Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2023/00423

 

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2023/00423

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч Г.Бямбажаргал, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн .......... регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол 412 дугаар байрны 247 тоотод оршин суух Д.Д,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ............ регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол 412 дугаар байрны 247 тоотод оршин суух Д.З,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ............... регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол 406 дугаар байрны 50 тоотод оршин суух С.Ц нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ........... регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо 15 дугаар хороолол, Хаппи таун хотхоны 73-4 тоотод оршин суух Ч.Г холбогдох

Гэм хорын хохиролд 19,456,295 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.З нь 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 9 цаг 40 минутын үед ээж Д.Дийн Лексус RX-400 маркийн 21-21 УБО дугаартай автомашиныг жолоодон Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Орчлон сургуулийн урд Сэлбийн гүүрний зүүн талаас баруун чиглэлд төв замаар явж байхад "Тоёота Приус-20" маркийн 68-22 УАР дугаартай суудлын автомашины жолооч Ч.Г нь гүүрэн дээр эсрэг урсгалаас буцаж эргэх хөдөлгөөнийг хийснээр машиныг зүүн урд талаас мөргөж, улмаар машин гүүр лүү шахагдаж, баруун талаараа гүүрний хашлаганд тулж шахагдсан. Ч.Гийн буруутай үйлдлийн улмаас Д.З, С.Ций эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Мөн Д.Дийн эзэмшиж буй автомашинд их хэмжээний хохирол учирсан. Ч.Гийн буруутай үйлдлийг Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Тээврийн прокурорын 2021 оны 9-р сарын 9-ний өдрийн 585 тоот тогтоолын 4 дэх заалтаар тогтоож, түүнийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалтуудыг зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ тооцсон байна.

Мөн тогтоолоор хохирогч Д.З, С.Ц нарыг цаашид энэ ослын улмаас өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасан.

1.Эрүүл мэндэд учирсан хохирлын зардлын талаар:

ШШҮХ-гийн шинжээч эмчийн 2021 оны 8-р сарын 27-ны өдрийн 7717, 7719 тоот дүгнэлтээр "Д.З-н биед тархи доргилт, хүзүү, нурууны булчингийн чангарал, С.Ц-ий биед тархи доргилт, баруун өвдөгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдож, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болохыг тогтоосон. Осол болсны дараа Д.З-н толгой, хүзүү, зүүн мөр, аарцаг түнхний үеэр өвдөж, С.Ц-ий толгой, хүзүү өвдөж, дотор муухайрч, баруун өвдөг, зүүн шагай өвдөж байсан тул шинжээч эмчийн зөвлөснөөр тархи, хүзүү, аарцагны компьютер томограф хийлгэсэн бөгөөд шинжилгээний хариу болон эмчийн үзлэгийн дүгнэлтийг үндэслэн Д.З, С.Ц тархи, биеийн доргилт эмчлэх, хүзүү нурууны булчингийн чангарал эмчлэх эмчилгээ хийлгэж, С.Ц шарханд оёо тавиулж, боолт хийлгэн, эмийн эмчилгээ хийлгэсэн. С.Ц хөлдөө гэмтэл авсны улмаас сар гаран хугацаанд өөрөө чөлөөтэй явж чадахгүй байсан тул боолт хийлгэх, эмчилгээнд явахдаа байнга хажуудаа хүнтэй явж, автомашин, таксигаар хүргүүлж байсан. Дээр дурдсан нөхцөл байдлын улмаас Д.З-н биеийн шинжилгээ, эмчилгээний зардалд 676,000 төгрөг, С.Ц-ий биеийн шинжилгээ, эмчилгээний зардалд 392,600 төгрөг, нийт 1,068,600 төгрөгийг зарцуулсан бөгөөд хариуцагч Ч.Г-өөс уг зардлыг бидэнд төлөөгүй байна. Эрүүл мэндэд учирсан хохирлын зардлын задаргаа, баримтуудыг Хавсралт 1-ээс үзнэ үү.

