Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2022/04521

 

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2022/04521

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн .... регистрийн дугаартай, Баянгол дүүрэг, 24 дүгээр хороо, үйлдвэрийн төвийн бүс гудамж 42 дугаар байрны 2-7 тоотод оршин суух Г.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн .... регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, цэргийн хотхон 1а-68 тоотод оршин суух Э.Б-д холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 6,630,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Э.Б нь нэхэмжлэгч Г.О надаас 2021 оны 12 дугаар сар, 2022 оны 01 дүгээр сарын эхээр, 2022 оны 2 дугаар сарын сүүлээр удаа дараа амны хаалт авч төлбөрийг асуудал үүсгэлгүй төлж ирсэн. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,400,000 төгрөг болон 17,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 11,000,000 төгрөг болон 2,000,000 төгрөгийг миний хаан банк дахь 5058038180 тоот дансанд өмнө нь банкны төлбөр шилжүүлж байсан. Ингээд 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр надаас зах нээгдэнгүүт зараад 2022 оны 02 дугаар сард мөнгийг нь төлнө гээд 300,000 ширхэг маскийг нэг бүрийг нь 65 төгрөгөөр тооцож зээлээр худалдаж авсан. Бид бичгээр гэрээ байгуулаагүй, худалдах худалдан авах гэрээг амаар байгуулсан. Гэтэл Э.Б нь өнөөдрийг хүртэл 102,000 ширхэг маскийн үнэ болох 6,630,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Энэ асуудлаар би цагдаагийн газарт хандсан боловч иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 3369 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолыг өгсөн болно. Иймд хариуцагч Э.Бөөс худалдах худалдан авах гэрээний төлбөрт 6,630,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Б миний бие 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 02 дугаар сарын 01-ний хооронд 300,000 ширхэг маск авсан нь үнэн. 02 дугаар сарын 01-ээс 02 дугаар сарын 16 хүртэл Нарантуул зах амарсан. 02 дугаар сарын 17-нд Нарантуул зах ажиллаж эхлээд маскийн үнэ унаж энэ хүмүүс өөрсдөө 200,000 ширэх маскаа авч зарсан. Үлдсэн 100,000 ширхгийг би зарагдахаар нь мөнгийг нь өгье гэж хэлсэн боловч маскийн үнэ өдөр ирэх тусам унасан. Тэгээд маскаа буцаагаад авчих гэхээр маскаа авахгүй одоо болтол маск нь байгаа гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны 3369 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, Г.О-ын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгыг,

Шүүхийн журмаар нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд фэйсбүүкээр харилцсан захидалд хийсэн үзлэгийн тэмдэглэл тус тус авагдсан.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Э.Б-д холбогдуулан 6,630,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 300,000 ширхэг амны маскийг нэг бүрийн үнийг 65 төгрөгөөр тооцон төлбөрийг 2022 оны 02 дугаар сард төлнө гэж авсан боловч 102,000 ширхэг маскийн төлбөрийг төлөөгүй гэж тодорхойлсон.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... 300,000 ширхэг маск авсан нь үнэн боловч 2022 оны 02 дугаар сарын 01-ээс 02 сарын 16-ны өдрийг хүртэл Нарантуул худалдааны төв амраад 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ажиллаж эхлэхэд амны маскийн үнэ унаж, 200,000 маскийг нэхэмжлэгч өөрөө авч зарсан үлдсэн маск нь байгаа тул буцааж өгнө төлбөрийг төлөхгүй гэж тайлбарлан маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Хуульд зааснаар тус гэрээний гол нөхцөлийн тохиролцоо нь худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнэ төлөх үүрэг харилцан хүлээнэ.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид нэг бүрийн үнэ нь 65 төгрөгийн үнэтэй 300,000 ширхэг амны маскийг шилжүүлэх, хариуцагч нь амны маскийг зарагдсаны дараа хэлэлцэн тохиролцсон үнэ төлөх үүргийг харилцан хүлээсэн болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, худалдах худалдан авах гэрээ байгуулах хэлбэрийг хуульд тусгайлан заагаагүй тул мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 хэсэгт хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон үндэслэлээр амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас нийт шилжүүлэн өгсөн 300,000 ширхэг амны маскаас үлдэх 102,000 төгрөгийн маскийн үнийг шаардсан бөгөөд хариуцагч нь уг 102,000 төгрөг амны маскийг хүлээн авсантай маргаагүй.

Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж заасан.

Тодруулбал, худалдагчаас худалдсан хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийн үр шим, эрсдэл нь худалдан авагчид шилжих тул амны хаалтын үнэ буурсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хөрөнгө шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч нь зохих ёсоор гүйцэтгэсэн байх тул хариуцагчаас тухайн шилжүүлсэн хөрөнгийн үнийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Дурдсан үндэслэлээр, хариуцагч Э.Бөөс 6,630,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.О-т олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121,030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 121,030 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                           ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Б-өөс 6,630,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.О-т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 121,030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-с 121,030 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.О-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