Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2022/05260

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ....... регистрийн дугаартай, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, *******,*******,******* тоотод оршин суух, Б.Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд ........... регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн *******,******* тоотод оршин байх М.Д ХХК-нд холбогдох,

Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороонд байрлах Мэргэн Олон Улсын худалдааны төвийн 3 давхрын 12.36 м.кв талбай бүхий ******* тоотод байрлалтай худалдааны талбайн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр М.Д ХХК-ийн санхүүгийн албаны дарга Д.Д-тай нэхэмжлэгч М.Х нь уулзаж өөрийн найз С.Э /РД:*******/-ын өмнө нь "М.Д ХХК-тай байгуулсан гэрээг нэр дээрээ шилжүүлэн төлбөрийг бэлнээр гэрээнд зааснаар 61800$ доллар/-ыг төлсний үр дагавар болох Мэргэн худалдааны төвийн 3 давхрын 12,36 м.кв талбай бүхий ЗА-43 тоот байрлалтай худалдааны талбайн хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох. Нэхэмжлэлийн утга: М.Д ХХК-ны санхүүгийн албаны дарга Д.Дтай уулзаж өмнө нь өөрийн танил С.Эын БЗД-ын 14-р хороо Нарантуул худалдааны төвийн баруун талд баригдаж байгаа Мэргэн худалдааны төвийн 3 давхарт 12,36 м.кв талбай бүхий ЗА-43 тоот байрлалтай талбайг захиалсан гэрээг нэхэмжлэгч М.Х миний бие өөрийн нэр дээр шилжүүлэн авч, албан ёсоор баталгаажуулан гэрээгээ шинэчилж, төлбөрийг доллараар 61,800$ /тэр үеийн ханшаар 106,790,400 төгрөг/ хүлээлгэн өгсөн. Тэр үеэс хойш 7 жил гаруй хугацаа өнгөрч өнөөг хүрэхэд Мэргэн" худалдааны төвийн барилга нь хөрөнгө оруулалтгүй гэсэн шалтгааны улмаас царцаж, нэхэмжлэгч М.Х би захиалсан худалдааны талбайгаа өөрийн өмчлөлд чадахгүй өдийг хүрсэн. Энэ хугацаанд нэр бүхий захиалагч /хохирогч/ нар Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст Мэргэн худалдааны төвийн захирал Ж.Ат залилуулсан хэмээн гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байтал 2 жил гаруй хугацаа өнгөрсний дараа 2020 оны 8-р сарын 24-нд залилангийн гэмт хэргийн шинжгүй хэмээн Баянзүрх дүүргийн прокурорын байгууллагаас үзэж, 20/а тоот Прокурорын Тогтоол гаргаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэг шалгагдаж байх явцад талууд гэрээний үнэ өгсөн авсан тал дээр огт маргалдаагүй бөгөөд барилгын ажил дууссан тохиолдолд гэрээний дагуу худалдааны талбайг өгнө хэмээн сэжигтний тал мэдүүлдэг байсан. Гэвч бодис хөрөнгө оруулалт хэзээ орж ирж, хэзээ барилга бүрэн дуусаж, Улсын комисс барилгыг хүлээн авч, нэхэмжлэгч надад гэрээний зүйл болох 12 36 м.кв талбайг хүлээлгэж өгөх нь тодорхойгүй сайх тул гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж өдий болтол хохирсон миний бие Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрлах Мэргэн Олон Улсын худалдааны төвийн 3 давхрын 106,790,400 төгрөгөөр үнэлэгдсэн 12,36 м.кв талбай бүхий ЗА-43 тоот байрлалтай худалдааны талбайн хууль ёсны өмчлөгч Х.Хосбаяр миний бие мөн болохыг хуулийн дагуу тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороонд байрлах Мэргэн Олон Улсын худалдааны төвийн 3 давхрын 12.36 м.кв талбай бүхий ******* тоотод байрлалтай худалдааны талбайн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь нийт 61800 ам долларын үнэтэй бөгөөд нэхэмжлэгч 1800 доллар л төлсөн учраас хөрөнгийн өмчлөгч болохыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн эсё1-3/6975 албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 21632 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийнХэрэг бүртгэлтийн хэрэг нээ тухай Мөрдөгчийн тогтоол, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын Прокурорын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 20 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2019 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн Хохирогчоор тогтоох тухай Мөрдөгчийн тогтоол, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2019 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай Мөрдөгчийн тогтоол, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2019 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн Хохирогч, иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2013 оны оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай Худалдааны талбайг худалдан авалт, захиалгын гэрээ, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн №ЗИ-19-1294/2020/01 дугаартай Шинжээчийн дүгнэлт, 2013 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн М.Д ХХК-ийн орлогын баримтыг тус тус гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар гэрч С.Эыг асуусан тэмдэглэл, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороонд байрлах Мэргэн Олон Улсын худалдааны төвийн барилгын дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар тус тус бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Х нь хариуцагч М.Д ХХК-нд холбогдуулан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороонд байрлах Мэргэн Олон Улсын худалдааны төвийн 3 давхрын 12.36 м.кв талбай бүхий ******* тоотод байрлалтай худалдааны талбайн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох тухай тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай Худалдааны талбай худалдан авалт, захиалгын гэрээ-ний дагуу Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороонд байрлах Мэргэн Олон Улсын худалдааны төвийн 3 давхрын 12.36 м.кв талбай бүхий ******* тоотод байрлалтай худалдааны талбайн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгоно гэж тайлбарлаж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ... тус худалдааны төвийн барилга нь 80 хувийн гүйцэтгэлтэй бүрэн баригдаж дуусаагүй, улсын комисс хүлээж аваагүй байгаагаас гадна хариуцагч төлбөрийг бүрэн төлөөгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж маргасан.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

