Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 057

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, 

нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг,

улсын яллагч А.Турдыбек, 

хохирогч М.Айтолхын, Т.Амангүл, Ө.Айнек, З.Алтангүл, 

хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Оюунчимэг, 

хохирогч нарын өмгөөлөгч С.Нургайып, 

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтай, Х.Зулхаш, 

шүүгдэгч С.Алтанцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Алтанцэцэгт холбогдох 21102298 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч С.Алтанцэцэг: Монгол Улсын иргэн, Мухар овогт Самбуугийн Алтанцэцэг нь 1962 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, нөхөр О.Гантулгын хамт амьдардаг, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 6-р хорооны 20 дугаар байрны 04 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:ПЭ62051208. 

Шүүгдэгч С.Алтанцэцэгийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч С.Алтанцэцэг нь 2010 оны 12 дугаар сараас 2011 оны 05 дугаар сарын хооронд Баян-Өлгий аймагт түр амьдарч байхдаа тус аймгийн иргэд болох Г.Сансармаагаас 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 5800000 төгрөг, 2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр М.Айтолхынаас 3000000 төгрөг, 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Т.Саулегээс 5000000 төгрөг, 2011 оны 02 дугаар сард Т.Амангүлээс 6300000 төгрөг, 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Ө.Айнекээс 1750000 төгрөг, 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Х.Айгүлээс 3000 ам.доллар буюу 3717840 төгрөг, 2011 оны 03 дугаар сарын 14-ний өдөр З.Алтангүлээс 2000000 төгрөг, 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдөр К.Магзурагаас 3500000 төгрөг тус тус богино хугацаанд өсгөж өгнө, өндөр хүү тооцож буцааж өгнө хэмээн итгүүлж хуурч мэхлэх замаар шунахайн сэдэлтээр авч нийт 31067840 /гучин нэг сая жаран долоон мянга найман зуун дөч/ төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч С.Алтанцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2010 оны 07 сард Баян-Өлгий аймагт ТВ ай сүлжээний компанийг Казахстан улсын иргэн Ахсымбат гэдэг хүн үүсгэн байгуулж, оруулж ирсэн. Оюунчимэг, Калима нараар дамжин уг сүлжээний бизнесийн үйл ажиллагаа явагдсан. Бие биенээрээ дамжуулж уг бизнест орж ирсэн. Хохирогч нар өөрсдөө сайн дурын үндсэн дээр нэгдсэн. Хохирогч нар өөрсдөө ирж сургалтад сууж, мэдээлэл авч, санал хүсэлтээрээ орсон. Хэдэн төгрөг оруулах нь тухайн хүний өөрийнх нь эрх. Би хохирогч нарыг албадаагүй. Тэдэнд мөнгө төгрөг нийлүүлэх хэмжээг зааж зөвлөөгүй. Тэд өөрсдөө сүлжээг судалж үзээд хүмүүсийн элсэлтээр мөнгөө гаргаж авч байсан. Би Баян-Өлгий аймагт ямар ч хүн танихгүй. Миний нөхөр Баян-Өлгий аймагт томилолтоор ирж ажилласан. Хохирогч нарын хэнийг нь ч танихгүй байсан. Анх Баян-Өлгий аймгийн Тагнуулын газрын дарга Болдбаатарын эхнэрээр дамжуулж үүсгэж дараа нь Оюунчимэг, Калима нартай танилцаж, уг бизнесийг эхэлсэн юм. Бид уг сүлжээнд орж, бие биетэйгээ танилцаж, буруу үйлдэл хийснээ ойлгосон. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдсаны үр дүнд бие биетэйгээ уулзаж, уучлалт гуйсан. Хохирогч нар надад “сүлжээнд орж уг асуудал гарсан, та мөнгө хүүлэх гээгүй” гэж хэлсэн ба бид хоорондоо ойлголцсон. Бид бие биенээсээ уучлалт гуйж харилцан тохиролцсон.  Хохирогч нар нэг нэгнээрээ дамжиж уг бизнест орж ирж олон баг задарсан. Аялалын компани учир аялуулсан. 7-8 хүн аялаад ирсэн. Өөрсдөө энэ талаар хэлэх байх. Бид нар уг сүлжээнд орж ирснээр бие биенээ гомдоосон тул харилцан тохиролцож, бие биенээсээ уучлалт гуйж, эвлэрсэн. Хохирол төлбөргүй гэх бичиг хийж өгч, хоорондоо хохирол төлөх асуудлын талаар харилцан тохиролцсон. Би бүх хохирогч нартай уулзсан. Би өөрийн хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрч,  гэмшиж байна. Би уг сүлжээг авчраагүй байсан бол бид уулзахгүй байсан. Хохирогч нараас уучлалт гуйж, сэтгэлийн өрийг барагдуулсан гэж бодож байна. Бид хоорондоо эвлэрч, хохирлын заримыг нь дараа төлөх талаар зарим нэр бүхий хохирогч нартай харилцан тохиролцсон. Би хийсэн хэргийнхээ төлөө гэмшиж хохирлын үлдсэн мөнгийг дараа төлөхөөр тохиролцсон” гэв. 

