Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2022/05091

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, *******,*******,*******,******* тоотод байрлах, С******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, залуучуудын өргөн чөлөө, *******,, тоотод байрлах, Л******* ХХК-нд холбогдох,

Гэрээний үүрэг, хохиролд 202,834,492 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгариг, хариуцагчийн төлөөлөгч М.Алтанзул, хариуцагчийн өмгөөлөгч О.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С" ХХК болон Л******* ХХК-ийн хооронд 2022 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх 2021\076 дугаартай гэрээ байгуулагдаж, С ХХК-ийн БНХАУ-аас худалдаж авсан 487 багц барилгын дотор модон хаалгыг БНХАУ-ын Эрээн хотын боомтоос Монгол улсын Замын үүд боомтоор төмөр замаар оруулж, Улаанбаатар хот руу чингэлэг тээврээр тээвэрлэх зуучлалын үйл ажиллагаа хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэтэл Л******* ХХК нь дээрх гэрээний үүрэг зөрчиж, манай талд мэдэгдэлгүйгээр ачаа барааг БНХАУ-ын Ганц мод, Монгол улсын Гашуун сухайт боомтоор нүүрсний машинд ачуулан Улаанбаатар хотод авчирсан. Үүний улмаас 487 багц хаалганаас 142 багц хаалга эвдэрч, манай компанид хохирол учирсан. Энэ талаар 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ачааг хүлээж авсан баримт үйлдэж, уг баримтад 142 багц хаалга гэмтэлтэй гэж бичиж, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын шинжээчээр үзүүлж, нийт 73609492 төгрөгийн хохирол учирсан талаар акт үйлдсэн. Иймд Л******* ХХК-аас 73,609,492 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

С ХХК нь 2020 оны 11-р сарын 26-ны өдөр Э ХХК-тай Бараа нийлүүлэх гэрээ байгуулж, 874,941,800 төгрөгийн үнэ бүхий 1882 ширхэг цагаан хаалгыг нийлүүлэхээр тохиролцсон. Манай компани нь гэрээний хугацаанд 551,371,400 төгрөгийн үнэ бүхий 1186 ширхэг хаалгыг захиалагч талд тус тус нийлүүлсэн. 2022 оны 01 дүгээр сард Э ХХК-ийн хангамжийн менежер С.Пүрэвдорж гэдэг хүн дугаарын утсаар над руу залгаж танай оруулж ирэх үлдэгдэл бүх хаалгыг Л******* тээврийн компаниар ачуулна, хаалга хадгалж буй Эрээн хот дах агуулахын хаягийг энэ компанид өгнө үү... гэж хэлсэн. Үүний дагуу Э ХХК нь Л******* ХХК руу тээврийн зардал 113,225,000 төгрөгийг шилжүүлж, Л******* ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр манай компанитай Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Л******* ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Э ХХК-д имайлаар үнийн санал өгөхдөө БНХАУ-ын Эрээн боомтоос 40 тоннын 2 контейнерээр төмөр замаар ачуулж, Замын-Үүдийн боомтоор оруулж ирэн, Улаанбаатар хот руу хүргүүлэхээр тээврийн нөхцөл тохирсон байсан. Энэ үйл ажиллагааны талаар Э ХХК нь манай талд албан бичгээр мэдэгдээгүй, утсаар л ярьсан бөгөөд манай компани шаардлагатай баримтуудыг бүрдүүлж өгсөн. Л******* ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр имэйлээр барааг Замын-Үүд боомтоор оруулж ирсэн, 01-р сарын 27-ны өдөр TBBU6081958, TBBU6119755 контейнерээр ачуулсан гэж тус тус мэдэгдсэн.