М.Д ХХК, М.Х нарын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай Худалдааны талбайг худалдан авалт, захиалгын гэрээ байгуулагдаж, худалдагч тал болох М.Д ХХК нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ******* тоотод байрлах Мэргэн худалдаа үйлчилгээний төвийн 3 дугаар давхар ******* тоот 12.36 м.кв худалдаа хийх зориулалттай талбайг худалдан авагчид хүлээлгэн өгөх, худалдан авагч М.Х нь 1 м.кв-ыг 5000 ам доллараар тооцон нийт 61,800 ам доллар төлөх үүргийг тус тус харилцан хүлээж, гэрээг бичгээр байгуулсан болох нь хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 17-21 дэх талд/

Талууд гэрээг Худалдааны талбайг худалдан авалт, захиалгын гэрээ гэж нэрлэсэн байх боловч гэрээ байгуулагдах үед гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ******* тоотод байрлах Мэргэн худалдаа үйлчилгээний төвийн барилга нь баригдаагүй, М.Д ХХК нь тус худалдааны талбайг шинээр барьж, гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.

Өөрөөр хэлбэл, талуудын гэрээнд илэрхийлсэн хүсэл зориг, гэрээний агуулга зэрэг нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ-ний агуулгад илүү нийцэж байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний 7.3-т Худалдагч тал нь үйлчилгээний талбайг 2014 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулах үүрэгтэй ... гэж тохиролцжээ.

Хэрэгт авагдсан баримтаар улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ******* тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 2048 м.кв талбайтай 30 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгын өмчлөгчөөр М.Д ХХК бүртгэгдсэн болох нь тогтоогдож байхаас гадна хариуцагч нь улсын бүртгэлийн гэрчилгээ 30 хувийн гүйцэтгэлтэй гэж гарсан бодит байдлаар барилга 80 хувийн гүйцэтгэлтэй, төлбөрийн тооцоо хийж дууссан захиалагч нарыг урьдчилсан тэмдэглэгээ хийлгэж, өмчлөгчөөр бүртгүүлж байгаа гэж тайлбарлаж байна. /х.х-ийн 105-108 дахь талд/

Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох 61,800 ам долларыг төлсөн тул өмчлөгчөөр тогтоолгоно гэж, хариуцагч нь 1800 ам долларыг төлсөн үлдэх 60,000 ам долларыг төлөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан 2013 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн М.Д ХХК-ийн орлогын баримтад С.Эаас үйлчилгээний талбайн төлбөрт 61,800 ам доллар буюу нэг ам долларыг*******95 төгрөгөөр тооцон 86,211,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байхаас гадна талууд хооронд байгуулсан гэрээний 2.3-т захиалагч нь үйлчилгээний талбайн үнийг 2013 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр 100 хувь төлсөн болно гэжээ. /х.х-ийн 57 дахь талд/

Талууд хооронд байгуулсан гэрээний худалдан авагч тал хэсэгт иргэн С.Эаас иргэн М.Хт худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн болно гэж дурдсан байх бөгөөд энэхүү үйл баримт зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч М.Х нь С.Эын М.Д ХХК-тай хийсэн гэрээний дагуу захиалсан М.Д ХХК нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ******* тоотод байрлах Мэргэн худалдаа үйлчилгээний төвийн 3 дугаар давхар ******* тоот 12.36 м.кв худалдаа хийх зориулалттай талбайг гүйцэтгэгч, захиалагч нарын зөвшөөрлөөр шилжүүлэн гэрээг шинээр хийж, төлбөрийг төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт болон гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Хариуцагчийн нэхэмжлэгч 60,000 ам долларыг төлөөгүй гэх тайлбар татгалзал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Тодруулбал, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Иргэн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, 343 дугаар зүйлийн 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж, талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т үйлчилгээний талбайн төлбөр 100 хувь хийгдсэн нөхцөлд захиалагч тал худалдагч талтай үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн өгөх гэрээ хийх үүрэгтэй гэж тохиролцжээ.

Иймд хууль болон гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ******* тоотод байрлах Мэргэн худалдаа үйлчилгээний төвийн 3 дугаар давхар ******* тоот 12.36 м.кв худалдаа хийх зориулалттай талбайн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэхээр мөн зүйлийн 76.2-т зохицуулсан.

Түүнчлэн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, ... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ба ийнхүү тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох юм.

Хэрэгт авагдсан баримтаар Ж.Ат холбогдох эрүүгийн 1806078812015 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын Прокурорын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 20 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ******* тоотод байрлах Мэргэн худалдаа үйлчилгээний төвийн 3 дугаар давхар ******* тоот 12.36 м.кв худалдаа хийх зориулалттай талбайн өмчлөгчөөр тогтоож, ийнхүү өмчлөгчөөр тогтоохтой холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч М.Д ХХК-нд даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118, дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.Хыг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ******* тоотод байрлах Мэргэн худалдаа үйлчилгээний төвийн 3 дугаар давхар ******* тоот 12.36 м.кв худалдаа хийх зориулалттай талбайн өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр тогтоохтой холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч М.Д ХХК-нд даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 692,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Д ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 692,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Хт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