Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2022/05153

 

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2022/05153

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ..... регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, өөрийн байранд оршин байх Ж.М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ........ регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, ******* тоотод оршин суух Б.А холбогдох,

Гэрээний үүрэгт 1,343,857.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.А нь 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр манай компанитай ББГ-2028/20 тоот Гар утас төхөөрөмж, зээлээр худалдан авах гэрээ байгуулан Самсунг А31 загварын гар утас, ******* дугаарын хамт багц үйлчилгээг урьдчилгаа төлбөргүйгээр 2020.10.27-ны өдрөөс 2021.07.27-ны өдөр хүртэл 10 сарын хугацаанд сар бүр 96,000 төгрөг төлөх нөхцөлөөр зээлээр худалдан авсан. Гэвч Б.А нь сар бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж 765,000 төгрөг, ******* дугаарын төлбөр 130,905.27 төгрөг нийт 895,905.27 үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд багцын үлдэх төлбөр 895,905.27 төгрөг, гэрээний 3.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 алданги 447,952.64 төгрөг нийт 1,343.857.91 төгрөгийг Б.Ааас гаргуулж өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс Ж.М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2411, 2370 дугаартай нэхэмжлэх болон хавсралт тооцооны хүснэгтүүд, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Гар утас, төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах тухай гэрээ, Б.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/06-018 дугаартай мэдэгдэх хуудсыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.А-т холбогдуулан гэрээний үүрэгт 1,343,857.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүхээс хариуцагч Б.А-т нэхэмжлэлийн хувийг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гардуулан өгсөн байх боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсхүл татгалзаж байгаа талаарх тайлбар болон ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч буй эсэх талаар хариу тайлбар өгөөгүй боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар хэрэгт авагдсан бичгийн баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ж.М ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Б.А-тай Гар утас, төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах тухай гэрээ байгуулж, нийт 850,000 төгрөгийн үнэтэй самсунг А31 загварын гар утас болон ******* дугаарын багц үйлчилгээг авахаар харилцан тохирч, төлбөрийг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцжээ /х.х-ийн 11-12 дахь талд/

Талуудын хооронд байгуулсан гэрээг хэдийгээр зээлээр худалдах худалдан авах гэж нэрлэсэн байх боловч гэрээний агуулга, зорилгоос үзвэл худалдан авагч Б.А нь эд хөрөнгийн үнийг нэн даруй бус хожим төлөх тохиролцсон байхаас гадна зөвхөн гэрээний зүйлийг худалдах үеийн үнийг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан шинжийг агуулсан байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний шинж буюу эд хөрөнгийг зээлээр авч байгаагийн хувьд төлөх хүүгийн талаар тохироогүй, гар утасны үнэ эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ-ээс нэмэгдсэн шинж агуулаагүй байх тул зээлээр худалдах худалдан авах гэрээний агуулгад нийцэхгүй юм.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Энэ гэрээний гол шинж нь худалдагч гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээх бол худалдан авагч нь гэрээний зүйлийн үнийг тохирсон хугацаанд төлөх үүргийг тус хүлээнэ.

Зохигчдын хооронд байгуулсан гар утас, төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу худалдагч нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж гар утсыг хүлээлгэн өгсөн бол худалдан авагч нь гэрээний зүйлийн үлдэгдэл үнэ болох 895,905.27 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 7-10 дахь талд/

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1.-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үнэ төлөх үүргийг гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус зааснаар хариуцагч нь багцын үнэ 895,905.27 төгрөгийг төлсөн гэдгээ баримтаар нотлоогүй болно.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээнд зааснаар тохиролцсон хариуцлагын үүрэг буюу алданги гаргуулахаар шаардсан.

Талууд хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зээлдэгч нь энэхүү гэрээнд заасан төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан агуулгатай нийцсэн байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан.

Хариуцагч Б.А нь 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэх ёстой байсан боловч гэрээний хугацаанд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй улмаас нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлбөл зохих 895,905.27 төгрөгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээний алданги 447,952.64 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй байна.

Иймд дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Б.Ааас 1,343,857.91 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.М ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,451.73 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-аас 36,451.73 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.М ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                           ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Ааас 1,343,857.91 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.М ХХК-нд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 36,451.73 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-аас 36,451.73 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.М ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