2. Автомашины үнэлгээ, оношилгоо, ачилтын зардлын талаар: Автомашины хохирлын үнэлгээг хийлгэж, хохирлын хэмжээг үнэлгээний компаниар тогтоолгоход үнэлгээний компаниас автомашины эвдрэлийг гаднаас хараад бүрэн тогтоох боломжгүй эвдрэл, гэмтлүүд байна гэж дүгнээд, авто засварын газраар

эвдрэл, гэмтлийн оношилгоог хийлгэх тухай зөвлөсний дагуу автомашиныг UB auto center" засварын газарт тээвэрлэн аваачиж, оношлуулсан. Авто засварын газрын оношилгоо, ачилт, үнэлгээний компанийн үнэлгээний зардалд 868,400 төгрөг, автомашиныг осол болсон газраас журмын хашаа руу ачих, засварын газарт хүргэх ачилтын зардал болон журмын хашааны зардалд 235,000 төгрөг, нийт 1,103,400 төгрөг зарцуулсан бөгөөд хариуцагч Ч.Г-өөс уг зардлыг төлөөгүй. Автомашины үнэлгээ, оношилгоо, ачилтын зардлын товчоо, баримтуудыг Хавсралт 2-оос үзнэ үү.

3.Автомашинд учирсан хохирлын зардлын талаар:

а)Үнэлгээнд тусгагдсан эд анги, сэлбэгийг сольж, засуулсан зардал:

Эзэмшигч Д.Д-ийн Лексус RX-400 маркийн 21-21 УБӨ дугаартай автомашинд Ашид билгүүн ХХК-ийн гаргасан Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан-гаар нийт 17,620,000 төгрөгийн хохирол учирсан. Автомашины эвдэрсэн эд ангийг худалдан авч, солих, засвар үйлчилгээ хийхэд хохирлын үнэлгээний тайлангаар гарсан эд ангиудыг худалдан авч, солиулах, засуулахад нийт 21,643,457 төгрөгийг зарцуулсан. Зарцуулсан зардлын хэмжээ үнэлгээний компанийн тогтоосноос өндөр байгаа нь орон даяар автомашины сэлбэг, эд ангийг гадаадаас оруулж ирж худалдаалдаг компаниуд сэлбэг, хэрэгслээ хилээр чөлөөтэй оруулж ирүүлэх боломжгүй, зогсолтын байдалд орсноос сэлбэгийн олдоц муу болж, ховордсон, сэлбэгийн нийлүүлэлтгүй болсноос бэлэн байгаа сэлбэгийн үнэ нэмэгдсэн, мөн үнэлгээг тогтоохдоо зарим эд анги, сэлбэг хэрэгслийн үнэ, засвар үйлчилгээ хийх ажлын хөлсийг зах зээлийн үнээс бага тогтоосонтой холбоотойгоор зардал нэмэгдсэн. Үнэлгээнд тусгагдсан эд анги, сэлбэгийг сольж засуулахад гаргасан зардлыг үнэлгээний компанийн тогтоосонтой харьцуулсан зардлын товчоо болон холбогдох төлбөрийн баримтуудыг Хавсралт 3-аас үзнэ үү.

б)Үнэлгээнд тусгагдаагүй боловч автомашиныг засах үед гарсан нэмэлт зардал: Автомашиныг засах үед хохирлын үнэлгээнд тусгагдаагүй нэмэлт зардлууд гарсан ба үүнд 212,300 төгрөг зарцуулсан. Энэ зардалд баруун урд хаалганы цонхонд нөгөө цонхтой нь ижлээр тень наалгах, хагарсан дугуй нөхүүлэх, автомашины шил солих, тааз солих үед машины тааз, багана, салонд их хэмжээний бохирдол болсон, мөн цонхны шил хагарсан байсан тул автомашины ченж угаалгад орох, мотор, тоормоз, шил арчигчийн шингэн эд анги солих үед асгарч дууссан тул нэмэх зэрэг нэмэлт зардлууд гарсан. Үнэлгээнд тусгагдаагүй боловч автомашиныг засах үед нэмэлтээр гарсан зардлын баримтуудыг Хавсралт 4-өөс үзнэ үү. Автомашинд учруулсан хохирлоос 5,000,000 төгрөгийг Монре даатгал ХХК хариуцагч Ч.Гийн өмнөөс Д.Дэд төлсөн бөгөөд үлдсэн зардлыг хариуцагч Ч.Г одоо болтол төлөөгүй байна.