- Хохирогч Ж.Оюунчимэг шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би анх мэдүүлэг өгөхдөө “Сансармаад санал болгосон, С.Алтанцэцэг улсын яллагчийн хэлж байгаа шиг бидэнд та нар амьдралаа дээшлүүлэх, мөнгө болох гэж  байгаа бол хүн аваад ир, ийм сайхан бизнес байна, 5000 доллар авчирвал 10000 доллар болгож өгнө, та нар зүгээр суугаад байх юм уу, хүн болгон хөдөлж байна” гэхээр нь би Г.Сансармааг танилцуулсан. Г.Сансармаа Алтанцэцэгтэй ирж уулзахад 5000 доллар авчирвал 10000 доллар болгож өгнө гэж хэлсэн. Г.Сансармаа барьцаанд эд хөрөнгөө тавьж банкнаас 6 сая төгрөгийн зээл аваад 5,8 төгрөгийг авчирсан. Би санал болгосон тул Г.Сансармаатай хамт ирсэн. Мөнгөө бүтээгээд аваад ирлээ гэхэд С.Алтанцэцэг хүрч ирсэн. Бид Арвин рестораны барнд суугаад мөнгийг бэлнээр авсан. Г.Сансармаа “би сүлжээг мэдэхгүй эгч минь, та 5 сая төгрөгийг минь 10 сая төгрөг болгож өгнө гэж байгаа учраас итгэлтэй байгаа бол, үнэхээр уг мөнгийг өсдөг юм бол та гарын үсгээ өгөөрэй” гэж хэлсэн. Тэрээр 2 сарын дараа төлж өгнө гэж баримт бичиж гарын үсгээ өгвөл би уг мөнгөө өгнө гээд өгсөн. Би тухайн үед мөнгө өгөхөд байсан. Г.Сансармаа 6 сая төгрөг авчраад өгөхөд баримтад С.Алтанцэцэг төлж өгөх нь үнэн гэж гарын үсэг зурж өгөхдөө намайг бас гарын үсгээ зурчих гэж хэлсэн. Би тухайн үед залуу, юмны учрыг сайн ойлгодоггүй байсан ч юм уу эсхүл С.Алтанцэцэгт итгэсэн ч юм уу гарын үсгээ зурж өгсөн. С.Алтанцэцэг Сансармаагийн зээлийн 2 сарын хүүг төлж өгсөн. 3 сараас нь эхэлж С.Алтанцэцэг мөнгө байхгүй, маргааш өгнө, нөгөөдөр өгнө гэсээр байгаад төлөөгүй. Гэтэл Г.Сансармаа надад “та санал болгосон учир мөнгийг минь өг, банкны зээл хийх цаг боллоо” гээд гомдож ирсэн. Би С.Алтанцэцэг рүү ярихад надад “чи юунаас айдаг юм бэ, наад мөнгийг чинь би төлж өгнө” гэж хэлэхээр нь би зээлийг төлж байсан. Банканд 324000 төгрөгийг сар бүр төлдөг байсан. Би өөрөө ажилгүй, нөхөр маань бас ажилгүй, 2 хүүхэдтэйгээ жижиг гуанз түрээслүүлж ажиллуулдаг байсан. Би хөлсөө дусаан байж олсон хэдэн төгрөгөөсөө хумсалж байж С.Алтанцэцэгийн өмнөөс банканд зээл төлсөн. Учир нь би хууль гэж байдаг бол, хэрэг хуучирдаггүй юм бол баримттай юм нотлогдож төлөгддөг юм аа гэж ард түмэн хохирох ёсгүй гэж бодож төлсөн. Банканд төлсөн мөнгөнийхөө баримтыг цуглуулдаг байсан. Би банкны баримт байгаа, би төлсөн нь үнэн юм чинь энэ хохирол надад төлөгдөх байх гэж бодсон. Би нийт 3800000 төгрөг төлсөн. Би 3800000 төгрөг төлснөөс хойш төлөх боломжгүй болсон тул Г.Сансармаад  төлж чадахгүй гэж баримтаа цуглуулж Цагдаагийн газарт өргөдөл өгсөн. Би С.Алтанцэцэгээс нэг ч мөнгө аваагүй. Иймд би 3800000 төгрөгийг нэхэмжилж байна, шүүгдэгчид гомдолтой байна. Би хуулийн дагуу тохиролцон мөнгөө төлүүлэх саналтай байна. Тохиролцох саналтай байвал зохих хэмжээгээр бэлэн мөнгө авах саналтай байна. Хугацаа тохирч болно. Хүлээн зөвшөөрч байна” гэв. 

- Хохирогч Ө.Айнек шүүхийн хэлэлцүүлэгт: “... Миний хохирлыг бага зэрэг барагдуулж өгсөн. Тэрээр би ядарч явна, цаашид гомдлыг төлж өгөхөө мэдэгдэж баримт бичиж өгсөн. Би ч мөн адил гомдолгүй гэх бичиг хийж өгсөн. Бид хоорондоо тохиролцсон” гэв. 

- Хохирогч З.Алтангүл шүүхийн хэлэлцүүлэгт: “... Надаас 2 сая төгрөг авсан ба нийт 1640000 төгрөгийг авсан. Би өчигдөр 540000 төгрөг авсан. Одоо 360000 төгрөг байгаа. Уг мөнгийг С.Алтанцэцэг 3 сарын дотор төлж өгнө гэсэн тул баталгаажуулж өгөхийг хүсье” гэв.

- Хохирогч М.Айтолхын шүүхийн хэлэлцүүлэгт: “... Бид нарын хохирол, гомдол ойлгомжтой байгаа. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Би С.Алтанцэцэгт 3 сая төгрөг өгөөд 1 сая төгрөгийг барагдуулж авсан. Одоо 2 сая төгрөгийн хохирлыг төлүүлж авмаар байна. Би шүүгдэгчийн саналыг ойлголоо. Надад сая шүүх хуралдаан дээр 300000 төгрөг өглөө. Үлдсэн 1700000 төгрөгийг 11 сард төлж өгөхийг хүлээн зөвшөөрч, баримт өгсөн тул үүнийг нь зөвшөөрч байна” гэв. 

- Хохирогч Т.Амангүл шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би анх уг сүлжээнд 280 доллар төлж орсон. Дараа нь их мөнгөтэй ирвэл өсгөж өгнө гэж хэлсэн. Би С.Алтанцэцэгээс та ямар замаар мөнгө өсгөж өгөх бэ, сүлжээтэй холбоотой юу гэж асуухад “чамд ямар хамаатай юм бэ, яаж өсгөхөө би өөрөө мэднэ, өсгөж өгвөл боллоо шүү дээ, 2 сарын дотор 5000 долларыг чинь 10000 доллар болгож өгнө” гээд авсан. Тэрээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн дараа бид нарыг хэд хэдэн удаа утастаж дуудаж ярилцахдаа “уйлаад, уучлаарай, би гэм буруутай, алдаа хийсэн байна, та нараас их хэмжээний мөнгө аваад хэрэгтэн боллоо, хэрэв та нар уучлахгүй бол би ял эдлэх гээд байна. Би ч гэсэн эмэгтэй хүн байна, нэг амьдрах насандаа ингэж явж байхаас эвлэрье гээд уучлалт гуйсан. Би 5100000 төгрөгөөс 500000 төгрөгийг бэлнээр авсан. Хэдэн хүн Дубай руу аялаад ирсэн. С.Алтанцэцэг надад ”чи Дубай яваад ирсэн, хамт явсан хүн байна, чи газар нутаг үзэж нүдээ тайлсан тул хүн чанар гаргаач гэж гуйхаар нь би 1,100,000 төгрөгийг Дубай явахад гарсан зардалд хасуулахаар болсон. С.Алтанцэцэг 3,500,000 төгрөгийг төлж өгнө гэж баримт бичиж өгсөн. Би дээрх мөнгийг авахаар шүүхээр баталгаажуулж өгөх саналтай байна. С.Алтанцэцэг намайг сүлжээтэй холбож яриад байна. Шивэлтийг Калима, Амангүл, Айгүл нар хийдэг байсан гэж байна. Би шивэлт хийж үзээгүй. Шивэлтийг Калима, Айгүл нар хийдэг байсан. Хэрэв сүлжээтэй холбож ярьбал би өгсөн баримтаасаа татгалзах болно” гэв. 

