| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 194/2025/1320/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2270 |
| Огноо | 2025-09-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Мөнх-Оргил |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2270
2025 09 30 2025/ШЦТ/2270
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сувд-Эрдэнэ,
улсын яллагч Э.М,
шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М-д холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Ц.М нь 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ********** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* хотхоны ******* тоотод байхдаа хохирогч Г.Б-тай "ээжийг зодлоо" гэх үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүр, толгой руу цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогчид гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад одоогоор тогтсон оршин суух хаяг байхгүй. Хохирогчийн ээж н.Ц-тай би хамтран амьдардаг. Тэгээд хохирол төлөх зорилгоор ээжид нь 100,000 төгрөг өгсөн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Г.Б-ийн: "... Би ээж Ц-ийн гар утас руу удаа дараа залгаад авахгүй байхаар нь ********** дүүргийн ****** дугаар хороо, хуучнаар *** дүгээр хороо ******** хотхон ******** тоотод 2025 оны 02 сарын 04-ний өдөр 12.00 цаг өнгөрч байхад гэрт нь очсон чинь манай ээжийн гэрийн эд хөгшил нь эвдэрсэн эмх замбараагүй байдалтай манай эмээ Н, нагац эгч Т, ээжтэй хамт амьдардаг. Тэгээд М нь намайг харчхаад надаас зугтаад нойлын өрөөнд орчихсон. Юу болсон талаар асуухад Т эгч болсон зүйлийг надад ярьсан. Тэгээд М-ыг гараад ир яахаараа миний ээжийг зоддог юм давраад байгаарай гээд нойлын хаалга өшиглөөд, гараад ир гэсэн гарч ирээд миний өмнөөс муухай хараад байхаар нь гурилын ганжин модоор гар хэсэгт нь 2 удаа цохиод зайл яв гэсэн чинь уурлаад миний гараас гурилын ганжин мод булааж аваад миний толгой руу 4- 5 удаа цохисон. Т эгч салгасан чинь би чамайг ална гээд байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Толгой их өвдөн байна. Согтуу байсан. Ээжийн гэрт 2 хоног архи ууж байгаа гэсэн. ... Гар утас нь гэрт байсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна.... Гомдолтой байна, удаа дараа ийм асуудал гарч байгаа тул хуулийн дагуу шийдүүлмээр байна..." гэх мэдүүлэг, /хх-н 11-12-р хуудас/,
- Хохирогч Г.Б-ийн дахин өгсөн: "... Тиймээ би санаж байна. Миний толгойн орой, зүүн нүд хэсэгт цохисон. Тэр тусмаа зүүн нүд бол нэлээд хөхөрсөн. Миний зүүн тал 2024 оны 10 дугаар сард саажилт өгч байсан юм. М нь тэрийг мэдэж байсан учраас зүүн талыг минь онилж цохисон.... Би сэтгэл санааны хохирол гаргуулахгүй. Энэ асуудлыг хурдан шийдвэрлэж, М-д зохих шийтгэлийг нь оногдуулж өгнө үү..... Би тухайн өдрөө ГССҮТ-д очиж рентген зураг болон толгойн томограф авхуулсан. Өөр эрүүл мэндийн даатгалын сангаас ашигласан зүйл байхгүй..." гэх мэдүүлэг, /хх-н 15-16-р хуудас/,
- Гэрч Ө.Т-ийн: "...Хэрэг болсон өдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 04-ний үүрээр манай эгчийн хамтран амьдрагч согтуудаа манай төрсөн эгч Ц-г зодсон юм. Би ээжийн хамт *********** дүүргийн **** дугаар хороо ********* хотхоны ************ тоот Ц эгчийн хажуу өрөөнд амьдардаг юм. Ц эгчийг хажуу өрөөнд зодож байгаа нь надад сонсогдсон ба энэ нэг юм чинь намайг согтуудаа алах юм байна гэж хэлэх нь сонсогдсон. Би өмнөх нь тэрийг нь охин нь болох Б-д хэлсэн чинь, Б өдөр нь ээж, эгчийн хамтран амьдрагч бид гурвыг хамт байх үед хүрээд ирсэн. Хүрч ирээд эгчийн хамтран амьдрагч руу манай ээжийг зодлоо гэж уурлаад гурилын элдүүрээр гуя хэсэгт нь 1-2 удаа цохитол гэнэт уурлаад гурилын элдүүрийг нь барьж аваад толгой, нүүр хэсэгт нь хэд, хэдэн. удаа цохиод авсан. Тэгээд гараад зугтсан..." гэх мэдүүлэг, /хх-н 19-20-р хуудас/,
