| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2025/0256/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/324 |
| Огноо | 2025-09-22 |
| Зүйл хэсэг | 222.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/324
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.У,
Шүүгдэгч Б.Б-ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ын Б-д холбогдох эрүүгийн 2538000000082 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт Б-ын Б-ч, 1976 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дууны техникч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн .................. -т ......................... ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг 28-р байр 2-21 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулж байсан, регистрийн РЮ............. дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б-ч нь Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж гэрлийн техникч мэргэжил шаардах Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын “Гэрлийн техникч” албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй буюу зураач мэргэжилтэй өөрийн төрсөн охин Б-ийн И-г 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 дугаар “Б.И-г түр хугацаагаар ажилд томилох тухай” тушаалаар томилж, түүнээр “Гэрлийн техникч” албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажлыг хийлгүүлэхгүйгээр түүнд хамааралгүй “Зураач” албан тушаалын ажлыг гүйцэтгүүлэн өөрийн төрсөн охин Б.И тус албан тушаалд томилон ажиллуулах зорилгоор “Зураач” албан тушаалд ажиллаж байсан Б.Б-г хуульд нийцүүлэн ажлаас гаргах өөрийн ашиг сонирхолдоо нийцүүлэн хавчин гадуурхаж, дарамт үзүүлсэн, улмаар Б.Б-нь өөрийн хүсэлтээр хүүхэд асрах чөлөө авсан учир өөрийн охин Б.И-г 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Б.И-г сэлгэн ажиллуулах тухай” Б/20 дугаартай тушаалаар “Зураач” албан тушаалд шилжүүлэн томилж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538000000082 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ийн өгсөн: “...Зураач Б гэдэг хүн миний эсрэг зүйл ярьсан байна. Энэ хүнтэй би уран бүтээлээр холбогдож ажилладаггүй. Уран бүтээлээр холбогдож ажилладаг хүн нь туслах найруулагч, ерөнхий найруулагч, уран бүтээлчид байдаг. Уран бүтээлчид “зураач Б тайзныхаа юмнуудыг хийж өгөхгүй байна” гэдэг, ерөнхий найруулагч нь “Б театрын зургаа гаргаж өгөхгүй байна. Энэ хүнийгээ халаад өгөөч” гээд даргын хаалгыг савж орж ирээд эсвэл намайг ажлаас гарга гээд бөөн хэл ам болдог байсан.
Үүнийг манай үе, үеийн найруулагч нар хэлнэ. Г ах нэг хэсэг найруулагчаар ажиллаж байхдаа ч “энэ хүнтэй чинь би ажиллаж чадахгүй юм байна. Эсхүл энэ хүнээ гарга, эсвэл би ажлаа өгье” гэж удаа дараа хэлж орж ирдэг байсан.
Дүрслэх урлагийн зураач, тайзны зураач хоёр өөр ажил. Би энэ хүнийг шахаж, дарамталж байсан зүйл огт байхгүй. Энэ хүнийг хүүхэдтэй болсон гээд хүчээр чөлөө олгосон зүйл ч байхгүй. Энд гүтгэлгийн шинжтэй юм байгаа. Одоо би дүгнэлт хийж байхад даргыг дагаж гүйдэг маш олон хүмүүс байдаг. Тэр хүмүүсээс одоо ажлаа хийж байгаа хүмүүс бүгд миний эсрэг байгаа. Харин ажлаасаа гарсан хүмүүс зөв мэдүүлэг өгсөн байгаа. Энэ бол намайг буцаж ажилд оруулахгүй, төрийн албанд ажиллуулахгүй, ял шийтгэл эдлүүлье гэсэн бодолтой н.Д гэдэг хүний явуулга байгаа юм. Б.И-г ажилд авах шалтгаан нь манай уран сайхны зөвлөлийнхөн өөрсдөө хурал хийж хэлэлцсэн. Тэр талаар дээд шатны байгууллагад би мэдэгдсэн байсан. Дараа нь зураачаар томилохдоо өөрийн биеэр очиж мэдэгдээд бичгээ авч очоод засаг даргаар гарын үсэг зуруулж авсан. Эхлээд би амаараа мэдэгдээд бичиг аваагүй. Харин дараа нь өөрөө очиж хууль зүйн хэлтсийн Б-с авч гарын үсэг зуруулаад охиноо томилж байсан. Ажилд авах шалтгаан нь манай театр энэ охины хүчинд анх удаа 1 дүгээр байранд орж 97,000,000 төгрөгөөр шагнагдсан. Яагаад гэвэл “Цаатан түмний аялгуу” гэдэг маш том уран бүтээл дээр зураач хэрэгтэй болсон. Театрын зураач хүн театрын өнгийг тодорхойлдог. Ямар тайз хэрэгтэй, ямар хувцастай байх, ямар өнгөтэй байхыг хүртэл тодорхойлдог. Дээр үед манайд мэргэжлийн зураач Алтангэрэл гэдэг хүн байснаас хойш 30 гаруй жилийн дараа дахиад мэргэжлийн зураач хүн ирж байгаа.