Гэтэл 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бараа Улаанбаатар хотод ачааны машинаар орж ирсэн бөгөөд 2 сарын 16-ны өдөр Ачаа хүлээлцэх баримт үйлдэхэд нийт 487 сет хаалга оруулж ирснээс 142 сет хаалга гэмтэлтэй байсан. Л******* ХХК нь гэрээний үүргээ зөрчиж барааг Гашуунсухайт 20 тоннын нүүрс тээврийн чингэлэгтэй ачааны машинаар оруулж ирснээс шалтгаалж дээрх 142 сет хаалга гэмтсэн байсан. Гэтэл Э ХХК нь дээрх үлдэгдэл хаалганы тээврийн зардал 113,225,000 төгрөгийг манай компаниас нэхэмжилсэн. Л******* ХХК нь тээвэрлэлтээр үлдэгдэл 1016 хаалга ачих байснаас 487 ачуулсан, Замын-Үүд боомтоор төмөр замаар ачуулаагүйгээс 142 хаалга гэмтэж хохирол учирсан бөгөөд гэмтсэн хаалгыг манай тал агуулах түрээсэлж хадгалж байгаа болно. Иймд 113,225,000 төгрөг, агуулах түрээсэлсэн 16,000,000 төгрөг нийт 202,834,492 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн гаргасан хариу тайлбартаа:

Манай Л******* ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Салон Де Каса" ХХК-тай No2021/076 дугаартай Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулсан болно.Тус гэрээний 2.1.10-т Зуучлагч тээвэрлэлтийн явцад ачаа бараанд өөрийн буруугаас учруулсан эвдрэл гэмтлээс шалтгаалсан хохирол болон нэмэлт зардлыг эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг үндэслэн бүрэн хариуцан барагдуулах ба тээвэрлэгчийн, агентын, илгээгчийн шууд буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан аливаа хохирлыг зуучлагч хариуцахгүй гэж заасан байдаг. Уг гэрээгээр бид нэхэмжлэгчийн өмнө улс хоорондын ачаа тээврийг зохион байгуулах зуучийн үүргийг хүлээж, тээвэрлэх үүргийг хүлээдэггүй болно. Иймд тээвэрлэгч этгээдийн үйл ажиллагааны улмаас учруулсан хохирлыг хариуцахгүй юм.

Нэхэмжлэгчийн Монгол Улсад авчрах ачаа буюу хаалгануудыг тээвэрлэх үйл ажиллагааг гардан гүйцэтгэсэн этгээд нь Рокет Ложистикс ХХК юм. Бид нэхэмжлэгчийн хаалгыг тээвэрлэх этгээдээр Рокет Ложистикс ХХК-ийг сонгож тус байгууллагатай 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр No2022059 дугаартай, Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан байдаг. Уг гэрээний 2.1-т заасны дагуу Рокет Ложистикс ХХК нь Гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд, нөхцөлөөр чингэлэг захиалах, хангах, ачаанд гэмтэл дутагдал гаргахгүй, бүрэн бүтэн, аюулгүй, осолгүй тээвэрлэлт хийх үүрэгтэй, мөн гэрээний 3.4-т зааснаар Гүйцэтгэгч ачааг дутаасан, үрэгдүүлсэн бол учирсан хохирол, зардлыг гүйцэтгэгчээр нөхөн төлүүлэх үүргийг тус тус хүлээсэн байдаг. "Рокет Ложистикс ХХК нь дээр дурдсан гэрээний үүргээ шударгаар биелүүлэхээ амлаж, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 73,609,492 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулах тухайгаа хүлээн зөвшөөрч Л******* ХХК-нд албан бичгээр ирүүлсэн болно. Мөн С ХХК нь нэхэмжлэлдээ Л******* ХХК-ийг өөрт нь мэдэгдэлгүйгээр гэрээний үүргээ зөрчиж ачааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганцмод, Монгол улсын Гашуун сухайт боомтоор нүүрсний машинд ачуулан Улаанбаатар хотод авчирсан гэж дурдан бичсэн байна. Бидний зүгээс гэрээнд заасны дагуу ачааг хаана, хэрхэн тээвэрлэгдэж байгаа тухай мэдээллийг тээвэрлэгчээс байнга авч байсан бөгөөд энэхүү мэдээллээ нэхэмжлэгчид тухай бүр нь цаг алдалгүй мэдээлж байсан болно. Энэхүү нөхцөл байдлыг С ХХК болон Л******* ХХК-ийн ажилчдын хооронд харилцсан мэйл болон бусад нотлох баримтаар тодорхой нотлогдоно. Л******* ХХК, Рокет ложистикс ХХК, нэхэмжлэгч С ХХК нар нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Л******* ХХК-ийн оффист гурван талт уулзалтыг зохион байгуулж, нэхэмжлэгчид учирсан хохирлын үнийн дүн, хэрхэн, яаж барагдуулах талаар харилцан ярилцаж, нэхэмжлэгчид хохирлыг 73,907,120.72 төгрөгөөр тохиролцох, үүнийг хэрхэн барагдуулж өгөх боломжит хуваарийг гаргах зэргээр тодорхой саналуудыг тавьж байсан боловч нэхэмжлэгч нь үнийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй. Дээрх гурван талт уулзалтаас Рокет ложистикс ХХК нь нэхэмжлэгчийн хохирлыг нөхөн төлөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн байхад С ХХК нь Л******* ХХК-ийг шүүхэд хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан байна.