- Гэрч Ө.Ц-ийн: "... Би *********** дүүргийн ****** дугаар хороонд байрлах ********* хотхоны ******** тоотод ээж, дүү хоёрын хамт амьдардаг ба хааяадаа М гэх хамтран амьдрагчийн хамт очиж хонодог юм. Тухайн өдрийн өмнөх өдөр нь М бид 2 хамтдаа 1 шил Хараа нэртэй 500 граммын архи, дараа нь дахин 330 граммын архи хувааж уучхаад, тасраад унтацгаасан. Би шөнө 1 удаа сэртэл дэр нойтон оргиод, гэрлээ асаагаад хартал дэр цус болчихсон байсан. Би М-аас юу болсон талаараа асуутал, мэдэхгүй гэхээр нь би тоолгүй унтчихсан юм. Тэгээд өглөө сэрээд хартал толгойноос цус гараад үсэнд наалдаад хатчихсан байсан. Би тэрийг нь тоогоогүй ба М-ыг шартаад байхаар нь гарж дэлгүүр орчхоод 30-40 минутын дараа буцаад гэр рүүгээ явж байтал М дотуур өмдтэйгөө, подволктойгоо гараад явж байсан. Би гайхаад юу талаар асуутал "Танай охин Б ирээд намайг хөөсөн" гэж байсан. Тэгэхээр нь М-ыг дагуулаад гэрт очоод М-ыг орцонд үлдээж байгаад гэрээсээ М-ын утас хувцсыг авч өгсөн юм. Тэгээд манай охин Б бид хоёр цагдаа дээр авчирсан.... Намайг гэртээ ороход Б-ийн зүүн нүд нь хөхөрсөн байсан. ... Ц.М нь намайг зодож цохиогүй. Хамгийн сүүлд 2023 онд миний толгой хэсэгт цохиод, тэрнээсээ болоод эрүүгийн хариуцлага хүлээж байсан. ... Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үедээ согтуу байсан учраас санахгүй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй..." гэх мэдүүлэг, /хх-н 27-28-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2984 дугаартай шинжээч эмч Т.Номинцэцэгийн: "... Г.Б-ийн биед зүүн хөмсөг, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, оочонд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй…” гэх дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.М нь 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр *********** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** хотхоны ******* тоотод байхдаа хохирогч Г.Б-тай "ээжийг зодлоо" гэх үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүр, толгой руу цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч Г.Б нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол төлбөр нэхэмжлээгүй. Харин гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 124,762 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна” гэв.
Шүүгдэгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ц.М нь 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр *********** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** хотхоны *********** тоотод байхдаа хохирогч Г.Б-тай "ээжийг зодлоо" гэх үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүр, толгой руу цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
- Хохирогч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... Би ээж Ц-ийн гар утас руу удаа дараа залгаад авахгүй байхаар нь ********* дүүргийн ****** дугаар хороо, хуучнаар **** дүгээр хороо ********* хотхон ************ тоотод 2025 оны 02 сарын 04-ний өдөр 12.00 цаг өнгөрч байхад гэрт нь очсон чинь манай ээжийн гэрийн эд хөгшил нь эвдэрсэн эмх замбараагүй байдалтай манай эмээ Н, нагац эгч Т, ээжтэй хамт амьдардаг. Тэгээд М нь намайг харчхаад надаас зугтаад нойлын өрөөнд орчихсон. Юу болсон талаар асуухад Т эгч болсон зүйлийг надад ярьсан. Тэгээд М-ыг гараад ир яахаараа миний ээжийг зоддог юм давраад байгаарай гээд нойлын хаалга өшиглөөд, гараад ир гэсэн гарч ирээд миний өмнөөс муухай хараад байхаар нь гурилын ганжин модоор гар хэсэгт нь 2 удаа цохиод зайл яв гэсэн чинь уурлаад миний гараас гурилын ганжин мод булааж аваад миний толгой руу 4- 5 удаа цохисон. Т эгч салгасан чинь би чамайг ална гээд байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Толгой их өвдөн байна. Согтуу байсан. Ээжийн гэрт 2 хоног архи ууж байгаа гэсэн. ... Гар утас нь гэрт байсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна.... Гомдолтой байна, удаа дараа ийм асуудал гарч байгаа тул хуулийн дагуу шийдүүлмээр байна ...Миний толгойн орой, зүүн нүд хэсэгт цохисон. Тэр тусмаа зүүн нүд бол нэлээд хөхөрсөн. Миний зүүн тал 2024 оны 10 дугаар сард саажилт өгч байсан юм. М нь тэрийг мэдэж байсан учраас зүүн талыг минь онилж цохисон.... Би сэтгэл санааны хохирол гаргуулахгүй. Энэ асуудлыг хурдан шийдвэрлэж, М-д зохих шийтгэлийг нь оногдуулж өгнө үү..... Би тухайн өдрөө ГССҮТ-д очиж рентген зураг болон толгойн томограф авхуулсан. Өөр эрүүл мэндийн даатгалын сангаас ашигласан зүйл байхгүй..." гэх мэдүүлэг, гэрч Ө.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "...Хэрэг болсон өдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 04-ний үүрээр манай эгчийн хамтран амьдрагч согтуудаа манай төрсөн эгч Ц-г зодсон юм. Би ээжийн хамт ********** дүүргийн **** дугаар хороо ************* хотхоны ********** тоот Ц эгчийн хажуу өрөөнд амьдардаг юм. Ц эгчийг хажуу өрөөнд зодож байгаа нь надад сонсогдсон ба энэ нэг юм чинь намайг согтуудаа алах юм байна гэж хэлэх нь сонсогдсон. Би өмнөх нь тэрийг нь охин нь болох Б-д хэлсэн чинь, Б өдөр нь ээж, эгчийн хамтран амьдрагч бид гурвыг хамт байх үед хүрээд ирсэн. Хүрч ирээд эгчийн хамтран амьдрагч руу манай ээжийг зодлоо гэж уурлаад гурилын элдүүрээр гуя хэсэгт нь 1-2 удаа цохитол гэнэт уурлаад гурилын элдүүрийг нь барьж аваад толгой, нүүр хэсэгт нь хэд, хэдэн. удаа цохиод авсан. Тэгээд гараад зугтсан..." гэх мэдүүлэг, гэрч Ө.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... Би ******** дүүргийн **** дугаар хороонд байрлах *********** хотхоны ********* тоотод ээж, дүү хоёрын хамт амьдардаг ба хааяадаа М гэх хамтран амьдрагчийн хамт очиж хонодог юм. Тухайн өдрийн өмнөх өдөр нь М бид 2 хамтдаа 1 шил Хараа нэртэй 500 граммын архи, дараа нь дахин 330 граммын архи хувааж уучхаад, тасраад унтацгаасан. Би шөнө 1 удаа сэртэл дэр нойтон оргиод, гэрлээ асаагаад хартал дэр цус болчихсон байсан. Би М-аас юу болсон талаараа асуутал, мэдэхгүй гэхээр нь би тоолгүй унтчихсан юм. Тэгээд өглөө сэрээд хартал толгойноос цус гараад үсэнд наалдаад хатчихсан байсан. Би тэрийг нь тоогоогүй ба М-ыг шартаад байхаар нь гарж дэлгүүр орчхоод 30-40 минутын дараа буцаад гэр рүүгээ явж байтал Мөнхбат дотуур өмдтэйгөө, футволктойгоо гараад явж байсан. Би гайхаад юу талаар асуутал "Танай охин Б ирээд намайг хөөсөн" гэж байсан. Тэгэхээр нь М-ыг дагуулаад гэрт очоод М-ыг орцонд үлдээж байгаад гэрээсээ М-ын утас хувцсыг авч өгсөн юм. Тэгээд манай охин Б бид хоёр цагдаа дээр авчирсан.... Намайг гэртээ ороход Болортуяагийн зүүн нүд нь хөхөрсөн байсан. ... Ц.М нь намайг зодож цохиогүй. Хамгийн сүүлд 2023 онд миний толгой хэсэгт цохиод, тэрнээсээ болоод эрүүгийн хариуцлага хүлээж байсан. ... Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үедээ согтуу байсан учраас санахгүй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй..." гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2984 дугаартай шинжээч эмч Т.Номинцэцэгийн: "... Г.Б-ийн биед зүүн хөмсөг, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, оочонд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй…” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Ц.М нь хохирогч Г.Б-ийн эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Ц.М нь хохирогч Г.Б-ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ц.М-ын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүгдэгч гэм буруугийн асуудалд маргаагүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 5 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялаас хасах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.
Шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.М нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүх шүүгдэгч Ц.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ц.М нь гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Г.Б баримтаар хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын сангаас 124,762 төгрөгийн тусламж үйлчилгээг хохирогч Г.Б авсан тухай лавлагааг хэрэгт хавсаргасан байх ба хэрэгт иргэний нэхэмжлэгч тогтоогоогүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй байх тул энэ тогтоолоор эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг шийдэх боломжгүй гэж үзлээ.
Хохирогч болон иргэний нэхэмжлэг нар энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Ц.М нь шүүхээс оргож эрэн сурвалжлагдан олдож 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон бөгөөд нийт 5 хоног цагдан хоригдсоны 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож нийт эдлэх ялаас хасах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ц.М нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.М-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ын цагдан хоригдсон 5 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон 40 цагийг хасаж, нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 680 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ын нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ц.Мөнхбатыг шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.
6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