4. Бусад зардал:

Осол болсон цагаас эдгэх хүртэл хугацаанд Д.З, С.Ц нарын биеийн байдлыг шинжлүүлэх, эмчид үзүүлэх, эмчилгээ хийлгэх, С.Ц чөлөөтэй явж

чадахгүй байсан тул эмнэлэгт үзүүлж, эмчилгээ, боолт хийлгүүлэхэд байнга автомашинаар авч явах шаардлага гарсан. Мөн автомашины үнэлгээгээр тогтоосон Lexus RX400 маркийн автомашины 47 нэр төрлийн эд анги, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээг боломжит үнээр олох, хайхад өнгөрсөн 3 сарын хугацаанд Да хүрээ зах, түүний ойр орчмын бүхий л сэлбэг, хэрэгсэл худалдаалдаг газрууд, Авто Плаза төвүүд, "Уран ган" сэлбэгийн төв болон бусад авто засварын газруудаар их олон удаа явж судалж байж, автомашинаа засуулсан. Одоог хүртэл автомашины хянах самбарт гэрэл асаад байгаа ба эвдрэлийн онош нь тогтоогдоогүй, засуулж бүрэн дуусаагүй байна. Lexus RX маркийн автомашины сэлбэг, эд ангийн олдоц муу, олдохгүй байсан тул олон газраар хайлгаж явуулах, мөн зарим эд ангийг буруу сэлбэг өгч, эргэж буцааж солих, дахиж хайх зэрэг явдал чирэгдэл ихтэй тохиолдлууд нэлээд гарсан.

Автомашины эд анги, сэлбэг хайх, авах, засуулах, Д.З, С.Ц нарыг эмчилгээнд авч явахад автомашины бензиний зардалд нийт 380,838 төгрөг зарцуулсан.

Нэхэмжлэлийн хавсралт баримтуудыг нотариатаар баталгаажуулахад 47,700 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн зардалд 325,431 төгрөг төлсөн бөгөөд зардлын баримтуудыг Хавсралт 5-аас үзнэ үү.

