| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/03504/И |
| Дугаар | 101/ШШ2022/05325 |
| Огноо | 2022-12-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2022/05325
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч З.Баярмаа, Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ........ регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******,******* тоотод оршин суух Ц.Т-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын иргэн ............. регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******,******* тоотод оршин суух З.Г-т холбогдох,
Гэм хорын хохиролд 1,840,482 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Т нь би 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүрэг, *******, их монгол 904 дугаар байрны гадаа иргэн З.Г гэгчид машинаа холдуулаагүй гэх шалтгаанаар зодуулж хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн 3 дугаар хавирганы хугарал зэрэг гэмтлүүд авч шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоогдсон. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2022/шцт/437 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч З.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Тухайн үед би чих хамар хоолойн ЭМЖЖ эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэхэд яаралтай хамрын мэс засалд орох шаардлагатай гэж зөвлөсөн. Шүүх хурлын өмнө З.Г нь миний эмчилгээ оношилгооны зардлын баримтаар 931,400 төгрөгийн хохирол төлсөн. Би хагалгаа хийлгэх эмнэлгийн төлбөр 3,6 сая төгрөгийг төлөөгүй тул шүүхээс баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн. Миний бие нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр чих хамар хоолойн ЭМЖЖ эмнэлэгт мэс засалд орж хамартаа хагалгаа хийлгүүлж эмчлүүлсэн. Хагалгааны зардал 3,668,332 төгрөг болсноос эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт 2,009,400 төгрөг хасагдаж 1,658,932 төгрөг төлсөн. Иймд хариуцагч З.Гээс хагалгааны төлбөр 1,658,932 төгрөг, хагалгаанд хэрэглэгдэх эм бэлдмэл бараа материалын үнэ 181,550 төгрөг нийт 1,840,482 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд
Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ШЦТ/437 дугаартай шийтгэх тогтоол, ЭМЖЖ Чих, хамар хоолойн эмнэлгийн эмчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, ЭМЖЖ Чих, хамар хоолойн эмнэлгийн 2022 оны 5 дугаар сарын 09, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн төлбөрийн баримт, ЭМЖЖ эмийн сангийн 2022 оны 5 дугаар сарын 03, 2022 оны 5 дугаар сарын 04, 2022 оны 5 дугаар сарын 07, 2022 оны 5 дугаар сарын 09, 2022 оны 5 дугаар сарын 11-ний тус тус төлбөрийн баримт, Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн гүйлгээний баримтыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Т нар нь хариуцагч З.Гэд холбогдуулан гэм хорын хохиролд 1,840,482 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүхээс хариуцагч З.Гэд нэхэмжлэлийн хувийг 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гардуулан өгсөн байх боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсхүл татгалзаж байгаа талаарх тайлбар болон ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч буй эсэх талаар хариу тайлбар өгөөгүй боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар хэрэгт авагдсан бичгийн баримтыг үндэслэн шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хариуцагч З.Г нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах Их монгол хорооллын 904 дүгээр байрны орчим тээврийн хэрэгслээ холдуулсангүй гэх шалтгааны улмаас хохирогч Ц.Ттай маргалдаж улмаар түүний нүүр, цээжин тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ШЦТ/437 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. /х.х-ийн 3-9 дэх талд/
Уг шийтгэх тогтоолоор З.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.
Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас Ц.Тын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн 3 дугаар хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, хамарт шарх, цус хуралт, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар хариуцагчийн гэм буруутай байдал нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор тогтоогдсон гэж үзнэ.
Дурдсан үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт заасан эрх зүйн этгээд хооронд гэм хор учруулснаас үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т учруулсан хохирлыг арилгуулах аргаар зөрчигдсөн эрхийг хамгаална гэсэн зохицуулалт болон мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн этгээд гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй юм.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас хамрын хагалгааны зардал 1,658,932 төгрөг, хагалгаанд хэрэглэгдэх эм бэлдмэлийн зардалд 181,550 төгрөг нийт 1,840,482 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Хэрэгт авагдсан ЭМЖЖ Чих, хамар хоолойн эмнэлгийн эмчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд Ц.Тыг хамрын хаван буулгах, давтан үзүүлэх, мэс заслын эмчид үзүүлэх талаар тусгасан байх ба 2022 оны 5 дугаар сарын 09-ны өдөр Ц.Т нь ЭМЖЖ эмнэлэгт хамрын хөндийн дуран, самалдагийн таславчийн муруй засах төлбөрт 1,658,932 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 11, 13 дахь талд/
Түүнчлэн, ЭМЖЖ эмнэлгийн эмийн сангаас 181,550 төгрөгийн ... хамрын баллон, назатив, нафацолин спрей, чацарганы тос ... зэргийг худалдан авсан болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 11, 12 дахь талд/
Дээр дурдсан хагалгааны төлбөр, эм бэлдмэл нь нэхэмжлэгчид хохирол учирсан цаг хугацаа болон нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл-тэй шалтгаантай холбоотой байна.
Иймд нэхэмжлэгчээс гарсан 1,840,482 төгрөгийн зардал нь хариуцагчийн гэм буруутай шалтгаантай холбоотой байх тул хариуцагч З.Гээс 1,840,482 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Тт олгох үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан ЭМЖЖ Чих, хамар хоолойн эмнэлгийн хяналтын карт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэр үндэслэл болгоогүй болохыг дурдав. /х.х-ийн 14-15 дахь талд/
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,398 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.Гээс 44,398 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч З.Гээс 1,840,482 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Тт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,398 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ц.Тт олгож, хариуцагч З.Гээс 44,398 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД З.БАЯРМАА
Т.ГАНЧИМЭГ