Үүнийг манай уран сайхны зөвлөлийнхөн “ашгүй дээ гэж ураа хашхирч, таны шийдвэрийг оролцуулахгүйгээр бид нар уран сайхны зөвлөлөөрөө хэлэлцэж авна” гээд тухайн үеийн найруулагч, багш нар, гишүүд маань бөөн баяр болж авъя гэсэн шийдвэрээ гаргаад ирэхээр нь би гарын үсэг зурж авсан. Одоо ажиллаж байгаа хүмүүс, ажлаасаа гарсан хүмүүсийн мэдүүлэг зөрүүтэй байгаа. ...Зураач хүн үндсэн гэрлийг хичээл дээрээ үздэг. Зураач хүн гэрэл мэдрэхгүйгээр зураг зурахгүй.
Гэрлийн мэдлэгтэй учраас уран сайхны зөвлөл шийдвэрээ гаргаж надад танилцуулаад би авсан...” гэх мэдүүлэг,
2.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.Д-гийн өгсөн: “...Б.Б-нь өөрийн төрсөн охин болох Б.И 2022 оны Б/18, Б/63 тушаалаар “Гэрлийн техникч” албан тушаалд томилсон байх боловч Б.И-нь тайзны зураач мэргэжилтэй, “Гэрлийн техникч” ажлын байрны тодорхойлолтод нийцэхгүй хүн байсан. Ингэхдээ ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдлийг дээд шатны байгууллагад бичгээр мэдэгдээгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 09-11-р тал/
3.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.Г-ийн өгсөн: “...Би Б.И-нь Б.Б-ийн төрсөн охин бөгөөд ажилд авч байсныг нь мэднэ. Гэхдээ гэрлийн техникч албан тушаалаар ажилд авсныг нь бол мэдэхгүй. Анх ажилд орсноосоо хойш зураачаар ажиллаж байсан бөгөөд сүүлд сонсоход гэрлийн техникчээр ажилд орж хэдэн сар ажилласан юм шиг байсан. Гэхдээ би Б.И-г гэрлийн техникчээр ажиллаж байхыг харж байгаагүй. Тухайн хугацаанд гэрлийн техникчээр Л.Б ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 19-22-р тал/
4.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Э-ын өгсөн: “...Манай драмын театрын зураач Б.И-нь даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан, театрын уран сайхны удирдагч Б.Б-ийн төрсөн охин бөгөөд Б.Банзрагч нь дарга байх үедээ Б.И-г гэрлийн техникч албан тушаалд ажилд авч байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25-27-р тал/
5.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.А-ын өгсөн: “...Б.И-нь манай театрын уран сайхны удирдагч болон даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байсан Б.Б-ийн төрсөн охин байгаа юм. Б.И-нь анх 2022 онд “Гэрлийн техникч” албан тушаалд Б.Б-ийн тушаалаар томилогдон ажилд орж байсан. Манай байгууллага болох Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театр нь иргэнийг ажилд авах эсхүл шилжүүлэн томилохдоо хүсэлт гаргасан иргэний асуудлыг байгууллагын дотоод уран сайхны зөвлөлөөр хэлэлцэж ажил олгох гэж байгаа иргэн тухайн албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагад тэнцэж байгаа эсэхийг хэлэлцэнэ. Уг хурлаар иргэнийг ажиллуулна эсвэл ажиллуулахгүй гэсэн шийдвэрийг гаргаж хурлын тэмдэглэл болон уран сайхны зөвлөлийн тогтоолоор театрын даргад танилцуулна. Театрын дарга уран сайхны зөвлөлийн тогтоол болон хурлын тэмдэглэлийг үндэслэж иргэнийг ажилд авах эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Харин Б.И-г ажилд авахдаа уран сайхны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй Б.Б дарга дур мэдэн шууд өөрөө тушаал гаргаж ажилд авсан. ...Б.И томилогдох үед манай Л.Б гэж бараг 10 орчим жил ажилчихсан гэрлийн техникч байсан. Ийм ч утгаараа Л.Б гэрлийн техникчийн ажлыг хийгээд явдаг байсан. ...Би яг үндсэн ажлыг нь хийгээд явж байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 30-31-р тал/,
6.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.О-ийн өгсөн: “...Би Б.И танина. Б.И-нь театрын уран сайхны удирдагч, даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Б-ийн төрсөн охин байгаа юм.
