Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2023/0181

 

    2023          03           02                                         128/ШШ2023/0181

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Боржигон овогт Э*******ын А******* /РД:УХ*******/

Хариуцагч: *******ны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О, нэхэмжлэгч Э.А******* хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х*******, ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ренчинмядаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “*******ны Х*******ны 2022 оны 07 сарын 28-ны өдрийн хуралдааны 01 дүгээр тогтоолын Э.А*******д холбогдох хэсэг[1], 2022 оны 08 сарын 10-ны өдрийн хуралдааны шийдвэрийн Э.А*******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, Хуульчийн мэргэжлийн шалгалтад бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай”.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1 Хэрэгт авагдсан баримтаас үзвэл ... Э.А******* нь 2014 оны 05 сарын 09-ний өдөр Их засаг Олон Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж[2], хуучнаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 88 дугаар тушаалаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдон[3] улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны  2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 133 дугаар тушаалаар[4] тус шүүхийн “мэдээлэл лавлагааны мэргэжилтний албан тушаалд томилж, өнөөг хүртэл уг албан тушаал дээр ажиллаж байгаа болно[5].

2.2.Э.А******* нь 2022 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтад  оролцохоор бүртгүүлэхэд Хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах комисс түүний шалгалтад оролцохыг хүссэн өргөдөл болон холбогдох баримтыг шинжлэн судлаад 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаас “хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр шалгалтад оролцох эрх олгохоос татгалзаж шийдвэрлэн[6], хариуг 2022 оны 07 сарын 29-ний өдөр [email protected] хаягаар илгээжээ[7].

2.3. Э.А*******аас дээрх шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Монголын хуульчдын холбооны мэргэжлийн шалгалтын хороонд гомдол[8] гаргахад тус хороо түүний гомдлыг хэлэлцэх 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар “хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр Э.А*******ыг шалгалтад оролцох эрх олгохоос татгалзсан шийдвэрийг гарган[9], энэ тухайгаа 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргагчийн цахим емайл хаягаар мэдэгджээ[10].

2.4.Э.А*******аас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар “...хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д заасан “төрийн ... хуулийн асуудал хариуцсан ажилтан...” шаардлагыг хангасан гэх үндэслэлээр тайлбарлан марган тус шүүхэд шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан[11].

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтнээр 6 жил 11 сар ажиллаж байна. Тус албан тушаалын хүрээнд шүүхийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх, хэвийн ажиллах нөхцөлийг хангах, шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах чиг үүргийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийн үр дүнг шүүхийн Тамгын газрын даргын өмнө хариуцан тайлагнана.

...хэрэг нэхэмжлэл хүлээн авах, бүртгэх, хуваарилах, ...бүртгэл хөтлөх, ...өргөдөл гомдол хүсэлт шийдвэрлэх хугацаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой давж заалдах гомдлыг холбогдох бүртгэлд хөтөлж, мэдээллээр хангах, ...шүүхийн үйл ажиллагаа болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдааны тов зэрэг шүүхийн байгууллагаас хэргийн оролцогчид түргэн шуурхай өгөх,... шүүн таслах ажиллагааны мэдээ, тайланг гаргах, ...удирдлагаас өгсөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх...”.

...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1, 86 дугаар зүйлийн 86.1 дүгээр зүйлд заасны дагуу Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д заасны дагуу шүүх нь төрийн байгууллагад хамаарна гэж..., 91 дүгээр зүйлийн . 91.1-д “Шүүхийн зохион байгуулалт, мэдээлэл зүйн болон аж ахуй, санхүү, архив, бичиг хэргийн ажил, аюулгүй байдал, техникийн үйлчилгээ зэргийг хариуцсан шүүхийн Тамгын газрын ажилтны чиг үүргийг Ерөнхий зөвлөл тогтооно”, 91.2.Шүүхийн захиргааны ажилтан энэ хуульд заасан чиг үүргээс гадна  хэрэг, маргаан хянан шийдвэрлэх холбогдох хуульд заасан тусгай эрх, үүрэг болон төрийн захиргааны албан хаагчийн хувьд төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу Шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нь хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11.1.3-д заасан төрийн байгууллагын хуулийн асуудал хариуцсан ажилтан гэх ойлголтод хамрагдаж байна.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...

