Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2022/05016

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ........ регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, дунд дарь эх 1-876а тоотод оршин суух Ц.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******,*******,*******,******* тоотод байрлах, И.М СӨХ-нд холбогдох,

Цалин болон амралтын 1,422,140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, гэрч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч би хариуцагч байгууллагад 2015 оны 11 дүгээр сараас хойш орцны үйлчлэгч албан тушаалд хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байна. Гэвч байгууллагын удирдлага солигдсонтой холбоотой 2022 оны 02 дугаар сарын цалин 699,256 төгрөг, амралтын мөнгө 722,884 төгрөгийг ажилтан надад олгох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Энэ хугацаанд би өөрийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн ажил, үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан. Иймд И.МСӨХ-оос 2022 оны 2 дугаар сарын цалин 699,256 төгрөг, 2021 оны ээлжийн амралтын мөнгө 722,884 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ц.Э-н нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч И.МСӨХ дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 156 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийн гомдлыг хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, харьяа дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах хороо шийдвэрлэх бүрэн эрхтэй гэж заажээ. Дээрх зохицуулалтад заасны дагуу ажилтан нь маргаан зохицуулах хороонд хандан дутуу олгосон цалин хөлстэй холбоотой гомдлоо шийдвэрлүүлэх, уг хорооноос гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд хандах эрх нь байсаар байхад шууд шүүхэд хандсан байна. Нэхэмжлэгч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх хуульд заасан журмыг зөрчсөн байх тул шүүх нэхэмжлэлийг татгалзаж шийдвэрлэж өгнө үү.

Хэрэв шүүх урьдчилсан шийдвэрлэх журмыг хамаарахгүй гэж үзээд хэргийг шийдвэрлэнэ гэж үзвэл И.МСӨХ нь нэхэмжлэгчтэй холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй дараах шалтгаанууд байна.

Нэхэмжлэгч Ц.Э 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгч Ц.Э одоо ажиллаж байгаа И.МСӨХ-той хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзсан. Н.М******* гэгч нь И.МСӨХ-ны нягтлангаар ажиллаж байгаад 2021 оны 10 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн байтлаа 2022 оны 01 болон 02 сарын тайланг өөрчилж цалин аваагүй хүмүүсийн цалинг олгосон мэтээр шивж харин ажилласан хүмүүсийн нийгмийн даатгалыг хасаж, байгууллага болон одоо ажиллаж байгаа ажилчдыг хохироож байна. Уг хэргийн жинхэнэ хариуцагч нь И.МСӨХ-нд урьд ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн Н.М******* байх тул нэхэмжлэгч Ц.Э нь Н.М*******ас цалин хөлсөө нэхэмжлэх учиртай. Одоо ажиллаж байгаа И.МСӨХ нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Нотлох баримтууд

Нэхэмжлэгчээс Ц.Эн 2022 оны 02 сарын цалин, ээлжийн амралтын тооцооны баримт, И.МСууц өмчлөгчдийн холбооны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 9 дугаартай Ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл, Ц.Эн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн өргөдөл, Төрийн банкны Ц.Эн харилцах дансны харилцагчийн хуулга,

Хариуцагчаас И.МСууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээний хуулбар, И.МСууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ГЗ2021/1227/02 дугаартай Ажлаас чөлөөлөх тушаал, И.МСууц өмчлөгчдийн холбооны 2022 оны 5 дугаар сарын 08-ний өдрийн Удирдах зөвлөлийн УЗ2022/0508/01 дугаартай тогтоол, И.МСууц өмчлөгчдийн холбооны Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан 2021 оны 5 дугаар сарын 28-ний өдрийн өргөдөл, И.МСууц өмчлөгчдийн холбооны Төрийн банк дахь харилцах дансны харилцагчийн хуулга, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 25 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаартай илтгэх хуудас, И.МСууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ГЗ2021/1010/01 дугаартай Ажлаас чөлөөлөх тушаал-ыг тус тус гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар И.МСууц өмчлөгчдийн холбооны Төрийн банк дахь 346900133728 тоот дансны 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сарыг хүртэлх хуулга, Ц.Эн Төрийн банк дахь 3469001100066 тоот дансанд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 37046947 данснаас цалин гүйлгээний утгаар 250,074 төгрөгийг шилжүүлэгчийн талаарх мэдээлэл, гэрч Н.Мөнхтулгыг асуусан тэмдэглэл, Б.Булгансүрэнгийн нэхэмжлэлтэй И.МСууц өмчлөгчдийн холбоонд холбогдох хэрэгт авагдсан И.МСӨХ 2022 он цагийн бүртгэл гэх бүртгэлийн №2-т үйлчлэгч Ц.Э, 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн цагийн бүртгэл гэсэн баримтад үзлэг хийсэн тэмдэглэлийг тус тус бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч И.МСууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан 1,422,140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг 2022 оны 02 сард бүтэн ажилласан тул тус хугацааны цалин 699,256 төгрөг, 2021 оны ээлжийн ээлжийн амралтын олговор 722,884 төгрөгийг тус тус гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөнөөс гадна байгууллагын данснаас 2022 оны 01 сарын цалинг олгоогүй тул уг цалинг тухайн үед нягтлангаар ажиллаж байсан Н.М******* хариуцна гэж тайлбарлаж маргасан.