Б.И-нь одоо театрт зураачаар ажиллаж байгаа. Б.И-г ажилд авсан Б.Б даргын тушаал болон ажлын цагийн бүртгэл нь баталгаажин орж ирж байсныг үндэслэн цалинг олгож байсан. Харин шаардлага хангаж байсан эсэх, ажлаа хийж гүйцэтгэж байсан эсэх зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг би сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 40-42-р тал/
7.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.О-ийн өгсөн: “...Архивт байгаа баримтуудаас харахад Б.И анх 2022 онд “Гэрлийн техникч” албан тушаалд өмнөх дарга Б.Б-ийн тушаалаар томилсон байсан. Б.Б-нь Б.И-ийн төрсөн аав нь юм байна лээ. Түүнийг хэрхэн ажилд авсан талаар архивт байгаа баримтуудыг үзэхэд тушаалаас өөр юм олдоогүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр байгууллагын дотоод журамд заасны дагуу түүний даргын цохолттой ажилд орох өргөдөл байхгүй, дээрээс нь уран сайхны зөвлөл болон захиргааны зөвлөлийн тогтоол байхгүй, түүнийг ажилд авсан тушаал дээр ямар нэгэн зөвлөлийн тогтоолыг үндэслэл болгоогүй буюу Б.Б-ч нь шууд тушаал гарган өөрийн охин Б.И томилсон байсан. Хэрэв ямар нэгэн хурлаар орсон, тогтоол гарсан бол энэ нь ажилтны хүний нөөцийн хувийн хэрэгт хавсарган явж байдаг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 45-46-р тал/,
8.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч П.Ж-ийн өгсөн: “...Ажилд орохыг хүсэж өргөдөл гаргасан иргэнийг уран сайхны зөвлөлд дарга танилцуулдаг. Ингээд зөвлөлөөс ажилд авах талаар дэмжсэн тогтоол гарсны дагуу театрын даргын тушаалаар ажилд авдаг. Б.И ямар ажилд томилсон талаар би мэдэхгүй байна, Б.Б-нь бид нарт хэлэхдээ манай охин Б.И тайзны зураач мэргэжлээр төгсөөд ирлээ гэж хэлж байсан. ...Б.Индраг уран сайхны зөвлөлөөр хэлэлцүүлээгүй Б.Б дарга өөрөө шууд тушаал гарган ажилд авч байсан. ...Б.И ажилд авсантай холбоотой зөвлөлийн хурлын тэмдэглэл, тогтоол огт байхгүй. ...Ер нь бол хамаг шийдвэрийг тухайн үед Б.Б гаргадаг байсан. Үүгээрээ ч өөрийн төрсөн охиноо ажилд авсан байх. Б.И ажилд орох үед манай театрт зураачаар Б.Б ажиллаж байсан. Гэтэл Б.Б-нь миний мэдэхээр нэг хоёр удаа Б.Б биш өөрийн охин Б.И тоглолтын экскиз зургийг зуруулж байсан. Мөн дээрээс нь гэрлийн техникчийн ажлыг Л.Б хийж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 56-57-р тал/
9.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Б-ийн өгсөн: “...Б.Б, Б.И хоёр нь аав охин хоёр байгаа юм, би танина. Намайг анх Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт ажилд ороход Б.Б-нь дууны технигчээр ажиллаж байгаад уран сайхны удирдагч болсон бөгөөд сүүлд театрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Харин Б.И-нь 2022 онд гэрлийн техникчээр ажилд орж байсан. Гэхдээ Б.И-нь тайзны зураач мэргэжилтэй бөгөөд гэрлийн техникчийн мэдлэг туршлага байхгүй байсан бөгөөд уг ажлыг ч хийгээгүй ер нь зураачийн ажил хийгээд яваад байсан. ...Б.Б-нь өөрийн охин Б.И гэрлийн техникчийн албан тушаалд ажиллаж байхад буюу намайг зураачаар ажиллаж байхад тухайн үед болох гэж байсан тоглолтуудын зургийг Б.И-аар зуруулна гэж хэлээд түүнээр хэд хэдэн удаа зуруулсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 60-62-р тал/,
10.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ш.И-ийн өгсөн: “...Надад мэдэгдэж байгаагүй, би анх удаа л Б.Б-ийн төрсөн охин Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт ажилладаг гэж сонсож байна. Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч гэдэг утгаараа Б.Б-нь томилох эрх бүхий албан тушаалтан болж байгаа юм. Гэхдээ ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргахаар бол дээд шатны байгууллага болох Хөвгөл аймгийн Засаг даргын тамгын газарт мэдэгдэл гаргаж, зөвшөөрсний үндсэн дээр шийдвэрээ гаргах ёстой...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 203- 204-р тал/
11.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.И-ийн “...Би өөрийн аав Б.Б-ийн тушаалаар Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт гэрлийн техникч албан тушаалд томилогдож байсан. ...Би гэрлийн техникчээр ажиллаж байхдаа давхар зураачаар хэд хэдэн удаа ажилласан. Харин сүүлд миний тушаал зураачаар гарч өнөөдрийг хүртэл зураачаар ажиллаж байна. Намайг анх гэрлийн техникч албан тушаалд томилоход надад гэрлийн техникчийн үнэмлэх, сертифкат байгаагүй, уг чиглэлээр эзэмшсэн мэргэжил байгаагүй...Намайг анх ажилд авахдаа театрт мэргэжлийн зураач хүн хэрэгтэй гэж танилцуулан авсан юм шиг байсан.
Намайг ажилд авах шийдвэрийг орлогч даргаар ажиллаж байсан миний төрсөн аав Б.Б гаргаад байгаа юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 207-208-р тал/
12.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Т.Б-ын өгсөн: “...Би бол Б.И ажилд орохоор уран сайхны зөвлөлөөр орон хэлэлцүүлэгдэж байсныг бол санахгүй байна. Тийм тогтоол дээр гарын үсэг зурж байгаагүй. Харин Б.Б шууд тушаал гаргаад Б.И ажилд авч байсан. Харин Б.И гэрлийн техникч албан тушаалд томилогдсоныг нь бол мэдэж байна. Миний мэдэхээр 1 сар орчим ажилласан байх, 1 жүжиг дээр л гэрлийн техникчээр ажиллаж байгаа харагдсан.