 Нэхэмжлэгчийн зүгээс Үндсэн хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан хуульд үндэслэх зарчмыг баримталж Э.А*******д холбогдох асуудлыг хурлаар авч хэлэлцээгүй, шийдвэрлээгүй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасан нөхцөлд хамаарах гэдэг хоёр үндэслэлээр маргаж байгаа.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд хуульчийн мэргэжлийн дадлагад дараах ажил, албан тушаал хамаарна гээд 11.1.3-т төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хуулийн зөвлөх, хуулийн асуудал хариуцсан ажилтан гээд заагаад өгчихсөн. Энэ нь хуульчийн мэргэжлийн дадлагад тооцох журмыг хуулиараа Хуульчдын холбоо тогтоох ёстой юм.

Э.А*******ын ажлын байрны тодорхойлолт дээр дараах тусгай чиг үүргүүдэд мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нь эрх зүйч мэргэжлээр төгссөн байх гэсэн шаардлагыг тавьдаг. Шүүхийн байгууллага гэдэг нь Шүүхийн тухай хуульд заасны дагуу хууль тогтоомжийн дагуу хэрэг маргааныг эцсийн байдлаар хянан шийдвэрлэх, шударга ёсыг тогтоох тусгай чиг үүргийн байгууллага. Тусгай чиг үүргийн байгууллагад ажиллаж байгаа тамгын газрын ажилтнууд өөрсдөө хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй, тодорхой ажилласан туршлагатай субъект байхыг ажлын байрны тодорхойлолтод ерөнхий нийтлэг шаардлагаар тавигддаг. Хариуцагч талаас юу гэдэг вэ гэхээр чи өргөдөл, гомдол хүлээж авахаас өөр юу ч хийдэггүй гэдэг. Би бол энэ дээр санал нийлэхгүй байгаа. Бид нар бүгд маргаанд явдаг, бүгд энэ асуудлыг мэдэж байгаа. Шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн 10 орчим хувь нь л нэхэмжлэл өгөхдөө өмгөөлөгчид ханддаг байх. Бусад нь нэхэмжлэл өгснийхөө дараа өмгөөлөгчид ч юм уу, хууль эрх зүйн мэдлэгтэй хүнд хандаад явдаг. Шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн 90 орчим хувь нь ямар нэгэн байдлаар анхан шатны хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл, мэдлэг байдаггүй.

Шүүхийн байгууллагын хаалгыг татаж байгаа иргэн хамгийн түрүүнд ямар этгээдтэй харилдаг вэ гэхээр шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн гэдэг хуулийн асуудал хариуцсан ажилтантай харилцдаг. Энэ ажилтантай харилцаад хууль зүйн анхан шатны мэдлэг, мэдээллийг авах, цаашлаад шүүхийн мэдээ, мэдээллийг авдаг.

...шалгалтын хорооны шийдвэр болон шалгалт зохион байгуулах комиссын шийдвэрийг харахаар Э.А*******ын асуудлыг гомдолд дурдсаны дагуу хянан шийдвэрлэсэн юм уу гэхээр үгүй, ерөөсөө харагддаггүй.

...гомдлыг Шалгалтын хороо шалгасан гэдэг нь эргэлзээтэй байдаг. А******* комиссын шийдвэрийг эс зөвшөөрөөд гомдол гаргаад байхад комиссын гишүүд нь өөрсдөө гомдлыг нь шалгаад байгаа юм...” гэжээ.

3.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйл  “Хуульчийн мэргэжлийн дадлага”-д тооцох ажил, албан тушаалыг тусгайлан заасан бөгөөд тухайн хэсэгт “мэдээлэл, лавлагааны ажилтан” гэсэн албан тушаал байхгүй.

Тус холбоо нь 2016 оноос хуульчийн мэргэжлийн шалгалтыг 7 удаа зохион байгуулж байгаа бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг үндэслэн “шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан” гэсэн албан тушаалд ажилласан эрх зүйчийг хуульчийн мэргэжлийн шалгалтад орох эрх олгохоос татгалзаж ирсэн бөгөөд 2022 онд ч бүртгүүлэгчийн тухайн албан тушаалд ажилласан хугацааг хуульчийн мэргэжлийн дадлагад тооцох хугацаанд оруулан тооцох боломжгүй гэсэн хариуг өгсөн...” гэв.

