э.Ганбат нарын хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч Ц.Түвшинзаяагийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Сүмбэр орд хороолол, 601 дүгээр байрны 1107 тоот байрыг албадан чөлөөлүүлж өгнө үү.” гэжээ.

           Хариуцагч нарын болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаяр, Г.Тунгалаг нарын гаргасан хариу тайлбарт: “Иргэн Э.Энхбат, Э.Ганбат нар нь маргаж буй орон сууцыг 5160677 регистртэй, одоо Баянгол дүүргийн 20 дугаар хороонд Гурвалжингийн гудамжинд "Жиньди" ХХК-ийн байранд байрлаж буй, Хятад улсын иргэн Хао Guojin 25 хувь буюу 25 000 ам.доллар, Xu Daging 25 000 ам.доллар, Qu Dabao 25 000 ам.доллар, Gonj Вing 12 500 ам.доллар, Gu Qinzking 12 500 ам.доллар хөрөнгө оруулж хуулийн этгээдийн бүртгэлд 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдөр бүртгүүлсэн, ГХОААН-н бүртгэлд 2007 оны 7 дугаар сарын 24-ний өдөр бүртгүүлсэн 07-1091 тоот сертификаттай, 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш гүйцэтгэх захирлаар Б.Хайдавмөнх бүртгэгдсэн, одоогоор татан буугдсан бүртгэл байхгүй, "Сүрэг агт" ХХК-ийн хөрөнгө оруулагч болох нь дээр дурдсан серификат болон улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн лавлагаа, "Сүрэг агт" ХХК-ийн дүрэм зэрэг баримтаар батлагдаж байна. Одоо хүртэл хөрөнгө оруулагчаар хэвээр байгаа Хятад Улсын иргэн Хао Guojin/ Хао Туозын гэгч иргэнээс хүлээн авч, оршин сууж байгаа болно. Энэ орон сууцыг түүнээс авах болсон үндэслэл нь Хятад улсын иргэн /Хао Guojin/ Хао Туозын ба иргэн Э.Энхбат нарын хооронд 2009 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан орон сууц барих газрыг зуучилж олж өгсний зуучлалын хөлсөнд тухайн газарт барьсан барилгадаа 3-4 өрөө 2 ширхэг орон сууцыг зуучлагч Э.Энхбатад өгөхөөр тохиролцсон гэрээ байгуулж, зуучлагч нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж газар олж өгч, "Сүмбэр орд" хороолол баригдаж, 2010 оны 1 дүгээр сарын 04-ний улсын комиссын актаар ашиглалтад оруулсан. Э.Энхбат нарын хооронд байгуулагдсан зуучлалын гэрээний эх хувийг иргэн Э.Энхбатын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар татсан, Улсын бүртгэлийн 2204030231 дугаарт бүртгэгдсэн 000106589 тоот гэрчилгээг Ц.Түвшинзаяагийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 250 дугаар шийдвэртэй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 319 дүгээр магадлалтай, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 240 дүгээр тогтоолтой, захиргааны хэрэгт нотлох баримтаар авахуулсан байгаа тул уг хэргээс хуулбарлан авахуулах боломжтой. Хариу тайлбарт хавсарган өгч буй гэрчээр Н.Лхамсүрэнг асуулгах тухай хүсэлтэд дурдагдаж буй, энэ хэрэгт авагдсан баримтуудаас харахад хариуцагчийн тайлбар үндэслэл бүхий болох нь харагдаж байна. Иргэн Н.Лхамсүрэнг гэрчээр асууснаар түүний үйлдсэн харилцан эсрэг утга санааг агуулсан баримтуудын учир шалтгаан болон нэхэмжлэгчийн шаардлага үндэслэл бүхий эсэх нь шүүхэд тодорхой болно гэдэгт итгэлтэй байна. "Сүрэг агт" ХХК-ийн төлөөллийг ямар нэгэн байдлаар оролцуулж албан ёсны байр суурийг сонсож байж хэргийг шийдвэрлэх нь үндэслэл бүхий болно гэж үзэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр Ц.Түвшинзаяагийн нэр дээр олгогдсон өмчлөх зрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл байхгүй болохыг л зөвхөн тогтоосон гэж ойлгож байна. Тэгвэл энэ гэрчилгээ олгогдох болсон үндэслэл болох Ц.Түвшинзаяад орон сууцыг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ, энэ гэрээний үндэслэл болсон /WU Zhonghai/ Ү.Зунхайгаа-д 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдөр олгосон 000106589 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ, энэ гэрчилгээ олгох үндэслэл болсон Н.Лхамсүрэнгийн үйлдсэн гэх үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт хандсан орон сууцны үнэ төлөгдсөн гэх тодорхойлолт, Н.Лхамсүрэн ба /WU Zhonghai/ Ү.Зунхай нарын хооронд 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан гэх "орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ", "Сүрэг агт" ХХК-ийн 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн кассын орлогын ордер гэх баримтуудын хүчин төгөлдөр эсэх болон хууль зүйн талаас үнэлэлт дүгнэлт урьд өмнө хийгдээгүй байгаа тул энэ хэргийг шийдвэрлэх явцад энэ бүх асуудал тодорхой болно. /WU Zhonghai/ Ү.Зунхай гэгчид улсын бүртгэлийн гэрчилгээ олгуулахаар орон сууц худалдагч талаас гаргаж өгсөн баримтууд нь одоо үгүйсгэгдэж байгаагаас гадна 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байрны мөнгө төлөгдөхөөс өмнө мөнгө төлөгдсөн тухай тодорхойлолт үйлдэгдэж байрны үнэ төлөгдөхөөс өмнө бүртгэлд хандсан, мөнгө төлөгдөөгүй байгаа байрны гэрчилгээ гарч байгаа зэрэг хачирхалтай үйл баримтууд Улсын бүртгэлийн архиваас гаргаж ирүүлсэн баталгаат хуулбаруудаас тодорхой харагдаж байна. Иймд тодорхой асуудлуудыг тодруулсны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байгаа тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01103 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Түвшинзаяагийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, "Сүмбэр орд" хороолол, Их Монгол улсын гудамж, 601 дүгээр байрны 1107 тоот орон сууцыг хариуцагч Э.