Харин ажилд орсноосоо хойш зураачийнхаа ажлыг хийж байгаа. ...Би бол огт санал болгож байгаагүй. Харин Б.Б-нь охиноо ажилд авахаасаа өмнө байн байн “охиноо зураачаар авмаар байна, даанч зураач Б байгаа болохоор авч чадахгүй байна” гэж ярьдаг байсан. Тэгээд нэг удаа надаас охиноо гэрлийн техникчээр ажилд авчихвал яах бол гэж асуухаар нь “Ер нь зураач хүн гэрэл, өнгөний мэдрэмжтэй байгаа байх” л гэж нэг удаа хэлж байсан. Тэрнээс биш би Б.И ажилд авах талаар огт санал болгож байгаагүй. Б.Б ер нь бол өөрийн охин Б.Индраг ажилд авахаар боломж, бололцоог хайж янз бүрээр үзэж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 240-241-р тал/,
13.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Л.Б-ийн өгсөн: “...Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт орж 2011-2012 оны хооронд мужаан, 2012-2014 оны хооронд гэрэлтүүлэгч, 2014 оноос өнөөдрийг хүртэл “Гэрлийн техникч”-ээр ажиллаж байгаа бөгөөд 2023 он хүртэл дууны техникчийн ажлыг давхар хийж гүйцэтгэж байсан. Гэрлийн техникч нь театрын бүхий л гэрлийн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг бөгөөд яг тайзны, тоглолтын гэрлийг байнгын шалгаж хариуцаж ажилладаг. Мөн тоглолт, жүжгийн үед тайз, үзэгчид, жүжигчдэд гэрэл өгөх, гэрлийн өнгө солих, гэрэл унтраах зэрэг тоглолтын үеийн гэрлийг бүхэлд нь хариуцан ажилладаг. Өөр газарт тоглолт хийхээр бол манай театрт зөөврийн гэрэл байдаггүй учир тайзны гэрлийг салгаж тоглолт болох газарт угсрах чиглэлээр мөн ажилладаг. Ер нь бол гэрэлтэй холбоотой бүхий л асуудлыг хариуцна гэсэн үг юм. Тухайн үед би гэрлийн техникч, дууны техникчийг давхар хийдэг байсан. Б.И ажилд орохоос өмнө Б.Б надад нэг удаа “өөрийнхөө охин Б.И театрт зураачаар авах гэсэн чинь зураач байгаа болохоор чамайг дууны техникчээр томилоод Б.И гэрлийн техникчээр томилох гэж байгаа, тэгэхдээ удахгүй зураачаар нь ажиллуулчих учраас чи гэрлийн техникчийн ажлыг Б.И-д зааж өгөнгөө өөрөө дууны техникч, гэрлийн техникчийг хамт хийж байгаарай” гэж хэлж байсан. ...Удалгүй Б.И гэрлийн техникчээр томилогдон манайд ажилд орсон. Б.И-нь зураач мэргэжилтэй өмнө нь гэрлийн техникчээр ажиллаж байгаагүй, туршлагагүй, гэрлийн талаар анхан шатны мэдлэггүй байсан. ...Гэхдээ түүнээр гэрлийн техникчийн ажлыг хийлгүүлээгүй, би өөрөө тус ажлыг дууны техникчийн ажлын хамт хийж гүйцэтгэж байсан. ...Б.И анх Б.Б-нь гэрлийн техникчээр ажилд авахдаа намайг дууны техникч болгосон. Гэхдээ Б.И ирсэн, ирээгүй хоёр ямар ч ялгаагүй, өмнө нь ч дараа нь ч адилхан гэрлийн техникч, дууны техникчийг давхар хийж байсан учраас ажлын ачаалал бол буураагүй. Харин Б.И ер нь бол үндсэн мэргэжил болох зураачийнхаа ажлыг хийж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 244-246-р тал/
14.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Л.Ц-ийн өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын байдлаар Хөгжимт драмын театрын уран сайхны зөвлөл болон захиргааны зөвлөлд ямар хүмүүс байсан талаар сайн санахгүй байна. Миний бие уран сайхны зөвлөлд тухайн цаг хугацаанд ажиллаж байсан. Яг 2022 оны 03 сарын үед Уран сайхны зөвлөл өөрчлөгдсөн санагдаад байна. Б.И анх ажилд авахдаа Уран сайхын зөвлөлөөр хэлэлцүүлсэн эсэхийг санахгүй байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 32-33-р тал/
15.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Х.Э-ын өгсөн: “...Би И тайзны зураач талаас нь дэмжиж оролцсон. Уг нь бол уран сайхны зөвлөл И тайзны зураачаар л томилох эсэхийг хэлэлцсэн. Б.И яагаад гэрлийн техникчээр тушаал гаргаж ажилд томилсныг мэдэхгүй байна. ...Аливаа юмны эцсийн шийдвэрийг байгууллагын даргаас гарч байгаа...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 239-240-р тал/
16.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны Б/58 дугаартай захирамж /1 дүгээр хх-ийн 69-р тал/
17.Албан тушаалын тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 91-94-р тал/
18.Гэрлийн техникчийн ажлын байрны тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 100-103-р тал/
19.Хөдөлмөрийн гэрээ /1 дүгээр хх-ийн 109-110-р тал/
20. Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 дугаартай тушаал /1 дүгээр хх-ийн 114-р тал/
21. Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/63 дугаартай тушаал /1 дүгээр хх-ийн 115-р тал/
22. Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 04 сарын 03-ны өдрийн Б/20 дугаартай тушаал /1 дүгээр хх-ийн 116-р тал/
23. Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай тушаал /1 дүгээр хх-ийн 132-р тал/
24.Хөдөлмөрийн дотоод журам /1 дүгээр хх-ийн 172-200-р тал/
25.Мөрдөгчийн цахим системд үзлэг хийсэн: “...Б.Б-нь 2022 онд мэдэгдэл тайлбар гаргаж байгаагүй, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Хөгжимт Драмын театрын мэргэжлийн тайзны зураач орон тоо дутуу нэн шаардлагатай байгаа учир орон нутагт ажиллах хүсэлтэй өөрийн охин Индра нь СУИС-ийг мэргэжлийн тайзны зураач мэргэжлээр суралцаж төгссөн тул ажилд авах шаардлага үүссэн гэж мэдэгдэл тайлбарыг гаргаж байжээ. Цахим системд уг мэдэгдэл, тайлбарыг шийдвэрлээгүй харагдаж байна. 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Тэтгэмж олгох тушаал гаргах” гэж мэдэгдэл тайлбарыг гаргажээ. Цахим системд үүнийг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр М.Х гэх албан тушаалтан “Тийм” гэж шийдвэрлэсэн байна...” гэх тэмдэглэл /2-р хх-ийн 69-81-р тал/