Иймд хариуцагч Ч.Г-өөс Д.З, С.Ц нарын эрүүл мэндийн шинжилгээ, эмчилгээний зардал 1,068,600 төгрөг, автомашины үнэлгээ, оношилгоо, ачилтын зардал 1,103,400 төгрөг, автомашины сэлбэг, эд анги солих, засвар, үйлчилгээний зардлын 21,643,457 төгрөгөөс даатгалын компаниас төлсөн 5,000,000 төгрөгийг хасаж үлдэх 16,643,457 төгрөг, хохирлын үнэлгээнд тусгагдаагүй автомашиныг засах явцад шинээр гарсан засвар, үйлчилгээний зардал 212,300 төгрөг, Д.З, С.Ц нарын шинжилгээ, эмчилгээнд явах, автомашины сэлбэг хайх, авах, засуулахад зарцуулсан бензиний зардал 380,838 төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсны төлбөр 47,700 төгрөг, нийт 19,456,295 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч замын хөдөлгөөний дүрэм зөрчин буцаж эргэж байхдаа энэ ослыг гаргасан. Хэн дүрэм зөрчсөн гэдэг талаар бол хариуцагч болох нь тогтоогдсон. Ашид билгүүний үнэлгээ хэт өндөр байсан тул бид үнэлгээг зөвшөөрөхгүй, өөр компанийг шинжээчээр томилуулахаар хэргийг түдгэлзүүлсэн. Гэтэл Итгэлт эстимэйт нь Ашид билгүүний үнэлгээг эх сурвалжаа болгосон. Зэрэгцүүлж 2 үнэлгээг харах юм бол дугаар нь хүртэл ижил, эх сурвалжаа болгосон талаар дурдаад бичсэн байдаг. Хэрэг 2021 онд болсон. Энэ үед ковид намжсан байсан. 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2016 онд орж ирсэн Лексус машины үнэ одоо бүр л өсөөд 32 сая төгрөг болсон байсан. Лексус бол Монголын нөхцөлд хангалттай сэлбэгтэй байдаг. Би өөрөө яг ижил машин унадаг учраас мэдэж байна. Машин нь 32 сая байхад хүнээс 24 сая төгрөг нэхэмжилж байгаа нь боломжгүй. Бид 17,620,000 төгрөгийг зөвшөөрнө. Зэлмийн биед учирсан хохирол 676,000 төгрөг, н.Цэлмүүний биед учирсан 392,600 төгрөгөөс бусдаар гарсан зардлыг төлөх боломжгүй. Журмын хашаанд хэр удаан байсан, хэдэн удаа ачиж явсан гэдэг нь тодорхойгүй баримтуудтай байна. 1 компанийн зарлагын баримт атлаа 2 өөрөөр бичсэн байна. Арай бага гарснаар нь Ашид билгүүний үнийг нь зөвшөөрч, эрүүл мэндийн төлбөрийг зөвшөөрч, 5 сая төгрөгийг даатгалаас төлсөн гэдгийг зөвшөөрч байна гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгч нараас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 00047 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 00295 дугаартай Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 00354 дугаартай шийдвэр, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 26и-2б/2341 дугаартай албан бичиг, Лексус RX-400 маркийн 21-21 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Тээврийн Прокурорын газрын 2021 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 585 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Шийтгэлийн хуудас, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 7717, 7719 дугаартай шинжээчийн дүгнэлт, Д.Зэлмийг гэрчээр асуусан 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэл, С.Цийг гэрчээр асуусан 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл, Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1302 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, Дуб ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1767056, 1767059 дугаартай баримт, Med trauma эмнэлгийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн үзлэгийн хуудас, Бэханзэ эмнэлгийн 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 56, 57, 58, 59 дугаартай бэлэн мөнгөний орлогын баримт, Голомт банк ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 21, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн бэлэн бус гүйлгээний баримт, Нахиа импекс ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зарлагын баримт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн үзлэгийн баримт, Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 0011924, 0011925 дугаартай бэлэн мөнгөний орлогын баримт, Би икс юу ти ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 21, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн кассын орлогын ордер, UB delguur 2021 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн баримт, Сэйф трэк ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 03, 04, 11, 12, 21, 23, 28-ний өдрүүдийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголттой сугалааны баримт, Авто март ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн зарлагын баримт, Ти Эм ти си ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголттой сугалааны баримт, иргэн Хосбаярын 2021 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголттой сугалааны баримт, Авто халл ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн зарлагын баримт, Хэтмоторс ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 10, 13, 16, 20-ны өдрүүдийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголттой сугалааны баримт, Тарант ХХК-ын 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголттой сугалааны баримт болон зарлагын баримт, Вьетнам авто засварын 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн баталгааны хуудас, Авто стандарт ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн болон зарлагын баримт, Доктор авто сүлжээ ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн баримт, City car wash 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн баримт, саруул орд констракшн ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголттой сугалааны баримт, Да хүрээ б-31 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн зарлагын баримт, NT авто угаалгын газрын 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тооцооны хуудас, Avto oil ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн баримт, МТ ХХК-аас 2021 оны 9 дүгээр сарын 01, 02, 12, 18, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шатахуун худалдан авсан баримтууд, Голомт банк ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний бэлэн гүйлгээний баримт, Монголын нотариатын танхимын 2021 оны 11 дүгээр сарын 12, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн мөнгөний тасалбар, 2021 оны татвар төлсөн баримтыг тус тус гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Итгэлт эстимэйт ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д, Д.З, С.Ц нар нь хариуцагч Ч.Г-т холбогдуулан гэм хорын хохиролд 19,456,295 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч 13,688,600 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх зохигчдын талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Ч.Г нь 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Орчлон сургуулийн урд замд Тоёота Приус-20 маркийн 68-22 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалт 1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно ... гэж заасныг зөрчсөний улмаас Д.З-н жолоодон явсан Лексус RX-400 маркийн 21-21 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхаас гадна хариуцагч гэм буруугийн талаар маргахгүй байна. /х.х-ийн 18-19, 25-27 дахь талд/