Мөн шүүх хуралдаанд: 

- Хохирогч К.Магзурагийн: “... Самбуу овогтой Алтанцэцэгтэй хоорондоо тохиролцож гомдолгүй болсон” гэх хүсэлт, 

- Хохирогч Х.Айгүлийн: “... Миний бие Хулжатай овогтой Айгүл, Самбуу овогтой Алтанцэцэгтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр төлбөр тооцоогүй болон гомдолгүй болсон” гэх хүсэлт, 

- Хохирогч Т.Саулегийн: “... Самбуугийн Алтанцэцэг холбоотой гаргасан өргөдлөө татаж авлаа. Одоо гомдолгүй болсон. Хоорондоо тохиролцож шийдсэн” гэх хүсэлт, 

- Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол, депозит дансны хуулга, шинэ жилийн арга хэмжээний зураг, дебит картын хуулга, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 

Шүүгдэгч С.Алтанцэцэгийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч С.Алтанцэцэг нь 2010 оны 12 дугаар сараас 2011 оны 05 дугаар сарын хооронд Баян-Өлгий аймагт түр амьдарч байхдаа тус аймгийн иргэд болох Г.Сансармаагаас 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 5800000 төгрөг, 2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр М.Айтолхынаас 3000000 төгрөг, 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Т.Саулегээс 5000000 төгрөг, 2011 оны 02 дугаар сард Т.Амангүлээс 6300000 төгрөг, 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Ө.Айнекээс 1750000 төгрөг, 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Х.Айгүлээс 3000 ам.доллар буюу 3717840 төгрөг, 2011 оны 03 дугаар сарын 14-ний өдөр З.Алтангүлээс 2000000 төгрөг, 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдөр К.Магзурагаас 3500000 төгрөг тус тус богино хугацаанд өсгөж өгнө, өндөр хүү тооцож буцааж өгнө хэмээн итгүүлж хуурч мэхлэх замаар шунахайн сэдэлтээр авч нийт 31067840 /гучин нэг сая жаран долоон мянга найман зуун дөч/ төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах  нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Г.Сансармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би тэр үед буюу 2010 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байх аймгийн төвд Арвин ресторанд сууж байгаад Оюунчимэгт 5.8 сая төгрөг бэлэн тоолж өгсөн ба тэр үед бидэнтэй хамт Алтанцэцэг бас сууж байсан. Тэгээд надаас мөнгийн Оюунчимэг аваад намайг байгаа дээрээ Алтанцэцэгт өгсөн юм. Тэр үед би Алтанцэцэгт огт итгэхгүй байсан талаар Оюунчимэгт хэлсэн ба тэрээр надад 2 сарын дараа энэ мөнгийг 10 сая болгож өгнө гээд хэлж байсан. Тэгээд Алтанцэцэг надаас нөгөө мөнгийг аваад яваад өгсөн байсан юм. Би тэр үед тэр хүнээс баримт бичүүлж авч чадаагүй яваад өгсөн тэр хоёр тэнд үлдсэн байсан” гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 9 дүгээр хуудас/, 

- Хохирогч М.Айтолхыны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2010 оны 10 дугаар сараас ТВАй сүлжээний компаний үйл ажиллагааны талаар сонирхож эхэлсэн. Тэр үеэс л Алтанцэцэгийг таньдаг болсон. 2010 оны 12 дугаар сард албан ёсоор гишүүнээр элссэн. Намайг таньдаг болсноос хойш Алтанцэцэг та нар их хэмжээний мөнгө авч ирээрэй, тэгвэл авч ирсэн мөнгийг чинь 2 сарын дотор 2 дахин нэмэгдүүлж өгөх болно гэж ярьдаг байсан. Тэгээд ганц хоёр хүн 5000 долларыг өгсөн байсан учир түүнд итгэсэн. 2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зээл авч 3 сая төгрөгийг Алтанцэцэгт авч очиж өгсөн. Тэрээр хэлэхдээ чиний өгсөн мөнгийг 2 сарын дотор хоёр дахин нэмэгдүүлж өгнө гэж хэлээд авсан. 2011 оны 03 дугаар сард Алтанцэцэгээс мөнгөө асуухад ирж байгаад мөнгийг чинь олоод өгнө гэж хэлээд Дубай явсан. 1 сарын дараа Дубайгаас ирэх үед нь дахин асуухад байж байгаарай, удахгүй олоод өгнө гэж хэлдэг болсон. Одоо утсаар асуухаар нэг бол загнаад, нэг бол ерөөсөө утсаа авдаггүй. Заримдаа мөнгийг чинь компанид шивсэн, өөрсдөө олоод ав гэсэн зүйлүүд хэлдэг. Миний мөнгө өгсөн асуудал компаний үйл ажиллагаатай ямар ч холбоогүй. Би зөвхөн Алтанцэцэгийн таньдаг хүний хувьд мөнгийг чинь өсгөөд өгнө гэхээр нь түүнд өгсөн. Гомдолтой байна. Алтанцэцэгт өгсөн 3 сая төгрөгөө авмаар байна” /1 дүгээр хх-ийн 227 дугаар хуудас/,

“... Би Т.Амангүлийг С.Алтанцэцэгт мөнгө өгч байхад дэргэд нь байсан. Алтанцэцэг нь тухайн үед Амангүлээс 5000 долларыг 2 сарын дотор хоёр дахин их болгож өгье гээд зээлж авсан. Алтанцэцэг биднийг оффист ирэхэд их хэмжээтэй мөнгөтэй хүн байна уу тийм хүн байвал дагуулж ир, би өсгөж өгнө гэдэг байсан. Тэгж хэлэхдээ ТВАй сүлжээтэй холбож ярьдаггүй байсан. Ямар аргаар яаж ихэсгэж өгөх талаар би ерөөсөө мэдээгүй. Миний нэр дээр мөнгө гарч байсан. Мөнгө гэдэг нь жишээ нь 500 доллар цалин гарлаа гэж бодоход тэр нь 2 хүн бүртгэх эрх гэсэн үг. Түүнээс бэлэн мөнгөөр банкаар дамжуулан бидний дансанд орно гэсэн ойлголт биш юм. Надад 500 долларын цалин, 10000 долларын эрх буюу 40 хүн бүртгэх эрх ирж байсан. Би өөр хүн оруулаагүй, өөрийгөө олон хувилж бүртгэж байсан. Шинээр элсэж орсон хүмүүсийн мөнгийг Алтанцэцэг өөрөө бэлнээр авдаг байсан. Бид нарын нэр дээр гарсан мөнгийг Виза картаар удахгүй гарч ирнэ гэсэн. Хувилсан хүн дээр цалин гарсан ч гэсэн бид авч чадахгүй байна. Өөрийнхөө үндсэн нэр дээр ч гарсан мөнгийг авч чадахгүй байгаа. Гэхдээ Алтанцэцэгт өргөдөл гаргасан хүмүүс бол их хэмжээгээр нь Алтанцэцэгт мөнгөө өсгөж өгнө гэхээр нь өгч залилуулсан хүмүүс юм. Түүнээс сүлжээнд 280 доллараар элсэж орсон хүмүүс хамаагүй. Миний нэр дээр гарсан цалинг миний логиныг мэдэж байсан хүн бол авах боломжтой. Алтанцэцэг бол бүх гишүүдийн логиныг мэдэж байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 75 дугаар хуудас/, 