26.Монгол Улсын Соёлын сайдын 2020 оны 12 сарын 25-ны өдрийн А/75 тоот тушаал албан тушаалын жишиг тодорхойлолт /2-р хх-ийн 83-86-р тал/
27.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 20-ны А/73 дугаартай захирамж Апбан тушаалын тодорхойлолт батлах тухай /3-р хх-ийн 88-р тал/
28.Орон нутгийн өмчит театрын даргын албан тушаалын тодорхойлолт /2-р хх-ийн 88-91-р тал/
29.2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/07 тоот Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын даргын тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам /2-р хх-ийн 93-104-р тал/
30.2022 оны 04 сарын 22-ны өдрийн А/16 дугаартай Хөдөлмөрийн дотоод журам /3-р хх-ийн 105-134-р тал/
31.2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/17 дугаартай Хөгжимт драмын театрын даргын уран сайхны зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тушаал /2-р хх-ийн 135-р тал/
32.Хөгжимт драмын театрын зураачийн албан тушаалын тодорхойлолт /2-р хх-ийн 141-143-р тал/ зэрэг баримтууд болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.
Улсын яллагч Ц.Ц хэлэлцүүлгийн шатанд гаргасан гэм буруугийн талаархи дүгнэлтдээ: “...Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх Ц.Ц би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Б.Б холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Б.Б нь Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж, гэрлийн техникч мэргэжил шаардах Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын гэрлийн техникчийн албан тушаалын шаардлага хангаагүй буюу зураач мэргэжилтэй өөрийн төрсөн охин Б-ийн И зураачийн албан тушаалд томилох зорилгоор 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 дугаартай тушаалаар гэрлийн техникчийн албан тушаалд түр хугацаанд томилж, улмаар 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/20 дугаартай тушаалаар зураачийн албан тушаалд шилжүүлэн томилж давуу байдал бий болгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Б.И түүний охин гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон. Цахим системд үзлэг хийсэн тэмдэглэлд ашиг сонирхлын зөрчилтэй талаараа сүүлд мэдэгдсэн байдаг ба шийдэгдээгүй байхад нь тушаал гаргаж томилсон байгаа. Хамгийн гол нь өөрийн охиноо тус ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй буюу зураач мэргэжилтэй байхад нь гэрлийн техникчээр авч ажиллуулж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж байгаа юм. Иймд Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.У хэлэлцүүлгийн шатанд гаргасан гэм буруугийн талаархи дүгнэлтдээ: “...Эрүүгийн 2538000000082 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.У би өөрийн үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр суурьтай оролцож дараах саналыг гаргаж байна. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд хууль зүйн дүгнэлт хийхэд миний өмгөөлүүлэгч Б.Б-ийг “Гэрлийн техникч” мэргэжил шаардах Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын “Гэрлийн техникч” албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй зураач мэргэжилтэй өөрийн охин Б.И томилж, түүгээр “Гэрлийн техникч”-ийн албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажлыг хийлгэхгүйгээр түүнд хамааралгүй “зураач”-ийн ажлыг гүйцэтгүүлсэн. Зураач Б.Б хуульд нийцүүлэн ажлаас гаргах, өөрийн ашиг сонирхолдоо нийцүүлэн хавчин гадуурхаж, дарамт үзүүлсэн. Улмаар Б.Б өөрийн хүсэлтээр хүүхэд асрах чөлөө авсан учир өөрийн охин Б.И зураач албан тушаалд шилжүүлэн томилж давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж, энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүй, үндэслэл бүхий байдлаар нотлогдон тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчилсан. Б.И томилсон нь нийгэмд аюултай үйлдэл мөн юм уу? нийгэмд буюу нийтийн эрх ашигт хохирол, хор уршиг учруулсан юм уу гэдэгт дүгнэлт хийх ёстой атал энэ талаарх нотлох баримтуудыг шалгах, цуглуулах ажиллагаа огт хийгдээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг мөрдөгч, прокурорт байгаа. Мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх, яллах, цагаатгах гээд бүх нотлох баримтыг эргэлзээгүй нотлох үүргийг хүлээж байгаа. Гэтэл өнөөдөр улсын яллагч, мөрдөгч нар энэ үүргээ хэрэгжүүлсэнгүй. Иймд эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчим, өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан бол эсвэл энэ хуулийг хэрэглэхдээ эргэлзээ төрвөл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэсэн зарчим байгаа. Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гэдэг нь хэргийн талаар нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, гэмт хэргийн сэдэл зорилго нь юу вэ, гэмт хэргийн улмаас ямар хохирол хэнд учирсан, нотлох баримтдаа эх сурвалж болгож байгаа бүх зүйлийг нэг бүрчлэн шалгаж тогтоосон байхыг хэлж байгаа юм. Нэг бүрчлэн шалгаж тогтоосон нөхцөл байдал тогтоогдсон юм уу, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон үйл баримтад үндэслэн үнэн зөвөөр нь шалгаж тогтоох ёстой. Яллах дүгнэлтийн үндэслэл нь хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн 14 хүний гэрчийн мэдүүлэгт үндэслэсэн.