Энхбат, Э.Ганбат нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Түвшинзаяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Энхбат, Э.Ганбат нараас улсын тэмдэгтийн хураамжид 307 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Түвшинзаяад олгож шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 685 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01103 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Э.Ганбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалагын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг, Л.Ононбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01103 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 685 дугаар магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.Үүнд: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасанчлан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, мөн 168.1.3-т заасанчлан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь: Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас үндэслэлгүй татгалзаж, тэдгээрийн эрхийг зөрчлөө. Уг сөрөг нэхэмжлэлийг гаргахдаа хариуцагч нар нь нэхэмжлэгч Ц.Түвшинзаяа болон БНХАУ-ын иргэн Ү.Зунхуй нарын хооронд 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан, маргаж буй орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх үндэслэл болсон ”Орон сууц бэлэглэлийн гэрээ "-г хууль бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлага гаргаж, улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг төлж гаргасан атал шүүгч нь улсын тэмдгийн хураамж төлөөгүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хуралдааныг үргэлжлүүлэн буруу шийдвэр гаргасан болно. Хэргийг шийдвэрлэхдээ шүүгч нь хэрэгт цугларсан харилцан зөрүүтэй нотлох баримтын заримыг үндэслэж, эсрэг байдлыг нотолж буй баримтад огт дүгнэлт хийлгүй орхисон нь хэт нэг талыг барьсан явдал боллоо.Учир нь: Нэхэмжлэгч Ц.Түвшинзаяа нь маргаж буй байрнаас хариуцагч Эрдэнэбулганы Энхбат, түүний ах хамтран хариуцагч Эрдэнэбулганы Ганбат нарыг албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргахдаа үндэслэл болгож уг байрыг 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-ын иргэн Ү.Зунхайгаас бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан хэмээн уг гэрээг баримтаар гаргаж өгсөн болно. Мөн уг гэрээг тэдгээр нөхөд байгуулах болсон үндэслэл нь Ү.Зунхуй болон “Сүрэг агт” ХХК-ийн ажилтан Н.Лхамсүрэн нарын хооронд байгуулагдсан 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “орон сууц захиалгаар бариулах гэрээ” гэгч баримт хэрэгт авагдсан байгаа болно. Гэтэл хэрэгт цугларсан дараах нотлох баримтууд нь энэхүү “Орон сууц захиалгаар бариулах гэрээ" гэгч баримтыг хууль бус, хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг харуулж байгаа юм. Үүнд: Иргэн Н.Лхамсүрэнгийн тус шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг, “Сүрэг агт” ХХК-ийн зүгээс 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан “...Сүмбэр орд хорооллын 601 дүгээр байрны 1107 тоот орон сууцыг хөрөнгө оруулагч бөгөөд тус компанийн эзэн Хао Гуожин нь Монгол Улсын иргэн Э.Энхбатад хүлээлгэн өгсөн нь үнэн болно гэсэн 16 тоот албан бичиг, Мөн “Сүрэг агт” ХХК-ийн хөрөнгө оруулагч Хао Гуожингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хонхай гэгчээс 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхэд хандан гаргаж өгсөн “...тус компанийн хөрөнгө оруулагч нарын хооронд өмчийн маргаантай асуудал УМБГ-т шалгагдаж буй бөгөөд Хятад улсын иргэн Ү.Зунхуй гэгчид компаниас төлөх ямар ч өглөг байхгүй байхад 601 дүгээр байрны 1107 тоот орон сууцыг түүнд өгөхөөр гэрээ байгуулагдсан нь дээрх хөрөнгийн маргаантай асуудлуудтай зайлшгүй холбоотой асуудал мөн болно гэх” тодорхойлолт, Н.Лхамсүрэнгийн тус шүүхэд гаргасан тодорхойлолт зэрэг баримтууд болно. Хариуцагчийн төлөөлөгч Л.Ононбаярын зүгээс гаргасан иргэн Э.Энхбат, “Сүрэг агт” ХХК-ийн эзэн Хао Гуожин нарын хооронд байгуулагдсан 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн, зуучлалын хөлсөнд Э.Энхбатад 2-3 орон сууц өгөх тухай гэрээний хуулбар нь хэрэгт авагдсан байгаа бөгөөд энэ баримтын эх хувийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 250 дугаар шийдвэртэй хэргийн материалаас хуулбарлуулан гаргуулах тухай асуудлыг шүүх мөн анхааран үзэлгүй орхигдуулж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэт нэг талыг барьсан шийдвэр гаргахад нөлөөллөө. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, хууль хэрэглээний алдаа гаргаагүй байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг, Л.Ононбаяр нарын гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Түвшинзаяа нь хариуцагч Э.Ганбат, Э.Энхбат нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Сүмбэр орд” хороолол, Их Монгол Улсын гудамж, 601 дүгээр байрны 1107 тоот, 94.83 м.кв талбай бүхий орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, орон сууцыг Хятад Улсын иргэн Хао гуожин /Хао Guojin/ гэгч иргэнээс орон сууц барих газрыг зуучилж олж өгсний хөлсөнд тухайн газарт барьсан барилгадаа 3-4 өрөө 2 ширхэг орон сууцыг зуучлагч Э.Энхбатад өгөхөөр тохиролцсон гэрээний дагуу хүлээн авсан гэж маргажээ.