- Хохирогч Ө.Айнекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2010 оны 11 дүгээр сард ТВАй компанид 280 доллараар элсэж орсон юм. 2011 оны 02 дугаар сарын дундуур миний утсанд захиа ирсэн. Уг захиа компаниас “Та 500 долларын урамшуулалтай боллоо” гэсэн утгатай байсан. 2011 оны 03 дугаар сарын 07-нд С.Алтанцэцэг надад “Надад мөнгө хэрэг болоод байна, та боломжоороо надад мөнгө өгөөч ээ” гэсэн. Тухайн үед би өөртөө байгаа 1750000 төгрөг байсан түүнийгээ өгсөн. С.Алтанцэцэг хэлэхдээ 2-3 сарын хугацаатай 4 хувийн хүү бодож өгнө гэж хэлсэн. 2011 оны 05 дугаар сарын дундуур миний ээж нас барж мөнгө хэрэгтэй болоод Алтанцэцэгээс асуухад “Таны мөнгийг компанид шивэлтэнд оруулсан. Одоогоор надад мөнгө байхгүй” гэсэн хариулт өгсөн. Би хэсэг хугацаа өнгөрөөд Алтанцэцэгээс дахин дахин асуухад удахгүй өгнө, одоогоор боломжгүй байна гэж хэлээд байдаг. Би зөвхөн Алтанцэцэгт таньдаг хүний хувьд мөнгө зээлээч гэхээр нь л түүнд өгсөн” /1 дүгээр хх-ийн 225 дугаар хуудас/

... Би сүлжээнд ороод 280 доллараар өөрийгөө мөн хүүгээ оруулсан. Нийлээд 560 доллараар элсэж орсон. Би тэр мөнгийг нэхэхгүй байгаа. Тэр бол нэгэнт ТВАй команид ороод явсан мөнгө, би Алтанцэцэгт 4 хувийн хүүтэй   зээлдүүлсэн мөнгөө л авмаар байна. Миний өргөдөл бол ТВАй сүлжээтэй ямар ч хамааралгүй” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 76 дугаар хуудас/,

- Хохирогч Х.Айгүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би ТВАй экспресс сүлжээ компанид 2010 оны 08 дугаар сараас элсэж орсон. Тэр үеэс л Алтанцэцэгийн таньдаг болсон. 2010 оны 11 дүгээр сард Алтанцэцэг нь 5000 доллараар сүлжээнд орвол 2 сарын дотор 10000 доллар болж гарч ирнэ гэсэн. Тухайн үед Алтанцэцэг өөрийнх нь нэр дээр ТВАй компаниас гарсан цалингийн баримтыг үзэхэд 500 доллар, 10000 долларын баримтууд байсан. Тэгээд ч нөхөр болох Гантулга нь хариуцлагатай ажил хийдэг учир мөнгөө өсгөж авах зорилгоор өгсөн. Уг 5000 долларыг ТВАй сүлжээ экспресс компаниар дамжуулж өсгөж авахаар өгсөн. 2011 оны 02 дугаар сард 4000 долларыг мөн сүлжээгээр дамжуулж өсгөж авахаар өгсөн. Мөн Алтанцэцэг нь хувийн шугамаар буюу сүлжээнд огт хамааралгүйгээр 5 хувийн хүүтэй 3000 доллар зээлээч удахгүй өгье гэхээр нь 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр түүний данс руу Голомт банкаар дамжуулж 3000 доллар шилжүүлсэн. Тодорхой яривал 3000 долларыг хувийн шугамаар Дубай явж ирээд өгнө гэж авсан. 9000 долларыг ТВАй компаний сүлжээнд оруулж өсгөж өгнө гэж хэлээд авсан мөнгө юм. Нийтдээ 12000 долларыг би өөрөөсөө Алтанцэцэгт өгсөн. Уг мөнгөнүүдийг ТВАй компаний сүлжээнд орсон эсэхийг шалгаж үзэхэд сүлжээнд орсон бүртгэлтэй боловч миний өөрийн нэр дээр гарсан 10000 долларыг Алтанцэцэг өөрөө буцааж авч байсан болно. Учир нь миний нэр дээр гарсан 10000 долларыг цэвэр гартал эргэлтэнд ороод явна гэж хэлж байсан. Алтанцэцэгийн үйлдэл бол компаний үйл ажиллагаанд сөрөг буруу үйлдэл юм. Нэг ч хүний мөнгө гараагүй байна гэдэг бол Алтанцэцэг надаас гадна мөнгө өгсөн бусад хүмүүсийн мөнгийг хувьдаа авсан гэсэн үг юм. Гомдолтой байна, Алтанцэцэгт өгсөн 9000 доллар сүлжээнд өсгөж өгнө гэж оруулсан мөнгө, 3000 бол хувийн шугамаар зээлдүүлсэн мөнгөө авмаар байна. Ер нь Алтанцэцэгийн үйлдэл бол анхнаасаа хүн залилан мэхлэх зорилготой л байсан байна” /1 дүгээр хх-ийн 230 дугаар хуудас/,

... Гишүүдийн нэр дээр гарсан мөнгийг Алтанцэцэг гаргаж авах боломжтой. Баян-Өлгий аймгийн бүх гишүүдийн иргэний үнэмлэх болон гадаад паспортын хуулбарууд С.Алтанцэцэгийн өөрийн зөөврийн компьютерт болон плашд нь хадгалагдсан. Энэ бичиг баримт байгаа тохиолдолд энэ хүн и-мейл хаяг болон логин кодуудыг бидэнд хэлэхгүйгээр солих эрхтэй болчихож байгаа юм. Энэ утгаараа гарсан бүх мөнгө төгрөгийг зөвхөн Алтанцэцэг өөрөө татаж авах эрхтэй болж байгаа юм” /2 дугаар хх-ийн 71 дүгээр хуудас/, 

... 10000 доллар орох гэж байна гээд миний хаягаар орж Алтанцэцэг гишүүнийг шивдэг байсан. Гишүүнээр элсэхдээ өгч байсан хүмүүсийн 250 долларыг Алтанцэцэгт бэлнээр өөрт нь өгдөг байсан. Алтанцэцэг надаас 2011 оны 03 дугаар сарын 11-нд 3000 доллар, 2011 оны 02 дугаар сарын 11-нд 1000 доллар, 2011 оны 01 р дүгээр сарын 10-нд 3000 доллар, 2010 оны 10 дугаар сарын 05-нд 5000 долларыг тус тус сүлжээгээр өсгөж өгнө гэж нийт 12000 долларыг надаас авсан. Эдгээр доллараас Алтанцэцэгт нэг удаа 3000 долларын Алтанцэцэгийн Голомт банкны дансанд шилжүүлж байсан. Одоо орлогын баримт надад байна. Энэ 3000 долларыг Алтанцэцэг надаас зээлж авсан. Бусад долларыг бэлнээр өгч байсан. Гишүүнээр элсэж орсон хүмүүсийн мөнгийг Алтанцэцэгт бэлнээр өгдөг байсан. Тэгээд элссэн хүмүүсийг Алтанцэцэг, Калима нар миний нууц нэртэй сайтаар ороод шивдэг байсан. Миний хувьд гишүүнээр элссэн хүмүүсийн мөнгийг Алтанцэцэгээс нэхэмжлэхгүй. Харин өөрийн зээлж өгсөн мөнгө болон өсгөж өгнө гэж авсан долларыг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 79 дүгээр хуудас/,