Эцэст нь тэмдэглэхэд, хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд бид нэхэмжлэгчтэй байгуулсан тээвэр зуучийн гэрээгээр хохирлыг хариуцах үүрэг хүлээгээгүй юм. Харин нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хохирлыг гэрээнд заасан хариуцлагаа ухамсарлан биелүүлж, 100 хувь барагдуулахыг зөвшөөрч буй этгээд нь Рокет ложистикс ХХК юм.

Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд мөн бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь:

1. Нэхэмжлэгчтэй байгуулсан No2021/076 дугаартай Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ачаа зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлнэ хэмээн тохиролцоогүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нь ачааг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлнэ гэх үүргийг гэрээгээр нэхэмжлэгчийн өмнө хүлээгээгүй. Гэрээнд ачаа аль боомтоор нэвтрэх талаар тодорхой зааж бичсэн зүйл байхгүй юм.

2. Мөн нэхэмжлэгчид илгээсэн хариуцагчийн үнийн санал дотор ачааг нь зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлнэ хэмээн хатуу заасан зүйл огт байхгүй юм.

3. Бид тээвэрлэгч Рокет Ложистикс ХХК-аас ачаа хаана явж байгаа талаар утсаар болон мэйлээр байнга лавлаж байсан бөгөөд тээвэрлэгчээс бидэнд хариу өгөхдөө ачааг Монгол Улсад оруулахаар Эрээнд ачилт хийлгэж байна" гэх мэдээлэл өгсөн учраас бид энэ мэдээллийг дариу нэхэмжлэгч талд тухай үед мэдэгдсэн болно. Өөрөөр хэлбэл Рокет Ложистикс ХХК нь ачааг Эрээн - Замын-Үүд боомтоор бус Ганц мод Гашуунсухайт боомтоор Монгол Улсад нэвтрүүлэх гэж байгаа тухай огт мэдэгдээгүй болно.

4. Нэхэмжлэлд дурдсан тээвэрлэлтийн зардал болох 113,225,000 төгрөгийг Нэхэмжлэгч Салоне Де Каса ХХК бидэнд огт төлөөгүй. Харин уг мөнгийг Э" ХХК манай Л******* ХХК-д төлсөн болох нь баримтаар тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хэзээ ч өөрийнх нь төлж байгаагүй мөнгийг биднээс нэхэмжилж буй явдал нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй юм. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас шүүхийн шийдвэрийн үндсэн дээр Э ХХК-нд 113,225,000 төгрөг төлж гэх үйл баримт хэрэгт авагдаагүй байна. "Салон Де Каса ХХК нь энэхүү 113,225,000 төгрөгийг Л******* ХХК-аас хууль болон гэрээгээр шаардах эрх байхгүй юм.