Шүүх зохигч талуудын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь 2015 оны 11 сараас И.МСӨХ-нд орцны үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн гэж тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар ажил олгогч И.МСӨХ нь 2021 оны 01 сараас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх тул талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. / х.х-ийн 13 дахь талд/

Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн тухайн үед 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр батлан 1999 оны 7 сарын 01-ний өдрөөс даган мөрдсөн Хөдөлмөрийн тухай хууль үйлчилж байсан тул талуудын хооронд үүссэн цалин хөлсний маргааныг уг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэх үндэслэлтэй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн/ 126 дугаар зүйлийн 126.1-т Шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ, 126.2-т Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрмийг Засгийн газар батална гэж заажээ.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 8 сарын 17-ны өдрийн 12 дугаар бүхий тогтоолоор Нийслэлийн Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулсан байх ба Ц.Эг цалин хөлстэй холбоотой нэхэмжлэл гаргах үед буюу 2022 оны 4 дүгээр сарын 11-ний байдлаар тус хороо байгуулагдаагүй тул түүнийг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэж үзэхгүй.

Хэрэгт авагдсан баримтаар И.МСӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын №032021/0227/01 тогтоолыг үндэслэн гүйцэтгэх захирлаар А.Алтантуяаг 2021 оны 6 дугаар сарын 28-ний өдөр бүртгэсэн байх бөгөөд И.МСӨХ-ны гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ГЗ2021/1227/02 дугаартай Ажлаас чөлөөлөх тушаал-аар Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.4, СӨХ-ны Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1.4, 8 дугаар зүйлийн 8.5, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалт, УЗ-ийн дарга А.У*******ийн 2021.12.26-ны өдрийн 02 дугаартай илтгэх хуудсыг үндэслэн үйлчлэгч Ц.Э нь удаа дараа зөрчил гарган удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг зөрчсөн гэж үзэн ажлаас нь чөлөөлсөн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 16, 110 дахь талд/

Нэхэмжлэгч Ц.Э нь сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн шийдвэр гараагүй, А.Алтантуяаг гүйцэтгэх захирлаар томилоогүй тул уг тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэхгүй гэж тайлбарлаж байх боловч тус тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос үзэхэд 2022 оны 01 дүгээр сард Ц.Эд нь ЭнкантоСөх-ноос нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаар бичилт хийгдсэн байх тул 2022 оны 2 дугаар сард И.Мсууц өмчлөгчдийн холбоонд ажилласан гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлсөн шийдвэр гарснаас хойш 2022 оны 01 дүгээр сард нэхэмжлэгч нь өөр байгууллагад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх тул 2022 оны 02 дугаар сарын цалин хөлстэй тэнцэх олговор 699,256 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Э нь 2022 оны 02 дугаар сард цагийн бүртгэл гэх баримтад гарын үсэг зурснаар түүнийг И.Мсууц өмчлөгчдийн холбоонд 2022 оны 02 дугаар сард ажилласан гэж шууд эргэлзээгүй дүгнэх үндэслэлгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн/ 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэж, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэж, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна тус тус зохицуулснаар ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлөхдөө ажил үүргээ гүйцэтгэж байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтыг биеэр эдлээгүй тохиолдолд зохих олговрыг олгох зэргээр холбогдох тооцоог хийх үүрэгтэй юм.

Нэхэмжлэгч Ц.Э нь 2021 оны ээлжийн амралтыг 2022 оны 01 дүгээр сард эдлэхээр хүсэлтээ гаргасан боловч ийнхүү ажлаас чөлөөлөгдсөний улмаас хөдөлмөрийн ээлжийн амралтыг биеэр эдлээгүй байхаас гадна түүнд зохин олговрыг олгоогүй болох нь талуудын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн ээлжийн амралтын олговор 722,884 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй. /х.х-ийн 4-6 дахь талд/

Хариуцагч нь өмнө тус сууц өмчлөгчдийн холбоонд нягтлангаар ажиллаж байсан Н.М*******тай санхүүгийн болон бусад маргаантай байгаа нь ажилтанд олгох олговрыг олгохоос татгалзах үндэслэл болохгүй юм. /х.х-ийн 107-109 дахь талд/

Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч И.МСууц өмчлөгчдийн холбооноос 722,884 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Эд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 699,256 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,705 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.МСууц өмчлөгчдийн холбооноос 21,899 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Эд олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                           ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн/ 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан И.МСууц өмчлөгчдийн холбооноос 722,884 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Эд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 699,256 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,705 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.МСууц өмчлөгчдийн холбооноос 21,899 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Эд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