- Хохирогч Т.Саулегийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2010 оны 07 дугаар сард ТВАй сүлжээнд элсэж орсон юм. ...тэгээд би хүн элсүүлэлгүйгээр нөхрөө болоод өөрийнхөө элсэж орсон мөнгө болох 770000 төгрөгийг Алтанцэцэгт бэлнээр өгсөн. 2011 оны 01 дүгээр сарын 20-нд Алтанцэцэг надад хэлэхдээ чи доороо хүн элсүүлэх ёстой гэхэд нь би нөхрөө элсүүлж оруулсан, өөр хүн элсүүлж чадахгүй байна гэхэд Алтанцэцэг тэгвэл би чамд хүн элсүүлэхэд туслая, чи эгчдээ 5 сая төгрөгийг 3 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлдүүлээч гэсэн юм. Эхлээд сар бүр хүүг төлж байгаад 3 сарын дараа 5 сая төгрөгийг барагдуулж өгнө гэсэн юм. 2011 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүү болох 200000 төгрөгийг өгсөн юм. 2011 оны 03 дугаар сард Алтанцэцэг Дубай явсан ба тэр үед мөнгөө асуухад мөнгийг чинь ирээд өгнө гээд байсан. Түүнээс хойш мөнгө өгөхгүй байж байгаад 2011 оны 06 дугаар сард 300000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг сүлжээнд оруулаагүй, надаас хувиасаа зээлж авсан юм. Гэтэл надад одоо түүнээс хойш дахин мөнгө өгөөгүй. 2011 оны 07 дугаар сард Улаанбаатар хот руу нүүж яваад сураггүй болсон юм. 2011 оны 09 дүгээр сард холбоо барихад эгч нь чиний мөнгийг өгнө, заавал өгнө цагдаад битгий хэлээрэй гэсэн юм. Надаас авсан мөнгийг Алтанцэцэг ерөөсөө өгөхгүй гэж хэлдэггүй, эгч нь өгнө л гэж хэлдэг юм” /1 дүгээр хх-ийн 245 дугаар хуудас/,

“... Тэр үед Алтанцэцэг надаас 5 сая төгрөг авсан байсан, үүнээс би тухайн үед 2700000 төгрөг бэлнээр авсан байгаа ба үлдэгдэл мөнгөнд бид харилцан тохиролцож бараа, эд зүйл авсан байгаа ба цаашид бас үлдсэн мөнгөнд бараа, материал тэр хүн өгөхөөр би авахаар харилцан тохиролцож, тэгээд би одоо энэ хүнд ямар нэгэн гомдолгүй, нэхэмжлэх зүйл үгүй гэж баримт бичиж өгсөн байгаа” гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 11 дүгээр хуудас/,

- Хохирогч Т.Амангүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би 2010 оны 12 дугаар сард ТВАй сүлжээний компанид элсэн орсон. Тэр үеэс Алтанцэцэгийг таньдаг болсон. 2010 оны 12 дугаар сард надаас эгчдээ 5000 доллар олоод өгчих, эгч нь 2 сарын дотор 10000 болгоод өгнө гэсэн. Би тэгж хэлснээс хойш удалгүй 5000 доллар олоод С.Алтанцэцэгт өгсөн. 2011 оны 02 дугаар сараас мөнгөө нэхэж эхэлсэн. Алтанцэцэг сүлжээнд мөнгийг чинь оруулсан. Тайван байж бай гэдэг байсан. Дараагаас нь сүлжээнээс өөрөө гаргаж ав би мөнгийг чинь сүлжээнд оруулсан гэж хэлдэг болсон. Би түүнд ямар аргаар миний мөнгийг өсгөх чинь надад хамаагүй, миний мөнгийг гаргаж өг гэж хэлэхэд өөрсдөө ажиллаад мөнгөө авахгүй юу би ямар мөнгийг чинь хувьдаа хэрэглэсэн биш гэх зүйл ярьдаг болсон. Миний мөнгө өгсөн асуудал Алтанцэцэгийн зөвхөн өөртэй нь л холбоотой. Компаний үйл ажиллагааг ашиглан хүмүүсээс их хэмжээний мөнгө залилж авсан байгаа юм. 5000 доллараа авмаар байна” /1 дүгээр хх-ийн 236 дугаар хуудас/,

“... Би 5000 долларыг Алтанцэцэгт өгч байхад Алтанцэцэгээс 2 сарын дараа миний нэр дээр 10000 доллар болж орох юм уу гэж сүлжээтэй холбож ярихад чиний нэр дээр ямар ч мөнгө гарахгүй, 2 сарын дараа чиний мөнгийг 2 дахин их болгоод өгвөл боллоо гэсэн юм. Тэгэхээр би сүлжээтэй холбож ойлгож байхад Алтанцэцэг чи дуугаа байж бай би ямар ч замаар хамаагүй мөнгийг чинь 2 дахин их болгоод өсгөөд өгнө гэж хэлсэн. М.Айтолхын гэж хүн Алтанцэцэгт мөнгө өгч байхыг харсан. Надтай адилхан хэлж ярьж байгаад Айтолхыноос 3 сая төгрөг авч байсан. Хүн дагуулж ирээд сүлжээнд оруулж гишүүн болгосон хүмүүсийн мөнгийг бэлнээр Алтанцэцэг авч байсан. Тэр хүмүүсийн өгсөн мөнгөнөөс Дубай явахад зарим зардлыг төлж байсан. Түүнээс Алтанцэцэг хувиасаа өөрөөсөө мөнгө гаргасан юм байхгүй” /2 дугаар хх-ийн 73 дугаар хуудас/,

“... Би өгсөн 5000 ам доллар буюу 6350000 төгрөгөө авмаар байна. Алтанцэцэгт өгөхдөө 5000 долларыг тэр үеийн ханшаар монгол төгрөгөөр 6350000 төгрөг өгсөн байсан” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 78 дугаар хуудас, 5 дугаар хх-ийн 238 дугаар хуудас/,

- Хохирогч З.Алтангүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2011 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Амангүл над дээр ирээд чи мөнгө зээлэх үү манай сүлжээний дарга Алтанцэцэг 5 хувийн хүүтэй мөнгө зээлдэж авах гэж байна. Чи мөнгө зээлэх үү гэж асуусан. Тэгэхээр нь Амангүл бид хоёр Алтанцэцэгтэй очиж уулзахад Алтанцэцэг хэлэхдээ би Дубай явах гэж байгаа миний дансанд мөнгө байгаа, би данснаасаа өнөөдөр мөнгө гаргаж авч чадахгүй байна, тиймээс би 5 хоногийн дараа Дубайгаас ирээд данснаасаа 5 хувийн хүүтэй мөнгийг чинь  гаргаж өгнө гэж хэлсэн. Би Алтанцэцэгт та тэгвэл гараараа баримт бичээд өгчих, тэгээд би танд 2 сая төгрөг зээлдүүлье гэсэн. Алтанцэцэг надад бичгийн цаасан дээр ямар нэг тамга тэмдэггүй, гараар “Алтангүлээс 2 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлдэж авав” гэж бичиж өгөөд 2 сая төгрөг аваад явсан. Дубайгаас Алтанцэцэг 10-аад хоногийн дараа ирэхэд нь мөнгөө авахаар асуухад би дансан дахь мөнгөө гаргаж авч чадахгүй байна, маргааш ир гэж хэлсэн, би яг энэ байдлаар 3-4 удаа очиход дандаа л маргааш ир, маргааш өгье гэж хэлдэг байсан. Гэтэл нэг мэдэхэд Улаанбаатар хот руу шилжээд явсан байсан. Утсаар Алтанцэцэгтэй холбогдож мөнгөө асуухад би 10-аад хоногийн дараа Баян-Өлгий аймагт очно, тэгэхдээ мөнгийг чинь авч очиж өгнө гэж хэлдэг байсан. Тэгээд одоо хүртэл мөнгөө авч чадаагүй байна. Би бол уг ТВАй сүлжээнд ямар ч хамаагүй. Гишүүнээр ч элсэж ороогүй. Зүгээр л Алтанцэцэг 5 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлээч гэхээр нь 2 сая төгрөг 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 242 дугаар хуудас/,