5. Л******* ХХК нь нийт 487 ширхэг хаалга тээвэрлэсэн бөгөөд үүнээс 345 ширхэг хаалга ямар ч эвдрэл, гэмтэлгүй бүрэн бүтэн тээвэрлэгдэн хүлээн авагчийн агуулахад ирсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь нийт 487 ширхэг хаалгыг тээвэрлэсэн төлбөр болох 113,225,000 төгрөгийг бүхэлд нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

6. Агуулах түрээсэлсэн төлбөр болох 16,000,000 төгрөгийг Л******* ХХК хариуцахгүй юм. Учир нь тээвэр зуучийн гэрээний 2.1.10-т Зуучлагч тээвэрлэлтийн явцад ачаа бараанд өөрийн буруугаас учруулсан эвдрэл гэмтлээс шалтгаалсан хохирол болон нэмэлт зардлыг эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг үндэслэн бүрэн хариуцан барагдуулах ба тээвэрлэгчийн, агентын, илгээгчийн шууд буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан аливаа хохирлыг зуучлагч хариуцахгүй гэж заасан байдаг. Үүнээс дүгнэвэл 142 ширхэг хаалга нь Рокет Ложистикс ХХК-ийн сэлгэн ачилтын үед гэмтсэн бөгөөд үүнээс үүдэлтэй аливаа үр дагавар, хохирлыг бид хариуцахгүй болно гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 2021/076 дугаартай Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Татвар төлсөн баримт, Ачаа хүлээлцэх баримт, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлт, Э ХХК-ийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, С******* ХХК, РТТ ХХК-тай байгуулсан 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг,

Хариуцагчаас Л******* ХХК, Рокет ложистикс ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2022059 дугаартай Хамтран ажиллах гэрээ, Рокет ложистикс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, татвар төлөгчийн гэрчилгээний хуулбар, Рокет ложистикс ХХК, Хаан даатгал ХХК-ийн даатгалын гэрчилгээний хуулбар, Рокет ложистикс ХХК-ийн Л******* ХХК-нд хүргүүлсэн Хүсэлт гаргуулах тухай албан бичгүүд, Л******* ХХК-ийн Хаан банк дахь дансны хуулгыг тус тус гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар гэрч М.Санжаадоржийг асуусан тэмдэглэл, нэхэмжлэгч хариуцагч нарын цахим хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэлийг тус тус бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С******* ХХК нь хариуцагч  Л******* ХХК-нд холбогдуулан гэрээний үүрэг, хохиролд 202,834,492 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/076 дугаартай Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээнд заасан үүрэг буюу БНХАУ-аас худалдаж авсан 487 багц барилгын модон хаалгыг БНХАУ-ын Эрээн хотын боомтоос Монгол Улсын Замын үүд боомтоор төмөр замаар оруулж ирэх үүргээ зөрчиж, БНХАУ-ын Ганц мод, Монгол Улсын Гашуун сухайт боомтоор нүүрсний машинд ачуулан авчирснаар 142 багц хаалга эвдэрч 73,609,492 төгрөгийн хохирол учирснаас гадна уг эвдэрхий хаалгыг хадгалах агуулах түрээсэлсний улмаас 16,000,000 төгрөгийн гарах ёсгүй зардал гарсан, түүнчлэн уг хаалгыг тээвэрлүүлж ирэх зардал 113,225,000 төгрөгийг хаалга хүлээн авах газар манай компаниас нэхэмжилсэн тул нийт 202,834,492 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... нэхэмжлэгчийн хаалгануудыг тээвэрлэх үйл ажиллагааг гардан гүйцэтгэсэн этгээд нь Рокет Ложистикс ХХК бөгөөд манай компани хаалгыг тээвэрлэх этгээдээр Рокет Ложистикс ХХК-ийг сонгож тус байгууллагатай 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр No2022059 дугаартай, Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 73,609,492 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахыг Рокет Ложистикс ХХК хүлээн зөвшөөрсөн тул уг нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй бөгөөд тээвэрлэлтийн зардал болох 113,225,000 төгрөгийг Салон Де Каса ХХК төлөөгүй, Э" ХХК төлсөн тул уг мөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй гэж тайлбарлан маргасан.

