Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/25

 

 

 

Э-од холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2021/0025/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Прокурор Б.Ганзориг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О-, түүний өмгөөлөгч О-,

Шүүгдэгч Э- /цахимаар/, түүний өмгөөлөгч Г.Баярсайхан,

Нарийн бичгийн дарга М.Уугантуяа нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э-, түүний өмгөөлөгч Г.Баярсайхан нарын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2139000000046 дугаартай 3 хавтас, 529 хуудас бүхий хэргийг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Баянхутаг суманд 1977 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, “Эвт” худалдааны төвд гар утас, цахилгаан бараа засварлах, худалдах үйлчилгээ явуулдаг, ам бүл 6, эхнэр, 2 хүүхэд, 2 зээгийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 12-12 тоотод оршин суух, Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдсэн, Бовогт Б-н Э-

Э- нь 2021 оны 01 дүгээр сарын 30-ны орой 21 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 12-12 тоотод байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г-тэй “урьд өгсөн 20000 төгрөг нэхсэн, архи авч өг гэсэн, мөн эгчтэй хувийн харьцаатай байсан...” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар шүүгээн дээр байсан хутгаар түүний цээжин тус газарт 1 удаа хутгалж цээжний хөндий нэвтэрч зүүн уушгины 8 сегмент, үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдол руу нэвтэрч зүсэгдсэн шарх гэмтэл үүсгэж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн прокурорын газраас Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б-н Э-ыг хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Э-ын цагдан хоригдсон 110 /нэг зуун арав/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-оос 3050615 /гурван сая тавин мянга, зургаан зуун арван тав/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О-т олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга, нүдний шил, маралд шингээж авсан дугтуйтай цус 2 ширхэг, цахилгаатай хар өнгийн куртик, улаан өнгийн фудболк, улаан эрээн өнгийн оймс, саарал өнгийн ноосон өмд, цэнхэр өнгийн цамц, ногоон өнгийн дотоож, цэнхэр өнгийн өмд, хар өнгийн хос гутал, “Боргио” гэсэн бичигтэй хүрэн өнгийн сав, “Соёрхол” нэртэй архины шил, “Qualy” гэсэн нэртэй архины шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогч нь бусад хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний бие талийгаач Г-тэй хориод жил найз нөхөд явсан. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж найзынхаа амь насыг хохироосондоо маш их гэмшиж байна. Миний бие Г-ийн амь насыг хохироосон үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялын талаар ямар нэг гомдол санал байхгүй. Талийгаачийн оршуулгын зардалд 4000000 төгрөг өгсөн. Миний бие эхнэр, 2 хүүхэд, 2 зээгийн хамт амьдардаг. Эхнэр маань элэгний хорт хавдартай, эмчийн хяналтад байдаг тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нээлттэй хорих ангид нь эдлүүлэхээр дэглэм өөрчилж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхээс Э-ыг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Э-ын төрсөн эцэг Б нь элэгний хүнд өвчтэй, эмчийн байнгын хяналтад байдаг. Мөн эхнэр Ө нь элэгний хүнд өвчтэй, 12-23 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг. Э- хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 4000000 төгрөгийн хохирол барагдуулаад байгаа бөгөөд үлдсэн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэснийг нээлттэй хорих ангид ял эдлэхүүлэхээр өөрчилж өгнө үү” гэжээ.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Э-од оногдуулсан 10 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүхээс Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан гэм хорын хохирлын шинж байдлыг харгалзан үзэж түүнд 10 жилийн хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй үзэж байна. Хохирол төлбөрийн хувьд Э- нь 3500000 төгрөгийг төлсөн, талийгаачийн оршуулгын зардалтай холбоотой нэхэмжилсэн хохирлыг төлөөгүй. Шүүгдэгчийн ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, дэглэмийг өөрчилнө гэсэн хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэжээ.

Хэнтий аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Ганзориг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Э-ыг хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс Э-од ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, түүний төлөгдсөн болон төлөгдөөгүй нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж хаалттай хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялын дэглэм өөрчилнө гэсэн хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э-од холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 30-ны орой 21 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 12-12 тоотод байрлах өөрийн гэртээ Г-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний цээжин тус газарт 1 удаа хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэрч С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э- Г- хоёр гэнэт л муудалцаад ...баруун орон дээр хоорондоо зууралдаж ноцолдож эхэлсэн. Тэр хоёр орон дээр ноцолдож байгаад орны панер модыг хугалж, хоёулаа доошоо цөмөрч унасан. ...би “цагдаа дуудлаа” гэж хэлээд гэрээс гарсан. ...намайг эргэж Э-ын гэр рүү орохоор явж байтал Г- зөрөөд гарсан, гэрт ороход Э- байхгүй, гэр нь эмх замбараагүй болчихсон байсан. ...гадаа машин сигналдаад байхаар нь гарахад Г- машины урд хэсэгт дээшээ харсан байдалтай хэвтэж байсан, ...Г-ийн хамар, ам цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /1хх 71-72/

Гэрч Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянмөнхийн 12-12 тоот хашааны гадаа очоод сигналдахад нөгөө залуу хашаанаас гарч ирээд миний машины буруу талаар нь тойрч ирээд жолоочийн эсрэг талын хаалганы харалдаа унаад өгсөн. ...нөгөө залуу доошоо хараад унасан байсан болохоор нь араас нь татаад өндийлгөөд, эргүүлсэн чинь нүүр болон цээж хэсэг нь цус болчихсон, босохгүй болохоор нь нөгөө өвгөнийг дуудаж энэ хүнийг авч явахгүй гэрийг нь мэдэхгүй гэж хэлээд үлдээгээд явсан...” гэсэн мэдүүлэг /1хх 77-78/,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №15 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

“...Талийгаач нь цээжний хөндий нэвтэрч зүүн уушгины 8 сегмент, үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдол руу нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цээжний хөндийн дотуур цус алдаж нас баржээ...“ гэх дүгнэлт /1хх 142-145/,

Э-ын ялалдагчаар өгсөн: “...Г- бид хоёр маргалдаж эхэлсэн. Г- босож ирснээ шууд намайг заамдаж авснаа зүүн талын хөмсөгний харалдаа мөргөсөн. ...Тэгэхээр нь би гал тогооны шүүгээн дээр байсан хутгыг аваад эргэтэл Г- миний ард ирчихсэн байхаар нь би шууд цээжин тус газар нь 1 удаа хутгалчихсан. ...Г- “чи намайг дүрчихлээ ш дээ” гээд шууд гэрээс гараад явахаар нь хутгаа шүүгээний доогуур шидчихээд сандарсандаа гэрээс гарч шинэ ухчихсан байсан 00-н нүхэнд ороод нуугдчихсан...” гэх мэдүүлэг /1хх 241-244/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд тохирсноор Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангана. 

            Анхан шатны шүүх шүүгдэгч Э-ын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч Э-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Э-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан “хорих ялын дэглэм өөрчилж, хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

             

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э-, түүний өмгөөлөгч Г.Баярсайхан нарын гаргасан “хорих ялын дэглэм өөрчилж, хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш Э-ын цагдан хоригдсон  62 /жаран хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ДЭНСМАА

 

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

 

                                                                                              Г.БОЛОРМАА