- Ж.Оюунчимэгийг мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор байцаахад өгсөн: “... 2011 оны 01 дүгээр сарын дундуур Алтанцэцэг мөнгө өсгөх гоё боломжтой бизнес байна. Та нар 5000 доллар оруулах хэрэгтэй гэж шаардсан. Тэгээд Сансармаа эгчтэй энэ талаар ярилцаж Сансармаа Алтанцэцэгтэй өөрөө уулзаж хүлээн зөвшөөрөөд нэг өрөө байраа Хадгаламж банкинд зээл тавиад 6 сая төгрөгийг авч бэлэн 5800000 төгрөгийг Алтанцэцэгт сарын дараа төлүүлэхээр тохиролцож гарын үсэг зуруулж авсан. Тэрнээс хойш нэг удаа Алтанцэцэг 650000 төгрөг, дахин 410000 төгрөг төлж өгсөн. Түүнээс хойш сар болгоны банкинд төлөх ёстой 324400 төгрөгийг Оюунчимэг би төлж байна. Миний хувьд энэ мөнгөнээс нэг ч төгрөг аваагүй хэрнээ хүний өмнөөс мөнгө төлж байгаадаа гомдолтой байна. Одоо банкинд 4300000 төгрөгийг үлдэгдэл байгаа. Миний төлсөн мөнгө болон банкны үлдэгдэл мөнгийг Алтанцэцэгээр төлүүлж өгнө үү. Алтанцэцэг хэлэхдээ 5800000 төгрөгийг буцааж сарын дараа төлж өгнө. Эхний хүмүүст гэхэд 50-60 мянган долларын цалин гарч байгаа. Тийм учраас айх хэрэггүй, мөнгийг чинь төлж өгнө гэж хэлээд авсан. Тэгэхээр хуурч мэхэлж байгаад залилсан гэж үзэж байна. Анх хэлэхдээ сүлжээнд оруулна гэж хэлээгүй, зөвхөн өгсөн мөнгийг чинь сарын дараа өсгөж өгнө гэж хэлсэн. Дараа нь та нар хэмжээлшгүй их мөнгөтэй болно гэж хэлсэн” гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 233 дугаар хуудас/,

“... Би Сансармаагийн өмнөөс 3.8 сая төгрөг төлсөн байгаа ба 5,8 сая төгрөгийг Алтанцэцэг авсан байсан, үүний 3,8 сая төгрөгийг би банкинд төлсөн. Үлдсэн мөнгийг Сансармаа төлсөн” гэх мэдүүлэг, 

- Хохирогч К.Магзурагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... С.Алтанцэцэгийн нөхөр Гантулга нь манай нөхөртэй танил юм. Тэгээд эхнэр   С.Алтанцэцэгтэй нь танилцсан. Алтанцэцэг ТВАй экспресс аялал жуулчлалын компаний талаар танилцуулж, уг сүлжээг сонирхсон юм. 2010 оны 11 дүгээр сарын сүүлээр уг компанид гишүүнээр элсэн орсон. 2011 оны 05 дугаар сарын  10-ны орчим Алтанцэцэг надад та 3500000 төгрөг аваад ир, хоёулаа хямдхан   ваучер худалдаж аваад эргэж ваучераа худалдах юм бол дундаас нь 1500 долларын  ашиг олно, түүнийг хоёулаа хувааж авъя гэсэн юм. 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 3500000 төгрөгийг нэг сарын 2,5 хувийн хүүтэй хүнээс зээлж аваад Алтанцэцэгт өгсөн. Тэгээд Алтанцэцэг мөнгийг авчихаад миний нөхөр өвчтэй байна, Улаанбаатарт очиж нөхрөө эргээд буцаад ирнэ гэж хэлээд явсан боловч одоог болтол байхгүй, утсаар ярьж мөнгөе асуухаар таны мөнгийг ТВАй экспресс аялал жуулчлалын сүлжээний Баян-Өлгий аймаг дахь салбарт ажиллаж байгаа хүүхнүүд өгнө гэж хэлсэн. Уг нь бол Алтанцэцэг бид хоёрын хооронд болсон. Баян-Өлгий аймагт сүлжээнд орж ажиллаж байгаа хүүхнүүдтэй ямар ч хамаагүй асуудал юм. Гэтэл одоо Алтанцэцэг өөрөөсөө холдуулж ямар ч хамаагүй хүмүүсийн нэрийг хэлж тэр хүмүүсээс аваарай гэсэн зүйлийг ярьж байгаа юм. Алтанцэцэг Улаанбаатар хот руу явахаас өмнө 350000 төгрөгийг надад өгсөн юм. Тэгээд үлдсэн мөнгө тэр чигтээ байхгүй болсон. Ашиг хонжоо олох зорилгоор С.Алтанцэцэгтэй хамтран ажиллах санаатай л мөнгөө сайн дураараа өгсөн. Гэхдээ ингэж мөнгийг минь залилж аваад алга болно гэж бодсонгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 239 дүгээр хуудас/, 

- Х.Калимагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Алтанцэцэг сүлжээнд элссэн хүмүүсийн мөнгийг өөрөө бэлнээр авч байсан. Ө.Айнек эгч намайг байхад мөнгө өгөөгүй. Амангүл мөнгө тоолж Алтанцэцэгт өгч байхыг харсан. Амангүл 6 сая гучин мянган төгрөгийг тоолж өгч байсан. Алтанцэцэг мөнгийг чинь өсгөж өгнө, 2 сарын дотор арван мянган доллар болгож өсгөж өгнө гэж хэлээд Амангүлээс авч байсан. Тухайн үед би өөрөө хажууд нь сууж байсан. Юугаар өсгөж өгөхийг нь мэдээгүй. Алтанцэцэг 2 сарын дотор 5000 долларыг чинь 10000 доллар болгож өгье гэж хэлээд авч байсан. Алтанцэцэг явсны дараа Өлгий багийн хүмүүст 10000 долларын хүн бүртгэх эрх байсан. Жан 9997 гэсэн логинтой хүний и-мейл хаягаас 10000 долларын хүн бүртгэх эрхийг и-мейл хаягийг нь өөрчлөөд авсан” /2 дугаар хх-ийн 72 дугаар хуудас/,