Зохигч талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 2021/076 дугаартай Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зуучлагч болох Л******* ХХК нь үйлчлүүлэг С******* ХХК-ийг төлөөлж улс хоорондын болон орон нутгийн ачаа тээврийг зохион байгуулах, үйлчлүүлэгч нь гэрээнд заасны дагуу зохих төлбөрийг төлөх үүргийг харилцан хүлээсэн болох нь талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 4-6 дахь талд/

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-д Ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна гэж, 393 дугаар зүйлийн 393.1-д Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан дутсан, гэмтсэн түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна гэж тус тус зохицуулсан.

Тодруулбал, ачаа тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь тээвэрлүүлэгч этгээдийн дагалдах бичиг баримтын хамт хүлээлгэн өгсөн ачааг тохиролцсон газарт нь тээвэрлэн хүргэж өгөх үүргийг хүлээх бөгөөд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, ачааг гэрээнд заасан тогтоосон хугацаанаас хоцроосны улмаас тээвэрлүүлэгчид учирсан хохирлыг хуульд зааснаас бусад тохиолдолд хариуцах үүргийг хүлээх юм.

Гэвч, зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримт, гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд 487 багц барилгын дотор модон хаалгыг Л******* ХХК тээвэрлээгүй, Рокет ложистикс ХХК тээвэрлэн Монгол улсад оруулж ирсэн болох нь тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1 дэх хэсэгт заасан ачаа тээвэрлэлт-ийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. /х.х-ийн 23-28, 80-81, 109-110 дахь талд/

Харин талуудын хооронд байгуулагдсан гэрээнд илэрхийлсэн хүсэл зориг, агуулга зэргээс үзвэл нэхэмжлэгч С ХХК-ийн БНХАУ-аас худалдаж авсан 487 багц барилгын дотор модон хаалгыг Монгол улс руу тээвэрлүүлэн авч ирүүлэх ачаа тээвэрлэлтийн ажлыг зохион байгуулах үүргийг Л******* ХХК гэрээгээр хүлээсэн байна.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт заасан Аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд худалдах-худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан.

Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагч болох захиалга өгсөн этгээдэд гэрээ байгуулах сонирхолтой бусад этгээдийн талаар мэдэгдэж тэдгээрийг холбож, гэрээ байгуулах үйл явцыг бий болгодог бол худалдааны зуучлалын гэрээгээр хуульд заасан тодорхой үйл ажиллагааг тогтмол явуулах эрх бүхий этгээд нь зуучлуулагчийн нэрийн өмнөөс эсхүл өөрийн нэрийн нэрээр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах үүргийг хүлээнэ.

Худалдааны зуучлалын гэрээний гол шинж нь нэг талаас худалдах-худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагааг өөрийн эрхлэх үйл ажиллагааг болгосон, тухайн үйл ажиллагааг байнгын тогтмол эрхлэн явуулдаг түүний ажил хэргийн хүрээнд тогтсон туршлага нь зуучлуулагчаас түүнд хандах сэдлийг бий болгохоос гадна нөгөө талаас уг үйл ажиллагаанд тухайн этгээдээр зуучлуулснаар зуучлуулагч нь өөрийн ажлыг хөнгөвчлөх, үйл ажиллагаанаас гарах эрсдэлийг бага зардлаар даван туулах зэрэг зорилгыг агуулдаг байна.

Энэ утгаараа, талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт заасан худалдааны зуучлал-ын гэрээний агуулгад илүү нийцсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүсжээ.