3.4 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн эрх зүйн мэдлэггүй байхыг үгүйсгэхгүй.

Шүүхийн байранд ямар үйл ажиллагаа болж байгаа юм, тамгын газар нь хаана юм, үйлчилгээний хэлтэс нь хаана байдаг юм, мэдээлэл лавлагаа нь хаана байдаг юм гээд мэдээлэл хүссэн иргэдэд анхан шатны мэдээлэл өгч байгаа субъект шүү дээ.

...нэхэмжлэл, хүсэлт, давж заалдах гомдлыг нь хүлээж авч шүүгчийн туслахууд хүлээгээд өгөхөөс тэмдэгтийн хураамж нь дутуу байна гэж энэ хүн татгалзах ч эрх байхгүй. Татгалзах асуудал нь шүүгчийн бүрэн эрхийн асуудал юм. Хууль хэрэглэж байгаа цор ганц субъект бол шүүгч юм.

...Бодит байдал дээр та өмгөөлөгчөөс зөвлөгөө ав, бид нар мэдээлэл өгөхгүй л гэдэг шүү дээ. Яагаад гэхээр А******* Х*******т мэдээлэл өглөө, буруу мэдээлэл өглөө гэхэд эргээд тамгын газарт гомдол ирэхээр асуудал үүсдэг.

Тэгтэл бид нар бараг шүүгч шиг, шүүгчийн туслах шиг зөвлөгөө мэдээлэл өгөөд яваад байна гээд тэрийгээ би хууль хэрэгжүүлсэн, мэргэжлийн дадлагад тооцуулна гэсэн ойлголт биш юм.

... Хэрвээ мэдээлэл лавлагааны мэргэжилтэнг хамааруулахаар бол таслал тавиад, шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн гээд оруулах боломж бол байсан шүү дээ.

Гэтэл энэ мэргэжил, ажлын байрны тодорхойлолт нь хууль хэрэглээний дадлага эзэмшүүлэх гээд байгаа зорилгод нийцэхгүй байгаа учраас шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, магадгүй мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, өөр бусад захиргааны ажилтнууд орохгүй байгаа юм.

Тийм учраас Хуульчдын холбоо, шалгалтын комисс, шалгалтын асуудал эрхэлсэн хороог өөрийнх нь үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан хуульд нийцүүлэн Хуульчдын холбооноос баталсан журам, зөвлөлийн үйл ажиллагаа явуулах нийтлэг журам, Хуульчийн асуудал, зохион байгуулах сонгон шалгаруулах журам, хэм хэмжээгээ мөрдөөд ажиллаад явж байгаа учраас нэхэмжлэгчийг хуулийн зөвлөх, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн гэдэг ажил, ажлын байрны тодорхойлолт дээр ажилласан гэж үзэх боломжгүй...” гэв.

 

              ҮНДЭСЛЭХ НЬ:

Дөрөв. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Нэхэмжлэгч Э.А*******аас өөрийн эрхэлж буй шүүхийн “мэдээлэл лавлагааны мэргэжилтэн” албан тушаалыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д заасан “төрийн ... байгууллага ... хуулийн асуудал хариуцсан ажилтан”-д тооцон хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцох эрхтэй хэмээн маргасан.

4.2. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.3. Хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцох эрхтэй холбогдсон харилцааг  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн “...Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан хуульчийн мэргэжлийн дадлага гэдэгт дараах ажил, албан тушаал хамаарна. ...” гээд 11.1.1-д “прокурор, нотариатч, өмгөөлөгчийн туслах”, 11.1.2-т “Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслах”, 11.1.3-д “төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хуулийн зөвлөх, хуулийн асуудал хариуцсан ажилтан”,  11.1.4-т “хууль зүйн сургуулийн багш, туслах багш, төрийн болон төрийн бус байгууллагын эрх зүйн судалгааны ажилтан” зэргийг нэрлэн заасан байна.

4.4. Дээрх заалтууд нь хоёр жил туслах ажилтан хийсэн эрх зүйчийг хуульчийн шалгалтад оруулах болзол, шаардлагыг хангасан гэж үзэж, шалгалтад оруулах эсэхийг шийдвэрлэхтэй холбоотой асуудлыг зохицуулдаг аж.