Энэхүү ослын улмаас нэхэмжлэгч Д.З-н биед тархи доргилт, хүзүү, нурууны булчингийн чангарал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл, нэхэмжлэгч С.Ц-ий биед тархи доргилт, баруун өвдөгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл, Д.Д-ийн эзэмшлийн Лексус RX-400 маркийн 21-21 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 7717, 7719 дугаартай шинжээчийн дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1302 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 21-24 29-44 дэх талд/

Хариуцагчийн гэм буруутай үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ... гэсэн зөрчлийн шинжтэй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, Ч.Г-ийг 100,000 төгрөгөөр торгосон байх бөгөөд хариуцагч Ч.Г-ийн даатгуулсан Монре даатгал ХХК-аас нэхэмжлэгч Д.Д-д 5,000,000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон болох нь зохигч талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 18-19, 20 дахь талд/

Дээрх үйл баримтуудаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт заасан эрх зүйн этгээд хооронд гэм хор учруулснаас үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд учруулсан хохирлоо арилгуулахаар эрх зөрчсөн этгээдээс шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зохицуулжээ.

Иймд нэхэмжлэгч нар нь гэм буруутай этгээдээс өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагыг Д.З, С.Ц нарын эрүүл мэндийн шинжилгээ, эмчилгээний зардал 1,068,600 төгрөг, автомашины үнэлгээ, оношилгоо, ачилтын зардал 1,103,400 төгрөг, автомашины сэлбэг, эд анги солих, засвар, үйлчилгээний зардлыг Ашид билгүүн ХХК 17,620,000 төгрөг гэж үнэлсэн боловч бодит зардал 21,643,457 төгрөг гарсан тул үүнээс даатгалын компаниас төлсөн 5,000,000 төгрөгийг хасаж үлдэх 16,643,457 төгрөг, хохирлын үнэлгээнд тусгагдаагүй автомашиныг засах явцад шинээр гарсан засвар, үйлчилгээний зардал 212,300 төгрөг, Д.З, С.Ц нарын шинжилгээ, эмчилгээнд явах, автомашины сэлбэг хайх, авах, засуулахад зарцуулсан бензиний зардал 380,838 төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсны төлбөр 47,700 төгрөг, нийт 19,456,295 төгрөг гэж тодорхойлсон.

 

Эрүүл мэндэд учирсан хохиролд 1,068,600 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.З, С.Ц нар нь 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Дуб ХХК-ийн Med trauma эмнэлэгт толгой тархины ерөнхий бүтэц, гавлын яс, дайвар хөндий, хамар, хүзүүний нугалам, аарцаг 2 талын түнхний үе, ууц яс, ахар сүүлний дүрс оношилгооны төлбөрт 660,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Бэханзэ эмнэлэгт үзлэг, эмчилгээний төлбөрт 371,000 төгрөг, Нахиа эмийн сангаас өвчин намдаах, үрэвслийн эм 37,600 төгрөгөөр тус тус худалдан авсан болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 46-49 дахь талд/

Дээр дурдсан тус үзлэг, шинжилгээ оношилгоо, эмчилгээ нь нэхэмжлэгч нарт хохирол учирсан цаг хугацаа болон нэхэмжлэгч нарын эрүүл мэндэд учирсан тархи доргилт, хүзүү, нурууны булчингийн чангарал, зулгарал зэрэгтэй шалтгаантай холбоотой гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь ослын улмаас өөрийн эрүүл мэндэд ямар хор хохирол учирсан, учирсан өвчин эмгэг нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг тодруулах нь тэдгээрийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхэд хамааралтай тул ийнхүү эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоо хийлгэснийг буруутгах үндэслэлгүйгээс гадна хариуцагч нь 1,068,600 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрсөн.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нарын хариуцагчаас 1,068,600 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 16,855,757 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Хэрэгт авагдсан Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1302 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар Лексус RX-400 маркийн 21-21 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 17,620,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 29-44 дэх талд

Хариуцагч нь дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж шүүхийн журмаар хариуцагчийн хүсэлтээр тус шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 00386 дугаартай тогтоолоор Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1302 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнд нийцсэн бодитой гарсан эсэх талаарх дүгнэлтийг гаргуулахаар Итгэлт эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /х.х-ийн 130-137 дахь талд/