Хятад Улсын иргэн Ү.Зунхай /Wu Zhonghgi/ уг орон сууцыг өмчилж байгаад 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр Ц.Түвшинзаяад шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон байх бөгөөд дээрх орон сууцны өмчлөгчөөр  улсын бүртгэлд нэхэмжлэгч Ц.Түвшинзаяа  бүртгэлтэй байна. /хх-ийн 21, 25/

Хариуцагч Э.Энхбат нь Хятад Улсын иргэн Хао гуожин /Хао Guojin/ гэгч иргэнээс орон сууц барих газрыг зуучилж олж өгсний хөлсөнд тухайн газарт барьсан барилгадаа 3-4 өрөө 2 ширхэг орон сууцыг зуучлагч Э.Энхбатад өгөхөөр тохиролцсон гэрээний дагуу хүлээн авсан тухайгаа  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй байна.

Нэхэмжлэгч Ц.Түвшинзаяа нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Сүмбэр орд” хороолол, Их Монгол Улсын гудамж, 601 дүгээр байрны 1107 тоот, 94.83 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, бүртгэл хүчин төгөлдөр байгааг үндэслэж, хариуцагч Э.Ганбат, Э.Энхбат нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 106 дугаар зүйлийн 106.1-д нийцсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангажээ.     

    Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэсэн хэргээс “...гэрээ” гаргуулах тухай хүсэлтийг шүүгчийн захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн, “Сүрэг агт” ХХК-ийн тодорхойлолт, гэрч н.Лхамсүрэнгийн бичгээр гаргасан мэдүүлгийг эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40  дүгээр зүйлийн 40.1, 40.2, 166 дугаар зүйлийн 166.4 дэх заалтыг зөрчөөгүй байна. Иймээс хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчдын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг, Л.Ононбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01103 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 685 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Э.Энхбат, Э.Ганбат нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг, Л.Ононбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаярын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308.000 /гурван зуун найман мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                                     ШҮҮГЧ                                                   Д.ЦОЛМОН