Хэрэгт авагдсан болон шүүхээс 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хийсэн үзлэгээр Л******* ХХК-аас БНХАУ-ын Эрээн хотод байгаа хаалганууд 2х40 чингэлэгт багтах бөгөөд тээврийн төлбөр нь нийт 150,000 юань болох, тээврийн замнал нь Эрээнээс Улаанбаатар руу төмөр замаар буюу вагоноор ачигдах саналыг хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.

Тодруулбал, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч байгууллагын otgontuya Landbridge цахим хаягаас нэхэмжлэгчийн [email protected] цахим хаягт Үнийн санал нь энэ 7 хоногийн үнийн санал байсан бөгөөд дараа 7 хоногт вагон олдмогц энэхүү үнийн санал нь шинэчлэгдэхийг анхаарна уу. Анхны сав баглаа боодол нь битүү вагонд ачихуйц стандартын дагуу байх ёстойг анхаарна уу. Хэрэв баглаа боодлыг хийгээгүйгээс, хаалганы гадна тал зурагдаж, цохигдон гарсан сэв, эвдрэл бид бүхэн хариуцахгүй болохыг анхаарна уу гэжээ.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд ачаа тээврийн зуучлалын гэрээгээр үүрэг хүлээсэн этгээдүүд үүргийг тогтоосон газар нь хугацаанд зохих ёсоор гүйцэтгэх бөгөөд ийнхүү үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд нөгөө талдаа учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээх юм.

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр хариуцагч Л******* ХХК нь нэхэмжлэгчийн 487 багц барилгын дотор модон хаалгыг БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хот руу өөрөө тээвэрлэх үүрэг хүлээгээгүй ч уг гэрээгээр хүлээсэн тээвэр зуучлалын үйл ажиллагааг зохион байгуулах үүргээ зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй.

Хэрэгт авагдсан Л******* ХХК, Рокет ложистикс ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2022059 дугаартай Хамтран ажиллах гэрээ-ний нэг дэх хэсэгт БНХАУ-ын Эрээн хотоос FCA тээврийн нөхцөлтэй 2 ширхэг чингэлэг захиалга хийх, хангах, Улаанбаатар хүртэл төмөр замаар тээвэрлэх, тээврийн хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 23 дахь талд/

Дээрх үйл баримтуудаас үзэхэд хариуцагч нь анх гэрээ байгуулах саналд нэхэмжлэгчийн дотор модон хаалгануудыг БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар чиглэлд төмөр замаар ачих санал гаргаснаар уг саналыг нэхэмжлэгч тал хүлээн авсан байхаас гадна ачаа тээврийн үйл ажиллагааг зохицуулах үүрэг хүлээсэн хариуцагч Л******* ХХК нь гуравдагч этгээд буюу тээвэрлэгчтэй ачааг төмөр замаар тээвэрлүүлэхээр тохиролцсон болох нь тогтоогдож байна.

Гэвч, зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримт шүүхээс 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэргээр 487 багц барилгын дотор модон хаалгыг БНХАУ-ын Ганц мод, Монгол Улсын Гашуун сухайт боомтоор машинаар тээвэрлүүлэн оруулж ирсэн нь тогтоогдож байх тул хариуцагчийн ачаа тээврийг төмөр замаар оруулж ирэхдээ төмөр замаар оруулж ирэх үүргийг хүлээгээгүй гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй байна. /х.х-ийн 7-9, 109-110 дахь талд/