“... Амангүлд Алтанцэцэг чи 5000 доллар сүлжээнд хийвэл маш хурдан хугацаанд 10000 доллар орж ирэх болно гэж хэлээд Амангүлээс 5000 доллар авч байсан. Энэ долларыг Амангүл төгрөгөөр 6300000 төгрөгийг Алтанцэцэгт өгч байхад би хажууд нь байсан. Ер нь бол хохирогчид Алтанцэцэгт мөнгө өгвөл маш хурдан хугацаанд өсгөж авах боломжтой юм байна гэж итгэж мөнгө өгсөн байх” гэх мэдүүлэг/4 дүгээр хх-ийн 88 дугаар хуудас/,

- Гэрч Т.Амангүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... С.Алтанцэцэг З.Алтангүлээс 5 хувийн хүүтэй 2 сая төгрөг хувиараа зээлж авсан. Тухайн үед  З.Алтангүл С.Алтанцэцэгт мөнгө өгч байхад Ө.Айнек, би, өөр олон хүн байсан. З.Алтангүл нь сүлжээнд ямар ч хамааралгүй, гишүүнээр ч ороогүй хүн байсан ба С.Алтанцэцэг надад мөнгөтэй хүн байвал дагуулаад ир, би 5 хувийн хүүтэй мөнгө зээлдэж авна гэсэн. Тэгэхээр нь би Алтангүлд чамд мөнгө байна уу, байвал 5 хувийн өндөр хүүтэй Алтанцэцэг гэж хүн зээлж авъя гэнэ гэхэд Алтангүл өндөр хүүтэй юм бол зээлье гээд гэртээ байгаа 2 сая төгрөгийг Алтанцэцэгт гараас баримт бичүүлж байгаад өгсөн юм” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 74 дүгээр хуудас/,

- Гэрч Ш.Айнагүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...  2011 оны хавар 4 дүгээр сарын эхээр Алтанцэцэг Ө.Айнек эгчийг “та нааш ир дээ таньтай уулзах” гэсэн юм гээд дагуулаад явсан. Тэгээд 10 минутын дараа буцаад хоёулаа орж ирсэн. ТВАй сүлжээний офисст орж ирсэн. Алтанцэцэг хүзүүнийхээ ороолтонд юм ороогоод орж ирсэн. Тэрнийг яаж мэдсэн бэ гэхээр Алтанцэцэг гарахдаа хүзүүнийхээ ороолтоо хүзүүндээ тавьчихсан байсан. Орж ирэхдээ уг алчуурандаа юм ороогоод гартаа бариад орж ирсэн. Б Айнек эгчээс таныг юу гэж дуудсан юу ярьсан талаар асуухад Айнек эгч Алтанцэцэг надаас мөнгө зээлсэн. нэг сая долон зуун тавин мянган төгрөг гэж хэлж байсан. Айнек миний доор орсон хүн юм. Тэгээд миний доор байгаа хүн юм чинь гээд сонирхоод асуухад 4 хувийн хүүтэй өсгөж өгнө гээд зээлдэж авсан гэж хэлсэн. Айнек эгчээс Алтанцэцэг мөнгө зээлээч гэж гуйж байгаад мөнгө зээлж авсан байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 78 дугаар хуудас/,

- Гэрч П.Бумантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... эдгээр хүмүүсийг Алтанцэцэг урьж гишүүнээр элсүүлсэн бол тэдний логин, нууц кодыг мэдэх ба логин, нууц кодыг ашиглан эдгээр хүмүүсийн нэр дээр гарсан цалинг   авч болдог юм. Иргэдээс элсүүлэхдээ 1000-5000 хүртэл америк доллар авахгүй. 280 ам.доллар төлдөг. Компанид 250 ам.доллар очно, 30 ам.доллар нь банкны шимэтгэлд явдаг” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 83 дугаар хуудас/,

- Гэрч Х.Гүлжаны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Амангүлийн нөхөр 5 тонн гурил зарахаар аваад байсан гурлыг бөөний үнээр зараад 6 сая гаран төгрөгийг ТВАй експресс сүлжэний байранд намайг байхад Амангүл бэлнээр авч ирээд Алтанцэцэгт өгсөн. Удахгүй сүлжээгээр өсөөд ороод ирнэ. Сарын дараа 10 сая болгож өгнө гэж Алтанцэцэг түүнд хэлж байсан. Амангүл өөрийн таньдаг гэх олон хүнийг мөнгөөр нь гишүүнээр оруулж байсан. Би бас гишүүнээр хоёр хүнийг элсүүлж байсан. Энэ сүлжээнд гишүүнээр элсэж орсон зарим хүмүүс Дубай руу хөнгөлөлттэй үнээр амарч байсан. Алтанцэцэг бол Амангүл, Оюунчимэг хоёрыг маш их хохироосон. Бид нар өвөлжин, зунжин явж хүн элсүүлчихээд ямар ч цалин мөнгө аваагүй” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 85 дугаар хуудас/,

- Гэрч Н.Дунмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Алтанцэцэг 2014 онд миний данс руу өдрийг санахгүй байна 2 удаа 100000 төгрөг буюу нийт 200000 төгрөг шилжүүлж байсан. 2007 оны 11 дүгээр сард барьцаанд тавиулж надаас 13 сая төгрөг 6 сарын хугацаатай зээлсэн юм. Надад хүүний мөнгө гээд 1 сая төгрөг өгөөд бэлнээр 12 сая төгрөг аваад явсан. Миний дансанд тэгээд 200000 төгрөг хийж шилжүүлснээс өөр мөнгө өгөөгүй байна. ...түүнээс хойш би С.Алтэнцэцэгээс өөрийн 5022503638 тоот дансаар дамжуулж нийт 300000 төгрөг шилжүүлж авсан” гэх мэдүүлэг /6 дугаар хх-ийн 20 дугаар хуудас/,

- Гэрч Г.Ган-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би ТВ-ай экспресс компанид гишүүнээр элсэж орж байгаагүй, 2011 оны үед Алтанцэцэг эгч  л надад хандан “би чиний нэрийг ашиглаад ТВ-Ай экспресс компанид ID нээчихсэн, чиний бичиг баримт хэрэгтэй байна” гэхээр нь би өөрийнхөө иргэний үнэмлэхийн хуулбарыг и-мейл хаягаар явуулж байсан. Тухайн үед би Алтанцэцэг эгчээс ямар зорилгоор миний нэрийг ашиглаж байгаа юм бэ гэж асуухад зүгээр бүртгэл хийхэд л ашиглаж байгаа гэж байсан. Ямар нэгэн сүлжээний бизнес хийхэд ашиглана гэж хэлээгүй. Үүний хариуд надад ямар нэгэн мөнгө төгрөг өгнө гэх зэргээр шагнал урамшуулал амлаагүй. Миний хувьд ТВ-Ай экспресс компанид гишүүнээр элсэн орсон зүйл байхгүй. 5034547298 дугаартай Хаан банкны данс нь миний өөрийн данс юм. Энэ дансанд ТВ-ай экспресс компанитай сүлжээтэй холбоотой мөнгө төгрөг орж байгаагүй” гэх мэдүүлэг /6 дугаар хх-ийн 42 дугаар хуудас/,