Шинжээчээр томилогдсон Итгэлт эстимэйт ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлтээр Лексус RX-400 маркийн 21-21 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын 2021 оны 8 дугаар сарын байдлаарх зах зээлийн үнэлгээг 18,240,000 төгрөг гэж тогтоожээ. /х.х-ийн 139-160 дахь талд/

Нэхэмжлэгч нар нь автомашиныг засварлахад гарсан бодит зардал 21,643,457 төгрөг болсон бөгөөд үүнээс даатгалын компаниас төлсөн 5,000,000 төгрөгийг хасаж үлдэх 16,643,457 төгрөгийг гаргуулна гэж шаардсан.

Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ирүүлсэн Сэйф трэк ХХК, Ти Эм ти си ХХК, Авто март ХХК, Авто халл ХХК, Хэтмоторс ХХК, Тарант ХХК-уудын нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголттой сугалааны баримт, зарлагын баримтуудаар Лексус RX-400 маркийн 21-21 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ийм хэмжээний засвар үйлчилгээг хийсэн гэж шууд эргэлзээгүй дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна. /х.х-ийн 57-84 дэх талд/

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зохицуулсан.

Тайлбарлавал, гэм хор учруулсан этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг төлөх үүрэгтэй юм.

Иймд шүүх зам тээврийн осол болсон 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дараа хийгдсэн Ашид билгүүн ХХК-ийн хохирлын үнэлгээг бодит хохирол гэж үзэх үндэслэлтэй гэж үзэв.

Уг үнэлгээний 11-т хаалга баруун урд эвдрэлийн зэрэг их солих шаардлагатай 250,000 төгрөг, хаалга шилтэй баруун урд эвдрэлийн зэрэг их солих шаардлагатай 400,000 төгрөг гэж үнэлсэн байх бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар автомашины баруун урд хаалгыг шилтэй сольсон гэж тайлбарласан.

Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн нэг эд ангийг шилтэй болон шилгүй байдлаар үнэлсэн байх тул шилгүй хаалганы үнэ болох 250,000 төгрөг болон Монре даатгал ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт олгосон 5,000,000 төгрөгийг тус тус Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээнээс хасаж тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар хариуцагчаас 12,370,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Автомашины үнэлгээ, оношилгоо, ачилтын зардал болон бусад зардалд 1,531,938 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Д.Д 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Ашид билгүүн ХХК-нд Лексус RX-400 маркийн 21-21 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээний хөлсөнд 693,400 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Би икс юу ти ХХК-нд 21-21 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ачуулсны төлбөрт 120,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ачилтын төлбөрт 235,000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 21,700 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 89-90 дэх талд/

Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нараас гарах ёсгүй зардалд 1,103,400 төгрөг гарсан байх тул уг зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Харин бусад бензин шатахуун худалдан авсан нь нэхэмжлэгч нарт учирсан хохирол, хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор үүссэн гэж эргэлзээгүй дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тухайлбал, МТ ХХК-аас 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны хооронд нь шатахуун худалдан авсан нь тухайн ослын улмаас зайлшгүй гарсан зардал гэж дүгнэхээргүй байна. /х.х-ийн 86-88 дэх талд/

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зохицуулснаар хариуцагч Ч.Г нь бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Ч.Гөөс 14,463,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Д, Д.З, С.Ц нарт олгож нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 4,892,595 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс-ийг зохигчдоор нөхөн төлүүлнэ гэж, 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус тус зааснаар хариуцагчийн хүсэлтээр томилогдсон шинжээч Итгэлт эстимэйт ХХК-ийн ажлын хөлс 800,000 төгрөгийг хариуцагч Ч.Гөөс гаргуулж, Итгэлт эстимэйт ХХК-нд нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255,231 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 230,768 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар зохигч талуудын хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                           ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Гөөс 14,463,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Д, Д.З, С.Ц нарт олгож нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 4,892,595 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255,231 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Гөөс 230,768 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д, Д.З, С.Ц нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Гөөс 800,000 төгрөгийг гаргуулж Итгэлт эстимэйт ХХК-нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.БЯМБАЖАРГАЛ

 

Б.МАНДАЛБАЯР