| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2017/0065/Э |
| Дугаар | 161/ШЦТ2017/00056 |
| Огноо | 2017-07-28 |
| Зүйл хэсэг | 16.1.1., |
| Улсын яллагч | Б.Ботакөз |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 161/ШЦТ2017/00056
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
нарийн бичгийн дарга Ц.С,
улсын яллагч Б.Б,
хохирогч К.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.А,
шүүгдэгч К.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.Бэд холбогдох 2017********* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, А овгийн Кн Б, 1978 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, цэргийн тэтгэвэрт, Ө сумын 0 дугаар багт эхнэр, хоёр хүүхдийн хамт оршин суудаг, регистрийн дугаар БИ*******.
Шүүгдэгч К.Бийн холбогдсон хэргийн талаар:
- Шүүгдэгч К.Б нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дугаар багт байрлах өөрийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр К.Бтэй маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:
- Шүүгдэгч К.Б мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэгтээ: “…Би тухайн өдөр машинаа янзлахаар гэрээсээ гарсан. Машины 2 дугуй хагарсан байсан ба янзлуулахаар манай 2 найз тааралдахаар нь “та нар туслаач, дугуй янзлуулах гэсэн юм, машиныг чирээд дугуй засварын газар дөхүүлээд өгөөч” гэж хэлсэн. Найзууд маань уулзалгүй удсан байна гээд 2, 2 ширхэг пиво уусан. Би пиво уучихаад машин руугаа явж байхад эхнэр маань залгаад “чи хаана байна вэ, хурдан хүрээд ир” гэхээр нь би гэрт ямар нэгэн ажил гарсан байх гэж бодоод буцаад гэр лүүгээ ирсэн. Намайг очиход эхнэр маань урдаас уурлаад, хэл амаар доромжлоод уг хэрэг гарсан. Бид харилцан үл ойлголцсоны улмаас маргалдсан. Эхнэр маань намайг архи уугаад өөр тийшээ явчихсан гэж бодсон байна. Би эхнэртээ “ажлаар явж байхад дуудчихаад хэл амаар яагаад доромжилж байгаа юм бэ” гэж 2-3 удаа алгадаж цохисон нь үнэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Түр зуурын тэвчээр барагдаж, уур бухимдлын улмаас уг хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
- Хохирогч К.Б мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэгтээ: “… 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэртээ 12.00 цагт гэртээ ирсэн ба гэртээ ирэхэд Б байхгүй байсан ба би нөхөр рүүгээ залгаж хаана байна гэсэн чинь архи уугаад явж байна гэсэн. Тэтгэвэрт байдаг Б надад хууль үйлчлэхгүй, цагдаагаа дуудаж л байхгүй юу гээд утсаа тасалсан ба удалгүй гаднаас Х.Б халамцуу орж ирээд надтай хэрүүл маргаан гаргаж цагдаагаа дууд гээд над руу сандал шидсэн. Тэгээд сандал нь газар унаж хугарсан. Тэгээд би Бийг аргадаад суулгасан ба хэсэг байж байгаад намайг диван руу түлхэж миний дээр сууж аваад толгой хэсэг рүү учир зүггүй цохиод эхэлсэн ба тэгээд гэрээс гараад явсан. Тэгээд би эмнэлэг дээр үзүүлж явж байгаад орой 20.00 цагт гэрт ирсэн чинь гэртээ согтуу хэвтэж байсан ба тэгээд дахиад хэрүүл хийгээд эхлэхээр нь цагдаа дуудаж баривчлуулсан. Согтуу байсан. Манай хоёр хүүхэд л харсан. Гэхдээ би хоёр хүүхдээ цагдаа дээр авчирч байцаалт өгүүлэхгүй. Өш хонзон байхгүй. Хүүхдүүдийн маань эцэг хүнд ямар өш хонзон байхав дээ. Бид эвлэрсэн. Нэг сар гаруй тайван амьдарч байна. Ямар нэгэн гомдол саналгүй. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. … Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Маргалдсан өдрийн маргааш нь эвлэрсэн” гэв.
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч К.Хайратын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 188 дугаартай дүгнэлтэд: “.... 1. Иргэн К.Бийн биед тархины доргилттой, зүүн ба баруун чихний ар талын чамархайн хөхлөг сэртэнд хөх ягаан туяатай цус хуралттай, битүү хавдартай, зулайнд хавантай, эмзэг, 2 дугаар далны дунд хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай зэрэг гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн болно.
3. Ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...”/хх-ийн 13 дугаар хуудас/,
- Хэсгийн байцаагч цагдаагийн ахмад Х.Розагийн эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг холбоо мэдээллийн хэрэгслээр хүлээн авсан тэмдэглэл, хохирогч К.Бийн амбулаториор эмчлүүлсэн карт, К.Бээс зөрчлийн талаар асуусан тэмдэглэл, шүүгдэгч К.Бийн хувийн байдлыг тогтоосон баримтууд болон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Шүүгдэгч К.Б нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дугаар багт байрлах өөрийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр К.Бтэй маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: Хохирогч К.Бийн: “... Е.Б халамцуу орж ирээд надтай хэрүүл маргаан гаргаж цагдаагаа дууд гээд над руу сандал шидсэн. Тэгээд сандал нь газар унаж хугарсан. Тэгээд би К.Бийг аргадаад суулгасан ба хэсэг байж байгаад намайг диван руу түлхэж миний дээр сууж байгаад толгой хэсэг рүү учир зүггүй цохиод эхэлсэн ба тэгээд гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг ба К.Бийн дээрх цохилтын улмаас К.Бийн эрүүл мэндэд “Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 188 дугаартай: “....1. Иргэн К.Бийн биед тархины доргилттой, зүүн ба баруун чихний ар талын чамархайн хөхлөг сэртэнд хөх ягаан туяатай цус хуралттай, битүү хавдартай, зулайнд хавантай, эмзэг, 2 дугаар далны дунд хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай зэрэг гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн болно.
3. Ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч К.Бийн хэрэг бүртгэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Иймд шүүгдэгч К.Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Баян-Өлгийн аймгийн Прокуорын газраас шүүгдэгч К.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирч байна гэж үзлээ.
Шүүгдэгч К.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Дээрх гэмт хэргийн улмаас шүүгдэгч К.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч К.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч К.Бийн иргэний үнэмлэхийн лавлагааг хэрэгт хадгалах, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг бүртгэгчийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор шүүгдэгч К.Бийн өмчлөлийн “Ү-0213000304 тоот улсын бүртгэлийн дугаартай, Ө сумын 0 дугаар багт байрлах 40 мкв 2 өрөө байр”-ыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч К.Бэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч А овгийн Кн Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А овгийн Кн Бэд 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Бэд оногдуулсан 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг бүртгэгчийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор шүүгдэгч К.Бийн өмчлөлийн “Ү-0213000304 тоот улсын бүртгэлийн дугаартай, Ө сумын 0 дугаар багт байрлах 40 мкв 2 өрөө байр”-ыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч К.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч К.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.Бэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч К.Бийн иргэний үнэмлэхийн лавлагааг хэрэгт хадгалсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