Хэрэгт авагдсан Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтэд БНХАУ-аас нийлүүлэгдсэн хаалга түүний иж бүрдэл бүхий ачааг машинаас буухад нь болон хүлээн авагч компанийн агуулахад шалгахад дараах гэмтэл зөрчил илэрлээ. Үүнд: ачаа буух үед зарим нэг хайрцагтай ачааны баглаа боодол урагдсан, задарч гэмтсэн байсан. Нарийвчилсан үзлэгийг эрх бүхий төлөөллийг байлцуулан хийсэн. Бичиг баримтын дагуу 2 ялгаатай хэмжээтэй 487 иж бүрдэл дотор модон цагаан хаалга бүгд ирэх ёстойгоос бүгд ирсэн ба нийт 142 хаалга ба бусад иж бүрдэл их бага хэмжээгээр, янз бүрийн байршлаар /халцарсан, цөмөрсөн, эмтэрсэн, будаг гэмтэлтэй хугарсан/ гэмтсэн зориулалтын дагуу болон өндөр зэрэглэлийн орон сууцанд ашиглах боломжгүй болсон байсныг тодорхойлов. Дээрх гэмтэлтэй ачаа нь шилжүүлэн ачилт болон тээвэрлэлтийн явцад үүссэн зөрчил байна. Хохирлын үнийн дүн 73,609,492 төгрөг /бусад зардлууд болох гааль, нөт, тээвэр орсон болно/. Тээвэр зууч нь Ланд бридж ХХК гэжээ. /х.х-ийн 10 дахь талд/

Талууд хооронд байгуулсан гэрээний 2.1.10-т Зуучлагч тээвэрлэлтийн явцад ачаа бараанд өөрийн буруугаас учруулсан эвдрэл гэмтлээс шалтгаалсан хохирол болон нэмэлт зардлыг эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг үндэслэн бүрэн хариуцан барагдуулах ба тээвэрлэгчийн, агентын, илгээгчийн шууд буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан хохирлыг Зуулагч хариуцахгүй гэж, Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д Худалдааны зуучлагч өөрийн буруугаас үүссэн хохирлыг талуудын өмнө хариуцна гэж зохицуулсан.

Хууль болон гэрээнд зааснаар зуучлагчийн буруугаас зуучлуулагчид хохирол учирсан тохиолдолд зуучлагч нь хохирлыг эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг үндэслэн бүрэн хариуцах үүрэгтэй байна.

Хариуцагч Л******* ХХК нь нэхэмжлэгчийн БНХАУ-аас худалдаж авсан 487 иж бүрдэл дотор модон хаалгыг БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар чиглэлд төмөр замаар тээвэрлэн оруулж ирэх ачаа тээврийг зохион байгуулах, ачаа тээвэрлэлтийн үйл явцад хяналт тавих, шаардлага тавих зэрэг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй улмаас нэхэмжлэгчид 73,609,492 төгрөгийн хохирол учирсан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас уг хохирлоо шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас тээврийн зардал 113,225,000 төгрөг, эвдэрсэн хаалгануудыг хадгалах агуулах түрээсэлсний зардалд 16,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаар Э ХХК нь нэхэмжлэгч С******* ХХК-аас барилгын дотор модон хаалганы тээвэрлэлтийн зардалд 113,225,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. /х.х-ийн 91-94 дэх талд/

Ийнхүү нэхэмжлэл гаргаснаар нэхэмжлэгчид 113,225,000 төгрөгийн хохирол бодитой учирсан гэж шууд дүгнэх үндэслэлгүй тул уг шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч С******* ХХК нь РТТ ХХК-тай 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорь 45/3 тоот хаягт байрлах 162 м.кв талбайг нэг сарын 2,000,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байх боловч уг гэрээний дагуу 16,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь түрээслүүлэгч талд төлсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул 16,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь дээрх шаардлагуудаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Л******* ХХК-аас 73,609,492 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С******* ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 129,225,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Л******* ХХК нь Рокет ложистикс ХХК-тай байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2022059 дугаартай Хамтран ажиллах гэрээ-ний дагуу өөрт учирсан хохирлоо шаардахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л******* ХХК-аас 73,609,492 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С******* ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 129,225,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 1,330,072 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л******* ХХК-аас 525,997 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С******* ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