Эдгээр гэрчүүдийн мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадахгүй байна. Гэрч Б.И-аас авсан мэдүүлэгт өөрийн төрөл садангийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх талаар тодруулахдаа өөрийн төрөл садангийн хэн нь ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар, ямар хэрэгт холбогдуулан гэрчээр мэдүүлэг авах гэж байгаа талаар тодруулаагүйгээс дүгнэхэд хууль зөрчсөн мэдүүлэг нь яллах дүгнэлтийн үндэслэл болж байна. Мөн уран сайхны зөвлөлд ажиллаж байгаагүй Т.Б-ын өгсөн мэдүүлгийн агуулгаар нь харвал уран сайхны зөвлөлийн гишүүн байсан мэт мэдүүлсэн нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байхад яллах дүгнэлтийн үндэслэл болгосон. Уран сайхны зөвлөлд Т.Б гэдэг хүн байхгүй. Гэтэл би уран сайхны зөвлөлд байсан, Б.Б надад нөлөөлсөн гэж мэдүүлсэн байгаа. Б.И нь гэрлийн техникчийн ажлын байранд таарахгүй гэдгийг гэрч Ж.Д, Г.Г, Б.Э нарын ажилтны мэдлэг, ур чадварыг дүгнэх эрхгүй этгээдүүд дүгнэж байгааг улсын яллагч яллах дүгнэлтийн үндэслэл болгон яллаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Эдгээр хүмүүс тухайн ажлын байрны тодорхойлолтод энэ хүн тохирох үгүйг дүгнэдэг хүмүүс биш. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дараах эрх зүйн актуудаар улсын яллагчийн яллах дүгнэлтийн үндэслэл няцаагдаж байна. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 3.1.2-т "чадамж" гэж мэдлэг, ур чадвар, хандлагын цогцыг; 3.1.4-д "мэргэшил" гэж хөдөлмөр эрхлэхэд шаардагдах чадамжийг; 3.1.11-д "эзэмшсэн мэдлэг, ур чадвар" гэж иргэн албан бус боловсрол, эсхүл амьдралын орчинд суралцаж эзэмшсэн чадамжийг; 8.2-т Эзэмшсэн мэдлэг, ур чадварыг үнэлж, баталгаажуулах зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 17.4-т заасны дагуу хэрэгжүүлнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 17.4-т “Хүний мэргэшлийн түвшнийг үнэлэх, хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах журмыг хөдөлмөрийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж хуульчилсан байхад “Гэрлийн техникч” мэргэжил шаардах Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын “Гэрлийн техникч” албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй зураач мэргэжилтэй Б.И томилсон нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх боломжгүй байна. Гэрч Б.Б ялгаварлан гадуурхсан, дарамталсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Б.Б ямар байдлаар ялгаварлан гадуурхаж байсан талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 6.6-д “Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхагдсан гэж үзсэн хүн, ажилтан, ажилтны төлөөлөгч гомдлоо тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, дээд шатных нь албан тушаалтан, холбогдох төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага, хууль хяналтын байгууллага, хөдөлмөрийн хяналтын байгууллага, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, шүүхэд тус тус гаргаж болно”, 6.7 дугаар зүйлд “Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхагдсан гэж үзсэн гомдол гаргагч өөрт байгаа нотлох баримт, мэдээллийг гомдолдоо хавсаргана” гэж заасан. Гэтэл 4-н хавтаст хэрэгт энэ талаар нэг ч баримт байхгүй.
“Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний зохицуулалт нь хүнийг ялгаварлан гадуурхсан, эрхийг нь хязгаарласан, эсхүл давуу байдал олгосон бол тухайн зохицуулалт хүчин төгөлдөр бус байна гэж хуульчилсан байхад уг байдлыг тогтоогоогүй байж зураач Б.Б хуульд нийцүүлэн ажлаас гаргах өөрийн ашиг сонирхолдоо нийцүүлэн хавчин гадуурхаж, дарамт үзүүлсэн. Улмаар Б.Б өөрийн хүсэлтээр хүүхэд асрах чөлөө авсан учир өөрийн охин Б.И зураач албан тушаалд шилжүүлэн томилж давуу байдал бий болгосон үйл баримт тогтоогдлоо гэж үзэж байгаа нь учир дутагдалтай. Аливаа ажилтан өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс байгууллага албан тушаалтанд өргөдөл, хүсэлт гаргах эрхтэй атал улсын яллагч дарамт, шахалтын улмаас өргөдөл хүсэлт гаргаж хүүхэд асрах чөлөө авсан гэж дүгнэж байгаа нь эргэлзээтэй байдлыг үүсгээд байна. Б.И нь ажилд томилогдон ажилласнаас хойш 2 удаа байгууллагын “Тэргүүний, шилдэг” ажилтнаар шалгарч байсан. Төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, хууль дүрэм, журмаар тогтоосон албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа зохих ёсоор биелүүлээгүй. Мэргэжлийн, сахилга, ёс зүйн, хөдөлмөрийн хайнга хандсан гэх мэт шинжтэй зөрчил бүрийг гэмт хэрэгт тооцоод байвал өнөөдөр төрийн байгууллагад хэн ажиллах юм бэ. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа тохиолдолд гэм буруутайд тооцдог. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд “Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах”-аар хуульчилсан. Улсын яллагчийн үндэслэл болгоод байгаа 37, 39 дүгээр зүйлд заасан зөрчил гаргаж, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна гэж заасан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл хүлээлгэнэ”, 29.2.2-т “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн 8.1, 8.2, 8.3, 9.1, 19.1, 21.3, 21.4, 23.5-д заасан үүргээ биелүүлээгүй, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг энэ хуулийн 23.3-т заасан хугацаанаас удаа дараа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах” гэж заасан. Б.Б-нь Б.И анх томилохдоо энэ хуулийн 8.2-т заасан албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн бичиг байхгүй байгаа учраас энэ үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах ёстой. 29.4-т “Энэ хуулийн 29.2-т заасан сахилгын шийтгэл хүлээсэн албан тушаалтан өөрт ногдуулсан шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэнэ”, 29.5-т “Апбан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журмыг Авлигатай тэмцэх газар батална” гэж заасны дагуу миний үйлчлүүлэгчид холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулж, хариуцлага тооцох үндэслэлтэй байсан.Эрх зүйн маргаантай асуудлыг салбар эрх зүйн хууль тогтоомжоор шийдвэрлэх байтал алдаа гаргасан албан тушаалтан гэмт хэрэгтэн болж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нь нийгмийн харилцааны хамгийн хүнд хэлбэрийг зохицуулж буй Эрүүгийн хуулийн мөн чанар, зарчим алдагдахад хүргэж байна. Нийтийн албан тушаалтан буюу миний үйлчлүүлэгч хувийн сонирхолгүйгээр нийтийн төлөө уг шийдвэрийг гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлагдаагүй. Хоёр, гурван хүн байж байгаад сонгон шалгаруулалт зарлаж Б.И сонгон шалгаруулалтад оруулахгүй авчихсан бол энэ ноцтой асуудал. Гэтэл ийм зүйл болоогүй. Нийтийн албан хаагч, албан тушаалтан бусдад давуу байдал олгосон үйлдлийн гэмт хэрэг үйлдсэн зорилго буюу үйлдлийн эцэст хүрэхийг эрмэлзэж байгаа үр дүнд нь хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.
Энэ гэмт хэргийн субьектив талын дээрх зорилгын эцэст нийгмийн тодорхой төрлийн ямар харилцаа, хөндөгдөж түүний дотор чухам ямар "эрх ашиг"-т хохирол учирсан, учирч болох нөхцөл байдал бий болсон бэ гэдэг үйл баримтыг хөдөлбөргүй тогтоох ёстой. Яллах дүгнэлтэд миний үйлчлүүлэгчийг Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6-д албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж буруутгадаг. ...Миний үйлчлүүлэгчийн үйлдэл энэ гэмт хэргийн объектив, субъектив шинжийг хангахгүй байна. Нийтийн албанд хувийн болон ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулах ёстой байсан. Нэгдсэн Үндэсний байгууллагын Авлигын эсрэг конвенцын 28 дугаар зүйлд авлигын гэмт хэрэгт зайлшгүй байх шинж нь ухамсар буюу санаа зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно гэж заасан. Гэмт хэргийн зорилго санаа сэдлийг нь зайлшгүй тогтоох ёстой гэдэг байдлаар тусгаж өгсөн байдгийг анхаарч үзнэ үү. Иймд миний үйлчлүүлэгч Б.Б холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэв.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.Д, Г.Г, Б.Э, Б.А, Н.О, Г.О, П.Ж, Б.Б, Ш.И, Б.И, Т.Б, Л.Б, Л.Ц, Х.Э нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, Гэрлийн техникчийн ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээ, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны Б/58 дугаартай захирамж, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 дугаартай тушаал, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/63 дугаартай тушаал, 2023 оны 04 сарын 03-ны өдрийн Б/20 дугаартай тушаал, Мөрдөгчийн цахим системд үзлэг хийсэн тэмдэглэл, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/07 тоот Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын даргын тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.Б-нь Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр буюу Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Зураач” мэргэжилтэй өөрийн төрсөн охин Б.И-г гэрлийн техникч мэргэжил шаардах Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын “Гэрлийн техникч” албан тушаалд ашиг сонирхлын зөрчилтэй талаараа холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэлгүй, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Б/18 дугаартай “Б.И түр хугацаагаар ажилд томилох тухай” тушаалаар томилж, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/63 дугаартай “Б.И үргэлжүүлэн ажилд томилох тухай” тушаалаар үргэлжүүлэн ажиллуулж, улмаар 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/20 дугаартай “Б.И сэлгэн ажилуулах тухай” тушаалаар тус байгууллагын “Зураач” албан тушаалд шилжүүлэн томилж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдож байна.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д “Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2-д “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан” гэж,
Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-д “...Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж тус тус заасан.
Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын дарга нь Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтанд хамаарч байна. Тодруулбал Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны Б/58 дугаартай захирамж, албан тушаалын тодорхойлолт зэргээс харахад Б.Б гэмт хэрэг үйлдэх үедээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан байжээ.
Нийтийн албанд ажиллаж буй сонгуульт болон томилолтын албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь холбогдох хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журамд тодорхойлогдсон хэмжээгээр хязгаарлагддаг.
Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд л чиг үүргээ хэрэгжүүлдэг онцлогтой.
Гэтэл шүүгдэгч Б.Б нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг (албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох), мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэг (албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх), Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг (Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх), Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэг (албаны эрх мэдлээ хэтрүүлэх), Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг (албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина), мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг (албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна), 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг (албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно ) гэснийг тус тус зөрчсөн ба гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай үйлдэл, гэм буруугийн санаатай хэлбэртэй байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирч байна.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж,
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” гэж,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно гэж тус тус тодорхойлжээ.
Мөн нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдэг нь тухайн албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг ойлгох ба “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг тус тус ойлгодог. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс…“Гэрлийн техникч” мэргэжил шаардах Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын “Гэрлийн техникч” албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй зураач мэргэжилтэй Б.И томилсон нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх боломжгүй. Энэ гэмт хэргийн субьектив талын дээрх зорилгын эцэст нийгмийн тодорхой төрлийн ямар харилцаа, хөндөгдөж түүний дотор чухам ямар "эрх ашиг"-т хохирол учирсан, учирч болох нөхцөл байдал бий болсон бэ гэдэг үйл баримтыг хөдөлбөргүй тогтоох ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчилсан. Б.И томилсон нь нийгэмд аюултай үйлдэл мөн юм уу, нийгэмд буюу нийтийн эрх ашигт хохирол, хор уршиг учруулсан юм уу гэдэгт дүгнэлт хийх ёстой. Миний үйлчлүүлэгчийн үйлдэл энэ гэмт хэргийн объектив, субъектив шинжийг хангахгүй байна. Нийтийн албанд хувийн болон ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулах ёстой байсан...гэж маргаж, мэтгэлцэж байх боловч хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:
Шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Тухайлбал,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “урвуулан ашиглах” хэмээх ойлголтыг албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно хэмээн хуульчлан тайлбарласан.
Үүнээс дүгнэхэд нийтийн албан тушаалтан нь өөрт олгогдсон бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон хууль бус үйлдлийг хийснээр энэ гэмт хэрэг төгсдөг ба шүүгдэгч Б.Б нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны акт гаргасан үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангана гэж шүүх дүгнэсэн болно.
Түүнчлэн албан тугаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхолын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргийг шүүгдэгч хэрэгжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Нөгөө талаар эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэг, заалтын диспозицэд гэм хор бодитой учирснаар бус тухайн хууль бус үйлдлийг хийснээр төгссөнд тооцогддог бүх гэмт хэргийг эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үздэг.
Шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь заавал хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн төрөлд хамаардаг.
Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Төрийн алба, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсны эрх ашиг, сонирхлын эсрэг давхар объекттой гэмт хэрэг бөгөөд төрийн алба, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нэр хүнд үндсэн шууд объект бол аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх ашиг, сонирхол нэмэгдэл шууд объект болдог.
Мөн албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна нийтийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэмлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.
Иймд шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтооход шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан буюу гэм буруугүй болох, эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдохгүйг тэмдэглэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Тус гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй, шүүгдэгч Б.Б бусдад нөхөн төлөх төлбөргүй болно.
Энэ гэмт хэргийн хор уршиг нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлыг гүйцэтгүүлэх зорилгод ашигласан буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн албан тушаалтан хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоос ангид, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлан, хуульд нийцүүлэн шударгаар хэрэгжүүлж чадна гэсэн олон нийтийн итгэл алдагдсанаар тодорхойлогддог болохыг дурдлаа.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүх хуралдаанд цагаатгах байр суурьтай оролцож байгаа учраас ялын санал байхгүй...” гэв.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг хувийн байдал тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсэн гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж, оногдуулах ялыг хүндрүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №02 дугаарт нийтлэгдэж, 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн.
Прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч Б.Б-ийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 дугаар “Б.И түр хугацаагаар ажилд томилох тухай” тушаалаар томилж гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан байх бөгөөд тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнөх хугацаанд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан тул шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг гэмт хэрэгт тооцох, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд мөрдөж байсан хуулиар тодорхойлж хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэж, хэргийг шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явах эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б мэдэгдэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б-ын Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын Б-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Б.Б-ийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явах эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хязгаарласугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