4.5. Гэтэл нэхэмжлэгч Э.А******* нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д заасан “төрийн ... байгууллага ... хуулийн асуудал хариуцсан ажилтан”-д хамаарах албан тушаалыг эрхэлж байгаагүй болох нь хавтас хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн албан тушаалын тодорхойлолт[12], ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудас[13], Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 182/ЗТ2021/00761 дугаар зөвлөгөөний тогтоол, хавсралт[14] зэргээр тогтоогдож байна.

4.6. Энэ нь хариуцагчийн нэхэмжлэгч Э.А*******ыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “мэргэжлийн дадлага хийсэн” шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр түүнийг шалгалтад оролцох эрх олгохоос татгалзаж шийдвэрлэсэн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь дээрх хуульд заасан ажил, албан тушаалыг эрхлээгүй байх тул түүнийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1.өргөдөл гаргагч энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн  хуульчийн шалгалтад оруулахаас татгалзсаныг буруутгах боломжгүй.

4.7. Түүнчлэн шүүхээс хариуцагчийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д “Хуульчдын холбооны Х******* хуульчийн шалгалт эхлэхээс гурваас доошгүй хоногийн өмнө гомдлыг эцэслэн шийдвэрлэнэ” заасан үүргээ хэрэгжүүлсэн эсэх талаар тодруулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” заасны дагуу 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 34 минутад Монголын Хуульчдын холбооны байранд бичиг баримтын үзлэг хийсэн.

4.7. Энэхүү баримт бичгийн үзлэгээр Монголын Хуульчдын холбооны х*******ны хурлын 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар тэмдэглэлд “...76.9 хувийн ирцтэйгээр шалгалтын бүртгэлтэй холбогдох гомдлыг хүлээн авч, хянаж шалгасан дүгнэлт саналыг хэлэлцэн шийдвэрлэж, хариуг цахим шуудангаар илгээсэн...” хэмээн тэмдэглэгдсэн байсан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...Э.А*******ын асуудлыг гомдлыг Шалгалтын хороо шалгасан гэдэг нь эргэлзээтэй...” гэх тайлбар няцаагдаж байна.

4.8. Иймд “*******ны Х*******ны 2022 оны 07 сарын 28-ны өдрийн хуралдааны 01 дүгээр тогтоолын Э.А*******д холбогдох хэсэг, 2022 оны 08 сарын 10-ны өдрийн хуралдааны шийдвэрийн Э.А*******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэж шүүх дүгнэлээ.

4.9. Эцэст нь магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургууль төгссөн хэн боловч эрхэлж байгаа ажлын төрлөөсөө үл хамааран хуульчийн шалгалт өгч болох эрхийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга хийх цаг хугацааг хүлээлгүйгээр одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийнхаа хүрээнд зохицуулалт хийх нээж өгөх боломж байгаа болохыг Шүүхийн ерөнхий зөвлөл, түүний харьяа шүүхийн тамгын газрын дарга нар анхаарахыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1.3, 12 дугаар зүйлийн 12.2.1-д заасныг баримтлан баримтлан Э.А*******ын *******ны Х*******ны 2022 оны 07 сарын 28-ны өдрийн хуралдааны 01 дүгээр тогтоолын Э.А*******д холбогдох хэсэг, 2022 оны 08 сарын 10-ны өдрийн хуралдааны шийдвэрийн Э.А*******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, Хуульчийн мэргэжлийн шалгалтад бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай”нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] 1 Хавтас хэргийн 227-228 хуудас

[2] 1 Хавтас хэргийн 8 хуудас

[3] 1 хавтас хэргийн 110 хуудас

[4] 1 хавтас хэргийн 111 хуудас

[5] 1 хавтас хэргийн 22-23, 27-31 хуудас

[6] 1 хавтас хэргийн 227-231 хуудас

[7] 1 хавтас хэргийн 13-14 хуудас

[8] 1 хавтас хэргийн 18-21 хуудас

[9] 1 хавтас хэргийн 232 хуудас

[10] 1 Хавтас хэргийн 15 хуудас

[11] 1 Хавтас хэргийн 1-7 хуудас

[12] 1 хавтас хэргийн 71-75 хуудас

[13] 1 хавтас хэргийн 126-143 хуудас

[14] 1 Хавтас хэргийн 134-143 хуудас