- Гэрч Б.Сүрэнхоролын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... С.Алтанцэцэг гэдэг хүнийг би танихгүй болохоор хаана байгаа болон ямар ажил хийдгийг нь мэдэхгүй, ямар нэгэн холбоо байхгүй. Би Алтанцэцэг гэдэг хүнд мөнгө шилжүүлээгүй, харин миний дансанд үйлчилгээний зарим төлбөрөө үйлчлүүлэгч нар маань хийсэн байж магадгүй” гэх мэдүүлэг /6 дугаар хх-ийн 37 дугаар хуудас/,

- Криминалистикийн шинжээч Э.Бэтбаярын 2015.05.22-ны өдрийн 56 тоот дүгнэлт: Энэ дүгнэлтээр хохирогч Т.Сауле, Алтангүл нарт Алтанцэцэгийн мөнгө зээлж авсан тухай бичиж өгсөн гэх баримт нь С.Алтанцэцэгийн бичиг мөн болохыг тогтоосон” /4 дүгээр хх-ийн 99-10З дугаар хуудас/,

- Криминалистикийн шинжээч Э.Батбаярын 2015.05.22-ны өдрийн 55 дугаар дүгнэлт: “... Энэ дүгнэлтээр хохирогч Хамзагийн Рахатаас мөнгө авсан тухай Алтанцэцэгийн өгсөн гэх баримтанд буй Алтанцэцэг гэдэг нэрийн өмнө зурсан гарын үсэг шүүгдэгч С.Алтанцэцэгийн гарын үсэг мөн болох нь тогтоогдож байна” /4 дүгээр хх-ийн 115-118 дугаар хуудас/,

- Шүүгдэгч С.Алтанцэцэгийн хохирогч Т.Сауле, Х.Айгүл, З.Алтангүл, Х.Рахат нараас мөнгө авсныг нотлох банкны баримт, гар баримтуудыг хураан авсан тогтоол, тэмдэглэл, эд мөрийч баримтаар тооцох тогтоол /4 дүгээр хх-ийн 127-135 дугаар хуудас/,

- Хохирогч Х.Медет, М.Айтолхын, Х.Айгүл нарын нэр дээр гарсан 10000 ам.долларын цалин буюу хүн бүртгэх эрх нь шүүгдэгч С.Алтанцэцэгийн Мухар гэсэн хаяг руу шилжсэнийг нотлох барммтууд /2 дугаар хх-ийн 86-87, 90-91, 93-94 дүгээр хуудас, орчуулга нь 5 дугаар хх-ийн 101-102, 104, 109, 111 дүгээр хуудас/,

- Ц.Ариунаагийн ХААН банкин дахь 5011221716 дугаарын төгрөгийн, мөн 5011221738 тоот валютын дансны хуулга / 8 дугаар хх-ийн 119-122 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас С.Алтанцэцэгт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон бөгөөд түүний гэм бурууд нь тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Мөрдөн байцаалтын явцад шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. 

Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчөөгүй, нотлох чадвараа алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримт байхгүйг дурдах нь зүйтэй байна. 

Иймд шүүгдэгч С.Алтанцэцэгийг бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулж шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Алтанцэцэгт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч С.Алтанцэцэгт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг /Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1/ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна. 

 Шүүгдэгч С.Алтанцэцэгээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 230 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Алтанцэцэгийн өмч 75000 төгрөгийн үнэтэй “Скай” маркийн 1 ширхэг гар утсыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг гар баримт, СД дискийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна. 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.Алтанцэцэг нь хохирогч М.Айтолхынд 300000 төгрөг, Ж.Оюунчимэгт 300000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгснийг нийт хохирлоос хасч тооцож, одоо шүүгдэгч С.Алтанцэцэгээс 3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Оюунчимэгт, 1700000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг  гаргуулан хохирогч М.Айтолхынд, 3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Т.Амангүлд, 360000 /гурван зуун жаран мянга/ төгрөг гаргуулан хохирогч З.Алтангүлд, 750000 /долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Ө.Айнек нарт  тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Харин хохирогч К.Магзура, Х.Айгүл нар шүүхэд ирүүлсэн хүсэлтэнд: “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж дурдсан боловч тэдний хохирол төлөлөгдсөн эсхүл төлөгдөөгүй асуудлыг өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Мөн хохирогч нарт учирсан хохирлыг гаргуулах нотлох баримт хэрэгт хангалттай авагдаагүй тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

Мөн хохирогч Г.Сансармаагийн хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдээс үзэхэд нийт 5800000 төгрөгөөр хохирсон ба үүнээс хохирогч Ж.Оюунчимэг нь түүний өмнөөс банкинд 3800000 төгрөгийг төлж өгч байсан нь батлагдаж байна. Хохирогч Г.Сансармаа нь үлдсэн 2000000 төгрөгийг шүүгдэгч С.Алтанцэцэгээр төлүүлж авч байсан тул үлдсэн 3800000 төгрөгийн хохирогч нь Ж.Оюунчимэг гэж шүүхээс үзлээ. Харин хохирогч Г.Сансармаа нь цаашид нэхэмжлэх хохирол төлбөр байгаа гэж үзлвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээв.

Шүүгдэгч С.Алтанцэцэгт хуучин Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар бусдад “онц их хэмжээний хохирол учруулсан” гэх зүйл ангиар зүйлчилж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ба прокурорын шатнаас шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д: “... Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгчийг яллаж ирүүлсэн зүйл анги нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан үндэслэлд хамаарч байх тул шүүгдэгч С.Алтанцэцэгт оногдуулсан хорих ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Мөн шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахдаа шүүгдэгчийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч нартай шүүгдэгч  эвлэрсэн байдал зэргийг анхаарч үзлээ.  

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Алтанцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Мухар овогт Самбуугийн Алтанцэцэгийг бусдыг залилаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Алтанцэцэгийг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Алтанцэцэгт оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай. 

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 230 хоногийг ял эдэлсэн хугцаанд оруулан тооцсугай.  

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Алтанцэцэгээс 3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Оюунчимэгт, 1700000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг  гаргуулан хохирогч М.Айтолхынд, 3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Т.Амангүлд, 360000 /гурван зуун жаран мянга/ төгрөг гаргуулан хохирогч З.Алтангүлд, 750000 /долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Ө.Айнек нарт  тус тус олгосугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч К.Магзура, Х.Айгүл, Г.Сансармаа нар нь хохирол төлбөр байгаа гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар С.Алтанцэцэгийн өмч 75000 төгрөгийн үнэтэй “Скай” маркийн 1 ширхэг гар утсыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг гар баримт, СД дискийг хэргийн хамт хадгалсугай. 

9. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг журамлан шүүгдэгч С.Алтанцэцэгт оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

10. Шүүгдэгч С.Алтанцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            А.ДАУРЕНБЕК